| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0137/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/137 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/137
2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 2020/ШЦТ/137 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,
Шүүгдэгч ЭН нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М Э Н-д холбогдох эрүүгийн 1934010550007 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Мянгад Э Н-д, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, трактор, комбайнчин мэргэжилтэй, “Урга Өөд” ХХК-нд тракторчин жолооч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт Төв аймгийн Цээл сумын Асгат 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 90121711 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Э Н-ын өгсөн:2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын төв миний ажилладаг байсан Уушиг-Хайрхан ХХК нь ургацын баяр хийж байгаа хуучин ажилчдаа цай уулгана гээд намайг урьсан юм. Тэгээд би ургацын баяр дээр нь очоод хүлээн авалтад ороод хоол идэж, архи ууж байгаад орой 20 цаг өнгөрч байх үед гараад Угтаалцайдам сумын төвд байдаг 2 давхар орон сууцанд гэртээ хүнээр хүргүүлж буугаад гэртээ орох гэхэд манай байрны гадаа Ганзориг гэх нутгийн залуу Тоёота Приус-20 маркийн машинтайгаа ганцаараа зогсож байхад нь тааралдаад тэгээд бид 2 уулзсан. Би гэрт ирэх замдаа дэлгүүрээс худалдаж авсан байсан 0.33 гр-ын Экс нэртэй архийг Ганзоригийн хамт ууя гэхэд айлд очиж ууя гээд тэгээд Угтаалцайдам сумын төвд байрлах Цагаан үнээ гэх цайны газар би хэнийхийг нь мэдэхгүй байна айлд очиж надад байсан 0.33 гр-ын нэртэй архийг бид 2 хувааж уусан. Айлд сууж байсан чинь хохирогч ирэнгүүтээ энэ одоо согтуу энд юу хийж яваа юм гээд цохиод байсан. Энгийн хувцастай байсан болохоор би цагдаа гэж мэдээгүй. Тэгээд би өөдөөс нь цохисон. Сүртэй юм болоогүй гэж бодоод би өөртөө гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Цагдаагийн хашааг би өөрөө янзалсан. Би Хадбаатарыг дагуулж явж эмнэлэгт үзүүлсэн бөгөөд 1 сая төгрөг өгсөн гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Н.Хадбаатарын өгсөн мэдүүлэг / хх 13-14,29-30/, гэрч Б.Түмэндэлгэр / хх 15-16/, Л.Ганзориг /хх 17-18/, С.Мөнхболор /хх 19-20/, Г.Мөнх-Оргил /хх 42-43/, Ц.Ганбат /хх 44-45/ нарын өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх 48-50/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №784 дугаартай дүгнэлт /хх 22-25/, Угтаалцайдам сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Цагдаагийн хэсгийн амрах байрны цонхны поорчиг 30х120 хэмжээтэй давхар цонхийг 100 000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх 54-56/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримтаас дүгнэвэл Э Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажиллаж байсан Галбадрахыг цагдаа нар алсан гэх шалтгаанаар Угтаалцайдам сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хадбаатарыг үг хэлээр доромжилж, эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан “баруун “чихэнд шарх, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн төвд байрлах Цагдаагийн хэсгийн байрны гадаа 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед цагдаагийн алба хаагч Н.Хадбаатарыг эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулан эрх чөлөөнд нь халдаж түүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан “баруун чихэнд шарх, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч ЭН ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын төв миний ажилладаг байсан Уушиг-Хайрхан ХХК нь ургацын баяр хийж байгаа хуучин ажилчдаа цай уулгана гээд намайг урьсан юм. Би тэгээд тэр ургацын баяр дээр нь очоод хүлээн авалтанд ороод хоол идэж, архи ууж байгаад орой 20 цаг өнгөрч байх үед гарсан. ...гудамжинд байхад Угтаалцайдам сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хадбаатар, ЗДТГ-т ажилладаг Мөнхболор гэж эмэгтэй нар жижиг машинтай ирсэн. Тэгээд би салхинд цохиулсан юм уу бүүр их согтсон. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хадбаатар согтуу юм шиг байсан. Миний бөгс рүү өшиглөж байх шиг байсан би тухайн үед яг юу болсныг нарийн санахгүй байна. Тэндээсээ Цагдаагийн хэсгийн байрны гадаа ирсэн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хадбаатартай уулзсан. Цагдаагийн хэсгийн байрны хойд талын модон хашаа нураад би хашаан дээр дээшээ харсан. Н.Хадбаатар намайг хашаан дээр хэвтүүлж цамцны захаар боосон өмнө юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд би боогдоод ухаан балартаад тэгээд Н.Хадбаатарын хувцасны захаас нь боож заамдсан мөн нүүр, чих рүү нь самардсан. Тэгсэн Н.Хадбаатар намайг заамдаж байснаа болиод цаашаа эргээд гэр лүүгээ орчихсон. Тэгхээр нь би Н.Хадбаатарыг гараад ир яахаараа намайг заамдаж боодог юм гээд хаалгыг цохиж, цонхыг нь тогшсон чинь Хадбаатар гарч ирэхгүй байсан. Тэгээд гэрийнхээ поорчигыг онгойлгоод Хадбаатарын гар гарч ирээд миний дээд уруул руу 2 удаа цохиж авахаар нь уур хүрээд нурсан хашааны хажуугаас авсан санагдаж байна барьж байсан модоороо гэрийн цонхны поорчигыг нь хагалсан. Тэгсэн Н.Хадбаатар гараад ирсэн. Тэгээд намайг чи цонх хагалчихлаа гэхээр нь би Н.Хадбаатарт хоёулаа учраа олъё, намайг уучлаарай гэхэд Хадбаатар үгүй гээд намайг түлхээд байхаар нь би яваад гэртээ очоод амарсан. ...Хадбаатар намайг цамцны захаар боосон. Тэрнээс болоод миний хүзүү хоолой өвчтэй байсан бөгөөд шарх гэмтэл бол байхгүй, дээд уруул язарсан юу гэж хэлээд өшиглөснийг санахгүй байна. Тухайн үед бөгс рүү өшиглөсөн, өгзөг хөндүүртэй, нуруу зулгарсан байсан. Энэ нь хашаан дээр дарж унахад л үүссэн байх, шүүх эмнэлэгт үзүүлээгүй хөндүүртэй л байсан. Бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Хадбаатарын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны ...орой 20 цагийн орчим босоод өөрийнхөө машинтай Угтаалцайдам сумын төвөөр эргүүл хийж тойрч байгаад гэртээ ирчхээд буцаж гараад Цагаан үнээ гэж газар байдаг Мөнхзул гэж эгчийнд хоол идэх гээд очсон чинь байхгүй хүүхдүүд нь байсан. Тэгэхлээр нь буцаж гараад явж байтал гудамжинд саарал өнгийн Тоёота приүс-20 маркийн машинтай 2 залуу байхаар нь очоод уулзахад Ганзориг, Н гэж хоёр залуу байсан. Тэгсэн Н гэж залуу "Цагдаа нар хүн алдаг гэсэн үү, хүрээд ир зодолдъё, манай ахыг алсан гэсэн." гээд агсан тавиад байсан. Н-г Ганзориг гэх залуу нь машиндаа суулгасан. Тэгээд би яваад төвөөр эргүүл хийж байгаад Цагдаагийн хэсгийн байранд ирэхэд байрны гадаа ЗДТГ-ын жолооч Түмэндэлгэр, Н гэж танихгүй залуугийн хамт ирчихсэн юм яриад зогсож байсан. Тэгсэн Н гэх залуу дайрч давшлаад хашхичаад байхаар нь Түмэндэлгэр салгаад намайг гэр лүү оруулсан. Гэртээ байж байхад Н гэж залуу буцаж ирээд гадна хаалга руу өшиглөсөн тэгэхлээр нь би шагайгаад чамтай уулзахгүй яв гээд түлхээд хаалгаа хаагаад унтлагын өрөөний гэрлээ асаасан чинь Н цонхон дээр ирээд алуурчин минь гараад ир гээд хашхираад байхаар нь би гараад Н-тай уулзсан чинь намайг шууд заамдаад боогоод авсан. Тэгэхлээр нь би зөрүүлээд заамдаад авсан. Тэгсэн чинь хойшоо ухарч байгаад модон хашаанд тулаад хашаа хойшоо унаад би Н-ын дээр нь дараад унасан. Тэгээд 2 биенээ заамдаад боосон. Тэгээд Н миний баруун чихнээс барьж зулгаасан чинь баруун чихнээс цус гарч хацар дагаж урссан мөн миний хамар луу дэлсэж цохигдоход миний хамарнаас цус гарсан ба Н намайг боогоод боолт орох гээд байхаар нь цамцаа сугалж тайлсан чинь миний толгойн ард дагз руу 2 удаа цохисон. Тэгэхлээр нь би хувцсаа тэнд үлдээгээд босоод гэр лүүгээ яваад орсон. Н тэндээ дээшээ хараад хэвтээд үлдсэн би гэртээ ороод хаалгаа цоожилсон чинь Н босож ирээд цонхон дээр орилж хашхирч байгаад манай гэрийн унтлагын өрөөний цонхны поорчигыг цохиж хагалсан. Тэгээд цохиж хагалсан модоо шидээд оруулсан. Тэгээд гадаа орилж хашхирч байгаад яваад өгсөн. Дараа нь 1 цаг орчмын дараа байх Н-н ээж нь гэх хүн ирээд цонхны хагархай поорчигыг онгойлгоод та нар миний хагас өнчин хүүг зодож цохилоо чи архи уусан байна гээд гар утсаараа бичлэг хийж байгаад яваад өгсөн.
Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан ба ханиад хүрээд халуурсан байдалтай л байсан. Би Н-г цохиж зодсон зүйл байхгүй намайг заамдаад боогоод авахаар нь зөрүүлээд заамдсан тэгж байгаад хашаа нураагаад дээр нь давхралдаад унасан. Н харин намайг боож хүзүү боолтын ором гарч цус хурсан, баруун хацар шалбарсан, зүүн хөлийн шилбэ рүү өшиглөж хөхөрч шалбарсан, толгойн дагз руу 2 удаа цохисон одоо хавдартай байна гэх мэдүүлэг / хх 13-14, 29-30/,
Гэрч Б.Түмэндэлгэрийн өгсөн: Би Төв аймгийн Угтаалцайдам сумын ЗДТГазар дээр байж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22:20 цагийн орчим Цагдаагийн хэсгийн байрны гадаа амортизатор нь хугараад үлдээгээд 2 хоносон байсан 0011 ТӨҮ улсын дугаартай цагаан өнгийн Ландкрузейр Прадо-120 маркийн ЗДТГ-ын тээврийн хэрэгслээ авч явхаар гарахад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Хадбаатар би гадуур машинтайгаа тойроод эргүүл шалгалт хийгээдэхий хөдөлгөөн хэр байна үзээдэхий та очиж бай гэсэн. Би ганцаараа яваад Цагдаагийн хэсгийн байранд ирээд Н.Хадбаатарын амьдардаг гэрт нь ороод зурагт хараад Хадбаатарыг ирэхийг хүлээгээд сууж байхад Цагдаагийн хэсгийн байрны гадаа архи уусан согтуу эрэгтэй хүн ирээд хаалгыг нь өшиглөөд цонхыг нь цохиод байхаар нь хэн бэ яах гэж байгаа юм гэхэд тэр гадаа байсан залуу намайг чи хэн юм гараад ир гээд байсан. Тэгэхлээр нь би Хадбаатарын гэрээс гараад очиход Н гэх залуу архи уучихсан их согтсон байдалтай зогсож байсан. Н-г би Хадбаатартай уулзмаар байна гэхээр нь Хадбаатар гэртээ байхгүй байна "чи архи уучихсан, юу хийгээд яваад байгаа юм яв гээд түлхээд явуулсан." юм. Тэгээд буцаж Хадбаатарын гэрт орж ирээд зурагт хараад сууж байхад 22:50 цагт Хадбаатар гадуур шалгалт хийж байгаад ганцаараа ирсэн. Тэгээд бид 2 гэрт нь юм яриад би гэр лүүгээ явдаг юм уу гээд байж байхад 23 цагийн орчим байх Хадбаатарыг ирсэний дараа удаагүй нөгөө Н гэх залуу Хадбаатар писда минь гараад ир гээд орилоод Цагдаагийн хэсгийн байрны гадаа хүрээд ирсэн. Тэгээд Н.Хадбаатар гэрээсээ гараад нөгөө Н гэх залуутай уулзаад "Чи яах гээд байгаа юм. Уулзах ажил байвал архиа гарахаар өглөө ирж уулз." гэхэд Н гэж залуу "одоо чамтай уулзмаар байна писда минь, цагдаа нар угаасаа хөгийн писда нар шүү дээ тийм биздээ, Шинээ ахаа хүрээд ир гээд орилоод байхаар нь би Галбадрах гэж хүн цагдаад баригдаад нас барсан тэр хэргээр явуулгатай явж байж магадгүй" гэж бодоод Н.Хадбаатарт наад хүнээ аргалаад явуулаа зууралдаад хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн миний утас дуугараад намайг ЗДТГ дээр хүрээд ир гэхээр нь яваад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 09-ны өглөө би Н.Хадбаатар луу утсаар залгаад юу байна гэхэд та одоо өчигдөр намайг үлдээчихээд явчих юм гэхээр нь яасан юу болсон гэхэд. Н намайг заамдаж боогоод хүзүү улайгаад чих урсан бас гэрийн цонх модоор цохиод хагалсан гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх 15-16/,
Гэрч Л.Ганзоригийн өгсөн: Би Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 22 цагийн үед Цагаан үнээ гэх газар байдаг Галбадрах гэж айлаас 2 хүүхдээ авах гээд өөрийнхөө 4247 улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байгаад зогсож байхад Н гэх залуу ганцаараа ирээд машинд орж ирээд суусан. Тэгээд хамт архи ууя гээд тэгээд Цагаан үнээ гэх газар байдаг Галбадрах гэх айлаас би 2 хүүхдээ авахдаа тэнд очоод архи ууя гэж бодоод очсон. Тэгээд тэнд очоод архи уугаагүй ба хэсгийн төлөөлөгч Н.Хадбаатар ирсэн байсан чинь Н Хадбаатар луу дайрч давшлаад "Цагдаа та нар хүн зодож алдаг гэлүү, манай ахыг зодож алсан талийгаач Галбадрах ахын хүүхэд Шинээ ахыг дуудаж ирж та нартай алалцана." гээд хэсгийн төлөөлөгч рүү дайрч давшлаад байхаар нь би Н ыг түлхэж машиндаа суулгаад тэнд ирсэн байсан Мөнхболор гэж эмэгтэй архи уугаагүй байсан тул миний машиныг бариад би 2 хүүхдээ аваад хөдлөөд явсан. Тэгээд яваад Н ыг төв рүү оруулж буулгаад Мөнхболорыг буулгаад би Цагдаагийн хэсгийн байрны хажуугаар явахад Н Цагдаагийн хэсгийн байрны гадаа ирчихсэн Хадбаатар, Түмэндэлгэр гээд манай нутгийн ах нар байсан. Тэгэхлээр нь би очоод Н-г араас нь тэвэрч чирээд баруун урагшаа дагуулж яваад гудамны үзүүр тойруулаад Шинээ ахындаа очиж амар гээд явуулсан. Тэгээд ирээд 2 хүүхэдтэйгээ гэртээ очиж амарсан. Н нь Угтаалцайдам сумын иргэн бөгөөд хэдэн жилийн өмнө сумандаа тариа баригадад комбайн барьдаг, айлд туслах малчнаар ажилладаг байсан. Н л Хадбаатарын өөдөөс хэл амаар доромжлоод дайрч давшлаад байсан гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч С.Мөнхболорын өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой Төв аймгийн Угтаалцайдам сумын төвд Өлзийтогтох гэж хамт ажилладаг эгчийндээ байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад Мөнхзулын хамт Цагаан үнээ гэх газарт айлд очхоор болоод тэгээд Өлзийсайхан эгч машинаа бариад Цагаан үнээ гэх цайны газар байдаг Өлзийсайханы гэрт нь очихоор яваад хашааны гадаа нь очиход Ганзориг, Н хоёр архи уучихсан согтуу байдалтай байж байсан. Бид нарыг энэ 2 дээр дөнгөж очиход араас хэсгийн төлөөлөгч Н.Хадбаатар хүрээд ирсэн Ганзориг, Н нарыг шалгаж уулзахад Н архи уусан их согтуу хэсгийн төлөөлөгч Н.Хадбаатарыг "Цагдаа нар хогийн шүү дээ, та нар Галаа ахыг алсан биз дээ" гээд дайраад байсан. Тэгэхээр нь Н, Ганзориг нарыг Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд нь суулгаад би Ганзоригийн машиныг нь бариад хөдлөөд явсан. Тэгээд хөдөлж яваад Хонхор гэх газар очоод Н-г буу гэхэд буухгүй байсан. Тэгэхээр нь хөдөлж яваад төв рүү орж ирээд Н-г ээжийнх нь гадаа буулгаад, замдаа би гэртээ бууж үлдээд Ганзориг машинаа бариад яваад өгсөн. Н-д ямар шаардлага тавьсныг нь сонсоогүй. Н нь Хадбаатар руу зогсоо зайгүй дайраад байсан. Тэгээд Ганзориг дундуур нь орж салгаад машинд суулгасан. Н-г харахад тухайн үед их согтсон байгаа харагдсан гэх мэдүүлэг /хх 19-20/,
Иргэний нэхэмжлэгч Ц.Болор-Эрдэний өгсөн: Би Угтаалцайдам сумын ЗДТГ-ыг төлөөлж хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Цагдаагийн хэсгийн цонх хагалаад янзлаад өгчихсөн гэж байсан. Цагдаагийн хэсгийн байр нь сумын ЗДТГ-ын нэр дээр бүртгэлтэй байдаг болохоор энэ хэрэгт намайг ЗДТГ-аас томилж оролцуулж байна. Одоо цагдаагийн хэсгийн байранд ямар нэгэн эвдрэл байхгүй тул цаашид энэ хэрэгт нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Эд зүйлийн хохирлын үнэлгээ гаргуулж хохирол нэхэмжилмээргүй байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн хэсгийн цонхнууд болон гадна хашаа бүрэн бүтэн байгаа гэх мэдүүлэг /хх 48-50/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №784 дугаартай дүгнэлт: “1.Н.Хадбаатарын биед баруун чихэнд шарх, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэх /хх 22-25/,
Угтаалцайдам сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Цагдаагийн хэсгийн амрах байрны цонхны поорчиг 30х120 хэмжээтэй давхар цонхийг 100 000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /хх 54-56/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-10/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Э Н нь хохирогч Н.Хадбаатарыг "цагдаа нар хүн алдаг гэсэн үү, манай ахыг алсан" гэж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дайрч давшлан эрх чөлөөнд нь халдсан үйлдэл нь Н.Хадбаатарыг Угтаал цайдам сумын хэсгийн төлөөлөгч ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э Н-н дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Хохирогч Н.Хадбаатарын өгсөн "Би өөрт учирсан эмчилгээний зардал болон дээрх хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа гаргуулж авсан. Мөн Цагдаагийн хэсгийн байрны цонхны шилийг янзлуулж авсан тул надад цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх13-14, 29-30/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Э Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуулийн зүйл хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э Н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 53-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн орлого олох байдлыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1934010550007 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мянгад Э Н-г эрхэлж байгаа ажил, албан тушаалтай нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э Н-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 1934010550007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ