Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0372/З |
Дугаар | 221/МА2021/0464 |
Огноо | 2021-09-01 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2021/0464
“Х ш” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э, гомдол гаргач “Х ш” ХХК-ийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Х ш” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э-ийн дүгнэлттэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Х-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 443 дугаар шийдвэрээр: “Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 10.7 дугаар зүйлийн 9-д заасныг тус тус баримтлан “Х ш” ХХК-ийн гомдлын шаардлага болон Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э-ийн бичсэн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг тус тус хангаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч И.Х-ийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0059431 дүгээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол зөрчлийг газар дээр нь эсхүл хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “Х ш” ХХК нь махны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй нэгж боловч Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолын дагуу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед нийслэл Улаанбаатар хотын махны гол хэрэгцээг хангадаг өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж түрээсийн үйлчилгээг тэгш бус, зохион байгуулалтгүй явуулснаар махны үнийг хөөрөгдүүлж, махны үнэ тохирч худалдаалах нөхцөлийг бүрдүүлсэн үйлдэл нь ил тодорхой хууль бус зөрчил гэж үзэж хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан “Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах” талаар эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Түүнчлэн махны худалдааны зах зээлийн хувьд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан аж ахуй эрхлэгчид нь аж ахуй нэгж болон хувь хүмүүстэй гэрээ байгуулан лангуу буюу талбай түрээслүүлэх замаар махны худалдааг эрхэлдэг бөгөөд махны худалдааны түрээсийн зэх зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаагаар судалгаанд хамрагдсан махны лангуу түрээслэгчдийн 99 хувь нь “Х ш” ХХК-ийн машин, павилон, жижиглэн худалдаачдаас махаа авч худалдаалдаг.
Махны үнэ өсөх хүчин зүйл нь ченжийн систем бөгөөд үүнд “Х ш” ХХК-ийн /захын/ хэт төвлөрөл шууд нөлөөлсөн гэж дүгнэсэн. Тодруулбал, “Х ш” ХХК-ийн /захын/ гадна талбайн машинууд дээрээс бусад зах, худалдааны төв, дэлгүүрүүд мах худалдан авдаг нь махны үнийн өрсөлдөөн, зэх зээлийн дагуу үнэ тогтох боломжийг хаадаг. Тухайн авто машины зогсоолыг цөөн хүмүүст урт хугацаагаар түрээслүүлж бусад худалдаа эрхлэгч нарт өрсөлдөх боломжийг хаасан нь давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэж үзэх үнлэслэл юм. Өөрөөр хэлбэл, дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” гэж заасан хууль бус үйл ажиллагаа юм.
Улмаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.12-т заасан “Ноёлох үйл ажиллагаа” явуулахыг хориглодог. Гэтэл “Х ш” ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 10,11-ний өдөр махны нийлүүлэлт хэвийн байхад үнийг хөөрөгдөж, хэрэглэгч бодит үнээр бараа бүтээгдэхүүн худалдан авах хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 0059431 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан.
“Х ш” ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шийдвэрлэж шийтгэлийг “Х ш” ХХК-д ногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
“Х ш” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0059431 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э-аас “Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлттэй захиргааны хэргийг анхан шатны шүүхээс хянаад, нэхэмжлэл болон дүгнэлтийг бүхэлд нь хангажээ.
Дээрх шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч “... “Х ш” ХХК нь Улаанбаатар хотын махны гол хэрэгцээг хангадаг өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж түрээсийн үйлчилгээг тэгш бус, зохион байгуулалтгүй явуулснаар махны үнийг хөөрөгдүүлж, махны үнэ тохирч худалдаалах нөхцөлийг бүрдүүлсэн” гэсэн давж заалдах гомдол гаргасан.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0059431 дүгээр шийтгэлийн хуудсаар “ “Х ш” ХХК нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тодорхой шалтгаангүйгээр махыг худалдаалахгүй, махны үнийг хөөрөгдүүлж, үгсэн хуйвалдан үнэ тохирч худалдаалан ноёлох үйл ажиллагаа явуулж махны үнийг зохиомлоор хөөрөгдүүлж, дамлан худалдаалсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 29,140,676 төгрөгөөр торгосон” байна.
Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтоол болон Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Удирдамж батлах тухай” 20 дугаар тушаалаар “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллах” талаар, уг чиглэлийн дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 110, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/30 дугаар “Улсын байцаагчийн албан шаардлага”-ыг зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд хүргүүлсэн байна.
Хариуцагч 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хэрэглэгчийн 115 дугаар утсанд иргэдээс ирүүлсэн гомдол, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/22 дугаар “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжийн байдалд хяналт шалгалт хийх” удирдамжийн дагуу хяналт шалгалт хийгээд “ “Х ш” ХХК-ийн зах бүртгэл хяналтын ямар ч систем байхгүй, хэн гэдэг ченж хаанаас ямар махыг хэдэн төгрөгөөр бөөндөн борлуулж байгаа нь тодорхойгүй, үгсэн хуйвалдсан, үнэ тохирч хэлэлцсэн, цаашлаад үнийг хөөрөгдүүлэн мах худалдан борлуулахгүй ноёлох үйл ажиллагаа явуулж байна” гэсэн нөхцөл байдлыг тогтоожээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.5-д “Ноёлох үйл ажиллагаа” гэж давамгай байдлаа хууль бусаар ашиглаж бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах, хэрэглэгчийг хясан боогдуулахыг хэлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараахь ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7.1.1-д “Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Х ш” ХХК-ийг махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоожээ.
Гомдол гаргагч “Х ш” ХХК нь Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд холбогдох хууль тогтоомж, тогтоол, удирдамж, албан шаардлагын дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох махны хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд хяналт тавьж нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байсан байна. Энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан нь улсын байцаагчийн тэмдэглэлүүд, хяналт шалгалтын тайлан, иргэдээс ирүүлсэн гомдол, холбогдох үнийн судалгаа, газар дээр нь шалгасан фото зургууд зэргээр тогтоогдож байна.
“Х ш” ХХК-ийн гомдолд “ “Х ш” ХХК нь түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, харин махны худалдаа эрхэлдэггүй”, Нийслэлийн прокурорын газрын прокурорын дүгнэлтэд “Талбай түрээслэгч иргэд махны үнийг хоорондоо хэлэлцэн тохирсон нь талбай түрээслэгч компанийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх давамгай байдалтай ямар нэгэн харилцан хамааралгүй”, анхан шатны шүүхийн шийдвэрт “Түрээслэгч нар нь өөрсдийн түрээсэлсэн талбай, лангуун дээрээ худалдан борлуулж байгаа махны үнийг өсгөж хэрэглэгчдэд зарсан үйл баримтыг “Х ш” ХХК-иас гаргасан зөрчил гэж үзэхэд учир дутагдалтай” гэжээ.
Хэрэгт авагдсан Ажлын талбай түрээслэх гэрээний 6 дугаар зүйл “Түрээслүүлэгчийн эрх, үүрэг”, 6.2-т “ “Шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд хамаарал бүхий холбогдох хууль, дүрэм, журам, бусад эрх зүйн актын биелэлтийг хариуцах чиг үүрэг бүхий “Дотоод хяналтын нэгж”-ийг байгуулж ажиллуулах....”, 6.3-т “Хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашиг, шударга зарчмыг тэргүүн зэрэгт тавьж....” гэж заасан байна.
“Х ш” ХХК нь хэдийгээр шууд утгаар махны худалдааны үйл ажиллагаа эрхэлдэггүй боловч мах худалдаалах газрын түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг, энэхүү үйл ажиллагаандаа давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд уг зах дээр махыг цаашид худалдаалах үйл ажиллагаанд, мөн зах зээлийн болон улирлын нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын үеийн хууль тогтоомж хэрэжүүлэхэд дотоод хяналт тавих, үнийн хөөрөгдөлийг гаргуулахгүй байх бүрэн боломжтой.
Өөрөөр хэлбэл, цөөн хүмүүстэй урт хугацаагаар түрээсийн гэрээ байгуулах, үйлчилгээг зохион байгуулалтгүй явуулж байгаа нь худалдаа эрхлэгч нарт өрсөлдөх боломжийг хаасан, давамгай байдлаа хууль бусаар ашигласан гэх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх бөгөөд гомдол гаргагч нь гэрээнд зааснаар зөвхөн түрээслэгч, түрээслүүлэгч бус хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг тэргүүнд тавьж, хууль тогтоомжид заасан чиг үүргээ биелүүлэн ажиллаагүй хууль бус үйлдэл гаргажээ. Харин энэхүү зөрчилд хариуцлага тооцон, шийтгэлийн хуудсаар “Х ш” ХХК-д торгууль оногдуулсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “Зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хариуцагч И.Х нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийж, тэмдэглэл үйлдэн баталгаажуулж авсан, тухайн зөрчлийн хувьд газар дээрээ шууд тогтоогдох үйл баримт байх тул нотлох баримт бүрдүүлэх, шалгаж тодруулах шаардлагагүй гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах нь зөв байна.
Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заажээ.
Хариуцагч нь холбогдогчоос мэдүүлэг авахдаа “Х ш” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга Л.Ц-ээс мэдүүлэг авсан, уг этгээд нь байгууллагыг төлөөлөх итгэмжлэлгүй байгаа нь төлөөлөх эрхгүй этгээдээс мэдүүлэг авсан гэж үзэхээр байх боловч “Х ш” ХХК нь зөрчил гаргасан нь хуульд зааснаар, нотлох баримтаар нэгэнт тогтоогдож байх тул уг үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 443 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-д холбогдох “Х ш” ХХК-ийн “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч И.Х-ийн гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0059431 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдол, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э-ийн “Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг тус туст хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР