Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 749

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

          Улсын яллагч Г.Эрдэнэ,

          Шүүгдэгч З.Ю, түүний орчуулагч Б.Батцэцэг, түүний өмгөөлөгч нар У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч БНХАУ-ын иргэн З.Ю холбогдох эрүүгийн 1902 00866 0374 дугаартай хэргийг шүүх 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Си Чуан мужийн Нан Цун хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо,   тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,   паспортын дугаартай, З.Ю

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн З.Ю нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцны байранд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ю мэдүүлэхдээ: “...Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид Монголын улсын хууль дүрмийг чанд сахина. Монголын улсын хууль тогтоомжыг зөрчсөндөө харамсаж байна. Тиймээс торгох ял оногдуулж өгнө үү. Би хүүхдийнх нь хувьд хойд эцгийнхээ асрах боломжийг олгож өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтуудаас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-9, 11-14/, Геологийн Төв лабораторийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт /1хх-57-60/, Тагнуулын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /2хх-15/, гэрч Ц.Батжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-110-111/, гэрч Б.Борчулууны өгсөн мэдүүлэг /1хх-112-113/, гэрч Т.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг /1хх-49-50/, Зао Ванбио /Zhao Wanbiao/-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-24-25, 167-168/, гэрч Д.Энххишигийн өгсөн мэдүүлэг /1хх-114-115/, З.Ю-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-21-22, 173-174/, шинээр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас, “МАКД” ХХ-ийн албан бичиг, татварын тайлан зэрэг 3 хуудас нийт 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн З.Ю нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцны байранд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд З.Ю-ийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд анх 2019 оны 8 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод ирсэн. Намайг анх Монголд ирэхэд Зао Ванбио /Zhao Wanbiao/ нь алтны уурхайн нэрээр урилга явуулж уг урилгын дагуу Монголд ирсэн. Тэгээд Зао Ванбио /Zhao Wanbiao/-аар дамжуулан Д.Энххишиг гэх эмэгтэйн ажиллуулдаг Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байрлах алтны уурхайд хяналтын ажилтанаар ажилд орсон ба 2019 оны 8 дугаар сараас хойш би найз Зао Ванбио /Zhao Wanbiao/-нд амьдарч байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцыг түрээслэн амьдарч эхэлсэн. Тэгээд алтны уурхайд ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын алтны уурхайн хажууд замаар явж байсан мотоцикльтэй эрэгтэй хүн шилтэй шингэн зүйл өврөөсөө гаргаж харуулаад үйл хөдлөлөөрөө алт угааж болдог зүйл гэдгийг надад хэлж ойлгуулсан. Би 2019 оны 9 дүгээр сарын        24-нд билүү 25-нд Улаанбаатар хот руу явахдаа туршиж үзэхээр уурхайгаас жоохон шороо, нөгөө шилтэй шингэн бодисын хамт авч явсан. Тэгээд тэр авч ирсэн шороогоо Улаанбаатар хотод түрээсэлж байсан байрандаа угааж үзэхэд ямар ч алт гарахгүй болохоор нь угаасан шороогоо байрныхаа гадаа байдаг хогийн цэг дээр аваачиж хаясан. Ингээд маргааш нь би уурхай руу яваад 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уурхайгаас буцаж Улаанбаатар хотод ирэхдээ угааж үзэх зорилгоор уурхайгаас шороо дахиж авчраад өөрийнхөө түрээсэлж байсан байрандаа угааж дуусаад байж байхад гаднаас шалгалтын хүн орж ирээд үзлэг хийж “угаасан алт болон мөнгөн ус хаана байна” гээд асуугаад байсан. Би уурхайгаас алттай шороо авч явахдаа компанийн захирал Д.Энххишигт хэлж мэдэгдсэн. Түүнд би уурхайгаас алттай шороог яах гэж авч явж байгаа талаараа хэлээгүй.” /1хх-21-22, 173-174/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Зао Ванбио /Zhao Wanbiao/-ийн гэрч, яллагдагчаар өгсөн “...Ингэж ажиллаж байх хугацаандаа буюу 2014 онд Д.Энххишиг гэх монгол эмэгтэйтэй танилцаж хамтран ажиллах болсон. Тэгээд Д.Энххишигийн ажиллуулдаг “Шудрага андууд” нэртэй алтны компани байгуулж үйл ажиллагаа явуулах ажилд нь туслалцаа үзүүлж би түүнд мөнгө зээлдүүлж байсан юм. Тэгээд тэр цагаас хойш би тэр алтны компанид туслалцаа үзүүлж хамтран ажиллаж эхэлсэн. Тэгээд алтны компанийн үйл ажиллагаанаас ашиг гарахгүй байсан тул би ямар нэгэн байдлаар ашиг орлого олж авч чадаагүй. Харин энэ хэргийн хувьд өчигдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ очиход манай найз З.Ю, Ли Хуа /Li Hua/, Пан Зэн Жиан /Pan Zhenjiang/, Жан Бигүеэ /Zhang Bigul/, Jiang Zongcai нарын 5-н Хятад иргэн манай гэрт байсан юм. З.Ю нь миний танил найз учир түүнд манай гэрийн түлхүүр байдаг юм. Тэгээд намайг гэртээ орох үед дээрх 5-н Хятад иргэн манай гэрт хийсэн зүйлгүй сууцгааж байсан ба Li Hua нь хоол хийж байсан. Харин З.Ю нь төмөр таваг дотор алт болон мөнгөн усыг холиод барьцалдуулчихсан байдалтай байсныг бусад хүмүүст харуулаад байж байсан юм. З.Ю нь “би ч гэсэн сайн мэдэхгүй байна, алтны уурхайн замын хажууд нэг Монгол хүн зарна гээд зогсож байхаар нь би худалдаад аваад ирсэн” юм гэж хариулж байсан. Тэгээд би З.Ю-aac өөр зүйл асууж тодруулж амжаагүй байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд манай гэрт үзлэг хийж З.Ю-ийн авч ирсэн гэх төмөр тавагтай алт болон мөнгөн усыг хурааж авсан байсан. Энэ үед гаднаас Xu Xiaobin гэх Хятад иргэн орж ирсэн юм. Ингээд бид нарыг бүгдийг нь цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...Би Эрээн явж визээ сунгуулаад 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ирсэн. Намайг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гадуур явж байхад З.Ю над руу яриад “бид нар уурхайгаас гараад очих” гээд явж байна гэсэн. Орой 18 цагийн орчимд намайг гэртээ орж ирэхэд манайд З.Ю түүнтэй хамт ажилладаг гэх 3-н Хятад хүн байсан нэрийг нь бол мэдэхгүй. Мөн Ли Хуа нар байсан. Тэд манай гэрийн том өрөөний ширээ тойрч суугаад хоол идэх гээд хүлээгээд сууж байсан. Намайг гэрт орж ирэхэд төд удалгүй шалгалтын хүмүүс араас орж ирсэн. Шалгалтаар орж ирсэн хүмүүс бид нараас “угаасан алт болон мөнгөн усаа гаргаж өг” гэсэн. Тэгэхэд Зао Юүнжүн  /Zhao Yongjun/ буйдангийн доороос төмөр тавагтай шороо гаргаж ирсэн. Харин шалгалтын хүмүүс шилэн савтай мөнгөн усыг олж гаргаж ирсэн.” /1хх-24-25, 167-168/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Жан Жин Шин овогтой Жан Зунцайн гэрчээр өгсөн: “...Би хамгийн анх Монгол улсад 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Шудрага андууд” ХХК-ийн урилгаар ирсэн. Уг компанитай манай Хu Xian-аар дамжуулан уг холбогдсон. Би Хятадаас Монголд ирээд шууд Хэнтий аймгийн нэг суманд алтны уурхайд тоног төхөөрөмийн засварчин хийж байсан. Би ажлаа хийж байгаад 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хятад улс руу явж тэндээ байж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монгол улсад ирээд өмнөх уурхайдаа засварчин хийж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд Хu Xiaobin даргатай хамтарч ажилладаг Зо Ванпиогийнд оройн хоол идэхээр 2 машинтай ирсэн. Би сүүлийн машинд явж байгаад хамгийн сүүлд гэрт нь орсон. Намайг ороход хүмүүс орсон хоолоо идээд байж байсан. Зо Ванпиогийнд оройн хоол идэхээр ирсэн. Би ерөөсөө мэдээгүй.” /1хх-27-28/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Шү Лю Лан овогтой /Xu Xiaobin/ гэрчээр өгсөн: “...Миний хувьд алтны эрэлчин мэргэжилтэй хүн байгаа юм. Сүүлийн 20 гаран жил алт хайх ажил хийж байна. Хамгийн анх 2018 оны 7 сард Монгол улсад алттай газар байгаа эсэхийг хайх гэж ирээд судалгаа хийж байгаад ажиллаж чадаагүй нутаг буцсан. Тэгээд эх нутагтаа байж байгаад 2019 оны 8 сард “Шудрага андууд” нэртэй алтны компанийн захирал Д.Энххишигтэй холбогдсон. Цагдаа нар Зо Ванпио даргын гэрт үзлэг хийгээд мөнгөн ус болон өөр нэг шингэн бодис, алт, хятад иргэдийн гар утас, гадаад паспорт зэрэг эд зүйлсийг хураан авсан. Тэндээс хураагдсан алт болон мөнгөн ус, шингэн бодисыг хэн, хэзээ, ханаас авчирсан талаар мэдэхгүй. Учир нь би бүр сүүлд цагдаа оччихсон байх үед очиж баригдсан. “/1хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ли Хуа /Li Hua/-ийн гэрчээр өгсөн: “...Тэгээд Зо Ванпио дарга бид 2 гадуур захаар явсан. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Зо Ванпио дарга бид 2 гадуур явж байгаад 18 цагаас 19 цагийн орчимд буцаад ирэхэд нь миний танихгүй 5-н Хятад улсын иргэн ирсэн байсан. Би тэр хүмүүсийг өмнө харж байгаагүй хүмүүс байсан. Би том өрөөнд Зо Ванпио даргатай цуг байж байсан. Тэгэхэд гаднаас цагдаа нар ороод ирсэн. Би ямар учиртайг нь мэдээгүй.“ /1хх-33-35/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Жан Бигүеэ /Zhang Bigul/-ийн гэрчээр өгсөн: “...Би мөнгөн ус байсан гэдгийг нь өнөөдөр л харж байна. Би хоол хийхэд нь туслаж байгаад гадаа гарч үсээ засуулаад тухай байранд ороод иртэл цагдаа нар ирсэн байна.” /1хх-39-40/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Пан Зэн Жиан /Pan Zhenjiang/-ийн гэрчээр өгсөн: “...Алтыг бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уурхайгаас авчирсан ба хэр их алт авсныг хэн тэр алтыг авчирсаныг би мэдэхгүй байна. Тухайн гэрт байгаа сейфэн дотор л алтаа хийгээд байдаг байсан. Би хэн алт авчирсан, мөн хэн мөнгөн ус авчирсан гэдэг талаар юу ч мэдэхгүй байна.” /1хх-43-44/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энххишигийн өгсөн: “...Миний бие “Шудрага андууд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. “Шудрага андууд” ХХК гадаад худалдаа, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Илжигтэйн ам гэх газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм. 2018 онд туршилтын журмаар 10 гаран хоног ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулаад 1 грамм ч алт авч чадаагүй юм. Зао Ванбиао /Zhao Wanbiao/-д “энэ уурхайд хамтарч ажиллах юм уу, худалдаж авах хүн олоод өгөөч” гэхэд Зао Ванбиао /Zhao Wanbiаo/ намайг Шиу Шиа Бин /Хи Хiabon/-тэй танилцуулсан. Ингээд би Шиу Шиао Бин-тай хамтарч ажиллахаар тохирсон. Шиу Шиао Бин үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бичиг баримт хөөцөлдөх, явах ажлыг нь хариуцаад ашгийнхаа 70 хувийг Шиу Шиао Бин, үлдсэн 30 хувийг нь би авахаар тохироод хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээн дагуу Шиу Шиао Бин алт угаах тоног төхөөрөмж ажиллуулахаар БНХАУ-аас Пан Зэн Жианг /Pan Zhenjiang/, Занг Бигуй /Zhang Bigui/, Жианг Зонгцай /Jiang Zhongcai/ нарыг авчирсан. Харин би З.Ю-ийг алт угаах үйл ажиллагаанд хяналт тавиулахаар ажиллуулсан. З.Ю бол Зао Ванбиогийн найз нь байгаа юм. Компанийн уурхайн үйл ажиллагаа 9 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн өглөө Баянзүрхийн цагдаагаас над руу яриад “ирж уулз” гэсний дагуу би очиж гэрчийн мэдүүлэг өгч, уг хятадуудыг мөнгөн усаар алт угаасан талаар мэдсэн. Хэрэг гарсан өдөр З.Ю уурхайгаас ирэх гэж байгаа талаараа яриад байсан. Ямар ч байсан уурхайгаас угаасан юм аа аваад очно гээд байгаа бололтой байсан. Надтай хятад хэлээр ярьсан болохоор би сайн ойлгоогүй “тэг тэг” гэж хэлсэн. Би хятад хэл сайн мэдэхгүй, ярьсан юмыг баг сага бол ойлгоно.” /1хх-46-48, 114-115/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Батжаргалын өгсөн: “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/356, 396 хамтарсан тушаалаар химийн хорт болон аюултай бодисын ангиллын жагсаалтад мөнгөн усыг оруулсан байдаг юм. Энэ хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор баталсан. Хэрэв мөнгөн усыг ашиглах тохиолдолд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн Үндэсний зөвлөлөөс хаана яаж ашиглах тухай дүгнэлт гаргуулж авах ёстой. Энэ дүгнэлтийг үндэслээд тус яамнаас тусгай зөвшөөрөл олгодог юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2009 оны тушаалаар мөнгөн ус болон түүний нэгдлийг уул уурхайн салбарт ашигт малтмал олборлоход ашиглахыг хориглосон байдаг. Иймд мөнгөн ус болон мөнгөн усны нэгдлийг шинжилгээ судалгааны зориулалтаар лабораторийн нөхцөлд ашиглахыг зөвшөөрдөг. Мөнгөн ус нь шингэн металл хэлбэрээр хор аюул багатай. Харин мөнгөн усны уур нь маш их хортой. Хэрэв хүний бие махбодид хуримтлагдаж хордуулсан тохиолдолд хүний ой ухаан муудах, зүг чиг, баримжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.” /1хх-110-111/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Борчулууны өгсөн: “...Намайг тэнд очиход НМХГ-аас 3 ажилтан, тагнуул, онцгой, цагдаагийн байгууллагын ажилтнууд очсон байсан ба том өрөөнд нь Хятад иргэд байсан. Тэгээд уг байрны өрөөнүүдийн агаараас “Люмекс” багажаар хэмжихэд том өрөө 0.000079 мг/мЗ, угаалын өрөө 0.000067 мг/мЗ, унтлагын өрөө 0.000052 мг/мЗ, гал тогооны хэсэг 0.00011 мг/мЗ, гал тогооны угаалтуурын хэсэг 0.000258 мг/мЗ хэмжээний мөнгөн ус ууршилттай байсан. Монгол Улсын стандартчилал хэмжилзүйн газраас ажлын байрны агаарын   мөнгөн  усны зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.01/0.005 мг/мЗ байхаар баталсан байдаг. Гэтэл уг орон сууцны байр нь ажлын байр биш учраас сурах бичигт тодорхойлогдсоноор орон сууцны байрны агаарын зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.0003 мг/мЗ байхаар шинжилгээний дүнд тусгасан юм.” /1хх-112-113/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Нандинцэцэгийн өгсөн: “...Зао Ванбиао гэх Хятад иргэн болон түүний орчуулагч гэх хүнтэй хамт манай гэрт ирж манай байрыг үзээд манай байрыг 1 жилийн хугацаатайгаар түрээслэх болсон юм. Хятад иргэний менежер гэх хүнтэй гэрээ байгуулж байсан юм. Харин өчигдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 2-ны шөнө би фэйсбүүкээр мэдээлэл харж байгаад “Зариг.мн” нэртэй сайт дээр манай байранд Хятад иргэд алт угааж байгаад баригдсан тухай мэдээлэл байсан юм. Орон сууц дээрээ очоод хартал манай байрны хаалгыг лацдаад хаачихсан байсан юм дотор нь янз бүрийн үйл ажиллагаа явуулж байсан эсэхийг нь би мэдэхгүй байна.” /1хх-49-50/ гэх мэдүүлэг,

 

Геологийн Төв лабораторийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд:

"...Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс ирүүлсэн ХФ19/2137 захиалгын дугаартай гялгар уутанд хийж лац тавьсан, “Ковар” гэсэн бичиглэл бүхий  шилэн савлагаатай шингэн зүйл нь шинжилгээ хийхэд шаардлагад нийцсэн. Уг  шингэн зүйлд металл зэстэй амальгам үүсэх чанарын урвар хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо.” /1хх-57-60/ гэх дүгнэлт,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 48а байр 5-н давхар шар өнгийн тоосгон сууц байх ба...3 гэсэн дугаартай саарал өнгийн төмөр хаалгаар дотогш ороход энгийн хувцастай тагнуулын ерөнхий газрын ажилчид уг орон сууцанд нэгжлэг хийсэн байдалтай гадаад улсын 7-н иргэнийг цонх руу харуулан зогсоосон байлаа. Уг орон сууц нь үүдээр ороод том өрөө, зүүн тал руу эргээд чигээрээ нэг өрөө, баруун гар талд жижиг өрөө бүхий 00-ын өрөө, усны өрөө бүхий зохион байгуулалттай байлаа. Үзлэгийг хэсэгчилж хийхээр тогтов. Ертөнцийн зүгээр урагш харсан өрөөнд ороход тагнуулын ажилчид нэгжлэг хийсэн байдалтай өрөөний баруун хойд хананд бор өнгийн модон тавилга бүхий босоо тольтой 4 ширхэг шургуулгатай тавиур дээр улаан хүрэн өнгийн 17x13 см хэмжээтэй хатуу биетийг Криминалистикийн шинжээч 145 гэж дугаарласныг хураан авлаа...Орон доогуур харахад бор хүрэн өнгийн метал таваг, дотор нь мөнгөлөг саарал өнгийн нунтаг гарч ирснийг криминалистикийн шинжээч 44 гэж дугаарлан хураан авлаа...Баруун урд талын цонхны тавиур дээрээс 47 гэж дугаарлан цагаан шаргал өнгийн хатуу биетийг хураан авлаа...Улаан өнгийн хуванцар савтай, хүрэн өнгийн улбар шар өнгийн, шар өнгийн савтай уул уурхайн багаж хураасан байдалтай байна..Том өрөөнд...баруун урд хананд газрын хэвлийн урт хэмждэг дурангийн хөл 3 ширхэг, дундаа улаан, ногоон өнгөтэй металан шон 8 ширхэг хана налуулж тавьсан байдалтай...00-н өрөөнд ороход...суултуурын дотор талд баруун талаас дотогш хар өнгийн шороо мэт зүйл урсан хатсан байдалтай байна. Мөн баруун талын хэсгийн плитан шалан дээр хар 1 өнгийн жижиг ширхгүүд унаж хатсан байдалтай байна...Цагаан шаргал өнгийн хатуу биет, улаан хүрэн өнгийн хатуу биет, модон лотки буюу угаасан алтаа нарийсгадаг модон тосгуур 1 ширхэг, “Ковар” нэртэй 936 гэсэн бичигтэй цэнхэр  өнгийн тагтай шилтэй саванд байх шингэн зүйлийг хураан авлаа...14x12 см хэмжээтэй барзгар хатуу биет чулуу мэт зүйл хураан авлаа.” /1хх-8-9, 11-14/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-15-16/,

 

Хэнтий аймгийн Цэнхэрмандао сумын нутагт орших “Илжигтэй ам” нэртэй алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчоны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын хуулбар /1хх-232-234/,

 

Байгаль орчин, аялал жуучлалын яамны албан бичиг, ерөнхий үнэлгээний тайлан /1хх-235-238/,

 

Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг /1хх-239-241/,

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-243-248/,

 

Тагнуулын Ерөнхий газраас ирүүлсэн "..Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах “Шудрага андууд” ХХК-ийн алтны уурхайгаас алттай баяжмал тээвэрлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот хаягт химийн хортой бодис ашиглан угааж байж болзошгүй талаар 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр мэдээлэл авагдсан.” /2хх-15/ гэх хариу албан бичиг гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

  Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч БНХАУ-ын иргэн З.Ю нь 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцны байранд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Геологийн Төв лабораторийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлт, Тагнуулын Ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг, гэрч Ц.Батжаргалын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Борчулууны өгсөн мэдүүлэг, гэрч Т.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг, Зао Ванбио /Zhao Wanbiao/-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Д.Энххишигийн өгсөн мэдүүлэг,  З.Ю-ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар У.Хандсүрэн, Ч.Эрдэнэбатын зүгээс: “...Миний үйчлүүлэгч З.Ю-д эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсвэл хойд эцгээ асрах боломжийг олгож торгох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү.” гэж тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн З.Ю-ийн 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн түр оршин сууж байсан Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 3 тоот орон сууцны байранд Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсад ашиглахыг хязгаарласан Химийн хорт, аюултай бодис болох “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай мөнгөн усыг алт угаах зорилгоор хууль бусаар ашигласан, хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Химийн хорт бодис гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн элемент, тэдгээрийн нэгдлийг хэлэх бөгөөд химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэрэг нь нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндэд гэм буруугийн хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч З.Ю-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн шүүгдэгч З.Ю-ийн үйлдэлд яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “хэргийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийг хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” хэмжээний дотор шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч З.Ю-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэдийгээр шүүгдэгч З.Ю-ийн нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.Ю нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой Байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадад түр хадгалагдаж байгаа “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай 703 грамм хэмжээтэй химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх, мөн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гар хийцийн алт ялган авах зориулалттай хэрэгсэл, мөнгөлөг өнгийн нунтаг зүйл, бор өнгийн металл таваг зэрэг эд зүйлсийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

 

Мөн З.Ю-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч З.Ю-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. З.Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар З.Ю-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

  4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, З.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой Байдлын Ерөнхий газрын Үндэсний аврах бригадад түр хадгалагдаж байгаа “Ковар” гэсэн бичиглэл бүхий шилэн савтай 703 грамм хэмжээтэй химийн хорт аюултай бодис болох мөнгөн усыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх, мөн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гар хийцийн алт ялган авах зориулалттай хэрэгсэл, мөнгөлөг өнгийн нунтаг зүйл, бор өнгийн металл таваг зэрэг эд зүйлсийг устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус үүрэг болгосугай.

 

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба З.Ю-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохир огч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл З.Ю-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС