Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/144

 

 

 

 

 

 

 

 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр                        2020/ШЦТ/144                                      Зуунмод сум

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

Хохирогч Д.Болортуяа /онлайнаар/,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч Х Б-н Б-д холбогдох эрүүгийн 1934008920108 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х Б-н Б, 1991 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс буриад, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Их мандал Хүрд ХХК-нд механик ажилтай, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Ж-18-406-1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 91090990 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-ын өгсөн: Хэрэг үйлдсэн нь үнэн. Хохирогчийг хохиролгүй болгож өгнө гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Болортуяагийн өгсөн: 8934 УНБ улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр Батсайхан гэх хүнээс 10 сая төгрөгөөр авч 3 сая төгрөгний засвар хийсэн. Тэгээд тээврийн хэрэгслийг нотариатаар ороод батлуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд би нэр дээрээ шилжүүлж амжаагүй төрөх байсан тул хөдөө дүүдээ өгч явуулсан. Тэгтэл Б  гэх залуу авч яваад авчирч өгөөгүй манай ажлын хашаанд байгаа гээд байсан, сүүлд Нандин гэх Б-ын ах нь онхолдоод машиныг ченжид 8 сая төгрөгөөр зарсан мөнгийг өөр юманд хөрөнгө оруулсан гэж надад хэлсэн. Үүнээс хойш Б ээжтэйгээ өгнө гэж баталгаа гараар бичиж өгөөд 2019 оны 9 дүгээр сард 200 000 төгрөг өгсөн өөр мөнгө өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа. Би уг машиныг авахад банкнаас зээл авсан байсан энэ зээлээ одоо хүртэл төлж байгаа ийм учраас хохирлоо бөөнд нь авмаар байна гэх мэдүүлэг.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

         Д.Болортуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх 10/, гэрч М.Эрдэнэсувд /хх 9/, С.Энхзаяа /хх 11/, Б.Хурц /хх 61-62/, Д.Арвинбаяр /хх 63-64/, Ш.Батсайхан /хх 65-66/, С.Анар /хх 67-68/, Б.Нандин /хх 107-108/ нарын өгсөн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 18/, “Эй жэй жэй эм” ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн №09/62 дугаартай үнэлгээний тайлан /хх 94-100/, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх 105-106/ зэрэг болно.  

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь Д.Болортуяагийн өмчлөлийн Ланд круйзер /Land Сruiser 80/ маркийн тээврийн хэрэгслийг түүний дүү Л.Арвинбаяр эзэмшиж байсныг түүний эхнэр М.Эрдэнэсувдаас машиныг чинь унаж яваад Улаанбаатар хот ороод 2 хоногийн дараа буцаагаад аваад ирье гэж хэлэн авч явж унаж яваад зам тээврийн осол гарган улмаар зарж мөнгийг нь өгөөгүй үйл баримт тогтоогджээ.    

 

  Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутгаас иргэн Д.Болортуяагийн өмчлөлийн эд хөрөнгө болох 8934 УНБ улсын дугаартай Ланд круйзер 80 /Land Сruiser 80/ маркийн тээврийн хэрэгслийг түүний бэр дүү М.Эрдэнэсувдаас итгэмжлэн хариуцуулж өгснийг унаж яваад улмаар зам тээврийн осолд орсон гэх нэрийдлээр уг тээврийн хэрэгслийг зарж борлуулан завшиж 12 950 000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч Б.Б-н яллагдагчаар өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр өөрийн найз Арвинбаярын машиныг эхнэр Эрдэнэсувдаас Төв аймгийн Лүн сумаас тухайн машинд засвар хийх зорилготой авч явсан. Тухайн өдрөө өөрийн дүү Хурцын хамт явж байгаад Саппорогийн уулзвар дээр урдуур нохой ороод дархад хөвөө дайраад онхолдсон тухай асуудал цагдаагийн байгууллагаар шалгагдаж дууссан. Онхолдсон тээврийн хэрэгслийг үл таних хүнд 2 сая 800 мянган төгрөгөөр зарсан. Тухайн үед найз Арвинбаярт хэлж байсан уг мөнгийг дүү Хурцын эмчилгээний зардалд зарцуулсан. Түүнээс хойш Арвинбаяртай байнга холбоотой байсан. Мөнгө төлөх талаар манай ээж баталгаа гаргасан, мөнгийг одоог хүртэл төлөх хүсэлтэй байгаа болов ч эдийн засгийн асуудал хүндрэлтэй байгаа болохоор өгч чадахгүй байна. Алга болсон өгөхгүй зугтсан, худлаа ярисан асуудал байхгүй. Би сард 800 000 төгрөгийн цалин авдаг. Манай компани цагтаа цалингаа өгөөгүй, одоо би 4 сая төгрөг баараггүй авна илүү ч авч магадгүй сайн мэдэхгүй байна аваад өгнө. Би энэ асуудлаар дарга нартаа хэлсэн. Манай дарга нар мэдэж байгаа шийдвэрлэж өгнө гэсэн. Оноос өмнө манай компани надад машин авч өгнө гэсэн. Тэгээд би уг машиныг Хадгаламж зээлийн хоршоод тавиад Ариунбаярын хохирлыг барагдуулаад цаад асуудлаа өөрөө шийднэ гэж бодож байна. Манай найз Арвинбаяр надад машиныг минь чагтан гол, амаржин, наклат зэргийг нь янзлаад өгөөч гэсэн. Тэгээд осолд ороод машиныг сэлбэгэнд танихгүй хүнд 3 000 000 сая төгрөгөөр зарсан мөнгийг нь бэлнээр авсан. Мөнгийг нь дүүгийнхээ эмчилгээнд зарцуулсан, дүү маань бие муу байсан учраас мөнгө хэрэг болоод зарсан, зарчхаад найз Ариунбаярт зарсан тухайгаа ярьсан гэх мэдүүлэг /хх ,

хохирогч Д.Болортуяагийн өгсөн: 8934 УНБ улсын дугаартай ланд-80 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр Батсайхан гэх хүнээс 10 сая төгрөгөөр авч 3 сая төгрөгний засвар хийсэн, тэгээд тээврийн хэрэгслийг нотариатчаар ороод батлуулсан, гэрээний хүчинтэй хугацаанд би нэр дээрээ шилжүүлж амжаагүй хөдөө дүү дээрээ унуулж байсан. Тэгтэл Б  гэх залуу авч яваад авчирч өгөөгүй манай ажлын хашаанд байгаа гээд байсан, ямар шалтгааны улмаас авчирч өгөхгүй байгаа талаар асуухад Б гэх залуу 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг онхолдуулсан засвар авах боломжгүй болсон учраас мөнгийг нь өгье мөнгийг 2018 оны цагаан сараас өмнө 10 000 000 сая төгрөг өгье гэж тохирсон тэгтэл одоог хүртэл худлаа яриад өгөөгүй байна. Сүүлд Нандин гэх Б-ын ах нь онхолдоод машиныг ченжид 7-8 сая төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн. Үүнээс хойш Б  нь ээжтэйгээ өгнө гэж баталгаа гараар бичиж өгөөд өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би уг машиныг авахад Банкнаас зээл авсан байсан энэ зээлээ одоо хүртэл төлж байгаа ийм учраас тээврийн хэрэгслийн үнэ болон банкны хүүний асуудал дэлгэгдэж байгаа би 20 000 000 төгрөг нэхэмжилж байна. Б нь миний хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдол санал байхгүй, хохирол барагдуулахгүй байвал гомдолтой байна гэх мэдүүлэг /хх 7-8, 10/,

         гэрч М.Эрдэнэсувдын өгсөн: Би 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Б  гэх найз маань Төв аймгийн Лүн сумын төвд намайг хоёр хүүхдийн хамт үлдээгээд Улаанбаатар хот  орчихоод машиныг чинь хоёр хоногийн дараа буцаагаад аваад ирье гэсэн. 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Б  залгаад онхолдчихлоо машины төлбөр мөнгөний асуудлаар ярилцаад өгнө гэж цаг хугацаа тохироод хугацаандаа өгөхгүй одоог хүртэл алга болсон. Б-д машиныг зар гэж хэлээгүй байхад зарсан байсан, машин авсан хүн мөнгө өгөхгүй алга болсон гэж худлаа яриад байсан. Ах Нандин гэх хүн нь найман сая төгрөгөөр зарсан гэж манай бэр эгчид хэлсэн байсан. Мөн ээж нь мөнгө төлөх баталгаа бичиж өгсөн байсан гэх мэдүүлэг /хх 9/,           

         Гэрч С.Энхзаяагийн өгсөн: Манай хүү Б 2017 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна найз Арвинбаярын машиныг онхолдуулчихлаа гэж хэлсэн. Тухайн үед Б машин бариагүй манай хүү Хурц барьж яваад Саппорогийн тойргийн ойролцоо осолдсон гэж байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй, тухайн осол болсноос хойш Б -с фэсбүүкээр зар тавьж тухайн тээврийн хэрэгслийг зархаар нэг хүнтэй тохироод 3 000 000 орчим төгрөг аваад үлдэгдэл мөнгийг нь хэд гэдгийг би мэдэхгүй байна, нөгөө хүн нь өгөхгүй Солонгос улс руу яваад одоог хүртэл сураггүй байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн төлбөр мөнгийг өгөхөөр хичээж байгаа боловч тухайн ослоос болоод манай хүү нурууны хагалгаанд орж одоог хүртэл эмнэлгийн хяналтад байдаг. Мөн Б -н ажиллаж байгаа компани цалингаа цаг хугацаанд  нь тавьдаггүй удаашралтай байдаг энэ асуудлаас болоод мөнгийг нь өгч чадахгүй байна. Төлбөр мөнгийг яаж ийж байгаад барагдуулна, ямар нэгэн байдлаар мөнгийг нь өгөхгүй гэсэн санаа бодол байхгүй. Манай хүү Б нь одоо Баян-Өлгий аймагт томилолтоор явж байгаа хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Б нэг хайгуулийн компанид сард 1 200 000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /хх 11/,

         Гэрч Д.Арвинбаярын өгсөн: ...2017 оны 7 дугаар сард би уг машиныг Төв аймгийн Лүн суманд унаж байсан. Тэгээд өөрийн найз Б ад 2017 оны 10 дугаар сард тухайн машины крадон голны чагтган голыг засуулахаар явуулсан. 14-17 хоногийн хооронд Б тухайн машины чагтган голыг янзлаад хэд хоног унаж байгаад авчирч өгнө гэж авч явсан. Уг машиныг Б-д өгч явуулсан талаар эгч Болортуяад мэдэгдсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 64/,

         Гэрч Ш.Батсайханы өгсөн: 2017 оны 5 дугаар сарын сүүл 6 дугаар сарын эхээр Болортуяа гэх хүнд уг тээврийн хэрэгслийг 10 гаран сая төгрөгөөр зарж, худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг тээврийн хэрэгсэл надад хамаагүй, төлбөр тооцоо байхгүй гэх мэдүүлэг /хх 66/,

         Гэрч Б.Нандингийн өгсөн: Уг тээврийн хэрэгслийн талаар надад ярьсан зүйл байхгүй. Сүүлд миний сонссоноор Б-н найзын машин Б барьж яваад онхолдсон эзэнд нь мөнгө төгрөг өгөх хэрэгтэй байна гээд надаас мөнгө асууж байсан гэх мэдүүлэг /хх 108/,  

         Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх 13/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 47/, Land Сruiser 80 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон Эй жэй жэй эм ХХК-ны үнэлгээний тайлан /хх 94-100/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

          Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

            Шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Хохирогч Д.Болортуяад гэмт хэргийн улмаас өмчлөх эрхэд нь 12 950 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрх хохирлоос 200 000 төгрөг авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 12 750 000 төгрөг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял оногдуулах,

            Шүүгдэгч хохирлоо төлж барагдуулах тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            Урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шалгах хуудас /хх 18/, гэрч С.Анарын өгсөн "Б.Б  нь бага насаа эцэг, эх, эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Айлын 2 дахь хүүхэд доороо 6 дүүтэй. Геологийн компанид ажилладаг. Гэр бүлдээ нэр хүндтэй хэдэн дүү нартаа маш сайн ах, аав, ээжийн сайн хүү. Гэр орондоо согтуу ирж байгаагүй. Дөлгөөн тайван, хүнд тусархуу" гэх мэдүүлэг /хх 68/, хүнд машин механизмын операторын дөрөвдүгээр зэргийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх 87/, Монгол улсын Геологийн албаны 80 жилийн ойн хүндэт медалиар шагнуулсан талаарх үнэмлэхийн хуулбар /хх 88/ зэрэг баримтууд авагджээ. 

                

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Б.Б нь бусдын өмчлөх эрхэд халдаж бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сард авч яван улмаар зам тээврийн осолд оруулсан гэх шалтгаанаар зарж борлуулан төлбөрийг нь 2 жил 6 сарын хугацаанд төлж барагдуулаагүй, төлж барагдуулах талаар ямар нэг санаачилга гаргаагүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших бөгөөд,

            Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

            Эрүүгийн 1934008920108 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Шүүгдэгч Б.Б-д холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр товлон зарласан боловч шүүгдэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг 2020.4.22-ны өдөр хүртэл хойшлуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Х Б-н Б-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 12 750 000 /арван хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот БЗДүүрэг 21 хороо Жамсран уулын өвөр 3-р гудамжны 2079 тоотод оршин суух Боржигон Дашдаржаагийн Болортуяа /РД:НО88083060/-д олгосугай.

 

            6.Эрүүгийн 1934008920108 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б  -д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ