Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 264

 

 2020        04          06                                   2020/ШЦТ/264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч С.Солонго,

  шүүгдэгч Ш.О  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Тайж овгийн Ш.О д холбогдох эрүүгийн 2011006560295 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овгийн Ш.О , 1959 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 61 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Үүрийн гэгээ сургалтын төвд монгол хэлний багш ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31 дүгээр гудамжны 334 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ш.О  нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31 дүгээр гудамжны 334 тоотод хохирогч Д.Эрхэмбаатарын баруун гарын тохойн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “...баруун шуунд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,

Хохирогч Д.Эрхэмбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би 13-14 цагийн орчимд 6-н буудлаар явж байгаад Гансэлэм гэх найзтайгаа 2 шил 0.5 граммын архи уучхаад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай ээж Оюунгэрэл, найз залуу Батболдын хамт гэртээ байж байсан юм. Ингээд би Батболдтой эвлэрье муудалцаж байхгүй гээд ээжид хэлээд хамтдаа архи уухаар болоод 0.75 граммын Хараа нэртэй архийг 3-уулаа хувааж уугаад дахиад нэг шил 0.5 граммын архи уугаад бид 3 унтахаар болсон. Унтаж байгаад би сэрээд ээжид хандаад Батболд нь урд нь манай цонхыг хагалж байсан талаар нь яриад манайхыг үл тоогоод дээрэлхээд бузарлаад байна уу гээд уурлаад ер нь энэ Батболдыгоо зайлуул гэж би хэлсэн юм. ...Ээж согтуу байсан би ч гэсэн согтуу байсан ерөнхийдөө Батболдоос болж бид хоёр муудалцсан юм. Би Батболдыгоо явуул гэж хэлээд маргалдах үед Батболдыг өмөөрөөд намайг архичин энэ тэр гэж хэлээд намайг зовоолоо гэх мэтээр хэлээд гал тогооны шүүгээд байсан бүх зүйлийг нь аваад над руу шидсэн юм энэ үед хар иштэй хутга миний баруун гарыг оноод зүсэгдсэн тэгээд цус гараад байсан чинь манай ээж цусыг нь дараад хүүхдээ алчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд би өөрөө түргэн болон цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх 13-14/,

Гэрч Н.Батболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн орчимд манай найз эмэгтэй болох Оюунгэрэл залгаад манайд хүрээд ир гэхээр нь би Оюунгэрэлийн гэр болох Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн 31-334 тоотод очиход Оюунгэрэл гэртээ ганцаараа байсан. Би ус авч өгөөд гал түлж өгсөн юм харин Оюунгэрэл гэрээ цэвэрлээд хоол хийх гээд бэлдэж байсан юм. Бид хоёр байж байтал Оюунгэрэлийн хүү Эрхэмбаатар согтуу орж ирсэн ба одоо бүгдээрээ гоё байя ахтайгаа эвтэй байя ганц шил архи аваад өгчих гэхээр нь Оюунгэрэл бид хоёр дэлгүүр ороод 0.75 граммын Хараа нэртэй архи авчраад хоолоо идээд уг архиа гурвуулаа хувааж уусан юм. Уг архийг дууссаны дараа Эрхэмбаатар дахиад архи аваад өг гээд ээжээсээ гуйгаад байсан ба ээж нь дахин нэг шил 0.5 граммын Хараа нэртэй архийг авчирч өгсөн. Уг архийг бид 3 гүйцэд уусан эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд би унтаад өгсөн юм. Унтаж байтал Оюунгэрэл би хүүгээ алчихлаа гэж хэлээд намайг сэрээсэн ба сэрэхэд шалаар нэг цус болчихсон. Эрхэмбаатар орон дээр намайг алчихлаа гээд орилоод сууж байсан. Оюунгэрэл намайг хүүгийнхээ цусыг тогтоо гээд байхаар нь би Эрхэмбаатарын хаанаас цус гараад байгааг харахад баруун гар хэсгээс нь нэлээн их цус гоожоод байсан юм...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3793 дугаар дүгнэлтэд: “...Д.Эрхэмбаатарын биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарханд анхдагч цэгцлэлт хийгдэж мэс заслын оёдол тавигдсан байгаа тул ямар зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 24-25/,

Шүүгдэгч Ш.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Унтаж байтал гэнэт манай хүү Эрхэмбаатар янхан ээжээ чамайг ална зайл гээд орилоод байхаар нь би уурлаад би зайлаад өгье гэж хэлээд босоод гар тогооны шүүгээнээс хутга, заазуур болон тэнд байсан зүйлүүдийг бүгдийг нь шидэх үед миний шидсэн хар иштэй хутга хүү Эрхэмбаатарын аль нэг гарт нь зоогдсон. ...Би уурандаа хүүгээ гэмтээсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 31-32/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 46/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 68 дугаар тогтоол /хх 57/, шүүгдэгч Ш.О ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, хохирогч Д.Эрхэмбаатарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 55/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.О  нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 31 дүгээр гудамжны 334 тоотод хохирогч Д.Эрхэмбаатарын баруун гарын тохойн тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “...баруун шуунд шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, хохирогч Д.Эрхэмбаатарын “...Ээж согтуу байсан би ч гэсэн согтуу байсан ерөнхийдөө Батболдоос болж бид хоёр муудалцсан юм. Би Батболдыгоо явуул гэж хэлээд маргалдах үед Батболдыг өмөөрөөд намайг архичин энэ тэр гэж хэлээд намайг зовоолоо гэх мэтээр хэлээд гал тогооны шүүгээд байсан бүх зүйлийг нь аваад над руу шидсэн юм энэ үед хар иштэй хутга миний баруун гарыг оноод зүсэгдсэн тэгээд цус гараад байсан чинь манай ээж цусыг нь дараад хүүхдээ алчихлаа гээд уйлаад байсан. Тэгээд би өөрөө түргэн болон цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх 13-14/, гэрч Н.Батболдын “...Унтаж байтал Оюунгэрэл би хүүгээ алчихлаа гэж хэлээд намайг сэрээсэн ба сэрэхэд шалаар нэг цус болчихсон. Эрхэмбаатар орон дээр намайг алчихлаа гээд орилоод сууж байсан. Оюунгэрэл намайг хүүгийнхээ цусыг тогтоо гээд байхаар нь би Эрхэмбаатарын хаанаас цус гараад байгааг харахад баруун гар хэсгээс нь нэлээн их цус гоожоод байсан юм...” гэх мэдүүлэг /хх 19-20/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3793 дугаар дүгнэлт /хх 24-25/, шүүгдэгч Ш.О ийн “...Би уурандаа хүүгээ гэмтээсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх 31-32/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Эрхэмбаатар нь “...Би ээж Оюунгэрэлд гомдол, саналгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ш.О  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ш.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Шүүх шүүгдэгч Ш.О ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ш.О д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ш.О  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28.5 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, бариул хэсэг нь 13.5 см хар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, 25.2 см урттай, ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 12.2 см хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр винтенд бэхжүүлж авсан арчдас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овгийн Ш.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Ш.О д оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ш.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 28.5 см урттай, ажлын хэсгийн урт 15 см, бариул хэсэг нь 13.5 см хар өнгийн хуванцар иштэй заазуур 1 ширхэг, 25.2 см урттай, ажлын хэсэг нь 13.5 см, бариул хэсэг нь 12.2 см хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр винтенд бэхжүүлж авсан арчдас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН