| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 172/2017/00033/э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 58
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал
Шүүгдэгч М.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр М.*******т холбогдох ..... дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******ыг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт Ш.*******гийн бие эрх чөлөөнд халдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шүүгчийн захирамжаар “...М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн тал дээр маргаж байгаа болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон өмгөөлөгчийн тайлбар дүгнэлтээр тогтоогддог, мөн шүүгдэгч С.******* нь прокурорын ялын саналтай танилцаж гарын үсэг зурсан атлаа прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрснөө шүүх хуралдаанд илэрхийлэхгүй байх ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан “... Би *******д эмчилгээний төлбөрт 2.100.000 төгрөгийг өгөөгүй, манай ээж тэр хүмүүст өгсөн байсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй. Шүүгдэгч М.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй гэсэн дүгнэлт хийж М.*******т холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Прокурор эсэргүүцэлдээ: “...Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулжээ.
Тухайлбал: Яллагдагч хүсэлт гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд найман жил хүртэл хорих ялтай гэмт хэргүүд хамаарах ба яллагдагч гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн баримт, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримтуудыг хавсарган ирүүлнэ. /Хуулийн 17.1 дүгээр зүйл/ Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан ердийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлахаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаар заасан байна. /Хуулийн 17.4 дүгээр зүйл/
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийн хувьд сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэхээр хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх, шүүх хүлээн авснаас хойш 72 цагийн дотор эцэслэн шийдвэрлэхээр заасан ба шүүхээс гэм буруутайг тогтоосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялыг оногдуулна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосноос гадна яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эсхүл хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрэн хэлэлцсэн байхыг хуулиар шаардаагүй нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.
М.*******т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаж үзэн “...шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй, ...мөн прокурорын ялын саналтай танилцаж гарын үсэг зурсан атлаа прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрснөө шүүх хуралдаанд илэрхийлэхгүй байна. ...шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх нь эргэлзээтэй” гэж дүгнээд яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болжээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул М.*******т холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
М.*******т холбогдох эрүүгийн хэрэгт цугларсан материалаас үзвэл, мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган хэргийн материалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагч М.*******т танилцуулахад түүнээс хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт гаргасан байна. /хэргийн 50 дугаар хуудас/
Харин яллагдагч М.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай прокурорт гаргасан хүсэлт хэрэгт байхгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч өөрөө хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянах эрх зүйн үндэслэл шүүхэд үүсэхгүй тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.
М.*******ын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэрэгт хамаарч байх ба прокуророос Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуульд нийцсэн байна. Энэ тохиолдолд яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байхыг хуулиар шаардаагүй байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 189 тоот захирамжийг хүчингүй болгож, М.*******т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүх шүүх хуралдааны тэмдэглэлийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, оролцогчдод танилцуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 5/09 тоот эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 189 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.*******т холбогдох эрүүгийн .... тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.*******т анхан шатны шүүхээс урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Н.ЭНХМАА