Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 375

 

 

 

 

 

 

 

 

     2020           4         16                                        375

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                      

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  С.Цэрэндулам,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Хатанцэцэг,

            шүүгдэгч Г.П, түүний өмгөөллөгч О.Оюунчимэг/ 2724/,

            хохирогч: Э.У, түүний өмгөөлөгч Ж.Сарангэрэл /1943/,

            гэрч: А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пт холбогдох эрүүгийн 1905 0352 40231 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний инженер мэргэжилтэй, “Гэрэлт Мөнх-Ундрага” хоршоонд түүхий эдийг зөөх, тээвэрлэх ажил эрхэлдэг, 1 сая төгрөгийн цалинтай, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 928 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлсөн, П.

 

Шүүгдэгч  Г.П нь 2019 оны 3 дугаар сарын 08-наас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Утаат минчүүр” ХХК-ийн “Сувд” ломбардаас барьцааны эд хөрөнгийг биетээр буцаан авч, төлбөрийг дансаар шилжүүлнэ, ноос, ноолуурын бизнесийн мөнгө орж ирнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 16 692 800 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Г.П мэдүүлэхдээ:

Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Мөн мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хохирлын дүн дээр маргах зүйлгүй. Залилж авсан бүх мөнгөөрөө бооцоот тоглоом тоглосон. Миний хохирогчоос авсан мөнгө 5 сая байхад манай ээж надад мөнгө өгсөн боловч би тэр мөнгийг үрчихсэн юм. Би өөрөө “Гэрэлт Мөнх-Ундрага” хоршооны гишүүн бөгөөд тэргүүлэгчээр нь манай ээж ажилладаг юм. Миний ажилласан цалинг манай эцэг, эх хохирогч руу шилжүүлсэн. Би эхэндээ эд зүйлээ барьцаалаад хугацаанд нь мөнгөө өгөөд, авдаг байсан. Сүүлдээ ломбардад тавьсан эд хөрөнгөө авч чадахаа байгаад энэ нөхцөл байдалд хүрсэн. Эээс авч байсан мөнгө түүний ломбардын мөнгө гэдгийг мэдэж байсан. Эээс авсан мөнгөө тоглоом тоглож хожоод төлнө гэж бодож байсан боловч чадаагүй. Одоо уг тоглоомыг тоглохоо больсон. 5 700 000 төгрөгийг манай ээж төлсөн ба үлдэгдэл хохирлыг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ноолуур гарахаар хохирлоо төлж дуусгах боломжтой байгаа. Ээж маань төлнө гэж хэлсэн. Манайх 1091 малтай, ямаагаа самнахаараа ноолуураа борлуулаад хохирлоо төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Э.У мэдүүлэхдээ:

Энэ асуудлыг миний кредит картанд мессеж ирсний дараа мэдсэн. Тэгээд Эээс дугаарыг нь аваад Пыг дуудаж уулзсан. Тэгэхэд П “авсан бүх мөнгөө тоглоод алдчихсан. Энэ бүхэнд Э буруугүй, би буруутай уучлаарай эгчээ, би таны хохирлыг барагдуулна” гэж хэлсэн. Пыг харахад зан төлөв нь эвдрээгүй, бас гайгүй хүүхэд юм болов уу гэж бодогдсон. Хохиролд 5 700 000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 10 992 800 төгрөг байгаа. Бид шүүгдэгчийн өмгөөлөгчөөр дамжуулан түүний ар гэртэй харилцаж байгаа. Пын эцэг эх хөдөө орон нутагт байдаг учир уулзаж ярилцаагүй. Шүүгдэгчийг одоохондоо хохирол төлөх боломжгүй байгаа гэж ойлгож байгаа. Цаашдаа миний хохирлыг төлнө гэдэгт итгэж байна. Гомдолгүй  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч-А.Э мэдүүлэхдээ:

“Сувд” ломбардыг ээжийгээ байхгүй үед би ажиллуулж байсан. Учир нь ээж маань хорих ангид хоригдож байсан юм. Тэгээд энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг явуулж бай гээд бүх эрхээ, дансаа үлдээсэн. П манай ломбардаар байнга үйлчлүүлдэг байсан бөгөөд өглөө нь эд зүйлээ тавьчихаад орой нь авдаг байсан. Ломбардад тавьсан барьцааны зүйлийг авахдаа дансаар мөнгөө шилжүүлдэг байсан. Тухайн үед өгсөн мөнгөө буцааж авахын тулд энэ хүнд одоо тулгарсан асуудлыг нь шийдэх мөнгө өгвөл миний мөнгийг өгнө байх гэж бодсон. Мөн ноос ноолуурын бизнес эрхэлдэг талаараа ээж аавтайгаа миний хажууд яриад байсан болохоор итгэсэн гэв.

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.П нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 928 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлсөн гэжээ. (хэргийн 136 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч  Г.П нь 2019 оны 3 дугаар сарын 08-наас 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Утаатминчүүр” ХХК-ийн “Сувд” ломбардаас барьцаанд тавьсан эд хөрөнгийг биетээр буцаан авч, “төлбөрийг дансаар шилжүүлнэ, ноос, ноолуурын бизнесийн мөнгө орж ирнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, нийт 16 692 800 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.У, гэрч А.Э нарын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Утаатминчүүр” ХХК-ийн “Сувд” ломбардын барьцаат зээлийн гэрээний хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Пын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Г.Пд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 928 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ял оногдуулж, уг хорих ялаас чөлөөлсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Г.П нь хохирогчид учруулсан хохирлоос 2020 оны 4 дүгээр сарын 10-наас 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд 5 700 000 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэх 10 992 800 төгрөгийн хохирлыг 2020 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлж байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан, шүүх Г.Пт торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.   

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Пыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Пыг 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний 7 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг Г.Пт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Паас 10 992 800 төгрөг гаргуулж, хохирогч (Э.У) “Утаат минчүүр” ХХК-д олгосугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5 700 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Пд   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН