Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

    2020           4           16                                        370

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч, хохирогч: Э.О,

шүүгдэгч, хохирогч: Ш.Х,

шүүгдэгч: Ш.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О, Д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х нарт холбогдох эрүүгийн 2005007170424 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Да хүрээ захад машин зардаг ажилтай, сард 3 000 000-4 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 6, эхнэр, 4-21 насны 4 хүүхдийн хамт О.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл, тогооч мэргэжилтэй, хувиараа барилгын засал чимэглэл эрхэлдэг, сард 800 000-1 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, нөхөр, 16-21 насны 3 хүүхдийн нарын хамт Д.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шонхор зах дээр махны наймаа эрхэлдэг, 2 000 000-3 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн нарын хамт  Х,

 

 Шүүгдэгч Э.О  Ш.Д нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэгээ” зочид буудлын гадна иргэн Ш.Хыг зодож зүүн нүдний доод зовхи, зүүн завьжны цус хуралт, дээд, доод уруулын няцарсан шарх, дээд эрүүний 1-р шүд хөдөлсөн гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэгээ” зочид буудлын гадна иргэн Э.Оюун-Эрдэнийг зодож уруулд шарх, цус хуралт, язралт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Э.О  мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйлгүй. Прокурортой 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын талаар сайн дураараа тохиролцож, хүлээн зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Ш.Д мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокурортой 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг сайн дураараа тохиролцож, хүлээн зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Х мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагыг сайн дураараа тохиролцож, хүлээн зөвшөөрсөн. Энэ торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлтэй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.О  мэдүүлэхдээ:

Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ш.Х мэдүүлэхдээ:

Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Ш мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би найз Шүрээ болон Очроо нартай хамт Энхбаярын зам дагуу байрлах “Гэгээ” нэртэй зочид буудалд пиво ууж байсан юм. Тэгээд манай найз Шүрээ хөрш айлын эгч гэх Дээгий гэдэг эмэгтэйг дуудсан. Тэгээд байж байтал манай найз Очроо нэг эрэгтэй найзаа дуудсан. Намайг буудлын өрөөнд унтах гэж байхад тэр эрэгтэй миний цээжийг гараараа илээд байхаар нь би уурласан чинь “ганц шил архины үнэтэй янхнууд” гэхээр нь Шүрээ бид хоёр уурлаад маргалдсан. О уг нь намайг буудлаас авах гэж ирэхэд тухайн залуу миний араас гарч ирээд учиргүй О рүү дайраад хувцасных нь захаас заамдаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохихоор нь О хариуд нь нөгөө залуугийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Ц мэдүүлэхдээ:

Гэрч Э.Цийн “Шийн дуудсан Оогий гэх залуу буудлын гадна Штэй зогсож байхад тухайн эрэгтэй буудлаас гарч ирээд Оогийг “юугаа хараад байгаа юм” гэж хэлээд Оогийгийн цамцнаас заамдаад нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Оогий уурлаад тухайн эрэгтэйн нүүр рүү гараараа нэг удаа цохисон гэжээ. (хэргийн 33-34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч- Ж.Ганцэнгэл мэдүүлэхдээ:

Зүүн нүдний доод зовхи, дээд, доод уруулын няцарсан шарх, дээд эрүүний 1 дүгээр шүд хөдөлсөн зэрэг гэмтлүүд нь дан, дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн зовхины дотор талд үүссэн цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.  (хэргийн 40 дүгээр хуудас)

 

2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Ch13_20200206132800: бичлэгийг эхнээс нь уншуулахад тус хяналтын камер нь “Гэгээ” зочид буудлын гадна талын үүдний хэсгийг зүүн хойд талаас харуулж байх камер байв. Бичлэгийг явуулахад 2000-01-28 03:39:06 гэсэн бичиглэл зүүн дээд буланд байв.

1. Тус камерийн бичлэг дээр оролцогч Э.О болон С.Ш нар зогсож байв. Э.О цаашаа харсан байдалтай хар өнгийн малгайтай куртик өмссөн байдалтай, цаас харан зогсох ба түүний урд талд С.Ш нааш харсан байдалтай зогсож байв.

2. Тус бичлэг дээр оролцогч Э.Ц, Ш.Д, Ш.Х болон Төмөр-Очир нар “Гэгээ” зочид буудлаас гарч ирж байв. Э.Ц нь хар өнгийн үстэй малгайтай куртик өмссөн байх бөгөөд түүний ард Ш.Д нь улаан өнгийн куртик өмссөн байх ба Ш.Х нь хар өнгийн савхин хүрэм өмссөн, үстэй малгайтай байв.

3. Тус камерийн бичлэг дээр оролцогч Э.О, С.Ш нар дээр “Гэгээ” зочид буудлаас гарч ирсэн Ш.Х, Э.Ц, Төмөр-Очир нар явж очих ба Ш.Х нь Э.Оюун-Эрдэнийг баруун гараараа нүүр рүү нь нэг удаа түлхэж байв.

4. Тус бичлэг дээр оролцогч Э.О нь Ш.Хын нүүрэн тус газар гараараа хоёроос гурван удаа цохиж байх бөгөөд тэдний хажууд С.Ш, Э.Ц, Ш.Д, Төмөр-Очир нар зогсож байв.

5. Тус бичлэг дээр оролцогч Ш.Х болон Төмөр-Очир нарыг Э.Ц болон С.Ш нар түлхэж Э.Оэс холдуулж байв.

6. Тус бичлэг дээр С.Ш нь Ш.Хын өмсөж байсан малгайнаас татах ба С.Ш нь Ш.Хын малгайнаас татаж байгаад арагшаа унаж байх бичлэг байв.

7. Тус бичлэг дээр Э.О нь Ш.Х дээр явж очин түүнийг газар унагаж байв. Энэ үед Ш.Д болон Э.Ц, Төмөр-Очир нар тэднийг харан зогсож байв.

8. Тус бичлэг дээр автомашины зам дээр унасан Ш.Хын нүүрэн тус газар Ш.Д баруун талын хөлөөрөө нэг удаа өшиглөж байв.

9. Тус бичлэг дээр Э.Ц нь Э.О болон Ш.Д нарыг Ш.Хаас холдуулж байв.

10. Тус бичлэг дээр Э.Оюун-Эрдэнийн нүүрэн тус газар Ш.Х нь нэг удаа гараараа цохиж байв.

11. Тус бичлэг дээр оролцогч Ш.Хыг Э.О нь газар унагаж байв.

12. Тус бичлэг дээр газар унасан Ш.Х дээр Ш.Д явж очин хөлөөрөө өшиглөж байх ба биеийн аль хэсэг рүү өшиглөж байгаа эсэх нь тус бичлэг дээр харагдахгүй байв.

13. Тус бичлэг дээр оролцогч Ш.Х С.Ш нь толгойн тус газар нь гараараа хоёроос гурван удаа цохиж газар унагав.

14. Тус бичлэг дээр оролцогч Э.Оюун-Эрдэнийн нүүрэн тус газар Ш.Х баруун гараараа нэг удаа цохих ба тэдний хажууд С.Ц, Төмөр-Очир нар зогсож байв.

15. Тус бичлэг дээр оролцогч Ш.Х, С.Ш, Ш.Д, Э.Ц, Э.О нар дээр хоёр цагдаа ирэв гэжээ. (хэргийн 13-21 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2439 дугаартай дүгнэлтэд:

1. Ш.Хын биед зүүн нүдний доод зовхи, зүүн завжны цус хуралт, дээд, доод уруулын няцарсан шарх, дээд эрүүний 1-р шүд хөдөлсөн зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөр чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэжээ. (хэргийн 38-39 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2568 дугаартай дүгнэлтэд:

1. Э.Оюун-Эрдэний биед уруулд шарх, цус хуралт, язралт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. (хэргийн 45-46 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ш.Х ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 95 дугаар хуудас)

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Э.О ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 108 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ш.Д ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 121 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Э.О  Ш.Д нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэгээ” зочид буудлын гадна хохирогч Ш.Хыг зодож, зүүн нүдний доод зовхи, зүүн завьжны цус хуралт, дээд, доод уруулын няцарсан шарх, дээд эрүүний 1 дүгээр шүд хөдөлсөн гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ш.Х нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Гэгээ” зочид буудлын гадна хохирогч Э.Оюун-Эрдэнийг зодож уруулд шарх, цус хуралт, язралт, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.О, Ш.Х нарын мэдүүлэг, гэрч С.Ш, Э.Ц, шинжээч Ж.Ганцэнгэл нарын мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2439, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2568 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.О  Ш.Д  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар,

Ш.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч Э.О  Ш.Д  нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ш.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч  Э.О, Ш.Д, Ш.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Э.О, Ш.Д нар прокурорын сонсгосон ял болон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох,

Ш.Х нь прокурорын сонсгосон ял болон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй Э.О, Ш.Д, Ш.Х нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч О,  Д нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Оюун-Эрдэнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр,

Ш.Дг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Хыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Э.О, Ш.Д, Ш.Х нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Э.О, Ш.Д, Ш.Х нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.О, Ш.Д, Ш.Х нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.О, Ш.Х нар хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.О, Ш.Д, Ш.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН