| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/112 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2020/ШЦТ/112
2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 2020/ШЦТ/112 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Ю.Энхмаа, Т.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэн,
Иргэдийн төлөөлөгч Ц.Батболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
Шүүгдэгч С.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г С Х-д холбогдох эрүүгийн 1934006040321 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г С Х, 1990 оны 02 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Урт булагын 5-4-42 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Хан-Уул дүүргийн шүүхээр 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,
2.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхээр 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, 90021910 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Х нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Нармандахтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний цээжин тус газар нь 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Х-ын өгсөн: Долгорсүрэн гээд манай захирал байсан. Тэгээд ажилчин олоод ир гээд фэйс дээр зар тавь гэсний дагуу би зар тавиад хотоос Нармандах дүүтэйгээ ирсэн. Урьд өдөр нь ажлаа эхэлнэ гээд урьдчилгаа 500 000 өг гэсэн. Тэгтэл Долгор эгч ажлаа эхлүүлчхээд мөнгөө ав, үгүй бол зайл гэсэн. Гэтэл Нармандах уурандаа намайг 2 удаа цохихоор нь би зугтсан боловч дахиад цохисон. Долгорсүрэн мөнгөө өгөхгүй гэснээс болоод ийм зүйл болсон. Би хохирогчид буруу өгөхгүй гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Шүүгдэгч С.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 19, 34-35/, хохирогч Г.Нармандахын өгсөн мэдүүлэг /хх 11-12/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн өгсөн гэх мэдүүлэг /хх 14-15/, гэрч З.Итгэлт /хх 16-17/, Г.Баатархүү /хх 21-22/, С.Барсболд /хх 166/, Д.Цэрэнханд /хх 168/ нарын өгсөн мэдүүлэг,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №506 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23-28/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5/, хутга эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 7/, цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх 29/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №506 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 23-28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, шийтгэх тогтоолийн хуулбар /хх 153-156/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Х нь хууль зүйн хувьд хохирогч Г.Нармандахтай ажлын урьдчилгаа хөлснөөс болж маргалдан улмаар шүүгдэгч хохирогчийн эрх чөлөөнд нь зэвсэг буюу хутга хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Х нь Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт байрлах Төмөр замын хажууд барилгын хашаан дотор захирал Долгорсүрэнгээс ажлын урьдчилгаа хөлс нэхлээ гэх шалтгаанаар 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Наранмандахтай маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар Г.Нармандахын эрүүл мэндэд "цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралдалт, цээжинд шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч С.Х-н өгсөн: Би Долгорсүрэн гэх хүний жолоочоор 2019 оны 6 дугаар сарын 01-ээс эхэлж ажиллаж эхэлсэн. Долгорсүрэн эгч намайг гуйгаад Фэйсбүүк дээр 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажлын зар тавиулсан. Ажлын зарын дагуу олон хүн холбогдож байснаас Нармандахтай ярилцаж тохироод ажил хийхээр болсон. Тэр өдөртөө Нармандах Төв аймгийн Баян сумын төв дээр хамт ажиллах гэж байгаа хүнтэйгээ ирсэн. Тэгээд хийх ажлаа ярьж тохиролцоод 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс ажлаа эхлэхээр болсон. Бид нар орой ажлаа эхлэхээс өмнө гээд барилгын гэртээ Долгорсүрэн, Нармандах, Алтаннавч, Баатархүү, Итгэлт нарын хамт 2 шил 0,75 литрийн хараа архи хувааж дуусгаад унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь босоод шараа тайлна гээд Долгорсүрэн 0,75 литрийн хараа архи авчирсан. Тэгээд архинаас Долгорсүрэн, Итгэлт, Нармандах, Болороо, Алтаннавч нарын хамт ууж эхэлсэн. Тэр үед Нармандах хийх ажлынхаа урьдчилгаа 500 000 төгрөгийг авъя гэхэд Долгормаа захирал "Ажлаа хийгээд эхэлчих, тэгээд харж байгаад урьдчилгаа өгнө" гэхэд Нармандах уурлаад "Би мөнгөө авч байгаад эхэлнэ." гэсэн чинь Долгормаа захирал "Тэгвэл мөнгө өгч чадахгүй, эндээс зайл" гэж хэлсэн чинь Нармандах “тэгвэл явлаа." гээд гэрт байсан зүйлсээ авч гаргаад машиндаа аччихаад орж ирээд, над руу хандаж чи зар тавьсан чамтай тооцоотой гээд миний толгой руу гараараа цохиж газар унагаасан. Тэгэхээр нь би газраас босоод Нармандахаас зугтсан. Миний араас Нармандах дуудаад юм яръя гэхээр нь уучлал гуйх гэж байна гэж бодоод очсон чинь дахиж барьж аваад хоёр удаа нүүр рүү нь цохиод газар унагаагаад дээрээс цохисон. Тэгээд би эсэргүүцэж байгаад газраас босоод цааш зугтаагаад замаараа цагдаа руу дуудлага өгөхөд дуудлагатай хөдөө явж байна гэж хэлэхээр нь би утсаа салгачхаад би ер нь яахаараа зүгээр байж байгаад хүнд зодуулдаг юм гэж бодоод машины арын багаажин дахь багажны цүнхэнд байсан хар иштэй жижиг хутгыг аваад Нармандахын байгаа газар барилгын ажилчдын гэр рүү очиж дуудаж гаргаж ирээд “чи намайг зүгээр байхад яагаад зодож байгаа юм" гэж хэлээд баруун талын гартаа барьж байсан хар иштэй хутгаар баруун талын цээж рүү хоёр удаа хатгасан. Тэгсэн Нармандах надаас зугтаагаад явчхаар нь би араас нь гүйцэж очоод уучлалт гуйж эвлэрье гэж бодоод хойноос нь гүйсэн. Тэгсэн Нармандах замын машинд суугаад яваад өгсөн. Би Нармандахыг явчихлаа гэж бодоод дэлгүүрээр ороод нэг лааз пиво аваад гарч ирээд уугаад явж байхад сумын цагдаа ирээд намайг барьж авсан. Тэгээд би Цагдаагийн хэсэг дээр очсон. Бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзон өр авлагын зүйл байгаагүй. Би тухайн үед маргалдаж зодуулсан уурандаа Нармандахыг хоёр удаа хутгалж гэмтээсэн. Хар өнгийн иштэй жижиг хутгаар хоёр удаа хатгасан. Бэлнээр 150 000 төгрөг өгөөд, самсунг маркийн гарын утас нэмж өгсөн. Тэгсэн надаас өөр хохирол нэмж авахгүй гэж хэлж байсан. Тухайн үед Нармандах надад гомдол санал байхгүй гэж байсан болохоор би шүүх эмнэлэгт үзүүлээгүй гэх мэдүүлэг /хх 19, 34-35/,
хохирогч Г.Нармандахын өгсөн: Би Төв аймгийн Баян сумын төв дээр нүүрсний агуулахын барилга дээр ажиллаж байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян сумын төв дээр ирж хоночхоод маргааш өглөө нь зар тавьсан хүнтэй нь уулзаад урьдчилгаа мөнгө авах талаар хэлэхэд Х уурлаад намайг зайл гээд хөөсөн. Тэгэхээр нь би хаа холоос урьдчилгаа төлбөр төлнө гэж хэлж дуулгачхаад өгсөнгүй гээд уурлаад Х ын нүүр рүү нь хоёр удаа алгадсан. Тэгсэн Х уурлаад машиндаа суугаад хөдлөөд явсан 30 гаруй минутын дараа Х машинтайгаа буцаж ирээд үгийн зөрүүгүй миний цээж рүү хоёр удаа цохисон. Би тухайн үед цохичихлоо гэж бодоод доошоо харахад миний цээжнээс цус гарч байхаар нь шууд гэрээс гараад зугтаасан. Тэр үед Х миний араас хутгаа бариад хөөгөөд байсан. Би зам дагаж гүйж байгаад замын унаанд суугаад ухаан алдсан байсан. Тэгээд сэргэхэд намайг эмнэлэг дээр авчирсан эмчилгээ хийж байсан. Би утсаа аваад гэрийнхэн рүүгээ залгаад дуудсан. Удалгүй манай гэрийнхэн ирээд намайг аваад Улаанбаатар хот руу явсан. Би хэрэг болох үед Х, Долгормаа, Баатархүү, Алтанзул нарын хамт 0,75 литрийн 1 шил ерөөл архи хувааж уусан. Би тэрнээс өөр архи нэмж уугаагүй. Би зарын дагуу Х-той холбогдож танилцсан. Тэрнээс өмнө таньж мэддэг байгаагүй. Миний баруун талын цээж рүү хоёр удаа Х хутгалсан. Өөр гэмтэл учирсан зүйл байхгүй. Надад эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зүйл байхгүй. Гэрээрээ эмнэлгийн тусламж авсан. Надад цуглуулсан хохирлын баримт гэх зүйл байхгүй. Надад 270 000 гаруй мянган төгрөгийн хохирол учирсан. Надад 300 000 төгрөг өгсөн. Би ажилгүй байсан үеийн цалингаа болон эмчилгээ хийлгэсэн төлбөр зэргийг нийлүүлээд 2 сая төгрөг нэхэмжилж байна. Би хувиараа ажил хийж мөнгө авдаг тогтсон цалин албан газар гэж байхгүй Миний сарын дундаж цалин 1 сая төгрөгөөр 2 сая төгрөгийн хооронд байдаг. Х бид хоёрын хооронд өс хонзон, өр авлагын зүйл байхгүй. Би ээж Эрдэнэцэцэгийг итгэмжлэлээр төлөөлөн оролцуулахад татгалзах зүйл байхгүй. Би Замын-Үүд рүү ажил хийхээ явж байгаа болохоор хэргийн материалтай танилцаж чадахгүй гэх мэдүүлэг /хх 11-12/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 21-ний өглөө 10 цагийн үед манай хүү Нармандах миний утас руу залгаад их аятайхан ажилд ирсэн. Удахгүй ажлаа эхлэх гэж байна. Би хурдан ажлаа хийж дуусгаад очно гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд 12 цагийн үед өөрийнхөө утаснаас над руу залгаад би хүнд хутгалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос машин аваад Төв аймгийн Баян сум руу гарсан. Сум руу орж ирээд хүү рүүгээ залгахад манай хүү сумын Цагдаагийн хэсэг дээр байна гэж байсан. Би шууд цагдаа дээр ирэхэд нилээн архи уусан байдалтай байсан. Тэгээд цагдаатай нь уулзаж ярилцаад хүүгээ аваад яаралтай Улаанбаатар хот руу явсан. Бид нарыг сумаас гарахаас өмнө сумын хэсгийн төлөөлөгч шүүх эмчид үзүүлэх бичиг хийж өгөөд гаргасан. Бид нар Төв аймагт ирж Шүүх эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу явсан. Бид нарын араас манай хүүг хутгалсан гэх Х ирээд уучлалт гуйгаад хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж хэлээд уйлж байсан. Тэгээд манай хүүхдийг томографикт харуулаарай гээд 150 000 төгрөг өгөөд, өөрт нь нэмж өгөх бэлэн мөнгөгүй байна гэж байсан. 2017 оны 7 дугаар сард самсунг маркийн гар утас өгсөн. Тэрнээс хойш манай хүү биеийн байдал нь хэвийн байсан болохоор ажил хийхээр Замын-Үүд рүү явсан. 150 000 төгрөг бэлнээр төлөөд, нэмж самсунг маркийн гар утас өгсөн. Ямар нэгэн баримт бол байхгүй. Бид нар эмнэлгийн байгууллагаар явж үзүүлсэн зүйл байхгүй. Биеийн байдал нь хэвийн ажлаа хийж байгаа. Би Х гэх залуугаас 1 000 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг өгчихвөл ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 14-15/,
гэрч З.Итгэлтийн өгсөн: 2019 оны 07 дугаар сарын 21-ны 11 цагийн үед манайд гадаа Нармандах, Х нар хоорондоо урьдчилгаа мөнгө яриад байж байсан. Тэгээд урьдчилгаа мөнгөө ярилцаж байгаад Нармандах Х-н нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан. Тэгтэл Х зугтаагаад нилээн хол явсан. Тэгээд Х буцаж ирээд дахин маргалдаж Нармандах араас нь гүйж очоод Х ыг унагаагаад хоёр цохисон. Х Нармандахын цээжин тус газар нь баруун талд нь 2 удаа хутгалсан байсныг эмнэлэг дээр ирээд харсан. Бид нар дунд зэргийн согтолттой байсан гэх мэдүүлэг /хх 16-17/,
гэрч Г.Баатархүүгийн өгсөн: ...Х тай гадаа хоёулаа ярилцъя гэж хэлсэн. Тэгээд Нармандах чи намайг холоос авчирчаад мөнгө өгсөнгүй гэж Х ыг нэг алгадсан. Тэгээд Х -г унагаагаад нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгээд салаад Х зугтаагаад явчихсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Х эргэж ирээд машинаа унаж яваад буцаж гэрт орж ирээд уулзья гэж Нармандахыг дуудсан. Тэгээд гэнэт л Нармандах намайг аллаа гэж орилоод зугтаасан араас нь Х хөөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Хүмүүсийн яриагаар цээжин тус газар нь 2 удаа хутгасан гэж хүмүүс ярьж байсан гэх мэдүүлэг /хх 21-22/,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №506 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Г.Нармандахын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун талд хий хуралдалт, цээжинд шархт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь Х ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна." гэжээ /хх 23-28/,
12.5 см, бариул нь 12 см урттай хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 7/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5/, Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 7/, Цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээний дүгнэлт /хх 29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч С.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Г.Нармандах болон түүний хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэцэцэг нарын зүгээс эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин гэж 1-2 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнтэй холбоотой баримт хэрэгт ирүүлээгүйгээс гадна шүүх хуралдааны товыг хүргүүлэхэд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч С.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх талаарх,
шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хөнгөрүүлэх талаарх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
гэрч С.Барсболдын өгсөн "Х нь манай төрсөн ах. Зан аашийн хувьд дөлгөөн даруухан ааштай, эвсэг харьцаатай, бусадтай маргаж муудалцаад байдаггүй, хүний үгээр сайн хүн. Бид нар бага байхаасаа ар гэрийн хүмүүжилтэй өссөн. Манай ах Х бага байхаасаа хичээлдээ сайн урлаг спортоор хичээллэдэг. Багш нарын дунд нэр хүнд сайтай сайн хүүхэд байсан. Эхнэр хүүхэдтэй байж байгаад ахыг гадаадад ажиллаж байх хугацаанд эхнэр нь салаад явсан тэрнээс болоод сэтгэл санаагаар их унасан. Ар гэрийнхэн бүгд цуглараад хохирогч Нармандах гэх хүнд хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан." гэх мэдүүлэг /хх 166/, гэрч Д.Цэрэнхандын өгсөн "Манай хүү С.Х нь айлын дунд хүү байгаа юм. 1990 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Багадаа Эрдэнэт хотын 19 дүгээр цэцэрлэгт сурч хүмүүжсэн. Тэгээд Эрдэнэтийн 5 дугаар 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуульд сурах чадвартай байсан ч ээжтэйгээ хамт амьдарч ажил хийнэ гээд сураагүй. Тэгээд гагнуурын сургалтад суралцаж төгсөөд ажил хийж байгаад 2017 оны зун Чех улс руу ажиллахаар явсан. Тэндээ 1 жил орчим ажил хийж байгаад буцаад 2018 оны 7 дугаар сарын эхээр ирсэн. Гадаадад ажил хийж байх хугацаанд эхнэр нь салаад нутаг руугаа явсан. Түүнээс болоод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хэрэг зөрчилд холбогдох болсон. Ер нь эхнэрээсээ салаад сэтгэл санаагаар унаснаас болоод өөрийгөө удирдах чадваргүй болсон байна. Би одоо хүүгээ амьдралд идэвхтэй ямар нэгэн муу зуршилгүй болгох гэж Христийн сүмд дагуулж явж байгаа. Сүмд явсны үр дүнд засарна гэдэгт нь итгэж байна. Манай хүү зан аашийн хувьд төлөв даруу, хийж байгаа ажилдаа зүтгэлтэй ажлын цагийг нарийн сайн барьдаг, хүлээж байгаа үүрэг даалгавраа өөрийн ухамсраар сайн биелүүлдэг, ээжийн үгнээс гараад зөрөөд байдаггүй, ар гэрийнхэндээ халамж сайтай байдаг. Одоо хүү маань гэр бүлтэй болж байгаа эхнэр нь бас бие давхар болсон байна. Манай хүү түргэн ууртайгаасаа болоод хэрэгт холбогдчих гээд байдаг. Миний мэдэх хоёр удаа хэрэгт холбогдож байсан. Бид нар тал бүрээсээ нийлж байгаад хохирогчид төлбөрийг барагдуулсан. Миний хүү буруу зүйл хийж хүнд гэмтэл учруулсан. Х маань бас өөрийн хийсэн буруутай үйлдлийг бүрэн ухамсарлаж гэмээ ойлгож байгаа. Миний зүгээс миний хүүд өгөх шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсмээр байна. Би өөрийн хүүхдийг бүрэн засаж хүмүүжүүлэх болно." гэх мэдүүлгүүд /хх 168/,
шүүгдэгч С.Х нь урьд 1.Хан-Уул дүүргийн шүүхээр 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар,
2.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхээр 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 153-156/-р зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгч С.Х нь сүүлд буюу 2019 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүхийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн болох хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 45/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 153-156/ зэргээр тогтоогдож байна. Шүүгдэгч 500 000 төгрөгийн торгох ялыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төлж барагдуулсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны ар талд Орхон аймгийн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаарх тэмдэглэлээр тогтоогдож байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн шүүхэд бичгээр ирүүлсэн "гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол эмчилгээний зардлыг бүрэн авч барагдуулсан ахиж нэхэмжлэх зүйл байхгүй. Хойшид нэхэмжлэх зүйл байхгүй." гэх хүсэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэгт дүгнэлт хийн түүнд ял шийтгэл оногдуулахдаа тухайн зүйл ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см, бариул нь 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,
Эрүүгийн 1934006040321 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Х цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г С Х-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Х-ыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г С Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12.5 см, бариул нь 12 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5.Эрүүгийн 1934006040321 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Х цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН
ШҮҮГЧИД Ю.ЭНХМАА
Т.БАТЖАРГАЛ