Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

      2020           4         20                                      384       

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Р.Т, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Тд холбогдох эрүүгийн 1905 0245 90148 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, трактор комбайнны жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 1 300 000 төгрөгийн цалинтай, ам бүл 2,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Т.

 

Шүүгдэгч Р.Т нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын замын хойно байрлах туслах зам дээр мөн согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Л.Бн зүй бус харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь духны урд хана, зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы зөрүүтэй хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.Т мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Тус прокурорын уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн болсон асуудлыг согтуу байсан болохоор тодорхой санахгүй байгаа. Найзаасаа асуухад харилцан зодолдсон гэж хэлж байсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Би хувиараа барилгын ажил эрхэлдэг юм. Ажлаа хийгээд цалингаараа төлнө гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Б мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 21-ний орой би ажлаасаа ирээд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд 20-21 цагийн орчимд 4 найзтайгаа уулзсан. Тэгээд нэрийг нь мэдэхгүй пабад орсон. Бид 0.75 литр архи нэг шилийг захиалж авсан бөгөөд би тэр архинаас уугаагүй. 23 цагийн үед пабаас гараад нэрийг нь мэдэхгүй караокед ороод дахин 0.75 литр архи аваад тэр архинаас би уугаад дуулж байгаад 00 цагийн үед караокеноос гараад хоёр найз маань явсан. Би А, Эрдэнэхүү хоёртой үлдсэн. Би тэр орчимд ойрхон хүнсний дэлгүүр ороод чихэр, жимс, 1 шил 0.5 литрийн архи авсан. 10 дугаар хорооллын байрны дунд А, Эрдэнэхүү бид гурав 0.5 литр архиа хувааж уугаад дууссан. Тэгээд бид гурав гэр рүүгээ явах гээд 10 дугаар хорооллын төв зам руу гарах гээд явахад Эрдэнэхүү, А хоёртой 3 залуу ирээд маргалдсан. Би тэд нарыг салгаад байж байхад хойш хөл алдаад ухарсан. Тэгээд би хойшоо болоод хөл эвгүй болохоор нь юм түшээд зогсож байгаад явах гэтэл миний араас “хөөе” гээд хүн дуудсан. Эргээд харахад миний нүүр хэсэгт цохисон. Би газар унаад эмнэлэг, цагдаа дууд гээд Ааар дуудуулсан. Миний нүүр рүү нэг удаа хүчтэй цохисон. Намайг цохисон хүн малгайтай цамцтай, дээгүүрээ цайвар шаргал хувцастай байсан. Эмчилгээ хийлгэсэн баримтаар 1 337 572 төгрөг болсон байгаа. Би ажилдаа 7 хоног яваагүй. Ажлын хөлс 800 000 төгрөг болсон. Дахин эмчид үзүүлээд баримт гаргаж өгнө. Гомдолтой байна, би эрүүл мэнд, гоо сайханаараа хохирсон. Үүнтэй холбоотой 10 сая төгрөг нэхэмжлэнэ. Гэхдээ энэ талаар баримт байхгүй гэжээ. (хэргийн 15-16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

2019 оны 5 дугаар сарын 21-ний орой найз нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаа хороо, 10 дугаар хороололд Эрдэнэхүү, Б, Шинэ-Од бид дөрөв пабад 1 шил архи уусан. Караокед дахин 1 шил архи уугаад караокеноос харанхуйд гараад Шинэ-Од гэр рүүгээ явсан. Хүнсний дэлгүүр рүү Эрдэнэхүү, Б нарын хамт орсон. Тэгээд Эрдэнэхүү бид хоёр түрүүлээд гарч ирээд тамхи татаж байхад 3 залуу зогсож байгаад Эрдэнэхүүтэй юм ярьсан. Б дэлгүүрээс гарч ирээд бид гурав хойшоо байр руу орж дахин нэг шил архи уусан. Архиа уучихаад буцаад зам руу явж байхад Эрдэнэхүүтэй ярилцаж байсан залуустай дахин таарсан. Тэгээд Эрдэнэхүү бид хоёр саарал цамцтай, бараан цамцтай хоёр залуутай зогсож байхад Б нүдээ цохиулчихлаа гэсэн. Тэгээд Б руу очоод цагдаа дуудсан. Тэр үед Бг цохисон залуу зугтаасан. Би ойр орчмын хүмүүсээс хэн цохисон гээд асуухад нэг хүн цаашаа гүйчихлээ гээд би араас нь очоод бариад авсан. Тэр залуу туранхай намхан залуу байсан. Тэгээд би Бг хэвтээд байхаар нь цусыг нь тогтоох юм хайж байхад нөгөө залуу гарнаас мултраад зугтаасан. Цагдаа нар ирээд тэр залууг хайхад тэр залуу олдоогүй. Маргаан үүсгэсэн залуу ягаан срочкин цамц, саарал малгайтай цамцтай, малгайтай хар куртиктай намхан залуу байсан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Г мэдүүлэхдээ:

Би хувиараа барилгын өрлөг хийдэг. Компаниуд зар тавихаар нь утсаар яриад өрлөг хийдэг юм. Хан-Уул дүүргийн Богд хаан амралтын газрын урд барилгын ажил аваад тэндээ барилга дээр ажиллаж байсан. Тухайн үед Ттэй хамт ажиллаж байсан. Бид хоёр барилгын ажил тараад 20 цагийн үед Зайсангийн орчим архи ууж байсан. Тэр үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас Асралт ах, эхнэрийн хамт хот руу орж байна гэж над руу ярьсан. Асралт ахыг машинтай яваа гэхээр нь Зайсанд ирээд авчих гэж хэлсэн. Асралт ах 21 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт Зайсанд ирээд Т бид хоёрыг аваад бид нар Зайсан орчмоор алхаж байгаад Асралт ахын машинтай 10 дугаар хороолол руу ирээд Асралт ах эхнэрээ 10 дугаар хороололд буулгасан. Тэгээд 10 дугаар хорооллын автобусны буудлын хойшоо зам гараад хүнсний дэлгүүрээс 2 литрийн “Боргио” нэртэй пиво аваад 10 дугаар хорооллын “Стелла” баарны урд сааданд Т бид хоёр уугаад, Асралт ах уухгүй хамт сууж байхад 3 залуу ирээд яриа өдөөд уух уу гэж байснаа болиод тэр гурван залуу хойшоо явчихсан. Т бид хоёр пивоо ууж дуусч байхад нөгөө 3 залуу их согтсон хүрч ирсэн. Одоо цохиулсан гээд байгаа залуу Т бид хоёрын голд ороод хоёр гараа бид хоёрын мөрөн дээр тавиад юм яриад явж байснаа томроод эхэлсэн. Тэгтэл Тийн уур нь хүрээд барилцаад авсан байх. Тэгтэл Тд гомдол гаргасан залуу хувцаснаас нь угзараад доошоо татахад Т газар гараараа тулаад босож ирсэн. Тэр үед би тэр хоёрыг салгах гэтэл хамт явсан залуус нь бичлэг хийгээд байх шиг байсан. Тэгээд гомдол гаргасан залуу хойшоо болохдоо хальт гишгээд унах үед Т тэр залуугийн нүүр рүү өшиглөсөн. Т зугтаж гүйж байхдаа тоосго бариад нөгөө залууг цохих гэж дайрах үед нөгөө залуу нь газар хэвтэж байсан. Би боль гээд тоосгыг нь тавиулсан. Тэгээд Тийг аваад зүүн тийш явсан. Асралт ах хол зогсож байсан гэжээ. (хэргийн 23-24 дүгээр хуудас)

 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6834 тоот дүгнэлтэд:

1. Л.Бн биед духны урд хана, зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы зөрүүтэй хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт 856 тоот дүгнэлтэд:

1. Л.Бн биед хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, хэлбэр зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алимны чичирхийлэлтгүй гэсэн нь гадна харагдах байдлаар дээрх шинжүүд илэрч байсан учир үзлэгийн хэрэгт тусгасан.  

2. Нүдний урвалын шинжилгээг нүдний нарийн мэргэжлийн эмчийн тусгай багаж, техникийн тусламжтайгаар хийдэг.

3. Л.Б нь зүүн нүдний болоргүйдэл, шиллэг биеийн бүдэгшилт, зүүн нүдний хараагүйдэлтэй байсан ба хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд авсан гэмтлийн улмаас өмнөх гэмтлийг сэдрээгээгүй, цаашид эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 31-32 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.Т Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Р.Т нь согтууруулах ундаа уусан үедээ 2019 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын замын хойно байрлах туслах зам дээр мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч Л.Бн зүй бус харьцаанаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь өшиглөж, эрүүл мэндэд нь духны урд хана, зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы зөрүүтэй хугарал, зүүн хөмсөгт няцарсан шарх, тархи доргилт, баруун өвдөгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Б, гэрч Б.А, Г.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 6834,  856 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Р.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Л.Б нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 738 472 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж,

ажлаа алдсан, цалин хөлс хасагдсан, цаашид учирч болзошгүй өвчин, гоо сайханы хохиролд 10 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой 738 472 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул Р.Төөс 738 472 төгрөг гаргуулж, хохирогч Л.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Харин хохирогч нь ажлаа алдсан, цалин хөлс хасагдсан, цаашид учирч болзошгүй өвчин, гоо сайханы хохиролд 10 000 000 нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Шүүх шүүгдэгч Р.Төд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000  төгрөгөөр торгох ял шийтгэсэн бөгөөд шүүгдэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 03-наас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 18 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 төгрөгөөр тооцож, эдлэх торгуулийн ялаас хасаж, 600 000-270 000= 330 000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 18 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Р.Тийн энэ хэрэгт цагдан хоригдсон 18 /арван найм/ хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний 15 000 төгрөгөөр тооцож, 270 000 төгрөгийг 600 000 төгрөгөөр торгох ялаас хассугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 330 000  төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Р.Тд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Т нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч 18 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Р.Төөс 738 472 төгрөг гаргуулж, хохирогч Л.Бд олгосугай.

 

8. Хохирогч Л.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН