Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 416

 

 

 

 

 

 

 

 

   2020          4              27                                    416   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал

             хохирогч: Ж.Ц,

             шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

             Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2005007370425 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Мандах их сургуулийн банк санхүүгийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Б.

  Шүүгдэгч М.Б нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их наяд” худалдааны төвийн ойролцоо явган хүний гарц дээр иргэн Ж.Цын толгойн орой хэсэгт гараараа цохиж, гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

    ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.Б мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед манай найз Б намайг дуудаад Б, Мөнхбадрах, Галбадрах нарын хамт “Сеа” бааранд орсон. Бааранд ороод манай найзууд пиво ууж байгаад 11 цаг 40 минутын үед хаах цаг нь болоод гарах гэж байхад Мөнхбадрах охинтой уулзаад ирье гээд гарсан. Гэтэл явган хүний гарцын цаана хоёр гурван залуучуудтай маргалдаж эхэлсэн. Би очоод маргалдаж байхад Ану гэх залуу “хоорондоо маргалдаад яах вэ, ингээд салъя” гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад салаад зам хөндлөн гарах гэж байхад хохирогч Ц миний малгайтай цамцны малгайнаас хойш нь татаад “хоёулаа үзье” гэж хэлэхэд нь би зөрүүлээд заамдахад намайг түрүүлээд цохисон. Тэгээд би түүний нүүр рүү цохиод, дараа нь зулай хэсэгт нь цохисон. Үүний дараа хохирогч ухаан алдаад нүд нь тогтохгүй эргэлдээд байсан. Тэгээд газар унаад гараа алдлаад хэвтээд байсан. Тэр үед би “чамайг ганц цохисон шүү” гээд орилсон. Ингээд эргээд харахад манай найз Б Цын найзуудтай маргалдаж байсан. Би очоод салгах гэтэл дийлээгүй. Тэр үед Ану гэх залуу “Ц сэрэхгүй байна” гээд орилсон. Би буцаж гүйж очоод татаад сэрээх гэж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед цагдаа нар намайг драгер үлээлгэхэд 0,3 гэж гарч байсан. Намайг цохихоос өмнө Цын эрүүл мэндийн байдал хэвийн байсан. Миний цохилтын улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан. Цагдаа дээр байхдаа цагдаагаас “ажил хийгээд хохирлоо төлөх гэсэн юм” гэж гуйгаад ажил хийсэн боловч цалингаа авч чадаагүй. Тодорхой орлогогүй байсан тул хохирлыг төлж чадаагүй. Хохирогчийн нэхэмжилсэн 1 285 127 төгрөгийн хохирлыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна. Миний найзуудтай маргалдахаар нь түүнийг салгах гэж байгаад ийм байдалд хүрсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ж.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед Ану, Т хоёртой Сеа бааранд ороод 1 шил пиво уусан. Баар хаахаар болоод баарнаас гараад такси барих гээд зогсож байхад 3 залуу ирээд маргаан үүсгэсэн. Тухайн үед би маргаанд оролцоогүй. Хохирлыг маань барагдуулвал М.Бд гомдол гэх зүйлгүй. Эмчилгээний зардал одоогоор 1 300 000 орчим төгрөг болсон. Энэ мөнгөнөөс шүүгдэгч огт төлбөр төлөөгүй байна. Дэлхий нийтээр тархаад байгаа вирусын халдварт өвчин гайгүй болсны дараа гадаад явж эмчлүүлэх бодолтой байна. Биеийн байдал эхэндээ хөндүүр өвчтэй байсан. Гэхдээ одоо цусан хураа нь шимэгдсэн гэж хэлсэн. Харин толгойн заадасны салсан хугарал нь 6 сарын хугацаанд эдгэнэ гэсэн. Хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлээд нэхэмжлэнэ. Би энэ гэмтлийн улмаас ажлаа хийж чадахгүй, ажлаасаа чөлөө авсан гэв.  

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Т мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Модны 2 дахь гэртээ найзууд болох Ану, Ц бид гурав ballantines гэх вискийг хувааж уугаад гарцгаасан. Тэгээд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сеа” клуб ороод хоёр шил 0.5 литрийн пиво уусан. 12 цагийн орчимд шөнийн цэнгээний газар хаахад бид гурав гарсан. Шөнийн цэнгээний газраас гараад бид гурав хоёр охинтой танилцсан.Тухайн хоёр охины нэрийг нь сайн мэдэхгүй байна. Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Парадокс автобусны буудал дээр нөгөө хоёр охинтойгоо бид гурав юм яриад зогсож байхад үл таних хар куртиктэй хүн бид нарын араас ирээд нөгөө хоёр охиноос болж бид нар маргалдаж эхэлсэн. Тухайн хүн бид нарын танилцсан охидуудыг таньдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайн хар куртиктэй хүнийг маргалдаж байхад найзууд нь бид нарын араас ирсэн. Тэгээд тухайн хүний найзтай би зууралдаад цаашаа явсан. Манай найзыг ямар ч байсан хар куртиктэй хүн хоёр удаа цохиход газар унасан гэжээ. (хэргийн 22-23 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Б мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Багахангай дүүргээс манай найз Мөнхбадрах ирсэн. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Цэ” пабад Галбадрах, Мөнхбадрах  нарын хамт “Сэнгүр” нэртэй 0.5 литрийн пиво хүний 2 шилийг уусан. 10 цагийн орчим “Цэ” пабаас гарахаасаа өмнө Бг дуудсан байсан болохоор “Цэ” пабын гадаа нь уулзсан. Тэндээсээ Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Сеа” баар руу найзууд болох Б, Мөнхбадрах, Галбадрах нарын хамт орцгоосон.Тухайн баар руу ороод 4 шил пиво захиалаад бүжиглэж байгаад бид гурав ахиад пиво захиалж уусан. Би 11 цагийн үед үл таних эмэгтэй хүнтэй бүжиглэж байхдаа танилцсан. Нөгөө охин гараад явахаар нь би утасны дугаарыг нь авах гээд Галбадрахын хамт араас нь гарсан. Дугаарыг нь авчихаад “Сеа” баар хаах хүртэл гадаа нь тамхи татаад зогсож байсан. Тэнд зогсож байхад Галбадрах гэр рүүгээ харих гээд гараад явсан. Би нөгөө охинтой нилээн удаан зогсоод уулзаж байхад замын нөгөө талд манай найзууд болох Б нь үл таних залууг унагаачихсан байсан. Тэгээд би гүйж очоод Т гэх залуутай заамдалцаад харилцан зодолдож байхад Мөнхбадрах ирээд бид хоёрыг салгасан. Үл таних хоёр согтуу ах намайг зодох гээд ирэхэд нь би зугтаагаад буцаад ирэхэд Б, Т болон цагдаа нар байсан гэжээ. (хэргийн 24-25 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Ану мэдүүлэхдээ:

Ц, Т бид гурав “Сеа” нэртэй бааранд үйлчлүүлсэн. Бид гурав ороод нэг нэг пиво авч уугаад пиво маань дуусах үед баар хаах цаг болсон. Ц баарны гадна түрүүлж гараад Т бид хоёр тухайн бааранд үйлчлүүлж байсан хоёр эмэгтэйтэй хамт араас нь гарсан. Тэгээд баарнаас гараад тухайн хоёр эмэгтэйтэй “танилцая, хэдүүлээ хамт үргэлжлүүлж нэг газар ороё” гэхэд тэр хоёр эмэгтэй үгүй, бид хоёр одоо харьлаа гэхээр нь бид гурав тухайн хоёр эмэгтэйг таксинд суулгаж өгөх гээд зам хөндлөн гараад замын урдаас такси барих гээд байж байтал бид нарын араас гурван залуу ирсэн. Тухайн гурван залуу бид гурав дээр ирээд “та нар яах гээд байгаа юм” гээд байсан. Тэгэхээр нь би тухайн гурван эрэгтэйд “хэдүүлээ маргалдаад яах вэ, эв зүйгээ олъё” гэхэд хоёр залуу нь Тг чирээд цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би тухайн хоёр эрэгтэйгээс Тг салгах гээд хойноос нь явж байтал нэг эрэгтэй хүн “пизда минь чамайг ганц цохисон шүү” гэж орилсон. Би эргээд хартал манай найз Ц явган хүний гарц дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би сандраад гүйгээд очиход Цын нүд нь аниатай, хамар болон ам нь битүү цус болчихсон байсан. Сэргээх гэхэд Ц сэрэхгүй байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Гэтэл цагдаа ирэхэд Тг харанхуй руу чирч байсан залуугийн нэг нь зугтахад би хойноос нь хөөж бариад буцаж ирэхэд Ц ухаан орчихсон замын хажууд сууж байсан гэжээ. (хэргийн 27-28 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-Ч.Эрдэмболор мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ж.Цын биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Ж.Цын биед гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цус хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ж.Цын толгойн орой хэсэг буюу зулайн хэсэгт зөөлөн эдийн няцралтай, гавлын зулай ясны суман заадас салсан хугаралтай, уг хэсэгт хатуу хальсан дээр цусан хураа гэмтэл учирсан байсан. Уг гэмтлийн байрлалаас үзэхэд зулай хэсэг буюу толгойн орой хэсэгт хүч үйлчилсэнээс уг гэмтлүүд үүснэ гэжээ. (хэргийн 35-36 дугаар хуудас)

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2622 тоот дүгнэлтэд:

1. И.Цын биед гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цус хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой  гэжээ. (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас)

      Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

М.Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 60 дугаар хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч М.Б нь архи ууж, согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Их наяд” худалдааны төвийн ойролцоо явган хүний гарц дээр хохирогч Ж.Цын толгойн орой хэсэгт гараараа цохиж, гавлын суман заадасны салсан хугарал, зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол эрүүл мэндэд нь санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Ц, гэрч Э.Т, Б.Б, Т.Ану, шинжээч Ч.Эрдэмболор нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2622 тоот дүгнэлт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 18927 дугаар өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгажээ. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй,  хэргийн үйл баримттай тохирч байна. 

 

Иймд шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялыг оногдууллаа.

 

            Хохирогчид 1 265 127 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба шүүгдэгч хохирогчид учирсан дээрх хохирол төлөхийг зөвшөөрч байх тул 1 285 127 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Цад олгож шийдвэрлэв.  

 

           Хохирогч Ж.Ц нь өөрт учирсан хүнд хохирлоо эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, төлбөрийн чадваргүй тул өмгөөлөгч авахгүй гэж өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Бг 3 (гурав) жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар М.Бд оногдуулсан 3 (гурав) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар М.Бгөөс 1 285 127 төгрөг гаргуулж, хохирогч Ж.Цад олгосугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.Б цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ж.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН