Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 368

 

 

 

 

 

 

   

 

      2020            4           16                                     368

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Б.Энхтуул,

            улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг /томилолтоор/, 

            хохирогч: Т.А,

шүүгдэгч: Г.Ц,

иргэний хариуцагч: Д.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Ганжууржавын Цид холбогдох эрүүгийн 2003000990105 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “

Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1, 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 сарын хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгөөр торгох,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн, Ц.

 

    Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд Баянгол  дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” захын хойд талын явган хүний гарц дээр “Zhong Tong” маркийн, 60-82 УНЕ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 8.9.г-д заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, мөн дүрмийн III. Хориглосон дохиогоор зогсох буюу хөдөлгөөнөө үргэлжлүүлэх 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана ...зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Ц мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед явган зорчигчийг харсан боловч зам гулгаатай байсан тул зогсож чадаагүй. Би осол болсон даруйд өөрийн гар утсаараа эмнэлгийн тусламж дуудсан. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад торгуулийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Миний төлөх төлбөрийг манай байгууллага урьдчилан төлөөд би цалингаасаа хувааж төлж байгаа. Ажлаа хийж чадахгүй нөхцөл байдалд хүрвэл орлогогүй болно гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Т.А мэдүүлэхдээ:

Одоо миний бие сайн байгаа. Цийн зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэж болно. Учир нь эмнэлэгт хэвтсэний төлбөр 1 182 000 төгрөг, эм, тарианы мөнгө 1 111 000 төгрөгийг байгууллагаас нь төлсөн. Ингээд нийтдээ 2 293 000 төгрөг төлсөн. Одоогоор надад Цээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Харин хойшид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч- Д.С мэдүүлэхдээ:

Манай байгууллага хохирогчид нийт 2 293 000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг бид Цтэй ярилцаж тохиролцоод түүний цалингаас бага багаар суутгаж авахаар болсон гэв.

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч- Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 01  дүгээр сарын 20-ний өдөр 13 цагт хичээлдээ суухаар гэрээсээ гараад ээжийнхээ хамт Хархорин захын замын хойд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарахаар ногоон гэрэл дохио хүлээгээд зогсож байгаад ногоон гэрэл дохио асахад манай ээж намайг баруун талдаа хөтлөөд явган хүний гарцаар урдаасаа хойшоо гарахаар алхтал автобус амжих байх гэж бодсон байх шууд ирээд ээжийг мөргөөд унагаасан. Тухайн үед ойр орчимд байсан хүмүүс “хөдөлгөж болохгүй” гээд зам дээр хэвтүүлж байхад зүс царайг нь сайн санахгүй байна, бор өнгийн куртиктэй туранхай эмэгтэй хүн ирээд “ээжийн чинь утас хаана байна” гэж асуугаад ээжийн цүнхийг ухаж үзэхэд тухайн танихгүй эмэгтэй “ямар баян эмэгтэй вэ” гэж яриад байсан. Ээжийн цүнхэнд гар утас нь байхгүй байхаар нь ээжийнхээ куртикны халаасыг ухаж үзэхэд гар утас нь байхаар нь аваад эргээд хартал нөгөө бор өнгийн куртиктэй эмэгтэй ээжийн маань цүнхийг аваад алга болсон байсан. Ээжийг машинд мөргүүлснийг аавдаа хэлэх гэтэл ээж маань аавын дугаарыг мэдэхгүй, эмээгийн дугаарыг аажуухан хэлээд би ээжийнхээ утсаар эмээ рүү залгаж яриад эмээ, аав, эгч нар бүгд ирсэн гэжээ. (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- М.У мэдүүлэхдээ:

2020 оны 01  дүгээр сарын 20-ний өдөр 12 цаг 47 минутын орчим Хархорин захын хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа ногоон гэрэл дохиогоор гарч явахад явган хүний гарцын урд хэсэгт эмэгтэй хүн зам тээврийн осолд орсон гээд зам дээр сууж байсан ба гудамжаар явж байсан танихгүй хүмүүсийн ярианаас автобусны жолооч тухайн эмэгтэйг мөргөсөн гэсэн яриа гарч байсныг сонссон ба түргэн дуудсан юм уу гэсэн яриа гарахаар нь би өөрийнхөө 99085095 дугаараас 103 руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед харахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан 60-82 УНЕ улсын дугаартай автобус ослын газраас зүүн тийш очоод зогссон байсан ба автобусны жолооч гэх эрэгтэй хүн тухайн зам тээврийн осолд орсон эмэгтэйг араас нь түшээд явган сууж байхыг нь харсан. Намайг тухайн газарт байхад тэр эмэгтэйн ойр хавьд танихгүй хүмүүс цугларсан байсан гэжээ. (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1767 тоот дүгнэлтэд:

           1. Т.Аын биед бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

           4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)

 

Авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 888011 тоот дүгнэлтэд:

1. “Zhong Tong” загварын 60-82 УНЕ улсын дугаартай автобус нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.

2. Уг автобусны урд салхины шил баруун талдаа бага зэрэг гаднаас дотогшоо чигт хагарсан, дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын тоормосны гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй, мөн тоног төхөөрөмжөөр шалгахад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21 мм зэрэг эвдрэлтэй байна.

3. Дуут дохио ажиллахгүй, зүүн гар талын тоормосны гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн хуучин эвдрэл, гэмтлүүд байна. Урд салхины шил баруун талдаа бага зэрэг гаднаас дотогшоо чигт хагарсан байгаа эвдрэл, гэмтэл нь ослын үед үүссэн байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21 мм байгаа нь осолд нөлөөлсөн байж болно. Осолд нөлөөлөх бол жолоодлого алгадах байдлаар нөлөөлөх магадлалтай.  

4. Тоормосны хийн шингэн хавсарсан дамжуулгатай АВS системтэй. Тоормосыг тоног төхөөрөмжөөр болон жолоодлого хийж шалгахад стандартын шаардлага хангаж байна.

5. Тоормосны хий шингэн хосолсон дамжуулгатай АВS системтэй. Тоормос гишгэх үед замын нөхцөл байдлаас хамаарч тоормосны мөр үүснэ.

6. Уг тээврийн хэрэгслийн спидометр нь ажиллаж байна. Спидометр  нь ажиллахгүй тохиолдолд жолооч хурдаа хянах боломжгүй болно.

7. Асуултад дурдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйлгүй болно гэжээ. (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас)

 

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 174 тоот дүгнэлтэд:

1. Zhong Tong загварын, 60-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтэл нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлсөн эсэхэд хариулах боломжгүй байна. Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 888011 дугаартай дүгнэлтийн 3 дугаар хариултад урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21 мм байгаа нь осолд нөлөөлсөн байж болно. Осолд нөлөөлсөн бол жолоодлого алдагдах байдлаар нөлөөлөх магадлалтай гэж хариулагдсан болно.

2. Zhong Tong загварын, 60-82 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Ц нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3. Жолоочийн үүрэг: 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 8. Замын хөдөлгөө зохицуулах дохио. 8.9 гэрэл дохио нь дараах утгатай байна. г/ улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно. Мөн дүрмийн III. Хориглосон дохиогоор зогсох буюу хөдөлгөөнөө үргэлжлүүлэх. 8.18 гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “Зогс шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Явган зорчигч Т.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний  дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

4. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

5. 1, 2, 3 дугаар асуултаар хариулагдсан болно гэжээ. (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Ц нь Улаанбаатар хотын шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 1, 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 9 сарын хугацаагаар хорих,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 2  дугаар сарын 14-ний өдрийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил, 6 сарын хугацаагаар хорих,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 330 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 000 төгрөгөөр торгох,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 107 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд Баянгол  дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” захын хойд талын явган хүний гарц дээр “Zhong Tong” загварын, 60-82 УНЕ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д заасан “жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 8.9.г-д заасан “гэрэл дохио нь дараах утгатай байна: г/улаан гэрэл дохио хөдөлгөөнийг хориглоно, мөн дүрмийн III. Хориглосон дохиогоор зогсох буюу хөдөлгөөнөө үргэлжлүүлэх 8.18-д заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч “зогс шугам” (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана ...зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч, хохирогч Т.Аыг мөргөж, эрүүл мэндэд нь бүсэлхийн 2, 3, 4 дүгээр нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.А, иргэний хариуцагч Д.С, гэрч Б.Б, М.У нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1767 тоот дүгнэлт, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 888011 тоот дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 174 тоот дүгнэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, өвчний түүх, гэрэл зураг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Тээврийн прокурорын газраас Г.Цийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 841 950 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн боловч иргэний хариуцагч “Транс бус” ХХК эмчилгээний зардалд 2 293 000 төгрөг төлснийг хохирогч хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Г.Цийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой хохирлыг төлсөн гэж үзэв.

 

Хохирогч Т.А нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлж, жич нэхэмжлэх эрхтэй. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Г.Ц нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Гэтэл шүүгдэгч уг ялыг эдлээгүй нь түүний өөрийн мэдүүлэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 164 дугаар албан бичгээр нотлогдож байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт заасны дагуу уг ялыг эдлүүлэх, эсхүл хорих ялаар солих эсэхийг эрх бүхий байгууллага хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Цийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Цид даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хохирогч Т.А нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Цид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН