Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 362

 

 

 

 

 

 

 

 

   2020           4           15                                        362  

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч, хохирогч: Н.Э,

шүүгдэгч, хохирогч: Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х Э нарт холбогдох эрүүгийн 2005009800519 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, жолооч ажилтай, сард 1 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт О.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьпютер графикч мэргэжилтэй, сард 800 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Э.

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16 дугаар байрны 9 дүгээр давхарт Г.Этэй маргалдсаны улмаас харилцан зодолдож, Г.Эийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16 дугаар байрны 9 дүгээр давхарт Г.Отай маргалдсаны улмаас харилцан зодолдож, Г.Оын эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г.Э мэдүүлэхдээ:

Орцонд битгий тамхи тат гэж хэлснээс болоод О бид хоёр маргалдсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд миний буруутай үйлдлээс үүдэн энэ гэмт хэрэг гарсан. Шинжээчийн дүгнэлтэнд дурдсан Оын зүүн нүдний дээд зовхи, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралтын гэмтлийг би учруулсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 500 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Энэ торгуулийн мөнгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г.О мэдүүлэхдээ:

Эийн эрүүл мэндэд учирсан хамар ясны гэмтэл бүхий хөнгөн хохирлыг би учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Прокурортой 450 000 төгрөгөөр торгох ялыг сайн дураараа тохиролцсон. Энэ торгуулийн мөнгийг 1 сарын хугацаанд төлөх боломжтой гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Г.О мэдүүлэхдээ:

Г.Эээс нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Г.Э мэдүүлэхдээ:

Г.Оаас нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдолгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.М мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт найз О, найз охин Х болон найз Ө нарын хамтаар намайг хүүтэй болсон гээд ирсэн. Тэгээд бид нар манай гэрт хоол хийж идээд даалуу тоглоод сууж байхдаа нэг шил 750 граммтай “Соёрхол” нэртэй архи задлан тал хүртэл нь ууж байгаад О бид хоёр тамхи татахаар болсон. Уг нь би гэртээ тамхи татахаар бол гэрийнхээ тагтан дээр гараад татдаг боловч тэр өдөр манай охин 2 сартай хүүхдийн вакцин хийлгэсэн болхоор хамаагүй салхи авч болохгүй гээд О бид хоёр орцонд гарч тамхи татахаар болсон. Тэгээд манай гэр 9-н давхарт байдаг болхоор О бид хоёр манай гэрээс гараад 8 давхар луу буун хогийн цэгийн хажууд тамхи татаад сууж байтал хогийн цэгийн яндан гэх урт төмөрний араас манай давхарын 107 тоотод амьдардаг залуу гэнэт гараад ирсэн. Тэр үед О бид хоёр хоёулаа цочоод тэр залуугаас “чи чинь хаанаас гараад ирэв, энд юу хийж байгаа юм” гэсэн чинь нөгөө залуу О бид хоёроос “тамхи байна уу” гэхэд нь О өөрийнхөө тамхинаас гаргаж өгсөн. Тэгээд тэр залуу авсан тамхиа асааж байхдаа О бид хоёрт “та нар намайг мэдэх үү, би энэ байранд насаараа амьдарч байна, та нар хаанахынх юм” гэх зэргээр сонин юм яриад байсан. Тэр үед О тэр залууд “чи хөгшөөн адилхан согтуу байж ямар нэгэн асуудал гаргаад яахав” гэж байсан. Тэр үед би тамхиа хаяад гэртээ орсон. Тэгээд намайг гэртээ ороод нэг их удаагүй байтал орцонд хүмүүс шуугилдаад, орилолдоод эхлэхээр нь юу болов гээд би гэрээсээ Х, Ө нарын хамтаар гартал Оыг нөгөө тамхи асуугаад хэл амаар өдөөд байсан залуу болон өөр танихгүй хоёр эмэгтэй, нэг ах хүү нар тал талаас нь зуурчихсан байхаар нь очоод салгасан. Тэр үед нөгөө танихгүй залуутай хамт байсан ах хүү намайг заамдан авсан. Тэр үед би нөгөө ах хүүгээс өөрөө салаад найз Оыг аваад гэртээ орсон. Тэгээд гэртээ ороод байж байтал манай гэрийн хаалгыг хэн гэдгийг нь мэдэхгүй хоёр удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би гэрээсээ гарах гэсэн боловч манай эхнэр гаргалгүй “зүгээр цагдаа дууд” гэхээр нь цагдаа дуудах гээд байж байтал манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тэгээд хаалгаа онгойлгосон чинь хоёр цагдаа ороод ирсэн. Тэгээд “хажуу айлаас чинь дуудлага өгсөн, одоо бид нартай хамт яваарай” гээд Оыг цагдаа нар авч явах үед би хамт явах гэсэн чинь цагдаа нар “чи яваад яах юм, эхнэр чинь ганцаараа үлдэх юм байна хэрэггүй” гээд үлдээсэн. Тэгээд цагдаа нартай манай найз О, Х, Ө нар явсан. Би тэр залуугийн биед гар хүрээгүй. Тэр залуу миний биед халдаагүй. Харин тэр залуугийн танил гэх ах хүү намайг нилээн боосноос болж миний хүзүү улайчихсан байсан. Би гэртээ түрүүлээд орчихсон байсан болохоор О тэр залуугийн биед халдсан үгүйг мэдэхгүй байна. Ө сүүлд гарч ирсэн болохоор тэр залуугийн биед халдаагүй. Бас сүүлд гэрээс гараад орцонд маргаж байхад бол О, Ө болон би тэр залуугийн биед хэн нь ч халдаагүй. Намайг гэрээсээ гарахад Оын хамарнаас цус гарчихсан, фудболк нь урагдаад нуруу болон цээжин хэсэгт нь маажуулсан юм уу, юмаар зүссэн юм уу гэмээр урагдсан байсан. Харин нөгөө залуугийн хамарнаас цус гарчихсан байснаас өөр ямар  нэгэн гэмтэл шарх гээд байх юм харагдаагүй гэжээ. (хэргийн 8-9 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Ө мэдүүлэхдээ:

Би 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, орой болчихсон байхад найз О болон түүний найз охин Х нартай найз Мын бичил хороололд байдаг гэрийнх нь гадаа уулзсан. Тэнд уулзах шалтгаан бол М хүүхэдтэй болоод 2 cap болж байсан бөгөөд О эргэж чадаагүй байсан болохоор Мын эхнэр, хүүхдийг эргэхээр уулзсан юм. Тэгээд О, Х бид гурав уулзаад шууд Мын бичил хорооллын 16 дугаар байрны 107 тоот гэрт орход М гэртээ эхнэр хүүхдийн хамтаар байсан. Тэгээд бид нар Мын гэрт ороод хоол хийж идээд, М, О бид гурав дэлгүүр гарч нэг шил 750 граммтай “Соёрхол” нэртэй архи, “Сэнгүр” нэртэй 2,5 литрийн савтай пиво аваад буцаад Мын гэрт орсон. Тэгээд Мын гэрт ороод бид нар авсан архиа задлаад тал хүртэл уухдаа даалуу тоглож байхдаа би архи нэг их ууж чадахгүй, даадаггүй болхоор муудаж байсан тул унтлаа гээд даалуу тоглохоо больсон. Тэр үед М, О хоёр гал тогооны өрөө орж үлдэгдэл хоолоо халааж иднэ гэж байсан. Тзр үед би бүр их муудаад Мын гэрийн том өрөөнд унтах гэж байснаа мэдэж байна. Тэгээд нэг хэсэг унтчихсан юм шиг байна. Нэг мэдсэн чинь Мын эхнэр том өрөөнийхөө хаалганы урдуур “юу болов” гээд гүйх үед би сэргэсэн. Тэгээд би “юу болов” гээд Мын том өрөөнөөс гараад үүднийх нь өрөөнд очоод гутлаа өмсөөд гарах гэж байтал М жижиг өрөөнөөсөө гараад ирсэн. Тэр үед би Х, М нарын хамт орцонд гартал манай найз Оыг танихгүй 2 эрэгтэй, 2 эмэгтэй буланд шахчихсан байсан. Яг тэр үед Х бид хоёрын араас М гарч ирсэн бөгөөд би танихгүй хоёр эмэгтэйг Оаас салган холдуулсан. Тэр үед М орцонд байсан танихгүй надаас ах гэмээр ах хүүтэй зууралдаж байхад Оыг өөр нэг залуугаас Х салгаад миний ард үлсдэн. Тэгээд байж байтал Мын эхнэр гарч ирээд “та нар больцгоо, нялх нойтон хүүхэдтэй айлд ирчихээд болиоч” гэхээр нь бид нар шууд салцгаасан, нөгөө надтай зууралдаж байсан хоёр эмэгтэй ч гэсэн нөгөө хоёр эрэгтэйгээ аваад цаашаа явсан. Би О, М, Х нартай Мын гэрт буцаад орсон. Тэгээд бид нар Мын гэрт ороод байж байхад хэн гэдгийг нь мэдэхгүй Мын гэрийн хаалгыг гаднаас нь цохисон уу, өшиглөсөн нь мэдэхгүй маш хүчтэй цохисон.

Миний харснаар Оын биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Харин нөгөө дөрвөн хүний өндөр биетэй арай залуу гэмээр залуугийн шүднээс нь юм уу, хамарнаас нь юм уу мэдэхгүй, цус гарсан байсан. Сүүлд маргаан болж дуусаад цагдаа дээр ирж уулзчихаад Мын гэрт ирж хоносон. Тэгээд өглөө нь босоод иртэл Оын зүүн нүд нь хөхөрсөн байсан. Бас О миний зүүн гэлүү баруун гар болохгүй өвдөөд байна гэж байсан гэжээ. (хэргийн 10-11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ө мэдүүлэхдээ:

Манай нөхөр Г.Э 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 01:00 цагийн үед орцондоо тамхи татхаар гарсан. Тэгээд манай нөхөр тамхи татахаар гараад 10 орчим минутын дараа орцонд хүмүүс шуугих, хүмүүс зодолдох чимээ гархаар нь би гайхаад гэрээс гартал манай нөхөр сүүлд цагдаа дээр ирсэн О гээд залуутай заамдалцсан хамар, амнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд би “юу болоод байгаа юм” гээд маргааныг салгах гэтэл манай нөхөр надад “энэ залуу хоёр найзтайгаа орцонд тамхи татаж байхаар нь манайх нялх нойтон хүүхэдтэй, та нар доошоо буугаад татчих” гээд хэлсэн чинь манай нөхөртэй заамдалцаад байж байсан залуутай хамт байсан гэх нэг залуу нь манай нөхрийг алгадаж аваад маргаан болсон. Тэгээд манай нөхрийг нийлээд зодсон гээд байхаар нь би гайхаад “чи чинь юу яриад байгаа юм, хаана гурван залуу байгаа юм” гэсэн чинь манай нөхөр надад “сая хоёр нь гэртээ орчихлоо” гэсэн. Тэр үед манай нөхөртэй барьцалдаад байсан залуутай хамт явсан гэх найз охин нь юм уу, эхнэр нь юм уу мэдэхгүй нэг тайрмал үстэй хүүхэн гарч ирсэн, араас нь хоёр залуу, нэг эмэгтэй гарч ирсэн. Тэгээд тэр хүмүүс манай нөхөр бид хоёр луу дайрахаар нь би эгчийгээ дуудсан. Тэгээд манай гэрээс манай эгч С, нөхөртэйгээ гарч ирээд маргааныг салгасан. Тэгээд тэр хүмүүст “цагдаа дуудлаа” гэсэн чинь тэр хүмүүс “тэгээ тэг” гэж хэлээд гэрлүүгээ яваад орсон. Тэр үед би цагдаа дуудаад цагдаа нар ирсэн даруй нөгөө айл руу орж О гээд байгаа залууг эхнэртэй нь хамт бас өөр нэг залуугийн хамт аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирж болсон зүйлийн өргөдөл өгөөд Гэмтэл орж үзүүлээд гэртээ харьсан. Намайг гэрээсээ гархад манай нөхөр О гээд нэг залуутай барьцалдсан зогсож байсан. Намайг гэрээсээ гараад хархад манай нөхрийн хамар нь хугарчихсан, хамарнаас маш их цус гарчихсан байсан бөгөөд ам, шүд нь хүртэл цус болсон байсан гэжээ. (хэргийн 12-13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.С мэдүүлэхдээ:

Би өөрийн нөхөр хоёр хуүхдийн хамтаар дүү Г.Эийн гэрт 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр очиж хоносон. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 07-ны орой 19:00 цагийн үед манай нөхөр Б ажлаа тараад дүү Г.Эийн гэрт ирсэн. Тэгээд Мартын 8-ны баяр болж байна гээд манай нөхөр, дүү хоёр пиво уусан. 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 01:00 цаг өнгөрч байхад бид нар унтаж амархаар болоод би нөхөр хоёр хүүхдийн хамтаар жижиг өрөөнд орсон. Тэр үед манай дүү Г.Э тамхи татхаар гараад нэг их удаагүй орцонд хүмүүс маргалдаад муудалцаад байгаа юм шиг чимээ гарсан. Тэр үед манай бэр дүү Ө гэрээсээ орц руугаа гарсан. Удаагүй Ө “Содоо” гээд дуудхаар нь би гарсан. Тэр үед манай нөхөр “гадаа зодоон болоод байгаа юм биш үү” гээд миний араас гарч ирсэн. Гадаа орцонд гархад манай дүү нэг намхан биетэй, бүлтгэр нүдтэй залуутай заамдалцсан, манай бэр дүү болхоор нэг халимаг үстэй эмэгтэйтэй маргаад зогсож байсан. Тэр үед манай дүүтэй заамдалцаад байсан залуугийн хамт яваа гэх нэг залуу, нэг эмэгтэй гарч ирэх гээд байхаар нь бид нар “цаашаа, цаашаа согтуу байнашдээ” гээд салгасан. Тэр үед манай дүүтэй маргасан гэх залуутай хамт явсан гэрийн эзэн гэх залуу миний ард байсан манай дүүг юм уу эсвэл манай нөхрийг цохих гэсэнүү мэдэхгүй, далайсан гар нь миний толгойг хальт шүргэсэн. Тэгээд маргааныг салгаад тэр хүмүүс гэртээ орцгоосон. Манай бэр дүү цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирээд манай дүүг, нөгөө маргалдсан гэх залуу болон хамт явсан өөр нэг залуу, найз охиных нь хамтаар аваад явсан. Харин нөгөө гэрийн эзэн гээд байгаа манай дүүгийн хөрш залууг гэрт нь үлдээсэн. Миний харсанаар бол манай дүү Г.Эийн хамар нь мурийчихсан, цус гарчихсан байсан. Харин нөгөө залуугийн биед бол ямар нэгэн гэмтэл шарх гэх юм харагдаагүй. Харин сүүлд цагдаа нар ирээд хэлтэс рүү явж байхад тэр залуу миний гар эвгүй болчихлоо гээд аль гараа билээ нэг гараа сойгоод байсан гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Х мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 07-ны орой найз залуу Оын хамтаар М гээд найзын эхнэрийг төрсөн гээд эргэх гэж Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бичил хорооллын 16 дугаар байранд очсон. Тэгээд бид хоёр Мын гэрт орход тэдний гэрт Ө гээд өөр нэг найз болон М, эхнэр хүүхдийн хамтаар байж байсан. Тэгээд О бид хоёрыг Мын гэрт ороод удаагүй байтал М, О, Ө гурав дэлгүүр орох гээд гарсан. Тэр гурав дэлгүүрээс нэг шил 750 граммтай “Соёрхол” нэртэй архи, 2,5 литртэй нэрийг нь сайн санахгүй байна нэг ширхэг пиво аваад орж ирсэн. Тэгээд бид нар Мын гэрт далуу тоглоод М, Ө, О гурав авсан архиа хуваан ууж байгаад О, М хоёр тамхи татах гээд гэрээс гарсан. Тэгээд хэсэг байж байгаад хаалга тогшихоор нь би очоод хаалга онгойлготол М ганцаараа ороод ирсэн. Тэр үед би нэг их юм бодолгүй буцаад том өрөөнд орон сууж байтал гэнэт орцонд хүмүүс маргалдах чимээ гархаар нь би дахиад том өрөөнөөс гараад гадна хаалга онгойлгох гэтэл хаалга онгойхгүй байсан бөгөөд сайн түлхсэн боловч дийлдэхгүй байсан. Ингээд хаалгыг онгойлгоход Оыг танихгүй хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй зуурчихсан, хаалганд шахчихсан байсан. Би тэр хүмүүст “хүүе, би гаръя, та нар яагаад байгаа юм бэ”  гэсэн боловч хаалгаа нээж чадаагүй. Тэр үед Ө, М нар миний араас ирж хаалга нээсэн чинь Оын хамарнаас цус гарчихсан, өмсөж байсаи фудболк нь урагдчихсан, цээж нь их муухай урагдчихсан байсан. Тэгээд би тэр хүмүүсээс хоёр эмэгтэйг нь түлхээд Оаас холдуулах үед танихгүй хоёр залууг нь бол Ө салгаад байх шиг байсан. Тэр үед маргааныг салгах гэж байхад Отай зууралдсан хоёр эрэгтэй хүний нэг ахимаг настай ах нь байсхийгээд гараа оруулж ирээд цохих гээд байсан. Тэгж байгаад маргааныг салгаад бид нар Мын гэрт ороод удаагүй байтал яг хэн гэдгийг нь мэдэхгүй Мын гэрийн хаалгыг маш хүчтэй хэд хэдэн удаа цохисон. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд О, би, Ө бид гурав цагдаа дээр ирээд би Оыг батлан даалтанд аваад явсан гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 07-ны орой ажлаа тараад 22:00 цаг өнгөрч байхад хадам дүү Г.Эийн гэрт очсон. Тэгээд хадам дүү Г.Э бид хоёр хүний хоёр хоёр ширхэг 500 граммтай пиво уусан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 08-ны шөнө 01:00 цаг өнгөрч байхад бид нар унтахаар болоод Г.Э тамхи татна гээд орц руугаа гарсан. Удалгүй хадам дүүгийн эхнэр Ө орцонд юу болоод байна гэж хэлээд гэрээсээ гарсан. Би хадам дүүгийн араас орцонд гартал Э нь танихгүй гурван залуутай барьцалдаад, хамар амнаас нь цус гарсан байхаар нь би салгах гээд очтол Этэй маргаж байсан гурван залуугийн нэг нь болох өндөр, туранхай биетэй залуу нь “муу өвгөн минь чамд хамаагүй” гэж хэлээд хоолойгоор заамдаад авахаар нь би өөрийгөө тэр залуугаас салгасан. Тэр үед манай эхнэр ч бас боль гэж хэлж байсан. Тэгээд би тэр залуугаас салаад хадам дүүгийн гэр рүү түрүүлээд орсон. Намайг орсоноос хойш 10 орчим минутын дараа манай эхнэр болон хадам дүү, эхнэрийнхээ хамтаар орж ирсэн бөгөөд намайг гэрт орсон хойгуур тэд нар орцонд хэрэлдээд байсан гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Б.Ундармаа мэдүүлэхдээ:

Г.Оын биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүү, цээж, нурууны зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл нь нэг үйлчлэлээр үүссэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 59-60 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3442 дугаартай дүгнэлтэд:

1. Эийн биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 48-49 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3665 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Оын биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, цээж, нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучивтар гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 52-53 дугаар хуудас)

 

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

Г.О ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

Г.Э ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 97 дугаар хуудас)

 

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16 дугаар байрны 9 дүгээр давхарт Г.Этэй маргалдсаны улмаас харилцан зодолдож, Г.Эийн эрүүл мэндэд хамрын ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 16 дугаар байрны 9 дүгээр давхарт Г.Отай маргалдсаны улмаас харилцан зодолдож, Г.Оын эрүүл мэндэд зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.М, Ж.Ө, Б.Ө, Г.С, Б.Б, шинжээч Б.Ундармаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 3442, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3665 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э, Г.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Э, Г.О нар нь хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй.

 

Шүүгдэгч  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болох Г.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох, Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Г.Э, Г.О нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч Г.Эийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Э, Г.О нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Э, Г.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Э, Г.О нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нар хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э, Г.О нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН