Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 387

 

 

 

 

 

 

 

 

2020           4               21                                   387

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,  

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэг,

            хохирогч: Ч.Х, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /0200/,

            шүүгдэгч: Г.У, түүний өмгөөлөгч Т.МөнхТ /0170/, 

             шүүгдэгч: О.Э, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор /0205/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У нарт холбогдох эрүүгийн 1905 0151 21320 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, “Шонхор тас” ХХК-д харуул ажилтай, сард 850 000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Э.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Түмэн сант трейд” ХХК-д хамгаалагч ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 4, ээж, 2-18 насны 2 дүүгийн хамт У.

 

Шүүгдэгч О.Э нь “Таян сонор хайрхан” ХХК-д ачигчаар ажиллаж байхдаа Г.Утай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 12 779 000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн бараа материалыг хулгайлан авсан,

2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 605 000 төгрөгийн үнэ бүхий f-30 загварын хадагч хадаас 100 ширхэг, Т-50 загварын хадагч хадаас 120 ширхэгийг тус тус хулгайлан авахыг завдсан, бусдад нийт 13 384 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.У нь О.Этэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 12 779 000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг худалдан борлуулахаар урьдчилан амлаж, улмаар зарж борлуулан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн эзэмшдэг агуулахаас нийт 605 000 төгрөгийн үнэ бүхий f-30 загварын хадагч хадаас 100 ширхэг, Т-50 загварын хадагч хадаас 120 ширхэгийг тус тус хулгайлан авахыг завдсан, бусдад нийт 13 384 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Э мэдүүлэхдээ:

Би “Таян сонор хайрхан” ХХК-д ачигчаар 2 жил гаруй хугацаанд ажилласан. Тэр хугацаанд гадна контайнерт суудаг байсан. Нэг хэсэг бие өвдөөд дотор лангуунд сууж эхэлснээс хойш 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 7 хоногийн өмнө хамгийн анх У надтай ирж уулзаад “бараа материал гаргаж, зарья” гэсэн санал анх хэлэхэд нь тухайн үед би архи уусан байсан тул “тэгье” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 02-ноос эхэлж 7 хоногт 2-3 удаа бараа материал гаргадаг болсон. Өдөртөө 50 000-150 000 төгрөгийн бараа материал, 5-6 хайрцаг гаргадаг байсан. Бараа материалын мөнгөө У бид 2 тэнцүү хувааж авдаг байсан. Би өөрийнхөө авсан мөнгөө ууж, идэх юманд зарцуулсан. У гэртээ зурагт авсан. Бусад мөнгийг нь яасныг мэдэхгүй байна. Сүүлд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бараа материал гаргах гэж байгаад баригдсан. У зах дээр машинтай ирээд, тэнд зогслоо гээд машины багаажийг онгойлгож өгдөг байсан ба тэр авсан барааг гадуур зардаг байсан. Хаана, хэнд зардаг байсан талаар  би мэдэхгүй. 2020 оны 01 дүгээр сарын дундуур Уын өмгөөлөгч намайг дуудаж уулзсан. Ажлын байран дээр нь очиж уулзаж хэргийн талаар бүх үнэнээ ярихад  өмгөөлөгч нь намайг “чи бүх хэргээ хүлээчих” гэсэн. Сүүлд У бас фэйсбүүкээр “чи ганцаараа хэргээ хүлээчих, би хохирол мөнгийг төлнө” гэж хэлсэн. Би хулгай хийсэн мөнгөнөөс 8 000 000 төгрөг авсан. Хохирлыг төлнө. Аав ээж маань зээл хөөцөлдсөн боловч бүтэхгүй байна. Надад урьд нь машин байсан. Түүнийгээ сүүлд авсан машинаар сольсон. Өөрийн бурууг ойлгож байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.У мэдүүлэхдээ:

Хамгийн анх Э “Машин авах хэрэгтэй байна. Чи надад туслах уу гэсэн. Яаж туслах юм гэсэн чинь андаа хүрээд ир, ирэхээр чинь хэлье” гэсэн. Тэр үед би Идэр их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан байсан. Тэгээд хичээлээ тараад барилгын зах дээр очиход Э “бараа гаргаж зарья” гэдэг санал тавьсан. Би багаасаа түүнтэй найз байсан тул түүнд туслах үүднээс саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингээд 7 хоногт 2-3 удаа бараа гаргадаг. Бараа гаргасан өдрөө  3-4 удаа зөөдөг байсан. Өдөрт гаргаж байгаа барааны үнэ нь 600 000, 700 000, 800 000, 1 000 000 гээд янз янз байдаг байсан. Зарсан барааныхаа мөнгийг дансаар аваад Эийн данс руу хийдэг байсан. Э надад таксины мөнгө өгдөг байсан. Орой нь зарсан барааныхаа тооцоог хийгээд Эийн данс руу хийгээд явдаг байсан. “Манай ээжийн төрсөн өдөр болоод би 30 000 төгрөг зээлээч” гэхэд яах гэж байгаа юм гэхээр нь “өнөөдөр манай ээжийн төрсөн өдөр гэсэн чинь тэгвэл намайг ажил тартал тоглоомын газар хүлээж бай” гээд ажлаа тараад машинтайгаа ирсэн. Тэгээд “Сандэй” худалдааны төв рүү очоод “төрсөн өдрөөр нь ийм бэлэг байвал яадаг юм” гээд зурагт санал болгосон. Би өөрөө “зурагт авъя” гэж хэлж байгаагүй. Тэгээд би Эийн саналыг хүлээж аваад “баярлалаа” гэж хэлээд зурагтаа аваад гэр рүүгээ явсан. Э олсон мөнгөөрөө байр хөлсөлж, машин авсан. Машиндаа гэрэлтүүлэг, гоёл чимэглэл, засвар үйлчилгээнүүд хийсэн. Өдөрт хичнээн тооны бараа материал гардаг байсан нь миний дансны хуулгаар бүгд гарч ирнэ. Хамгийн анх хулгай хийе гэсэн саналыг Э надад санал болгосон. Миний данс руу орж ирсэн бараа материалын мөнгийг бүгдийг Эийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс 1 200 000 төгрөг дутаад байгаа. Бид бараа материал зарсан мөнгөө тэнцүү хувааж авч байгаагүй. Хэрэв тэгж авсан бол би өөртөө юм авах ёстой байсан байх. Би хохирлоос 1 500 000 төгрөг төлнө.  Би хичээл тараад, такси аваад очдог, таксины мөнгийг Эрдэнэнбилэг төлдөг, надад бас хэрэглээний мөнгө гэж өдөрт, 20, 30, 40 мянган төгрөг өгдөг байсан. Би хэрэг хийсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Машин механизм ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөч гэж хүсч байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ч.Х мэдүүлэхдээ:

Би 2008 онд “Таян сонор хайрхан” ХХК-ийг байгуулсан. Энэ компанийг өөрийн ээж болон дүү нартайгаа нийлж ажиллуулдаг. Манай худалдагч дүү нараас “Э машинтай болсон, үнэтэй гар утас бариад цалингаас гадуурх орлого нь нэмэгдээд байх шиг байна. Энэ дээр анхаармаар байна” гэж байсан. Тэгээд би хүний хийж байгаа үйлдлийг хараагүй байж яаж гүтгэхэв гэж бодоод хараад байсан. Тэгээд хяналтын камераар харж байхад дэлгүүр рүү оруулах бараанаас өөр бараа гаргаад байна гэсэн. Ингээд хулгайн үйлдлийг нь илрүүлсэн. Эийн эцэг эх, Уын ээж, Э, У нар надтай ирж уулзаад “хохирлын хэмжээг тогтоолоо, У 2 000 000 төгрөг өгөхөд болох юм байна. Үлдсэн мөнгийг Э төлье. Битгий цагдаад өгөөч” гэж гуйсан. Би залуу хүмүүсийн алдааг нэг удаа уучлая гээд нэлээд хэд хоног хүлээсэн. Сүүлдээ хэлсэн зүйл нь худлаа болоод явчихсан. Эцэг, эх нь “мөнгө хайж байна, тийшээ явлаа, ийшээ явлаа” гэж худал хэлээд алга болсон. Харин Уын ээж “2 000 000 төгрөг аваад ирлээ, манай хүүхдийг чөлөөлж өгөөч” гэсэн. Харин би “та нар хоорондоо ярилцаад миний хохирлыг бүрэн барагдуулж өг” гэсэн. Тэгээд цагдаад гомдол өгсөн. Миний хувьд гомдолтой байна. Анх уулзсанаас хойш “алдаагаа засъя, мөнгө төгрөг өгье” гэж нэг ч удаа яриагүй. Бараа материалын хохирлоо анх авсан үнийн дүнгээрээ хүсэлт гаргаад 15 000 000 төгрөгөөр тооцож цагдаад гомдлоо гаргасан. Үнэлгээний компани хохирлын үнийн дүнг бууруулаад 12 779 000 төгрөгөөр үнэлсэн байсан. Иймд үнэлгээгээр тогтоосон мөнгөө нэхэмжилж байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Т мэдүүлэхдээ:

“...2019 оны 2 сарын орчимд ажиллаж байгаад миний бие өвдөөд нуруундаа эмчилгээ хийлгэхээр сувилалд явахаар болж худалдах бараа материалаа 2 давхрынхаа агуулахад цэгцлээд хураагаад явсан. Тэгээд сувилалаас ирж ажилдаа ирэхэд агуулахад миний үлдээсэн хөөс, силикон, авто замаск, нэмэх, хасах гэрэл зэрэг бараа материалаас нилээд их хэмжээгээр байхгүй болохоор нь би эргэж гараад камераа шүүж үзтэл манайд ажиллаж байсан Э агуулахаас бараа гаргаад зөөж байгаа нь бичигдсэн байсан болохоор нь захирал Хд мэдэгдэж агуулахад байгаа бараад тооллого хийсэн гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Б мэдүүлэхдээ:

Х нь манай эхнэр Тгийн төрсөн ах нь юм. Би Хаш-Эрдэнийн ажилд тусалж, хамтарч ажилладаг. Э гэх залуу манайд ачигчаар 2 жил 3 сар орчим хугацаанд ажиллаж байсан юм. Би Эийн хулгай хийж байгаад баригддаг өдөр дотор агуулахын хяналтын камерыг хараад сууж байтал Э оруулж өгөх бараанаас өөр төрлийн бараа болох сликон, Т-50 гэх барилгын материалын сум зэрэг бараа зөөгөөд байсан. Тэгэхээр нь би гадаа байсан дүү болох Ариунболдод хэлээд “Э гадаа бараа гаргаад, юм ачаад байгаа юм биш үү, хараадах” гэхэд Ариунболд намайг “гараад ир” гэсэн. Би гараад очиход Э нь агуулахын хажууд Т.Приус-10 загварын автомашин байрлуулсан бараа ачиж байсан. Эээс гадна өмнө нь манайд хэсэг ажиллаж байсан У, мөн машины жолооч гурвуулаа байсан. Жолоочийг нь танихгүй. “Юу болж байгаа юм бэ” гэхэд Э “ахаа миний буруу, би хулгай хийсэн, намайг цагдаад битгий хэлээч” гэсэн. Тэгэхээр нь би “өмнө нь манайхаас эд зүйл дутаад байгааг мэдээд чамайг бариагүй байж худлаа гүжирдэж чадсангүй” гэтэл Э “би 10 гаруй удаагийн үйлдлээр бараа авсан. Танд би бичиг хийж өгье” гээд өөрөө машинд сууж байгаад гар бичмэл бичиж өгсөн. У бас бичиж өгсөн. Э, У нараас “та нар хэдэн удаагийн үйлдлээр бараа материал авсан юм бэ” гэхэд “10 гаруй удаагийн үйлдлээр авсан” гэсэн. “Тэгвэл энэ талаараа бичиг хийж өг” гэхэд “за” гээд хийж өгсөн. Бид нарын зүгээс дарамталж шахсан асуудал байхгүй гэжээ. (хэргийн 25-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Тэмүүжин мэдүүлэхдээ:

Би 21-64 УНЦ улсын дугаартай, Тоёота приус-11 загварын ягаан, цэнхэр өнгийн машинаар 2 жил орчим Улаанбаатар хотод халтуур хийсэн. 2019 оны хавар байсан шиг санаж байна. Сap, өдрийг нь сайн санахгүй байна. Би “Богд-Ар” хорооллын арын зогсоолд такситайгаа зогсдог юм. Гэтэл нэг өдөр 20 орчим насны өндөр туранхай нүдний шилтэй залуу такси бариад явсан. Такси барьж яваад “Биг” худалдааны төв рүү очсон. Очоод тэр залуу машин дотор сууж байхад “Биг” захаас нэг залуу хайрцагтай барилгын материал гаргаж ирсэн. 1 билүү 2 хайрцагтай юм байсан. Би бодохдоо тэр хайрцагтай зүйлүүдийг гаргаж ирсэн залууг такси авсан залуугийн найз гэж ойлгосон. Тэр хайрцагтай зүйлүүдээ аваад гурвалжингийн гүүрийг урдаас хойшоо даваад буцаж эргээд “Комплекс” гэх барилгын захын гадаа ирээд зогссон. Тэгээд тэндээ хүнд өгсөн шиг санаж байна. Би тэр залууг бодохдоо түгээлт хийж яваа юм байх гэж бодож байсан. Тэр залууг хайрцагтай зүйлүүдээ өгөөд мөнгө авсан эсэх талаар би хараагүй. Буцаж таксинд суугаад “Биг” зах руу очиж буусан шиг санаж байна. Надад таксины мөнгө болон хүлээлтийн мөнгө гээд 15 орчим мянган төгрөг өгч байсан. Надаас тэр нүдний шилтэй залуу салахдаа “та таксинд байнга явдаг юм бол дугаараа өгчих” гээд миний утасны дугаарыг авч үлдсэн. Хэд хоногийн дараа “Богд-Ар” хороололд намайг дуудаад такси аваад “Биг” зах руу мөн очсон. Хэсэг хүлээж байгаад нөгөө найз нь гарч ирээд 2-3 хайрцагтай зүйлүүд өгч байсан. Такси авсан залуу намайг “ачилцаад өгөөч” ахаа гэхээр нь би ачиж өгч байтал дэлгүүрийн эзэн бололтой нэг ах гарч ирээд надаас “юу ачаад байгаа юм” гэхээр нь би “мэдэхгүй ээ” таксинд явж байна гэж хэлсэн. Гэтэл тэр ах нөгөө нүдний шилтэй залуутай маргалдаад дотроос нь найз нь гарч ирээд тэр ах тэр залууг загнаад байсан. Цагдаа дуудна гэхээр нь би машиныхаа дугаарыг тэмдэглүүлээд тэндээс явсан. Өөрөөр бол тэр залуутай хамт таксинд явсан асуудал байхгүй. Тэр хайрцагтай зүйлүүдэд барилгын материал байгаа гэж би бодсоноос яг дотор нь юу байгаа талаар хараагүй. Надад ч юу байгаагаа тэр залуу хэлж байгаагүй гэжээ. (хэргийн 34-35 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Мөнх-Ундраа мэдүүлэхдээ:

“Таян сонор хайрхан” ХХК-д худалдагчийн туслахын ажил хийгээд 8 cap орчим болж байгаа. Би Уыг зүс танина. Эийг сайн танина. 2019 оны 02 дугаар сард байсан өдрийг нь сайн санахгүй байна. Цагаан сарын дараа манай захирал Хаш-Эрдэнийн төрсөн дүү Т захирал Өвөрхангай аймаг руу сувилалд явсан байсан. Би тэр өдөр үдээс хойш цагийг нь сайн санахгүй байна гадаа агуулахаас бараа оруулах гээд явж байхад агуулахын гадна ягаан өнгийн Приус-11 загварын машин зогсчихсон дотор нь У суучихсан гарч ирэхгүй байгаад байсан. Би “яагаад надтай мэндлэхгүй, дуугарахгүй байгаа юм болдоо” гэж бодоод зөрөөд өнгөрсөн. Уаас гадна бас жолооч нь байсан. Би жолоочийг нь танихгүй юм байна лээ. Би бараагаа оруулж өгөөд 1 давхрын агуулах руу очиж бараа авах гээд очиход Э 2 давхрын агуулах руу орж байсан. Э надаас юу авах гэж байгаа юм бэ гэхэд би булан авах гэж байна гэсэн. Булангаа авчихаад гарч ирэхэд Э нөгөө зогсч байсан приус 11 загварын машинд сууж байсан. Би уг машины дугаарыг нь хараагүй өнгийг нь ягаан гэж санаж байна. Э намайг хараад машинаас бууж ирээд яасан гээд дотогшоо дагуулж орсон гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Дөлгөөн мэдүүлэхдээ:

Би “Комплекс” барилгын материалын лангуун дээр бараа зараад 18 жил болж байна. 2019 оны эхээр шиг санагдаж байна У гэх залуу “барилга барьж байгаад илүү гарсан эмульс, хөөс, силикон гэх мэт бараанууд байна, та худалдаж авах уу” гэхээр нь “тэгье” гэж хэлээд худалдаж авсан. Ганцаараа ирж зардаг байсан санагдаж байна. У гэх 5005543446 дансаар мөнгөө авдаг байсан. Би бэлнээр огт мөнгө өгч байгаагүй. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Хулгайн эд зүйл биш гэж хэлэхээр нь итгээд худалдаж авсан гэжээ. (хэргийн 143 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Н.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ:

Би “Хангай” зах дээр барилгын материал зараад 15 жил орчим болж байна. У гэх залуу манай лангуун дээр ирээд “солонгос хөөс, силикон цавуу, худалдаж авах уу” гэсэн. Тэгэхээр нь “эгч нь хулгайн эд зүйл авахгүй” гэсэн чинь “санаа зоволтгүй ээ, манай гэр бүлийнхэн Солонгос улсаас авчирдаг юм. Би өөрөө Солонгост ажиллаж байгаад ирсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд худалдаж авсан. Хөөсийг 1 ширхэгийг 5500, силиконыг 1 ширхэгийг 3000 төгрөгөөр зарж байсан. 2 удаа 5 хайрцаг хөөс, 5 хайрцаг силикон зарж байсан. Би мөнгөө өөрийнхөө Хаан банкны 5025052160 дугаарын данснаас шилжүүлж байсан. Ганцаараа ирж зардаг байсан гэжээ. (хэргийн 144-145 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Пүрэвцол мэдүүлэхдээ:

Би “Сутай” зах дээр 4 номерын лангууг ажиллуулаад 4 жил орчим болж байгаа юм. 7 тоот лангууг ажиллуулж байсан хүн Ховд аймаг руу нүүсэн. У гэх залуу 7 тоотын Баасанжав ахад 2019 оны 3 cap орчимд солонгос хөөс зарж байсан, намайг харж байхад 2-3 хайрцагийг зарж байсан. У гэх залуу ганцаараа ирж зардаг байсан, нилээн хэдэн удаа ирж байсан яг тоог нь санахгүй байна гэжээ. (хэргийн 146 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Олонбаяр мэдүүлэхдээ:

Манай төрсөн хүүхэд болох Э, Отгонбилэг нар нь “Биг” зах дээр тодорхой хугацаанд ажилласан. Э 4 орчим жил ажилласан. “Биг” захын Х гэх хүний доор туслах ажилтан буюу ачигчийн ажил хийдэг байсан. Цалин мөнгийг нь cap бүр тогтмол өгдөг байсан бөгөөд сарын 500 000 төгрөгийн цалинг нь өгдөг байсан. Ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сард намайг Хаш- Эрдэнэ дуудаад “Э хулгай хийсэн байна, 14 орчим сая төгрөгийн эд зүйлс хулгайлсан байна, үүнийг яах юм бэ” гэхээр нь Эээс асуухад “тиймээ. Би хулгай хийсэн нь үнэн. Найз Утайгаа хамт хулгай хийсэн” гэсэн. Тэгээд У, Э нар өөрсдөө хулгай хийсэн бараагаа тоочиж цаасан дээр бичсэн. У, Э нар ярихдаа нэг удаагийн үйлдлээр аваагүй цувуулж авч байсан гэсэн. Би “энэ их мөнгөө яасан бэ” гэхэд “идэж уугаад дуусгасан” гэж хэлсэн гэжээ. (хэргийн 32-33 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Ганцэцэг мэдүүлэхдээ:

Миний хүү Г.У амралтын өдрүүдэд “Биг” худалдааны төвд вагон буулгадаг ажил хийдэг байсан ба 2019 оны 3 сарын үед надад “би хулгайн хэрэгт холбогдчихлоо, та хүүдээ хайртай юу. Одоо ажлынхаа захиралтай уулзах гэж байна” гэхээр нь “хамт явъя” гээд “Биг” худалдааны төвд очиж Т гэх хүнтэй уулзсан. Тэгэхэд Т нь “нийт 18 000 000 төгрөг болсон” гэж хэлж байсан. Харин манай хүү Г.У нь “өөрт нь мөнгө хэрэгтэй болсон үед Эээс мөнгө авдаг байсан. Эхэндээ цалингийн оронд өгч байгаа барааг борлуулаад өг” гэсэн гээд зарж өгч байсан. Манай хүү Эээс дээд тал нь 2 000 000 төгрөг авсан гэж байсан. Надад хэлэхдээ өөрийн хэрэгцээндээ өдөрт 20 000, 40 000 төгрөг зэргээр авдаг байсан гэсэн. Тэр нь тухайн өдрийн хэрэглээ төдий болдог байсан бөгөөд хамгийн дээд тал нь нийт 2 сая төгрөг авсан гэж тооцоолж байсан. Миний хүү ийм үйлдэл хийсэнд их харамсаж байна. Миний хүүгийн учруулсан хохирлыг барагдуулна. Миний хүү уг үйлдэлдээ үнэхээр их харамсаж байгаа гэжээ. (хэргийн 96 дугаар хуудас)

 

О.Эийн Хаан банкны 5005728358 дугаарын депозит дансны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 155-161 дугаар хуудас)

 

Г.Уын Хаан банкны 5005543446 дугаарын депозит дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга. (хэргийн 111-132 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Э ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 105 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.У ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 95 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Э нь “Таян сонор хайрхан” ХХК-д ачигчаар ажиллаж байхдаа Г.Утай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн агуулахаас 12 779 000 төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн бараа материалыг хулгайлсан,

2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн агуулахаас 605 000 төгрөгийн үнэ бүхий f-30 загварын хадагч хадаас 100 ширхэг, Т-50 загварын хадагч хадаас 120 ширхэгийг хулгайлан авахыг завдаж, бусдад 13 384 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.У нь О.Этэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн агуулахаас нийт 12 779 000 төгрөгийн бараа материалыг худалдан борлуулахаар урьдчилан амлаж, улмаар зарж борлуулан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хулгайлсан, 

2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Биг” худалдааны төвийн гадна байрлах “Таян сонор хайрхан” ХХК-ийн агуулахаас нийт 605 000 төгрөгийн үнэ бүхий f-30 загварын хадагч хадаас 100 ширхэг, Т-50 загварын хадагч хадаас 120 ширхэгийг тус тус хулгайлан авахыг завдсан, бусдад 13 384 000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Х, гэрч Ч.Т, Ж.Б, М.Тэмүүжин, Н.Мөнх-Ундраа, П.Дөлгөөн. Н.Пүрэвсүрэн, Д.Пүрэвцол, М.Олонбаяр, С.Ганцэцэг нарын мэдүүлэг, О.Эийн Хаан банкны 5005728358 дугаарын депозит дансны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртлэх дэлгэрэнгүй хуулга, Г.Уын Хаан банкны 5005543446 дугаарын депозит дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Баянгол дүүргийн прокурорын газраас О.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар

Г.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Хд 13 384 00 төгрөгийн хохирол учирсан ба 605 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар нь буцаан өгсөн тул 12 779 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараар төлүүлэх үндэслэлтэй байна.

Хулгайн барааг зарж борлуулсан мөнгөнөөс шүүгдэгч Э 8 000 000 төгрөгийг,

У 1 500 000 төгрөгийг авсан болохоо тус тус хүлээн зөвшөөрч байна. Иймд маргаж буй 3 279 000 төгрөгийг шүүгдэгч нараар хуваан төлүүлж, (3 279 000 төгрөг : 2  = 1 639 500 төгрөг) тэдний төлөх төлбөр дээр нь нэмж, О.Эээс 9 639 500 төгрөг, Г.Уаас 3 139 500 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Шүүх шүүгдэгч нарын гэм буруу, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдал зэргийг харгалзан

Шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сарын хорих,

шүүгдэгч Г.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. 

 

Шүүгдэгч нар хохирол төлнө гэж завсарлага авсан боловч хэн нь ч хохирлыг бүрэн төлөөгүй тул тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тухайн зүйлд зааснаас бага ял оногдуулах боломжгүй байна.

 

Харин Г.Уын төлсөн 1 500 000 төгрөгийг түүний төлбөрөөс хасаж, 1 639 500 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Эийг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

Уыг үргэлжилсэн үйлдлээр, гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлахыг завдсан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар О.Эийг 3 /гурван/ жил, 6 /зургаан/ сар хорих,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Уыг 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Эт оногдуулсан 3 жил 6 сарын, Г.Ут оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Э, Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э, Г.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч О.Эээс 9 639 500 төгрөг, Г.Уаас 1 639 500  төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч “Таян сонор” ХХК-д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э, Г.У нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН