Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 59

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.*******, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор А.Амгалан /цахимаар оролцсон/,

         Шүүгдэгч Н.*******,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Н.*******д холбогдох .... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч Н.******* нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Мөнх цаст транс” ХХК-ийн нүүрсний тээвэрлэлт хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж явуулсан .... улсын дугаартай чиргүүл бүхий, .... улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг Өмнөговь аймгийн *******н сумын нутаг дэвсгэрт буюу нүүрс тээврийн замын 6 дахь км-т орхиж явахдаа 16 ширхэг дугуй, 100 литр дизель түлшийг авч завшин орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр 5810000 /таван сая найман зуун арван мянга/ төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Н.*******ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******ыг 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан  2800000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд сар бүр 400000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 3810000 төгрөгийг гаргуулж хохирогч “Мөнх цаст транс” ХХК-д олгож, Н.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, Н.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдсан гомдолдоо: Хавтаст хэргийн материалаас үзэхэд миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилгүй болох нь Н.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тоггоогддог.

          Өмгөөлөгчийн зүгээс эрхэлсэн тодорхой ажилгүй хүнд торгох ялыг 7 сарын хугацаанд сард 400000 төгрөгөөр төлөхөөр заасныг хэтэрхий богино хугацаа гэж үзэж байна.

          Шүүхээс тогтоосон хугацаанд 2800000 төгрөгийг төлж барагдуулаагүй бол торгох ялыг хорих ялаар солихоор байгаа нь түүний эрх зүйн байдал дордох аюултай байна.

          Эрүүгийн хуулийн 6.1 зүйлийн 2-т “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр”, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж тус тус заасан.

          Н.******* нь шүүх хуралдаанаас өмнө өөрийн боломж, бололцоогоороо хохирлын 2000000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3810000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаа илэрхийлж нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл хохирлын 3810000 төгрөг дээр торгох ялын 2800000 төгрөг нийт 6610000 төгрөгийг төлөх ёстой.

          Иймд давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролс 2 сая төгрөгийг төлж барагдуулсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа зэрэг хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс торгох ялыг 7 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосныг 18 cap болгон өөрчилж өгнө үү гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодиттой судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр тогтоох эрх хэмжээ нь шүүхэд олгогдсон учраас шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах тайлбар байхгүй байна гэв.

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн шийтгэх тогтоолоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, зүйл анги, мөнгөн торгууль болох 2800000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн мөнгөн торгуулийг 7 сарын хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч эрхэлсэн тодорхой ажилгүй. Одоогоор ажилд орох гээд хөөцөлдөж байна. Хуулинд зааснаар шүүх шүүгдэгчийн хувийн байдал, орлого олох боломжийг харгалзан үзээд 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх заалт байдаг. Миний үйлчлүүлэгч сард 400000 төгрөгийг төлөх боломжгүй. Шүүхээс тогтоосон хугацаанд мөнгөн төлбөрөө төлөхгүй тохиолдолд хорих ялаар солигдох аюултай байгаа учраас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг сайн дураараа төлж барагдуулсан, үлдсэн мөнгөн төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж торгуулийг төлөх хугацааг сунгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

         Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад “Мөнх цаст транс” ХХК-ий захирал Ш.******* нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлдээ /хх-15/  ...манай компаний улс хоорондын ачаа тээвэр хариуцсан менежер ажилтай Б.******* нь тээвэртэй холбоотой асуудалд цагдаа, шүүхийн өмнө компанийг бүрэн төлөөлөх болохыг итгэмлэв” гэснээс үзэхэд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэх Н.*******д холбогдох хэрэгт компанийг төлөөлөн оролцох этгээдэд итгэмжлэлийг олгоогүй.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн хуулийн этгээдийг хохирогч гэнэ”, мөн зүйлийн 2-т “мөрдөгч хохирогчоор тогтоох шийдвэр гаргана” гэсэн хуулийн заалтуудыг буруу хэрэглэж  энэхүү эрүүгийн хэрэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээсэн “Мөнх цаст транс” ХХК-ийг хохиогчоор тогтоосон тогтоолыг мөрдөгч гаргалгүйгээр хохирогчоор Б.Мөнх-Эрдэнийг /хх-16-17/ томилсон.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэсэн хуулийн заалтыг мөрдөгч анхаарч үзээгүй байна.

          Хохирогч Б.*******эс мэдүүлэг авсан тэмдэглэлд /хх-18/ мөрдөгч хохирогчоос ...танай “Монпорд” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 172900033 тоот хэрэгт холбогдох Н.*******аас одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байна уу... гэсэн асуултыг тавьж хариултыг авсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хохирогчийн эрх, үүргийг эдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

         Мөрдөгчийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд /хх-23/ Б.Тодгэрэлийг шинжээчээр томилсоныг хөрөнгийн үнэлгээний тайлантай харьцуулан үзэхэд Б.Тодгэрэл нь үнэлгээний туслах ажилтан албан тушаалыг /хх-32/ эрхэлдэг гэж гарын үсгээ зурсанаас үзэхэд Б.Тодгэрэл нь эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоох тусгай мэдлэг бүхий шинжээч мөн эсэх нь эргэлзээтэй.

         Яллагдагч Н.*******аас мэдүүлэг авахдаа ...та өмгөөлөгчтэйгээр мэдүүлэг өгөх эрхтэй, энэ эрхээ эдлэх үү гэсэн асуултыг тавихад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гэснээр мэдүүлэг авсан, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-111-115/ шүүх хуралдааныг даргалагч шүүгч нь Н.*******аас өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д ...яллагдагч, шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна”, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 3, 6-д  “...мөрдөгч яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлөгчөө сонгох боломжоор хангана”,  “яллагдагч, шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” гэсэн хуулийн заалтуудыг мөрдөгч, шүүгч нар зөрчсөн.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т “...яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нь ямар үндэслэлээр өмгөөлөгч авахгүй болсныг тодруулан асууж хэрэв өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтэй байгаа бол энэ талаарх хүсэлтийг нь бичгээр гаргуулан авах хуулийн зохицуулалтыг мөрдөгч, шүүгч нар биелүүлээгүй байна.

          Иймд анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

           Давж заалдах шатны шүүхээс Н.*******д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Н.*******д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.*******д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА