Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/138

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр                     2020/ШЦТ/138                                       Зуунмод сум

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

Хохирогч Д.Мягмарсүрэн,

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батцэцэг,

Шүүгдэгч Ц.О, Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Ц Г, Ц Г О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2034000560057 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б Ц Г, 1988 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 8809878 регистрийн дугаартай.

 

Монгол улсын иргэн, Б.Ц.О, 1996 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, эцэг, эх, ах нарын хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт мал маллан амьдрах, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, 96110919 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г, Ц.О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.О, Ц.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1-р багийн нутаг Айргийн ам гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн эзэмшлийн 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хууль бусаар авч 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

  Шүүгдэгч Ц.Г-н өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр би Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Айргийн ам” гэх газар өөрийн төрсөн дүү О тай гэртээ байж байгаад саахалт айлын Батсайханы хониноос ямаа хулгай хийнэ гэж ярьсан. Тэгээд төрсөн дүү О-д би Батсайханыг хонин дээрээс нь аваад машинтай явна чи ар хойгуур хониноос нь голдуу том ямааг нь тасдаж хөөгөөд хониндоо нийлүүлчих, тэгээд хоёулаа хулгай хийсэн ямаагаа зараад мөнгийг нь хувааж авна гэж ярилцсан. Маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 11 цагийн үед О  хонгор зүсмийн зөв талын гуян дээрээ саран тамгатай нас гүйцсэн морио унаад ганцаараа “Айргийн ам” гэх газрын баруун овоон дээр гарсан. Би хэлсэн яриагаараа өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн 1664 ТӨВ улсын дугаартай автомашинаа жолоодоод эхнэр Цэнд-Аюушийг суулгаад Батсайханыг хонин дээрээ байхад нь машиндаа суулгаад хонь байсан газраас нь холдож жалганд ороод машиндаа Батсайхан бид хоёр 2.5 литрийн Боргио пиво нэг савыг уугаад 1 цаг орчим болоод буцаад Батсайханыг хонин дээр нь буулгаад Цэнд-Аюуш бид хоёр машинтай Батсайханы гэрт очтол Нямдаваа, Алтангэрэл, Алтансүх нар байхаар нь Нямдаваа, Алтангэрэл хоёрыг машиндаа суулгаад пиво авч өгье гээд сумын төвд ирээд дэлгүүрээс 2.5 литрийн 2 савтай Боргио пиво аваад буцаад Батсайханыд очоод нөгөө хоёр пивоо Нямдаваа, Алтангэрэл, Цэнд-Аюуш, Алтансүх нарын хамт уугаад байж байтал Батсайхан хониноосоо ирсэн. Тэгээд 16 цагийн үед Цэнд-Аюуш бид хоёр гэртээ ирсэн чинь О хониндоо 15 тооны 10 тооны эр ямаа, 5 тооны борлон авчирсан байхаар нь туугаад хонины хашаандаа хийгээд О бид хоёр 12 ямааг нь нядлаад махыг Цэнд-Аюуш, О  бид гурав миний машинд ачаад Баянхангай сумын гуанз нь дээр Алтанжонш гэдэг нэртэй ченжид 1 200 000 төгрөгөөр өгөөд маргааш нь мөнгөө дансаар авахаар болоод гэртээ ирсэн. Маргааш өглөө нь мах зарсан ченжтэй утсаар яриад манай сумын Анхбаатар гэдэг хүний дансаар 1 200 000 төгрөгөө аваад О-д өгөөд үлдсэн 1 000 000 нь би авсан. Үлдсэн 3 тооны хоёр улаан, нэг буурал зүсмийн ямааг хашаандаа байлгаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед О  бид хоёр нядлаад махыг нь манай гэрийн хажуу талын амбаарт хийсэн. Тухайн үед манай эхнэр Цэнд-Аюуш болон миний төрсөн ах Ууганбаяр нар байсан өөр хүн байгаагүй. Тэд нар өөрийнхөө ямааг хийж байгаа гэж бодсон. Би анх хулгай хийх санааг гаргаад төрсөн дүү О-д хэлээд хулгай хийсэн. Манай гэр Батсайханы гэрээс ертөнцийн зүгээр баруун тийшээ 4-5 км зайтай, зарж борлуулж мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Би хохирогч Д.Алтангэрэлд хохирлын мөнгө гэж 2 820 000 төгрөг төлсөн. Өөрийнхөө малнаас үхэр болон хонь, ямаа зарж хохирлын мөнгөө бэлнээр нь хохирогчид өгсөн. Би өөрийн буруутай үйлдлээс болж бусдад хохирол учруулсан болохоор тэрнээсээ санаа зовоод айгаад 26 тооны ямааны хохирол нэхэхээр нь гомдолгүй болгоё гэж бодоод 26 тооны ямаагаар бодоод 2 820 000 төгрөг төлсөн. Харин би дүүтэйгээ нийлж хулгай хийж авсан ямаа бол 15 тооны ямаа байгаа юм. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа болохоор үг дуугуй хохирогч нарын хэлснийг биелүүлнэ гэж бодоод 26 тооны ямаагаар нь хохирлоо бодоод төлсөн. Түүнээс биш би дүүтэйгээ нийлж Д.Алтангэрэлийн малнаас 26 тооны ямаа хулгайлсан асуудал бол огт байхгүй. Би хохирогч Д.Алтангэрэлтэй найз нөхдийн харилцаатай юм. Бид 2 найзлаад олон жил болж байна. Хүүхэд байхаасаа нэгнийгээ мэднэ. Бид нарын хооронд өс хонзон, өр авлагын асуудал байхгүй. Би өмнө нь Д.Алтангэрэлийн малнаас хулгай хийж байгаагүй. Би одоо эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт мал маллаж амьдарч байна. Би бага насаа Төв аймгийн Лүн суманд хөдөө мал дээр мал маллаж өнгөрүүлсэн гэх мэдүүлэг,

 

  Шүүгдэгч Ц.Оын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр би Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Айргийн ам” гэх газар өөрийн төрсөн ах Г ын гэрт байсан. Тэгээд Г ахад саахалт айлын Батсайханы хониноос ямаа хулгай хийнэ гэж ярьсан. Тэгтэл Г ах Батсайханыг би хонин дээрээс нь аваад машинтайгаа явна чи ар хойгуур хониноос нь эр голдуу том ямааг нь тасдаж хөөгөөд хониндоо нийлүүлчих, тэгээд хоёулаа хулгай хийсэн ямааг зараад мөнгийг нь хувааж авна гэж ярилцаад маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 11 цагийн үед би өөрийнхөө хонгор зүсмийн зөв талын гуян дээрээ саран тамгатай нас гүйцсэн морио унаад ганцаараа “Айргийн ам” гэх газрын баруун доод овоон дээр гарсан чинь Г ах өөрийнхөө приус-11 маркийн 1644 ТӨВ улсын дугаартай автомашинаа жолоодоод эхнэр Цэнд-Аюушийн хамт Батсайханыг хонин дээрээ байхад нь машиндаа суулгаад явахаар нь би хониноос нь нас гүйцсэн эр голдуу 15 тооны ямааг морьтой туугаад хониндоо нийлүүлээд Г ахын гэрийн үүдэнд авчраад нөгөө хулгай хийсэн 15 тооны ямааг Г ахын хамт ялгаж хонины хашаанд хийгээд шөнө нь Г ах бид хоёр хулгай хийсэн ямаануудаа нядлаад 12 тооны ямааны махыг Баянхангай сумын гуанз дээр аваачаад танихгүй эмэгтэй хүнд 1 кг махыг нь 3000 төгрөгөөр зарсан. 12 тооны ямааны мах, арьстайгаа 1 200 000 төгрөг болсон. Г  ах надад 200 000 өгөөд бусдыг нь өөрөө авсан. 3 тооны хоёр улаан, нэг буурал зүсмийн ямааг нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 9 цагийн үед Г ахын гэрт нядлаад махыг нь гэрийнх нь хажуу талын амбаарт нь хийсэн. Г ахын эхнэр Цэнд-Аюуш болон миний төрсөн ах Ууганбаяр нар байсан өөр хүн байгаагүй. Г ах бид хоёр хулгай хийх талаар Цэнд-Аюуш эгчид хэлээгүй. 200 000 мянган төгрөг бэлнээр надад байгаа. Хохирлыг би төлөөгүй миний төрсөн ах Ц.Г  төлж барагдуулсан учраас хохирлын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Би хохирогч Д.Алтангэрэлтэй найз нөхдийн харилцаатай. Бид 2 найзлаад 4 жил болж байна. Бид нарын хооронд өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Өмнө Алтангэрэлийн малнаас хулгай хийж байгаагүй гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Мягмарсүрэнгийн өгсөн: 2020 оны 01 сарын 04-ны өдөр 26 тооны ямаагаа алдсан. Өмнөх өдөр нь тоолоход нийт мал 472 байсан. 01 дүгээр сарын 05-ны өглөө тоолоход 26 дутсан байсан. О-н туугаад явж байхыг харсан хажуу айлын хүүхэд байгаа. Тэрийг гэрч болгоод цагдаад мэдэгдсэн. Төлбөр гээд 21 эр ямааг тус бүр нь 120 000 бодож, 5 борлонг нэг бүрийг нь 60 000 төгрөгөөр бодож авсан. Хэргийн газар үзлэг хийхэд толгой гарсан гэхэд манай талаас хүн авч яваагүй. Яг хэдэн толгой гарсан гэсэн цагдаагийн хэлснээр явж байна. Өөрөө очиж үзээгүй. Аймгаас Оюунболд гээд байцаагч очсон. Тэр байцаагч тулган шаардаад 15-аар нь болго, 26-аар төлбөр мөнгөө авсан юм чинь одоо та нарт хэрэгтэй юм гээд загнаж мэдүүлэг авсан. 02 дугаар сарын 09-нд Дондовцэрэнгийнд байхад манай ахыг Г архи уусан байж таараад мөнгөтэй хүн зүгээр үлддэг юм гээд барьцалдаж авсан байсан. Өмнө нь байнга бэлчээрийн маргаан гардаг. Манай эмэгтэй дүүг 2 жилийн өмнө зодсон байсан. Аймгийн цагдаад өгөхөд хоорондоо зодолдсон гээд хэрэгсэхгүй болгосон. Тэр үед манайх намаржаан дээр буусан байсан. Өмнө нь Г манайхыг дандаа дээрэлхдэг. Өнгөрсөн зуны 7 дугаар сард 23 тооны ямаагаа алдсан. Энэ хүмүүс ялаа хөнгөлөхийн тулд бага тоогоор хэлнэ. Манайх хүн гүйтгэхгүй гэх мэдүүлэг,

 Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Хохирогч Д.Алтангэрэлийн өгсөн: Манай гэр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Ханхарын нүхэн” гах газар байдаг. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед миний төрсөн ах Батсайхан ямаагаа гэрээсээ туугаад бэлчээрт нь гарсан. Тэгээд би эгч ахын хамт гэртээ байж байтал 3 цагийн үед манай хол саахалтын зайтай байдаг Г эхнэр Цэнд-Аюушийн хамт машинтайгаа халамцуу манайд ирээд Батсайхантай хамт пиво хувааж уугаад хонин дээр нь Батсайханыг үлдээчихээд ирлээ гэснээ Г, Цэнд-Аюуш хоёр, эгч Нямдаваа бид хоёр нэг пиво авч өгье машинд суучих сумын төв оръё гэхээр нь эгч бид хоёр машинд нь суусан чинь Г  өөрөө машинаа жолоодоод сумын төвд ороод дэлгүүрээс Боргио нэртэй 2.5 литрийн 2 савтай пиво аваад хөдөө манай гэрт ирээд Г, Цэнд-Аюуш хоёр эгч Нямдаваа бид хоёрт нөгөө авчирсан хоёр пиво өгөөд хувааж уугаад байж байтал Батсайхан ах гэрт орж ирээд О -г аваад ирье гэтэл Г, Цэнд-Аюуш хоёр О-г авчраад яах юм битгий гээд байсан. Манай гэрт бид хэд 16 цаг хүртэл даалуу тоглож байгаад Г, Цэнд-Аюуш хоёр гэнэт яаараад яваад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө манай эгч Нямдаваа ямаагаа тоолоод 26 тооны ямаа дутаад байна гэхээр нь би Нямдаваа эгчийн хамт ямаагаа тоолсон чинь 26 тооны ямаа дутсан. Манайх 472 тооны ямаатай. Би хариулдаг хааяа миний төрсөн ах Батсайхан хариулдаг юм. Миний хулгайд алдсан ямаа улаан, хар зүсмийн голдуу 3 тооны хөх эр ямаа, буурал ягаан 1 тооны эр ямаа зүсээр байхгүй зөв талын чих үзүүрээсээ онь, араасаа хөндөл, буруу талын чих цуулбар имтэй, хоёр эвэр нь ардаа цэнхэр будагтай. Бусдыг нь зүсээр сайн мэдэхгүй байна. Нэг тооны эр ямаагаа 150 000 үнэлж байна. 26 тооны ямаагаа 3 900 000 төгрөгөөр үнэлсэн. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,

Гэрч Т.Цэнд-Аюушийн өгсөн: Г-н Приус-11 маркийн 1664 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Г  бид хоёр сумын төв рүү явж байтал Батсайхан “Айргийн ам” гэх газар ямаагаа хариулаад явж байхад нь Г, Батсайхантай уулзъя гээд очоод машинд суучих хоёулаа пиво ууя гэж хэлээд машиндаа суулгаад “Хогийн жалга” гэх газрын жалганд орж Боргио нэртэй 2.5 литрийн нэг савтай пиво Г, Батсайхан хоёр хувааж уухаар нь би уурлаад хурдан явъя гэтэл Г  байж бай гээд явахгүй байсан. Г , Батсайхан хоёр 1 цаг орчим пиво ууж дуусгаад Батсайханыг ямаан дээр нь үлдээгээд Г бид хоёр Батсайханы гэрт очтол Нямдаваа, Алтангэрэл, Алтансүх нар байсан. Тэгтэл Г, Нямдаваа, Алтангэрэл хоёртой пиво ууна гээд машиндаа суулгаад сумын төвд ирээд дэлгүүрээс 2.5 литрийн 2 савтай Боргио пиво аваад буцаад Батсайханыд очоод авсан хоёр пиво Нямдаваа, Алтангэрэл, Алтансүх нарын хамт уугаад байж байтал Батсайхан хониноосоо ирээд О-г дуудаж пиво уулгая гэхээр нь би яах гэсэн юм гэж хэлээд Батсайханыг явуулаагүй. Орой 16 цагийн үед Г бид хоёр гэртээ ирсэн. Г маргааш Улаанбаатар хот орж машинаа янзлуулна мөнгө байхгүй гээд О тай хэдэн ямаа хийнэ гээд орой хониноос 10 орчим тооны ямаа хийгээд шөнө 23 цагийн үед Г-н Приус 11 маркийн 1664 ТӨВ улсын дугаартай автомашинтай О бид гурав 12 тооны ямааны мах арьсийг Баянхангай сумын гуанз дээр мал, мах авдаг ченжид мах, арьсаа нийлүүлээд 1 200 000 төгрөгөөр өгөөд маргааш нь мөнгөө дансаар авахаар болоод гэртээ ирсэн. Маргааш өглөө нь Г надад карт байхгүй гээд манай найз Анхбаатар гэх хүний дансаар мах арьсны мөнгөө авсан Улаанбаатар хот Г машинаа янзлуулна гээд Анхцэцэг бид хоёрын хамт яваад машинаа “Өгөөмөр зах” дээр янзлуулаад шөнө Төв аймгийн Лүн суманд гэртээ ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 09 цагийн үед О, Г  хоёр хониноос 3 тооны ямаа хийгээд сумын төв оруулж зарна гээд махыг нь манай гэрийн хажуу талын амбаарт хийсэн байсан. Би хонь хариулдаггүй О, Г  хоёр хонь хариулдаг, хадам аав Цогтгэрэл манай хоёрын нийлсэн 1000 гаруй хонь, ямаа байдаг болохоор би зүс, им тэмдэгээр нь сайн мэдэхгүй болохоор өөрийнхөө болон хадамын ямаанаас хийж байгаа гэж бодсон. Г, О хоёр надад Алтангэрэлийн ямааг хулгай хийсэн талаар хэлээгүй болохоор хулгайн ямаа гэдгийг мэдээгүй. Тухайн үед би Г-г пиво уух гээд байна гэж бодсон, харин хулгай хийх гээд байгааг нь мэдээгүй. Хэний ямар зүсмийн им, тэмдэгтэй ямаа хийснийг мэдэхгүй, 10 гаруй тооны ямаа гэрийнхээ гадаа хийж борлуулсан гэх мэдүүлэг /хх 15/,

Гэрч Б.Анхцэцэгийн өгсөн: Манай гэр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн төвд байдаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цагийн үед би гэртэй байж байтал манай найз Г, Цэнд-Аюуш хоёр машинтайгаа ирээд маргааш Улаанбаатар хот орж машинаа янзлуулах гэсэн юм. Анхбаатарыг машин жолоодоод Улаанбаатар хот ороод өгөөч гэтэл Анхбаатар маргааш ажилтай гэтэл намайг Улаанбаатар хотод газар заагаад яваад өгөөч гэхээр нь би явахаар болсон. Маргааш өглөө 08:20 цагт Г эхнэр Цэнд-Аюуш хоёр өөрийнхөө 1664 ТӨА улсын дугаартай приус 11 маркийн машинтайгаа ирээд чи мөнгөний карттай юу хүн араас 1 200 000 төгрөг хийнэ гэхээр нь би картгүй болохоор дүү Анхбаатарын ХААН банкны картыг аваад Улаанбаатар хот ороод “Өгөөмөр” зах дээр машинаа Г янзлуулаад орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Лүн суманд ирээд Г, Цэнд-Аюуш нар гэрлүүгээ явсан. Түүнээс хойш Г, Цэнд-Аюуш  нартай би уулзаагүй. Алтангэрэлийн ямааг хулгай хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Г, О  нартай гэр бүлийн найзууд гэх мэдүүлэг /хх 16/,

Гэрч Д.Батсайханы өгсөн: Манай гэр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг “Ханхарын нүхэн” гэх газар байдаг. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 11 цагийн үед би өөрийнхөө хонь, ямааг гэрээсээ туугаад бэлчээрт нь “Айргийн ам” гэх газар гараад хариулж байтал манай хол саахалтын Г эхнэр Цэнд-Аюушийн хамт өөрийнхөө машинтай ирээд Г надад хандан Батсайхан машинд суучих хоёулаа “хүн тавьдаг” газрын жалганд ороод пиво ууя гэхээр нь би ямааныхаа дэргэд ууя гэтэл Г  хэрэггүй хүнээс далд газар очиж ууя гээд намайг машиндаа авч яваад жалганд ороод машин дотор Боргио нэртэй 2.5 литрийн пиво нэг савыг бараг 1 цаг орчим хугацаанд ууж дуусгаад намайг буцаагаад хонин дээр буулгаад Г, Цэнд-Аюуш нар манай гэрт очлоо гээд яваад өгсөн. Удалгүй би цайгаа уух гээд гэртээ очтол Г, Цэнд-Аюуш, манай дүү Алтангэрэл, Нямдаваа, ах Алтансүх нар даалуу тоглоод пиво ууж байсан. Би О-г дагуулаад ирье гэтэл Г, О  ууртай байгаа битгий дууд гээд намайг явуулахгүй байсан. Удалгүй би хониндоо яваад орой хонио хотлуулаад маргааш нь манай хоёр дүү Нямдаваа, Алтангэрэл нар хонь, ямаа тоолоод 26 тооны ямаа тоогоор тутаад байна гэсэн. Манай дүү Алтангэрэлийн гэр дээр тоологддог боловч миний ах Алтансүх, дүү Нямдаваа бид дөрөвийн дундын өмчийн ямаа гэх мэдүүлэг /хх 18/,

Гэрч Б.Анхбаатарын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 23 цагийн үед гэртээ байж байтал манай найз Г, Цэнд-Аюуш хоёр машинтайгаа ирээд маргааш Улаанбаатар хот орж машинаа янзлуулах гэсэн юм, чи машин жолоодоод Улаанбаатар хот ороод өгөөч гэхээр нь би маргааш ажилтай гээд яваагүй. Маргааш өглөө 08:20 цагийн үед Г, Цэнд-Аюуш хоёр өөрийнхөө 1664 ТӨА улсын дугаартай приус-11 маркийн машинтайгаа ирээд миний төрсөн эгч Анхцэцэгийг Улаанбаатар хотод зам сайн мэдэхгүй учраас зам заалгана гээд аваад явсан. Эгч явахдаа Г мөнгөний картгүй гэнээ хүн мөнгө хийнэ намайг карт байна уу гэж асуугаад байна надад карт  байхгүй юм чинь чи картаа өгчих гээд миний ХААН банкны картыг аваад явсан. Түүнээс хойш би Г тай уулзаагүй. О, Г нарыг нийлж хулгай хийсэн талаар мэдэхгүй гэх мэдүүлэг /хх 19/,

Гэрч Ц.Ууганбаярын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байж байтал миний төрсөн дүү О  хонинд явна гээд өөрийнхөө сартай хонгор зүсмийн нас гүйцсэн зөв талын гуян дээрээ задгай хүрээгүй зоосон тамгатай морио унаад явсан. Удалгүй Г  эхнэрийн хамт Лүн сумын төв орно гээд машинтайгаа явсан би ганцаараа гэр хараад үлдсэн. Оройхон нар жаргаагүй байхад О хонио туугаад гэртээ ирсэн удалгүй Г эхнэр Цэнд-Аюушийн хамт машинтайгаа ирээд Г маргааш Улаанбаатар хот орж машинаа янзлуулна мөнгө хэрэгтэй, ямаа хийж борлуулна гээд О ын хамт ямаа гэрийн гадаа хийгээд байсан. Миний хөл гар муу учраас би мал нядлах болон хүнд хэцүү ажил хийж чаддаггүй, хааяа морьтой хонь хариулдаг учраас гэрээс гараагүй. Тэгээд 23 цагийн үед Г, О, Цэнд-Аюуш нар нядалсан ямааныхаа махыг борлуулна гэж яваад шөнө 00 цагийн үед гэртээ ирсэн. Хаана хэнд хэдэн төгрөгөөр зарсан талаар надад хэлээгүй. Маргааш өглөө нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагийн үед би хонинд морьтой яваад орой 16 цагийн үед Г ын гэрт ирсэн. Тухайн нядалж зарсан ямаагаа  надад хүнээс авсан гэж хэлсэн Г 1000 гаруй хонь ямаатай болохоор ямааг нь зүсээр сайн мэдэхгүй. Цэнд-Аюуш бид хоёр гэрт байсан. О, Г хоёроос өөр хүн ямаа нядалхад байгаагүй. О ын ямаа хулгайлахдаа унаж явсан хонгор зүсмийн сартай зөв талын гуян дээрээ задгай зоосон тамгатай морь О-н өөрийнх нь морь байгаа юм гэх мэдүүлэг /хх 20-21/,

Гэрч Б.Хүрэлгомбын өгсөн: Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.О, Ц Г нар нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт оршин суудаг. О  нь эцэг, эхийн хамт амьдардаг. Г  нь эхнэр хоёр хүүхдийн хамт 4-лээ амьдардаг. О, Г  нар багийн ямар нэгэн арга хэмжээнд оролцож үзээгүй дуугүй томоотой хүмүүс байдаг болохоор би зан байдлын талаар сайн мэдэхгүй. Г  2019 онд 1000 гаруй мал тоолуулж мянгат малчин болсон. О  хийсэн тодорхой ажилгүй сумын төвд эцэг, эхийн хамт байдаг. Аль аль нь архи согтууруулах ундааны зүйл уугаад агсам согтуу тавьж зөрчил гаргахыг нь би хараагүй мөн сонсоогүй. Айл саахалтынхантайгаа гайгүй харилцаатай байдаг гэх мэдүүлэг / хх 22/,

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, нас гүйцсэн ямааны нэг бүрийн үнийг 120 000 төгрөг, 2 настай эр ямааны нэг бүрийн үнийг 60 000 төгрөгөөр үнэлсэн талаархи Төв аймгийн Лүн сумын Засаг даргын тамгын газрын комиссын тайлан /хх 27/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.  

            Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн малаас 26 тооны ямаа алдагдсан байхад шүүгдэгч нарын худал мэдүүлэгт хөтлөгдөн 15 тооны ямаа хулгайлсан мэтээр хэргийн зүйл ангийг хөнгөрүүлсэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж хуульчилсан бөгөөд,

            тус хэрэгт мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, хяналтын прокурор тухайн хэрэгт хяналт тавихдаа хэргийн оролцогч нарын ЭХХШт хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн явдал тогтоогдоогүй гэж шүүх үзсэн.

            Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүгдэгч нарын мэдүүлсний дагуу хэрэг болсон газар болох Төв аймгийн Лүн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Хогийн цэг газар хэргийн газрын үзлэг хийжээ. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд 12 ширхэг ямааны толгой, малын сэвс байсан талаар тэмдэглэсэн байх бөгөөд хөндлөнгийн 2 гэрч оролцуулж хэргийн оролцогч  нарын хэн алиныг байлцуулаагүй нь ЭХХШт хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

            Хохирогч 2019 оны мал, тэжээвэр амьтны тооллогоор 465 ямаа тоолуулсан /хх 65/ байх бөгөөд шүүх хуралдаанд хохирогчийн өгсөн өдөр болгон малаа тоолдог байсан гэх гар тэмдэглэлээр 2020.01.05-нд 472 мал тоолсон гэх бөгөөд үүнээс хэд нь ямаа хэд нь хонь байсан нь тодорхойгүй хохирогч Д.Мягмарсүрэн 472 тооны мал байсан гэж мэдүүлсэн. Хохирогч Д.Алтангэрэлийн малыг 2020.01.09-ний өдөр Цагдаагийн байгууллагаас тоолоход /хх 56/ 432 тооны ямаа, 14 хонь, нийт 446 хонь, ямаа тоологдсон гэж тэмдэглэгдсэн. Үүнээс дүгнэвэл ЭХХШт хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт "оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй" гэж заасан тул хохирогч 26 тооны ямаагаа алдсан гэх эх сурвалжаа зааж чадаагүй гэж үзэв. ЭХХШт хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотолсон гэж үзэв.

            Иймд Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.О, Ц.Г   нарыг бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг Айргийн ам гэх газраас иргэн Д.Алтангэрэлийн эзэмшлийн 10 тооны эр ямаа, 5 тооны борлонг хулгайлж бусдад 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч нар нь 15 тооны ямаа хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогчийн нэхэмжилснээр 26 тооны ямаагаар тооцож 2 820 000 төгрөг төлсөн болох нь хохирогч болон шүүгдэгч Ц.Г-н мэдүүлгээр тогтоогдож,

Хохирогч шатахууны зардал гэх 208 000 төгрөгийн баримт шүүх хуралдаан ирүүлсэн, 26 ямааны ноолуурын үнэ 884 000 төгрөг /нэг ямаанаас 400 гр ноолуур гардаг, 1 кг 85 000 төгрөгөөр тооцож/ нэхэмжилсэн. Шүүх шатахууны зардал гэх 208 000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд 26 ямааны ноолуурын үнэ гэх 884 000 төгрөгийг хангах боломжгүй гэж үзэн хэрэсэхгүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Г, Ц.О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 3 жил хорих ялаар, шүүгдэгч Ц.О-н өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 22 хоног хорих ял оногдуулах саналыг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батцэцэг шүүгдэгч Ц.Г нь эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тэнсэж өгөөч гэх, шүүгдэгч Ц.О-н хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хавтас хэргийн 59-61-р хуудсанд, шийтгэх тогтоолын хуулбар хавтаст хэргийн 148-153-р  хуудсанд  авагдсан байх бөгөөд шүүгдэгч Ц.Г урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгч Ц.О нь урьд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь тогтоогдсон.

            Шүүгдэгч Ц.О нь дээрх 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 224 цагийг эдэлж үлдэх 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь хавтаст хэргийн 51-54-р хуудсанд авагдсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийн цагийн бүртгэлээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг  үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал,

шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Ц.Г-д эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болохыг дурдав.

            Шүүгдэгч Ц.Г нь урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

            Шүүгдэгч Ц.О нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж уг ялаа эдэлж дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан мөн хуулийн зүйл хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.О-н эдлээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 22 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй байна.     

            Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.Оын өмчлөлийн 1 200 000 төгрөгийн үнэлэгдсэн нас гүйцсэн 1 тооны адуу /хяналтын прокурорын 2020.01.08-ны өдрийн 05 дугаартай Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол//хх 164-165/, шүүгдэгч Ц.Г-н эзэмшлийн 4 100 000 төгрөгөөр үнэлэгдсэн 1664 ТӨВ улсын дугаартай Тоyota prius 11 маркийн тээврийн хэрэгслийг /хяналтын прокурорын 2020.02.05-ны өдрийн 4 дугаартай тогтоол /хх 166-167/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар хурааж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.   

Хохирогч шатахууны зардал гэх 208 000 төгрөгийн баримт шүүх хуралдаанд ирүүлснийг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хохирлыг шүүгдэгч нар шүүх хуралдаан дээр төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдав.  

Эрүүгийн 2034000560057 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Б Ц Г, Ц Г О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-г 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас элдээгүй үлдсэн 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 22 хоногийн хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 2 жил 22 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөр наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Хот тохижилт үйлчилгээний газар эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Ц.О-н өмчлөлийн 1 200 000 төгрөгийн үнэ бүхий нас гүйцсэн 1 тооны адуу, шүүгдэгч Ц.Г-н эзэмшлийн 4 100 000 төгрөгийн үнэ бүхий 1664 ТӨВ улсын дугаартай Тоyota prius 11 маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын төсөвт оруулсугай.

8.Эрүүгийн 2034000560057 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ