| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0128/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/119 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/119
2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2020/ШЦТ/119 Зуунмод сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунтуяа,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч Б Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М Г Б Ч-т холбогдох эрүүгийн 2034002250168 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М Г Б Ч, 1980 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн,40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 5-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд:
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялыг биелүүлээгүйгээс тус шүүхийн 2018.12.13-ны өдрийн 117 дугаартай шүүгчийн захирамжаар 62 хоног хорих ял болгон өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, 80080814 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б Ч-н өгсөн: Би 2020 оны 2 дугаар сарын дундуур байсан одоо би өдрийг нь сайн санахгүй байна би архи уучихсан төвд хойд таксны буудлын орчим өдрийн 15 цагийн үед явж байсан чинь Баярсайхан ах өөдөөс ирж байсан. Би тулаад очтол намайг бариад авсан. Би Баяраа ах тавь гэсэн чинь тавихгүй байсан тэгэхээр нь би хөлөөрөө нэг удаа өшиглөж зодсон. Би та яагаад байна тавь гэсэн чинь тавихгүй байсан тэгэхээр нь би гарыг нь тавиулаад цааш нь түлхсэн чинь арагшаа хашилга даваад унасан тэгхээр нь би хөлөөрөө өшиглөсөн тухайн үед би Баяраа ахын аль хэсэгт нь өшгөлсөн талаар мэдэхгүй байна. Тухайн үед би архи уучихсан уусан согтуу байсан. Би Баярсайханы эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй гэх мэдүүлэг.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх 5-6/, гэрч Ш.Батсүхийн өгсөн мэдүүлэг /хх 8 /, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн №111 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 11-12/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21-22/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 04-ны 51, 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 115, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх 26-35/, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх 36-39/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт / хх 54/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол / хх 58/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б Ч нь хохирогч Б.Баярсайханыг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн төвд ямар нэг шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Баярсайханы эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь "доод урууланд шарх, зүүн нүдний дээд зовхи, хамар, доод урууланд зулгаралт" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Баярсайханы өгсөн: Миний бие Төв аймгийн төвд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн орчим Зуунмод сумын 1 дүгээр баг таксины буудлын орчим явж байсан. Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багт таньдаг айлдаа оччихоод буцаад гэр рүүгээ эхнэрийн хамт явж байсан. Ч гэх залуу архи уусан байдалтай нилээд согтуу бололтой явж байсан таараад намайг архи уух уу гэсэн би уухгүй гэсэн чинь Ч нь намайг барьж аваад гартаа барьж явсан төмрөөр уруул хэсэг цохисон. Би газар унасан тэгэхэд хөлөөрөө цээж толгой хэсэг рүү өшиглөж зодож биед гэмтэл учруулсан. Юунаас болж намайг Ч цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед миний уруул сэтрээд 4 оёо тавиулсан, толгой цээжээр хөндүүрлэж өвдөж байна. Тэр залуу намайг зодчихоод зугтаагаад яваад өгсөн. Тэгэхээр нь би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр залууг сайн танихгүй. Дараа нь цагдаа нарын яриагаар Умбаа гэж хочилдог залуу гэсэн. Ч бид хоёрын хувьд ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Тухайн үед би бага зэрэг архи согтууруулах ундаа уусан байсан. Надад одоо өвдөж байгаа зүйл байхгүй байна. Би тухайн үед эмнэлэгт үзүүлсэн байсан түүнээс хойш ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө гараагүй би эм тариа аваагүй баримт сэлт байхгүй. Надад одоо Б Ч т ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 5-7/,
Гэрч Ш.Батсүхийн өгсөн: 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр нөхөр Б.Баярсайханы хамт Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар багт Гунгааноров гэх айлд очсон. Айлд очихоос өмнө манай нөхөр ээжийндээ тал шил архи ганцаараа уучихсан байсан. Б.Баярсайхан Гунгааноров гэх айлд очоод нэг хундага архи уусан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгээд бид хоёр гэр лүүгээ явж байтал өөдөөс Ч гэх залуу ирж байснаа манай нөхөр Баярсайханыг чи яах гээд байна гээд заамдаад, барьж явсан төмрөөр цохиод хойш нь төмөр хашлага давуулан унагаагаад хөлөөрөө цээж нуруу руу нь өшиглөж зодсон. Гудамж явсан танихгүй хоёр залуу салгасан. Би тэр хүнийг танихгүй. Харин манай нөхөр таниад Балдорж ахын хүүхэд байна. Ч гэдэг юм гэж зодуулсныхаа дараа ярьж байсан. Манай нөхөр эмнэлэг орж эмчид үзүүлж урууландаа 4 оёо тавиулсан, толгой нь өвдөөд байна гэсэн. Манай нөхөр Баярсайханыг цохисон төмөр бага хэмжээний төмөр байсан тухайн үед тэндээ хаягдсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /хх 8 /,
Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №111 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Б.Баярсайханы биед доод урууланд шарх, зүүн нүдний дээд зовхи, хамар, доод урууланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх 11-12/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Б Ч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд маргаагүй,
улсын яллагчийн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд гаргасан дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баярсайхан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокурор шүүгдэгч Б Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-т заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б Ч нь урьд 7 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд:
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 249 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялыг биелүүлээгүйгээс тус шүүхийн 2018.12.13-ны өдрийн 117 дугаартай шүүгчийн захирамжаар 62 хоног хорих ял болгон өөрчилсөн болох нь хавтаст хэргийн 21-22-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 30-33-р хуудсанд авагдсан шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон бөгөөд энэ нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно.
Шүүгдэгч Б Ч нь 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2034002250168 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М Г Б Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Ч-г 300 /гурван зуу/ цаг нийтэд ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б Ч-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Хот тохижуулах газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034002250168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ