Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 383

 

 

 

 

 

 

 

 

      2020           4            20                                     383    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Ц.Долгормаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал /2714/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бад холбогдох эрүүгийн 2005 0086 10493 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик мэргэжилтэй, Б.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг арвин индустриал” ХХК-ийн байранд хохирогч Б.Ттэй маргалдаж, улмаар түүний нүүрэнд тамхи унтрааж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Б мэдүүлэхдээ:

Хохирогчтой ажлаас болоод маргасан. Маргалдаад бие биенээ түлхэхдээ би тамхитай гараараа санаандгүй савчихсан юм. Санаатайгаар тамхины цогоор түлээгүй. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хөнгөн гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй. Харин сүх барьж дайрсан үйлдлийн хувьд хохирогч намайг хэл амаар доромжлоод байсан тул түүнийг айлгах гэсэн юм. Хохирогч надаас 1 000 000 төгрөг нэхэмжилсэн. Би хэрэг шүүхэд шилжсэний дараа 1 050 000 төгрөгийг хохирогчид өгсөн. Цаашдаа биеэ зөв авч явна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Т мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчим ажил дээрээ байж байхад манай компанийн засварын дарга Б намайг “40 дүгээр чингэлэгийг хурдан онгойлго” гэхээр нь би шууд явж очоод онгойлгох гэтэл Б.Б миний танихгүй нэг хүнтэй зогсож байгаад намайг “хурдан онгойлгооч пизда минь” гэхээр нь би Бын өөдөөс муухай харахад Б намайг “үхсэнээ хийгээд муухай хараад байгаа юм бэ” гэхээр нь би “тийм, муухай харж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б намайг заамдаж өргөөд “чи муу яахаараа над руу муухай хардаг юм, пизда минь” гэхээр нь “та яагаад намайг тэгж хэлдэг юм бэ” гэхэд Б ах шууд миний нүүр рүү цохиод бид хоёр хэрэлдсэн. Тэгтэл Б намайг хэл амаар доромжлоод байж байхад манай компанийн ажилчид болох А, Ч нар хүрч ирээд салгахад Б над руу ойртож ирээд амандаа зуусан байсан тамхиа миний нүд рүү чиглүүлээд дарахаар нь би хойшоо ухрахад, миний нүдний доод зовхин дээр тамхиа унтраасан. Тэгээд манай ажлынхан салгаад хоёр тийшээ болоход Б галын сараалжнаас модон иштэй улаан сүх бариад “чамайг ална, чи муу ямар овоо гөлөг вэ” гээд над руу дайрахад манай ажилчид салгасан.

Миний бие Б.Баас эмчилгээний зардал болох 1 050 000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 8-9, 41 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.А мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед сэлбэгийн агуулахаас гарч ирэхэд манай ажлын Б, Т хоёр заамдалцаад зогсчихсон, манай механик Ч тэр хоёрыг салгах гээд зогсож байхаар нь би очоод Тг салгаж хойш нь татсан. Би Тг салгаад хойш нь татахад Б галын өрөөнөөс нэг сүх гаргаж ирэхэд нь манай ажлын нэг хүн очоод салгаж авсан гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ч мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед шиг санагдаж байна. Би засварын цехээс гараад иртэл манай ажлын ахлах инженер Б, хангамжийн нярав Т хоёр муудалцаад, заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гэтэл тэр хоёр дийлдэхгүй байж байтал манай ажлын механик А хүрч ирээд Тг хойш нь татаад би Б ахыг хойш нь татаж салгасан. Тэгээд тэр хоёр хоёр талд гарчихаад хэрэлдээд байсан. Гэтэл Б ах гүйж очоод галын цэгээс сүх барьтал манай нэг ажилтан салгаж авсан. Б ахын гарт тамхи байсан эсэхийг нь би анзаарч хараагүй. Тухайн үед салгах гээд сөхөөгүй байсан гэжээ. (хэргийн 11 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ:

Миний гаргасан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2906 тоот дүгнэлтэд тусгагдсан зүүн нүдний доод зовхинд түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх шарх нь дугуй хэлбэрийн байснаас үзэхэд тамхины галаар дарахад үүсэх боломжтой. Шүргэхэд үүсэх боломжгүй гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2906 тоот дүгнэлтэд:

1. Б.Тгийн биед зүүн нүдний доод зовхинд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.   

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 19-20 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хишиг арвин индустриал” ХХК-ийн байранд хохирогч Б.Ттэй “муухай харлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний зүүн нүдний доод зовхийг тамхины галаар түлж, эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхинд түлэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Т, гэрч С.А, Г.Ч, шинжээч Ч.Эрдэмболор нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2906 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд эмчилгээний зардал болох 1 050 000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Бад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН