Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/111

 

 

 

 

   2020         4              01                                            2020/ШЦТ/ 111                       

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

Хохирогч Ц.Батсайхан,

Шүүгдэгч У.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х У С-д холбогдох эрүүгийн 1934009800527 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х У С, 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл ганцаараа Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 2-55 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд нь ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 79062515 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч У.С-н өгсөн: Эмээгээ асраад ямар ч боломжгүй байлаа. Ажлаа хийгээд эхэлбэл хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Батсайханы өгсөн: Миний машины хохирлыг барагдуулахгүй сэтгэл байхгүй байгаад гомдолтой байна. Миний эгэмний яс хугарсан маш хэцүү байсан. Яс хугарсан дээрээ юм ярихгүй ээ. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хадуул гэсэн. Надад мөнгө байхгүй тул хадуулж чадаагүй. Өвчин намдаах эм ууж байсан. Одоо бол уухгүй байгаа. 60 000 төгрөгийн обуд авч өгсөн. Тэр обуд нь сэнсэрчихсэн юм билээ. Буцааж өгмөөр байна. Тээврийн хэрэгслийн эвдрэлд 832 800 төгрөг, үнэлгээний хөлсөнд 38 000 төгрөг нийт 870 800 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Гэрч Ё.Амаржаргалын мэдүүлэг /хх 23-24/, Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.25-ний өдрийн 749 дугаартай дүгнэлт /хх 25-27/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.11.25-ний өдрийн 168 дугаартай дүгнэлт /хх 31-32/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, бүдүүвч зураг /хх 12-13/, Авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-38/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч У.С нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 01 цагийн үед Төв аймгийн Баянхангай сумын Хөшөөт 2-р багийн нутаг Атар 13 гэх газарт Улаанбаатар хотоос Арвайхээр явах А0301 чиглэлийн 120 дахь километрийн шонгийн ойролцоо 6276 УНР улсын дугаартай Suzuki grand vitara /Сузуки гранд витара/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэснийг зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд 832 800 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгч У.Сгийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 7 цагийн үед эхнэр Амаржаргал, найз Батсайхан нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сум руу найз Батсайханы Сузуки гранд Витара маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Бид нар Архангай аймгийн Цэнхэр суманд орой 17 цагийн үед очсон. Эхнэр бид хоёр тэнд уул тахисан. Тэгээд бид буцаад 19 цагийн үед Улаанбаатар хот руу буцсан. Манай найз Батсайхан Цэнхэр сумын Цагдаагийн пост хүртэл бариад үргэлжлүүлээд хот руу би барьсан. Жолоо бариад явж байхад цонх цантаад, нарны хаалтанд хийсэн байсан хоёр өд унаж ирээд би буцааж хийгээд яваад байсан. Тэгээд явж байтал манай машин замын хажуу тал руу орох гэж байхаар нь тэгшлээд дархад миний машин замын эсрэг урсгал руугаа ороод замаас гараад зогссон. Машинаас буугаад хархад хоёр дугуйны хий гарсан байхаар нь нэг дугуйг нь запас дугуйгаар солиод нөгөө дугуйг нь тэр чигээр нь явуулаад Батсайхан үргэлжлүүлээд жолоо бариад явсан. Тэгээд Агар ороод дугуй засвар байхгүй болохоор нь тэндээ машиндаа хоноод маргааш нь дугуйгаа засуулаад хот орсон. Тухайн үед Батсайханы биед гэмтэл учирсан талаар би мэдээгүй. Тэр үедээ Цагдаагийн байгууллагад мэдэгдэх талаар бодоогүй. Хоёр дугуйны хий гарсан, дунд толь салж унасан байсан. Өөр зүйл мэдээгүй. Би тухайн үед 40-60 км цагийн хурдтай явж байсан. Хамгаалах бүсээ зүүсэн байсан. Манай эхнэр бүсээ зүүгээгүй байсан. Батсайхан хойд суудал дээр унтаж байсан тул бүсээ зүүгээгүй байсан. Зам хуурай, хэвийн байсан. Гадаа харанхуй байсан болохоор үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Эмээгээ асраад ямар ч боломжгүй байлаа. Ажлаа хийгээд эхэлбэл хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

хохирогч Ц.Батсайханы өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө өөрийн эзэмшлийн Сузуки гранд витара маркийн 6276 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй найз С, түүний эхнэр Амараа нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сум руу голын ус руу чулуу хийж, овоо тахих зорилгоор явсан. Архангай аймгийн Цэнхэрт оччихоод Улаанбаатар хот руу явж байсан. Улаанбаатар луу гараад би машинаа барьж явж байгаад замдаа найзаараа машин бариулаад би хойд талын суудал дээр унтаж явсан.Тэгээд явж байгаад манай машин шороон замд орход жолоочийн хажууд сууж явсан эхнэр нь хөөе юу болж байна гээд орилоод манай машин хэдэн тийшээ дайвалзаад нэг мэдэхэд замын хажуу талын жалга руу ороод зогссон байсан. Би тэр үед ухаан балартаад нэг сэрхэд манай найз С намайг сэрээсэн. Машинаасаа буугаад хархад машины баруун талын хоёр дугуйны хий гарчихсан байсан. Уг осол 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед Атарын цайны газруудын ойролцоо болсон. Би С-тай 15 орчим жилийн өмнө танилцсан найзууд. Осол гарах үеэр би машины арын суудал дээр байдаг аяганы тавиурыг мөрөөрөө цохчихсон. Тэрнээс болоод миний баруун талын эгэмний яс хугарсан. Ослын улмаас машин үнэлгээгээр 852 000 төгрөгний хохирол учирсан. 6276 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг би дүү Батмөнхөөс олон жилийн өмнө худалдаж авч байсан. Одоо миний нэр дээр байгаа. Би Цагдаагийн байгууллагад шалгуулахаасаа өмнө үнэлгээний байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Миний машины хохирлыг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Миний эгэмний яс хугарсан маш хэцүү байсан. Яс хугарсан дээрээ юм ярихгүй ээ. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Хадуул гэсэн. Надад мөнгө байхгүй тул хадуулж чадаагүй. Өвчин намдаах эм ууж байсан. Одоо бол уухгүй байгаа. 60 000 төгрөгийн обуд авч өгсөн. Тэр обуд нь сэнсэрчихсэн юм билээ. Буцааж өгмөөр байна. Тээврийн хэрэгслийн эвдрэлд 832 800 төгрөг, үнэлгээний хөлсөнд 38 000 төгрөг нийт 870 800 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

гэрч Ё.Амаржаргалын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 1:50 цагийн үед манай нөхөр С жолоо бариад явж байсан. Лүн сум өнгөрөөд Улаанбаатар хот руу явж байхад манай хүн замын хажуу руу орж зогсох санаатай явж байхад тоормос, руль удирдлагагүй болоод манай машин замын хойд талд гараад ертөнцийн зүгээр баруун тийш харж зогссон. Тэгээд нэг дугуйгаа запас дугуйгаар сольж тавиад тэндээсээ Атар ороод тэндээ хончихоод өглөө нэг дугуйгаа янзлуулаад хот руу явсан. Би тухайн үед зогсох гэж байсан болохоор бүсээ тайлсан байсан. Осол гарах үед 60 км цагийн хурдтай явж байсан. Гэмтсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх 23-24/,

Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.10.25-ний өдрийн 749 дугаартай дүгнэлт: “1.Ц.Батсайханы биед баруун эгэм ясны хугарал, баруун мөр, цээжинд цус хуралт, баруун мөрөнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэх /хх 25-27/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019.11.25-ний өдрийн 168 дугаартай дүгнэлт: “1.Сузуки Гранд Витара маркийн 6276 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч У.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 ”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслээ замын хажуу руу оруулсан болно. 2.Зам тээврийн осол болоход замын техникийн, цаг агаарын нөхцөл байдал болон замын хөдөлгөөнд оролцож байгаа өөр бусад тээврийн хэрэгсэл нөлөөлөөгүй болно. 3.Зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан У.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслээ замын хажуу руу оруулсан болно. 4.Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно гэж үзэв.” гэжээ /хх 31-32/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11/, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх 12-13/, автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 35-39/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.  

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч У.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэртэй. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.С-н анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хохирогч Ц.Батсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол эд хөрөнгөд нь хохирол учруулсныг үгүйсгэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

            Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч У.С-с 810 800 төгрөг гаргуулж хохирогч Ц.Батсайханд олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч ЭХХШт хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөхөөр завсарлага авахыг хүссэн бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч дээрх хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдав.  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж,

Шүүгдэгч талаас тусгайлан гаргах санал дүгнэлт гаргаагүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч У.С нь урьд ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 49-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч У.С-н дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч У.С нь шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас тус шүүхийн 2020.3.26-ны өдрийн 271 дүгээр шүүгчийн захирамжаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020.4.01-ний өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон байх бөгөөд,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "...Цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасна." гэж зааснаар шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90 000 /ерэн мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцохыг дурдав.     

Эрүүгийн 1934098000527 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х У С-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялаас түүний цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 90 000 /ерэн мянга/ төгрөгийг хасаж торгох ялыг хэмжээг 410 000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Сгийн төлбөл зохих 410 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 133 340 /нэг зуун гучин гурван мянга гурван зуун дөч/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6.Эрүүгийн 1934009800527 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ