| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0155/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/143 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/143
2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2020/ШЦТ/143 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Иргэний хариуцагч Ц.Ононбаяр,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Л Б-нд холбогдох эрүүгийн 2034001170171 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б Л Б, 1981 оны 2 дугаар сарын 19-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс баяд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч, ам бүл 4, эгч, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 19-р гудамжны 293 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 81021973 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Б-н өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын урд байрлах Хустай цогцолборт газарт сан техникийн ажил хийхээр найз Ононбаяртай хамт очсон. Ажлаа хийчхээд өдрийн хоол идэж дуусаад 14 цагийн орчим бид хоёр Приус 20 маркийн 0138 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замд байдаг Атар сумын замд байсан дэлгүүрээс 0.75 гр нэг шил Хараа архи авч Хустай цогцолбор явдаг шороон зам дээр зогсож байгаад уусан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот орж нэмж ажиллаж хүмүүс авах санаатай явж байгаад осол гаргасан. Би машин барьж явсан. Тухайн үед Ононбаяр жолоочийн эсрэг талын суудал дээр согтуу унтаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай найз Ононбаярын эзэмшлийнх. Би тэр үед хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би тухайн үед анзаараагүй нэг мэдсэн осолд орсон байсан. Намайг драгер багаж үлээлгэн шалгахад 1.89% гарч байсан. Тухайн үед архи уугаад ухаангүй согтчихсон байсан болохоор болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор эсрэг урсгалд явж байсан автомашиныг очиж мөргөсөн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ононбаяр бид хоёр бусдад учруулсан хохирлоо бүгдийг нь нөхөн төлж барагдуулсан гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Ц.Ононбаярын өгсөн: Би Б-н хамт Хустайн цогцолборт газрын ажилчдын байрны барилгын сантехник хийж байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б бид хоёр Хараа 0,5, 0,75 литрийн хэмжээтэй хоёр шил архи хувааж уусан. Тэгээд би тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь осол болчихсон байсан. 0138 УБП улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би автомашинаа 2015 онд 11 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Б гэдэг хүн миний автомашиныг жолоодож явсан. Бид хоёр ууж байхдаа хот явна гээд ярьж байсан. Осол болох үед би өөрийнхөө автомашины жолоочийн хажуу талын суудал дээр суучихсан унтаж явсан. Бид хоёр найзууд, найзалж нөхөрлөөд 16 жил болж байна. Миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Миний автомашины урд хэсэг эвдэрсэн, автомашиныхаа эвдэрсэн эд зүйл дээр үнэлгээ хийлгүүлсэн надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнэ /хх 31-32/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтох /хх 28-30/, насанд хүрээгүй хохирогч З.Мөнгөнхөлөг /хх 37-38/, насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэг /хх 34-35/, хохирогч Ц.Баттөмөрийн өгсөн: /хх 40-41,49/, иргэний нэхэмжлэгч Ц.Б /хх 46-47/, гэрч Б.Отгонжаргал /хх 53/, гэрч Б.Наранжаргал /хх 54/, гэрч С.Өлзийбаяр /хх 55/, гэрч М.Тунгалагтамир /хх 56/, гэрч Б.Энх-Очир /хх 57/, гэрч Ж.Гэндэнжамц / хх 58/ нарын өгсөн мэдүүлгүүд,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №76 дугаартай дүгнэлт /хх 73-74/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт /хх 81-82/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн №850 дугаартай дүгнэлт /хх 89-90/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №2504 дугаартай дүгнэлт /хх 99-100/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /хх 137-138/,
Хэргийн газар хийсэн тэмдэглэл /хх 5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-17/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь согтуурсан үедээ Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Жирмийн цагаан нуур гэх газарт 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн орой 20 цагийн орчимд Ц.Ононбаярын эзэмшлийн 0138 УБП улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. "Жолоочид ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", мөн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэж заасныг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч Ц.Баттөмөрийн жолоодож явсан Ц.Б ы эзэмшлийн 8558 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж, улмаар 8558 УНИ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгслийн зорчигч З.Мөнгөнхөлөг, жолооч Ц.Баттөмөр нарын эрүүл мэндэд хүндэвтэр, М.Бат-Эрдэний эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Ононбаярт 4 020 000 төгрөгийн, Ц.Б д 3 275 000 төгрөгийн эд материалын хохирол учруулсан байна.
шүүгдэгч Л.Б-н өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын урд байрлах Хустай цогцолборт газарт сан техникийн ажил хийхээр найз Ононбаяртай хамт очсон. Ажлаа хийчхээд өдрийн хоол идэж дуусаад 14 цагийн орчим бид хоёр Приус 20 маркийн 0138 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байгаад замд байдаг Атар сумын замд байсан дэлгүүрээс 0.75 гр нэг шил Хараа архи авч Хустай цогцолбор явдаг шороон зам дээр зогсож байгаад уусан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хот орж нэмж ажиллаж хүмүүс авах санаатай явж байгаад осол гаргасан. Би машин барьж явсан. Тухайн үед Ононбаяр жолоочийн эсрэг талын суудал дээр согтуу унтаж байсан. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь манай найз Ононбаярын эзэмшлийнх. Би тэр үед хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би тухайн үед анзаараагүй нэг мэдсэн осолд орсон байсан. Намайг драгер багаж үлээлгэн шалгахад 1.89% гарч байсан. Тухайн үед архи уугаад ухаангүй согтчихсон байсан болохоор болсон үйл явдлын талаар сайн мэдэхгүй байна. Би согтуу байсан болохоор эсрэг урсгалд явж байсан автомашиныг очиж мөргөсөн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ононбаяр бид хоёр бусдад учруулсан хохирлоо бүгдийг нь нөхөн төлж барагдуулсан гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч М.Бат-Эрдэнийн өгсөн: Би Улаанбаатар хотоос Архангай аймаг руу микро автомашинд суугаад явж байсан. Би жолоочийн хажуу талд суучихсан явж байсан. Тэгсэн чинь машинтай мөргөлдчихсөн. Тэгээд би урд талынхаа шилийг мөргөчихсөн. Тэгээд миний хамраас маш их цус гарсан. Жолооч суудлын бүс зүүчихсэн би суудлын бүс хэрэглээгүй байсан. Миний хамар гэмтсэн, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн гэх мэдүүлэг /хх 31-32/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтохын өгсөн: Миний хүү Бат-Эрдэнэ нь 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. 93-р цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцдаг. Айлын бага хүүхэд. Миний хүү тайван дөлгөөн хүүхэд. Би тухайн үед тэнд байгаагүй болохоор ослын талаар сайн мэдэхгүй байна. М.Бат-Эрдэнэ хоёр талдаа таславчны хугарал гэсэн гэмтэл авсан гэх мэдүүлэг /хх 28-30/,
Насанд хүрээгүй хохирогч З.Мөнгөнхөлөгийн өгсөн: Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу өвөө Балбурамых руугаа очих гээд 8558 УБИ улсын дугаартай шар өнгийн микро автомашинтай явж байтал урдаас нэг жижиг автомашин ирээд мөргөчихсөн. Тэгээд миний хөл /баруун/ өвдөөд эмнэлэгт очоод үзүүлсэн чинь хугарчихсан байна гэж хэлсэн. Мөн зүүн хөл хавдаад хөхөрчихсөн байгаа. Би арын заалны голын суудалд сууж явсан. Би суудлын бүс хэрэглээгүй байсан. Жижиг автомашин мөргөх шиг л болсон өөр зүйл мэдэхгүй байна. Би эмчилгээний мөнгө гэж буруутай жолоочоос 1 500 000 төгрөг авчихсан болохоор одоо надад санал гомдол байхгүй гэх мэдүүлэг /хх 37-38/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Батчимэгийн өгсөн: Би З.Мөнгөнхөлөгийн төрсөн ээж нь. Манай хүү З.Мөнгөнхөлөг нь 2011 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн Айлийн 1 хүүхэд байгаа юм. Одоо аав ээжийн хамт гурвуулаа амьдардаг. 2013-2017 онд Улсын 151-р цэцэрлэгийг төгсөөд одоо 61 дүгээр сургуульд 3 ангид суралцдаг. Зан байдлын хувьд даруу дуу цөөнтэй хүүхэд байгаа юм. Баруун хөл нь хугарсан, зүүн хөл хөхөрч шалбарсан байсан. Буруутай жолоочоос эмчилгээний зардал гэж 1 500 000 мянган төгрөг авсан. Мөнгөнхөлөгт учирсан хохирлыг бүрэн барагдуулж дууссан тул санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх 34-35/,
Хохирогч Ц.Баттөмөрийн өгсөн: 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 18:30 цагт Улаанбаатар хотоос Архангай аймаг явхаар оройн 18:30 цагт Улаанбаатар хотоос хамаатангуудаа аваад өөрийн эзэмшилд байдаг 8558 УНИ улсын дугаартай Греис маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг /Жирмийн цагаан нуур/ гэх газар явж байхад номер дугаар нь танигдахгүй хөх өнгийн Приус 20 маркийн машин үргэлжилсэн цагаан шугам давж орж ирээд жолооч талын урдаас мөргөөд зам тээврийн осол болсон. Би тухайн үед хөдөлгөөн ихтэй байсан учир их зөөлөн 50-60 км цагийн хурдтай явж байсан. Грейс маркийн 8558 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би тухайн үед Архангай явна гэсэн өөрийн хамаатан 8-н том хүн, 2 хүүхэд тээвэрлэж явсан. Грейс маркийн 8558 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүсээс 1 хүүхэд хөл нь гэмтсэн. Мөн миний өөрийн хөл хугарч гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Грейс маркийн 8558 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх надад байгаа. Би 368714 дугаартай B/C/Д/Е ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй. Миний машин Ц.Б ы нэр дээр байдаг. Миний зүүн шаант ясны зөрөөтэй хугарал үүссэн байна гэсэн. Надад өөр гэмтэл үүсээгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эрүүл мэндийн зардал болон тээврийн хэрэгсэлд учирсан зардлаа бүрэн гүйцэд төлүүлж авсан гэх мэдүүлэг /хх 40-41,49/,
Гэрч Б.Отгонжаргалын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан. 20 цагийн үед унтаад явж байтал гэнэт түс гээд дуу чимээ гараад, тоос манараад зогссон. Тэгээд миний сууж явсан машин хөндлөн хараад зогссон. Тэгж байтал замаар явж байсан жолооч ах ирж хаалга нээж өгөөд бид нар буусан. Тэгээд жолоочийн хөл нь хавчуулагдсан байсан тэгээд жолоочоо гаргаад байж байтал цагдаа ирсэн. Хамгийн арын суудалд дээр сууж явсан. Надаас өөр хэдэн хүн сууж явсан талаар сайн мэдэхгүй байна тоолж үзээгүй. Унтаж явсан учраас сайн мэдэхгүй байна. Надад учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 53/,
Гэрч Б.Наранжаргалын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан. 20 цагийн үед унтаад явж байтал гэнэт түс гээд дуу чимээ гараад тоос манараад зогссон. Тэгээд миний сууж явсан машин хөндлөн хараад зогссон. Тэгж байтал замаар явж байсан жолооч ах ирж хаалга нээж өгөөд бид нар буусан. Хамгийн арын суудал дээр дүүтэйгээ хамт сууж явсан. Надаас өөр хэдэн хүн байсан талаар тоолоогүй. Унтаж явсан учраас сайн мэдэхгүй байна. Надад учирсан гэмтэл бэртэл байхгүй гэх мэдүүлэг /хх 54/,
Гэрч С.Өлзийбаярын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан. 20 цагийн үед Төв аймгийн Аргалант сум Жирмын цагаан нуур гэх газар явж байтал гэнэт тас гээд машин зогссон тэгээд би машинаас буухад миний сууж явсан машин өөр 1 приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн байсан. Би дунд суудал дээр сууж явсан. 7 том хүн, 6 хүүхэд байсан. Би унтаж явсан болохоор анзаараагүй буугаад харахад нөгөө машины жолооч согтуу байсан. Надад учирсан гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 55/,
Гэрч М.Тунгалагтамирын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байтал гэнэт тод гэрэлтэй машин аймаар хурдтай ирээд цагаан шугам даваад орж ирээд шууд мөргөчихсөн. Тэгээд миний сууж явсан машин хөндлөн хараад зогссон. Тэгээд жолоочийн хөл хавчуулагдсан байсныг салгах үедээ эмнэлэг цагдаа дуудсан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Надаас өөр хэдэн хүн сууж явсныг мэдэхгүй байна. Тухайн осол гарсан шалтгаан бол нөгөө машин хурдтай ирээд мөргөчихсөн болохоор мэдэх зүйл байхгүй. Надад учирсан гэмтэл бэртэл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 56/,
Гэрч Б.Энх-Очирын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сургууль 03-22-ны өдөр хүртэл амраад би Архангай аймаг руу гэртээ харих санаатай ахын хүүхэд Мөнгөнхөлөгийн хамт Улаанбаатар хотоос Архангай явах Баттөмөр ахын шар өнгийн микро машинд суугаад Улаанбаатараас 19 цагийн үед гарч явж байгаад 21-н цагийн үед Аргалант сумын нутагт зам тээврийн осолд орсон. Би тухайн үед хойд заалны дунд суудал дээр нь сууж явсан надтай явж байсан дүү Мөнгөнхөлөг маань мөн миний хажуу талын сандал дээр цуг явж байсан. Би хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар хойд суудал дээр суусан явж байсан учраас сайн мэдэхгүй байна. Манай ахын хүүхэд Мөнгөнхөлөгийн баруун хөл бэртсэн ясны гэмтэлтэй байна гэсэн. Миний биед гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /хх 57/,
Гэрч Ж.Гэндэнжамцын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан. 20 цагийн үед Төв аймгийн Аргалант сум Жирмийн цагаан нуур гэх газар явж байтал гэнэт тэд гэрэлтэй машин аймаар хурдтай ирээд шууд мөргөчихсөн. Тэгээд миний өвөр дээр сууж байсан 5 орчим насны хүүхэд бид 2 урд талын шилээ мөргөчихсөн жолоочийн хаалга онгойхгүй хөл хавчуулагдсан байсныг замын жолооч нар онгойлгож гаргасан. Жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Тээврийн хэрэгсэлд хэдэн хүн сууж явсан талаар мэдэхгүй байна. Надад учирсан гэмтэл байхгүй Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг / хх 58/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №76 дугаартай дүгнэлт: “1.З.Мөнгөнхөлөгийн биед баруун шилбэ ясны хугарал, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн журам тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх /хх 73-74/,
Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн №12 дугаартай дүгнэлт: “1.Ц.Баттөмөрийн биед зүүн шаант ясны зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх 81-82/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 04-ны өдрийн №850 дугаартай дүгнэлт: "1.Шинжилгээнд ирүүлсэн “Б ” гэж хаягалсан хуруу шилтэй цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрч байна. 2.Цусан дахь 2,8 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна." гэх /хх 89-90/,
Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №2504 дугаартай дүгнэлт: "1.М.Бат-Эрдэний биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх /хх 99-100/,
Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт:
"1.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 0138 УБП улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзэв. Хьюндай Грейс маркийн 8558 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Баттөмөр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 0138 УБП улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. "Жолоочид ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.", мөн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно." гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв.
2.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэж үзэв.
3.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 0138 УБП улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэв.
4.Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй гэж үзэв." гэх дүгнэлт /хх 137-138/,
Хэргийн газар хийсэн тэмдэглэл /хх 5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-17/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Л.Б-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас 8558 УНИ улсын дугаартай Х.Грейс маркийн тээврийн хэрэгслийн зорчигч З.Мөнгөнхөлөг, жолооч Ц.Баттөмөр нарын эрүүл мэндэд хүндэвтэр, М.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ц.Ононбаярт 4 020 000 төгрөгийн, Ц.Б д 3 275 000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч Ц.Ононбаяр төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар тэнсэх санал,
Шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Б-д дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар шүүгдэгчийн тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг дурдав.
Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн №261258 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01791490 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Ц.Ононбаярт буцаан олгож,
эрүүгийн 2034001170171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б Л Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Л.Б тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.Б №261258 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №01791490 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг иргэний хариуцагч Ц.Ононбаярт буцаан олгосугай.
7.Шүүгдэгч Л.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн 2034001170171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ