| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 771 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 771
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч Б.Ганзориг,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.О холбогдох эрүүгийн 1906 03389 2499 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 сарын 3-ны өдөр Архангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хүүхдүүд, зээ нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо тоотод оршин суух хаягтай,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 000 төгрөгөөр торгуулсан, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Б.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна ил зогсоолд байрлуулсан 48-19 УНН улсын дугаартай Транд марк-2 маркийн автомашины цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн П.Дамдинваанжилын бэлэн 1.300.000 төгрөгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах
ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч П.Дамдинваанжилын өгсөн мэдүүлэг /хх-13/, гэрч Р.Дөлгөөний өгсөн мэдүүлэг /хх-14-15/, гэрч Н.Билэгсайханы өгсөн мэдүүлэг /хх-16/, гэрч Г.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-54-55/, Б.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-69-71/, иргэн П.Дамдинваанжилын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-
11/, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 262 дугаартай шийтгэх тогтоол /хх-75-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна ил зогсоолд байрлуулсан 48-19 УНН улсын дугаартай Транд марк-2 маркийн автомашины цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн П.Дамдинваанжилын бэлэн 1.300.000 төгрөгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Дамдинваанжилын өгсөн: “2019 оны 6 сарын 4-ний өдөр өөрийн найз Очирсүх, Дөлгөөн Эрхэмсайхан нартай уулзаж Дөлгөөний машинд сууж байгаад хүний 2 шил пиво уусан ба тухайн үед Очирсүх уугаагүй юм. Тэгээд орой 21-ээс 22 цагийн үед Очирсүх миний машиныг бариад Дөлгөөн машинаа орхиод бүгд миний машинд суугаад караоке орох гээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн урд талын зогсоолд очиж зогсоод замын урд талдп байх караокед орсон. Ингэж караокед орохдоо би өөрт байсан бэлэн 1.300.000 төгрөгийг найзуудынхаа хажууд гаргаад машиныхаа ард талын суудалны голын хайрцаг руу нь хийж нуусан юм. Намайг тэнд мөнгө хийж үлдээж байгааг дээрх найз нар л харсан. Тэгээд бүгдээрээ караоке орж 1 цаг дуулаад пиво ууж байгаад орой 23 цагийн үед бүгдээрээ хамт гарч ирээд Дөлгөөн ганцаараа түрүүлээд явсан. Тэгээд би Билэгсайханыг дагуулан зам дээрээ такси барьж түүнийг таксинд суулгаж өгчихөөд Очирсүх бид хоёр дулгүүр орж хүний 1 шил пиво авч манай байрны орц руу орж уусан. Тэгээд шөнө 01 цагийн үед Очирсүхийг манай ороод хоноод яв гээд явчихсан. Тэгээд би гэртээ орж амарч байгаад өнөөдөр 13 цаг өнгөрөөд гарч машинаа хартал миний машины зүүн талын арын хаалганы жижиг шилийг хагалж хулгай ороод миний нуусан 1.300.000 төгрөгийг аваад явсан байсан. Намайг энэ мөнгийг нуухыг манай найз Очирсүх, Эрхэмсайхан нар харсан учир энэ хоёрыг сэжиглэж байна. Машинд хулгай орсныг мэдээд манай Дөлгөөн өөрөө ирээд харж үзээд явсан учир Дөлгөөнийг сэжиглэхгүй байна. ”/хх-13/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.Дөлгөөний өгсөн: “П.Дамдинваанжил 1.300.000 төгрөгийг машиныхаа арын суудлын голын хайрцагт хийж үлдээсэн. Бид нар бүгд л хараад байж байсан." /хх-14/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Билэгсайханы өгсөн: “П.Дамдинваанжил миний машинд нуусан бэлэн 1 300 000 төгрөг алга болчихсон байна. машины арын
цонхыг хагалсан байна гэж хэлж байсан."/хх-16/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Эрдэнэчимэгийн өгсөн: “Би багаасаа мэднэ. Нэг нутгийнх болохоор 10 жилээсээ хамт байсан. Улмаар 2016 онд бид хоёр 1 хүүтэй болсон. 2019 оны 6 дугаар сарын дундуур хоёр тийшээ болсон. Улмаар тухайн үед 2018 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө тархинд цус харваж нэг тал мэдээгүй болоод хэвтэрт орсон. Тухайн үед Очирсүх ирж намайг асарсн. Би тэгээд 2019 оны 6 дугаар сарын эхээр хятад эмнэлэгт зүү барианд орж Очирсүх мөнгө өгч явуулж байсан. Хүүгээ сайн харахдаа надтай сайхан харьцдаг байсан. Намайг өвдсөний дараа нэг сарын дараа ирсэн. Тэгээд би гомдсон байсан болохоор 2 тийшээ болсон.” /хх-54-55/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.О яллагдагчаар өгсөн: “2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Дамдинваанжил бид 2 ажил дээр нь хамт очсон. Ажил дээр нь хамт ажиллдаг 2 хүнийг авсан. Тухайн үед би Дамдинваажилын тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан. Дамдинваажил 2 найзтайгаа архи уусан. Улмаа би гэрт нь хүргэж өгөөд явсан. Гэтэл хамт байсан 2 найз нь өнөөдөр танилцчихаад хамт ууя, гээд байсан болохоор нь би хамт уусан. Тухайн үед Дамдинваанжилын гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шүүхийн өмнө тээврийн хэрэгсэлийг байрлуулсан. Улмаар архи уухаар болоход Дамдинваанжил 1.030.000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд нэмж архи ууна гээд тэр мөнгөнөөсөө 100.000 төгрөг аваад үлдсэн. Мөнгийг машиндаа нууж орхисон.”/хх-69-71/ гэх мэдүүлэг,
Иргэн П.Дамдинваанжилын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-11/,
2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 262 дугаартай шийтгэх тогтоол /хх-75-76/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.О нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Дамдинваанжилын өгсөн мэдүүлэг, гэрч Р.Дөлгөөний өгсөн мэдүүлэг, гэрч Н.Билэгсайханы өгсөн мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэчимэгийн өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.О нь 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна ил зогсоолд байрлуулсан 48-19 УНН улсын дугаартай Транд марк-2 маркийн автомашины цонхыг хагалж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар иргэн П.Дамдинваанжилын бэлэн 1.300.000 төгрөгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Б.О гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн учруулсан хохирол болох 1.300.000 төгрөгийг нөхөн төлсөн ба үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх шүүгдэгч Б.О холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Б.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС