Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

    2020            4        27                                         418

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

хохирогч: Ц.Э,

шүүгдэгч: Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Мд холбогдох эрүүгийн 2005 0116 40548 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, М.

 

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын 402 тоот өрөөнд хохирогч Ц.Эыг зодож, биед нь эрүү ясны хугарал, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.М мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ц.Э бид хоёр ажлын найзууд юм. Би найз Хг өмөөрч хохирогчтой маргалдаад улмаар түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан. Өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос шүүх хуралдааны өмнө 700 000 төгрөгийг төлье, үлдэгдэл хохирлыг дараа нь төлье гэхэд хохирогч бүтнээр нь авна гээд аваагүй. Одоо 700 000 төгрөг төллөө. Үлдэгдэл 1 100 000  төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ц.Э мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ж.М намайг “ганц, хоёр юм ууя” гэж дуудаад би очиж уулзсан. Тэгээд “Мичид” нэртэй зочид буудалд орсон. Буудалд ороод пиво ууж байхад би Хтэй маргалдахад тэр над руу ширээн дээр байсан цаасан аягатай пиво шидсэн. Тэр үед М ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд юу болоод байгаа юм гээд намайг цохисон. Миний эрүүнд цууралт үүссэн, ам ангайхгүй, юм идэж чадахгүй байгаа. Үүнээс болоод биеийн жин буурсан. Гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой нийт 1 800 000  төгрөгийн зардал гарсан. Одоо жилийн дараа хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Өмнө нь Ж.М надад “500 000 төгрөг байна, өгье” гэж байсан. Тэгээд эмчилгээний зардлаа бүтнээр нь авна гээд уг мөнгийг аваагүй. Ж.М надад 700 000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 1 100 000 төгрөгөө нэхэмжилж байна. Гомдолтой байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Х бид хоёр уулзаад байж байхад М Х рүү залгаад уулзъя гэсэн. Тэгээд Баянгол дүүргийн 25  дугаар эмийн сангийн хажууд уулзахад нэг залуутай явж байсан. Уг залууг Э гэж байсан. Тэгээд бид нар пабад орох гэхэд ажиллаж байгаа газар байгаагүй тул гадуур явж байгаад хоёр том 2.5 литрийн пиво авсан. Тэгээд Модны 2-ын голын замд байдаг “Мичид” нэртэй зочид буудалд орсон. Нэг пивоо ууж дуусгаад нэгийг нь задлаад ууж эхлэж байсан бөгөөд юм яриад сууж байгаад дахиад хоёр ширхэг 2.5 литрийн пиво авчруулсан гээд оруулж ирсэн. Тэр үед М ариун цэврийн өрөө рүү орсон. Тэгэхэд Э өрөөнд тамхи татсан. Х “цонхон дээр татчих” гэхэд Э “би тамхиа хаана татахаа өөрөө мэдье” гээд Хг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Х ууж байсан пивоо Э руу цацсан. Э савтай пиво аваад Х рүү цацаад Х рүү дайрсан. Би “хүүе яагаад байгаа юм бэ, болиоч” гэхэд М ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд голоор нь ороод Эыг нэг цохиод, дахиад цохисон. Х уйлсан байсан болохоор би түүнийг аргадаад, “гаръя” гээд гарсан. М бид хоёрыг манай гэрт хүргэж өгсөн бөгөөд замд явж байхад Э М руу залгаж байсан. Харин М утсаа аваагүй гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Х мэдүүлэхдээ:

2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр М над руу залгаад “юм ярьж сууя” гэхээр нь Ц бид хоёр хамт очсон. Тэгэхэд М найз гээд нэг залуутай байсан. Бид нар хамт пабад суухаар болоод “Нисдэг машин” дэлгүүрийн хажууд очиход ажиллаж байсан газар байгаагүй. Тэгээд бид нар буудал орохоор болоод Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” нэртэй зочид буудалд орсон. Тоотыг нь мэдэхгүй байна. Бид нар хоёр том 2.5 литрийн пиво авч ороод нэгийг нь ууж дууссан. Тэр үед Ж.М ариун цэврийн өрөө орсон. Гэтэл уг залуу хажууд тамхи татаад байхаар нь би “цонхон дээр очоод татчих” гэхэд “чамаар заалгахгүй, хаана тамхи татахаа би өөрөө мэдье” гэсэн. Тэгээд би цонхыг нь онгойлгоод “чи утаагаа гаргаад татчих” гэхэд уг залуу “чамаар заалгахгүй” гээд намайг “чи хачин охин, надтай ингэж ярихгүй шүү, би бол чамаас цаадахтай нь уулздаг залуу шүү, хачин хамартай, хачин охин таалагдахгүй байна” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Би ууж байсан пивоо уг залуу руу цацсан. Гэтэл уг залуу савтай пиво аваад над руу бүгдийг нь цацсан. Миний хувцас, үс норсон байсан. Тэгээд над руу ойртоод цохих гэсэн. Би тэр үед уйлсан байсан. Тэгэхэд М ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд уг залууг “чи миний найзыг яаж байнаа, эмэгтэй хүнийг ингэж болдог юм уу, андуураад байгаарай” гэж хэлээд эрүү хэсэгт нь хоёр цохисон. Тэгээд бид нар гараад явсан гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3701 тоот дүгнэлтэд:

1. Ц.Эын биед эрүү ясны хугарал, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  

2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 40-41 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.М Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500  нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.М нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын 402 тоот өрөөнд “эмэгтэй хүн рүү пиво цацаж, хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Ц.Эыг зодож, биед нь эрүү ясны хугарал, тархи доргилт, эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Э, гэрч А.Ц, Э.Х нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 3701 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Ж.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Хохирогч нь өөрт учирсан хүндэвтэр хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 1 800 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 700 000 төгрөг төлж, үлдэгдэл 1 100 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 1 100 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Эт олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч  Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Мыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.М 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ж.Маас 1 100 000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Эт олгосугай.

 

5. Хохирогч Ц.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.М цагдан хоригдсон хоноггүй, шүүх хуралдааны явцад хохирогчид 700 000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН