Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр                              2020/ШЦТ/146                                 Зуунмод сум

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Билгүүн,

Хохирогч Д.Өнөржаргал, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн шүүгдэгч Б Б Б-нд холбогдох эрүүгийн 2034000780080 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Б Б, 1988 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 62-18 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 88072411 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Б.Б-н өгсөн: Төв аймагт барилгын ажлаар ирсэн. Тухайн үеийн асуудлыг согтуу байсан учраас мэдэхгүй байгаа. Шагдарсүрэн гэх хүнтэй ирсэн. Бид хоёр архи уусан байсан гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Өнөржаргалын өгсөн: Өнөөдрийн өгсөн 97 000 төгрөгийн шатахууны зардал, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1 150 800 төгрөг, нийт 1 744 800 төгрөг гаргуулна. Б нь надад нэг ч төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Хохирогч Д.Өнөржаргалын өгсөн мэдүүлэг /хх 3-4, 12-13, 22-23/, гэрч Ө.Шагдарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх 6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-25/, тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд ангид үнэлгээ тогтоосон Эй жэй жэй эм ХХК-ны үнэлгээний тайлан /хх 30-37/, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн тогтоол /2020.02.15/ /хх 46-47/, Б.Б-с яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 52-53/, яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамж /2020.02.17/30А/ /хх 61-63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 64/, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж /2020.02.28/30С/ /хх 84-85/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.    

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг 48 дугаар байрны урдаас иргэн Д.Өнөржаргалын эзэмшлийн Тоёота приус 11 маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн  зөвшөөрөлгүйгээр авч явж 1 150 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Шүүгдэгч Б.Б-н өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Улаанбаатар хотоос Шагдарсүрэн гэдэг найзтайгаа архи ууж байгаад такси бариад Төв аймгийн Зуунмод руу Шагдарсүрэнгийн ахынх нь баригдаж байгаа барилга дээр ажиллахаар саарал өнгийн приус 11 маркийн такси бариад ирсэн. Тухайн үедээ би архи уучихсан байсан.Тэгээд Төв аймгийн Зуунмод суманд ирсэн, яг юу болсныг нь мэдэхгүй байна. Ухаан санаагаа алдчихсан байсан. Би нэг сэрсэн чинь автомашин барьчихсан явж байсан. Би Төв аймгийг сайн мэдэхгүй болохоор нэрийг нь мэдэхгүй байна. Хаана явсан газраа биеэр очвол зааж өгч чадна. Тэгээд би тэр үед согтуу байсан болохоор замын боржур даваад зогсчихсон байсан. Өөр зүйл бол санахгүй байна. Тухайн үедээ би согтууруулах ундаа хэрэглээд согтчихсон байсан болохоор яагаад ямар шалтгааны улмаас тэр хүний автомашиныг авч явсан талаар мэдэхгүй байна. Би тэр машиныг унаад хаагуур явснаа санахгүй байна. Би явсан газраа зааж өгч чадахгүй. Би яах гэж унаж явснаа санахгүй байна гэх мэдүүлэг,

хохирогч Д.Өнөржаргалын өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн орой 23 цаг болж байхад СХД-ийн Содон хорооллын орчмоос 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоход машинд суугаад манай ахтай утсаараа яриулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би нэг залууд нь утсаа өгөхөд 99112994 дугаар луу залгаад надтай яриулсан. Тэгэхэд тухайн утсаар ярьсан хүн нь эрэгтэй хүн байсан. Надад хэлэхдээ наад 2 хүнээ хурдан Төв аймагт аваад ир би чамд 50 000 мянган төгрөг өгье гол нь нэг цагийн дотор амжиж ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би шууд тухайн 2 эрэгтэйг аваад Төв аймагт 24 цаг болж байхад ирсэн. Аймагт орж ирээд 9911299 дугаарт залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд байж байтал өмнө нь утсаар гуйж ярьсан эрэгтэй ахиад манай дүү рүү залгаад өг гэж хэлсэн 99974947 дугаар руу залгаж яриулж яг хаана очихоо асуусан. Тэгээд хэлсэн хаягийг мэдэхгүй болохоор хайгаад 30 орчим минут явсан. Тэгээд явж байхад 2 эрэгтэй хүүхэд дагуулсан эмэгтэй хүн талбайн хажууд явж байхтай таараад зам асуугаад машиндаа суулгаад зам дагуу очих газар нь хүргээд өгчихье гэж бодсон. Замаа заалгаад 2 эрэгтэйг хүргэж өгсөн. Тухайн өгсөн хаяг нь шинээр баригдаж  байгаа 5 давхар байшин байсан. Тэгээд миний утсаар ярьсан эрэгтэй бид хоёр буугаад байрны хаалгыг нүдэж дотогш ороход тухайн байшингийн заслын ажлыг хийж байгаа 2 эрэгтэй хүн унтаж байсан. Би мөнгөө авъя гэж хэлэхэд тэр хоёр эрэгтэй хүн даргын утас болохгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд хотоос хүргүүлсэн залуу манай дүү рүү залга гээд 99974947 дугаар руу залгаж мөнгө гуйсан. Эхлээд байхгүй гэж байгаад 10 орчим минут болсон. Тэгээд дансаар 40 000 төгрөг шилжүүлсэн. Би байшин дотор байж байхдаа гадаа машинд зам асуусан эмэгтэйг 2 хүүхэдтэй нь суулгачихсан байсан. Мөн хотоос ирсэн нөгөө нэг залуу машинд байсан. Бид хоёрыг байшинд орох үед хүүхэдтэй эмэгтэй машинаас буугаад явчихсан. Машинд зөвхөн нэг эрэгтэй хүн л үлдсэн байсан. Би мөнгөө авчхаад гараад машиндаа суух гэтэл миний машин байхгүй нөгөө хамт явж байсан. Миний машинд үлдсэн эрэгтэй мөн адил байхгүй болчихсон байсан. Тухайн үед би машинаа асаалттай үлдээчихсэн байсан. Миний машин Тоёота приус 11 маркийн мөнгөлөг саарал өнгийн 17-56 УНД улсын бүртгэлийн дугаартай урд талын доод хэсэгт нэмэлт хоёр цагаан өнгийн гэрэлтэй. Ард талын дугаарын гэрэл ягаан өнгөөр асдаг. Өөр ялгагдах шинж тэмдэг байхгүй. ...тэгээд Төв аймгийн Цагдаа дээр хүрээд иртэл миний автомашиныг олчихсон байсан. Би автомашинаа хүлээж авах гэтэл Төв аймгийн Зуунмод сумын нутагт шинээр баригдаж байгаа барилгын хашаа мөргөөд, замын боржур дээр тэгнүүлээд зогсчихсон байсан. Миний автомашинд ар, урд гупер цуурчихсан зурагдчихсан, зүүн хойд талын крилон зурагдсан, урд хоёр бул хоёулаа дугарчихсан, автомашины салоны сектнүүд эмтрээд хагарчихсан, дунд толинд зүүлттэй байсан хөгжим тоглуулагчны утсыг тасдаад хаячихсан байсан. Би тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр мөн үүн дээр нэмж өмгөөлөгчийн хөлс 500 000 төгрөг, наашаа цаашаа явсан унааны зардал 94 000 төгрөг гаргуулна гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Шагдарсүрэнгийн өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний орой 22 цаг болж байхад төрсөн ах Өнөбатын Шагдарсүрэнтэй хүний утсаар гуйж ярьж ажил асуухад манай ах надад чи гадуур тэнэж явахаар энд ирж ажил хий, хийх ажил байгаа гэж хэлсэн. Тэгээд намайг такси бариад хүрээд ир би мөнгийг нь өгчихье хурдан ирээрэй гэж надад хэлсэн. Тухайн үед би Ханын материалын эцэс дээр явж байсан. Тэгээд би 21-р хороолол хүртэл алхаж байхад замд Б тааралдаад намайг хаашаа явж байгаа талаар асуухад би Төв аймагт очиж ажил хийх гэж байна гэж хэлэхэд хамт явъя гээд байхаар нь би "чи пильта нааж чадах юм чинь хамт явчих, би чиний туслах болоод хамт ажиллая" гээд бид хоёр Содон хорооллын урд талаас такси барьсан. Тэгээд таксины жолоочтой ахыг яриулаад тохиролцоод Төв аймаг явсан. Тэгээд Төв аймагт ирээд ажлын хаягыг нь олоогүй. Нэлээд удаан хайгаад аймгаар явсан. Тэгээд явж байтал таксины жолооч замын хажууд зогсож байсан 2 эрэгтэй 1 эмэгтэй хүнээс очиж газрын талаар асуусан. Тэгээд заалгахаар болоод машиндаа суулгасан. Очих газраа олоод би мөнгийг нь өгөх гээд ахын барилга руу ороход ах байгаагүй. Хоёр ажилчин нь байсан. Утсаар нь залгахад ахын утас холбогдоогүй. Тухайн үед таксины жолооч надтай хамт явж байсан. Надад мөнгө байгаагүй болохоор би эгчийн хүүхэд болох Энхжинтэй 99974947 утсаар ярьж 40 000 төгрөг гуйж таксины жолоочийн дансанд хийлгэсэн. Тэгээд тэндээ хонох санаатай Бат-Эрдэнийн араас ороод ирэх байх гэж бодоод байж байтал таксины жолооч эргэж орж ирээд машин алга болчихлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх 6/,

Иргэний нэхэмжлэгч Н.Алтансувдын өгсөн: 1756 УНД улсын дугаартай приус 11 маркийн автомашин миний нэр дээр  байдаг. Би Д.Өнөржаргалд 6 50 000 төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг /хх 28/,

 "Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2019 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлан /хх 30-41/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 124-126/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Б нь хууль зүйн хувьд бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж 1 150 800 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул,

            Шүүгдэгч Б.Б-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

            Хохирогч Д.Өнөржаргал гэм хорын хохиролд шатахууны зардал 94 000 төгрөг, өмгөөллийн хөлс 500 000 төгрөг, автомашинд учирсан шууд хохиролд 1 150 800 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнээс өмгөөллийн хөлс 500 000 төгрөг нь хангах үндэслэлгүй гэж үзэв. Учир нь: өмгөөлөгчийн хөлсийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэхгүй бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой зардал тул хэрэгсэхгүй болгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох тээврийн хэрэгсэлд эвдрэлийн улмаас учирсан 1 150 800 төгрөг, ирэх очих унааны зардал гэх 94 000 төгрөг, нийт 1 244 800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг,

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б нь урьдчилан 2020 оны 2 дугаар сарын 15-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл  12 хоног, 2020 оны 4 дугаар сарын 16-ний өдрөөс шүүх хуралдаан эхлэх хүртэл цагдан хоригдсон 8 хоног нийт 20 хоног цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж тооцно." гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход 160 цаг болж байх тул түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2034000780080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Б Б-г Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож 160 цагийг түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний эдэлбэл зохих нийтэд тустай ажил хийлгэх ялыг 540 /таван зуун дөч/ цагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б Б-н мэдэлбэл зохих 540 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Нийслэлийн хот тохижуулах газарт эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 1 244 800 /нэг сая хоёр зуун дөчин дөрвөн мянга найман зуу/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Өгийнуур сумын Орхон багийн иргэн Өөлд Даваагийн Өнөржаргал /РД:АЖ81092816/-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

7.Эрүүгийн 2034000780080 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ