Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

       2020        04          16                                      366   

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                             

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал /томилолтоор/,

хохирогч: Ө.К, түүний өмгөөлөгч Л.Азжаргал /0113/,

шүүгдэгч: Р.Ц, түүний өмгөөлөгч Ш.Ганбат /1931/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Цд холбогдох эрүүгийн 2005 0082 10303 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Төв аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт ахлах инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Ц.

 

Шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П.Н.Шастин”-ны нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн гадна талын авто зогсоол дээр Ө.Кай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шалбаралт, хавантай гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Р.Ц мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр эхнэрийн бие муу байсан тул эхнэрээ 3 дугаар эмнэлэгт үзүүлээд эмнэлгээс гарч ирээд машин руугаа явж байтал гэнэт К машиныхаа дуут дохиог дарсан. Тэр үед эхнэр, бид 2 цочиж, их айсан. Тэгээд би түүнд “яагаад олон нийтийн газар, эмнэлгийн орчинд дуут дохио, сигнал дараад байгаа юм бэ” гэж хэлэхэд тэр “би чамайг дуудсан юм уу, би аавыгаа дуудсан” гээд намайг үгээр доромжлоод, бид 2 маргалдсан. Тэгээд би машиндаа суугаад явах гэтэл бид хоёрын машиныг 1 машин хаагаад зогсчихсон байсан. Манай эхнэр машиныг хааж машинаа байрлуулсан хүний утас руу залгах гээд буусан. Тэр үед К машин хаагаад тавьчихсан байсан жолооч руу залгахаар бас машинаасаа буусан. Энэ үед тэр манай эхнэртэй маргалдаад, эхнэрийг минь элдэв үгээр хараагаад байхаар би машинаасаа буугаад “чи эмэгтэй хүнийг доромжилж болохгүй” гээд бид маргалдан, заамдалцсан. Би толгойгоороо хохирогчийн хамар тус газар 1 удаа мөргөхөд цус гарахаар нь тэр даруйдаа “эмнэлэг оръё” гэж хэлсэн боловч хохирогч “цагдаагаа дуудаж байж учраа олно” гэж хэлсэн. Энэ хүнд учирсан гэмтэл нь миний үйлдлээс болсон, шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид үзлэг хийсэн төлбөр, эм тарианы мөнгө, хагалгааны зардал гээд 3 408 700 төгрөг төлсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардал нь нотлох баримтаар нотлогдвол төлнө. Өнөөдөр эмчилгээний зардалд 462 500 төгрөг төлж, нийт 3 871 200 төгрөг төлсөн. Өөрийн гэм бурууг ойлгож байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ө.К мэдүүлэхдээ:

Миний аав 3 дугаар эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хагалгааны төлбөрөө төлөх гээд очсон. Гэтэл машины зогсоол байхгүй болохоор аавыгаа буулгаад, би машиндаа үлдсэн. Тэгээд аав эмнэлгээс гарч ирээд цаашаа явахаар нь дуудаж, дуут дохио өгсөн. Тэгтэл Ц цонх тогшоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би машинаа хөдөлгөх гэтэл манай машиныг хаагаад машин тавьчихсан байсан. Би тэр машины жолооч руу залгаж дуудахын хооронд бид 2 хоорондоо муудалцаад, заамдалцахад Ц шууд намайг мөргөсөн. Миний нүднээс нулимс гарч, би доошоо шууд суусан. Би эхлээд гэмтлийн эмнэлгээр явсан боловч намайг хувийн чих, хамар, хоолойн эмнэлгээр яв гэсэн. Тэгээд би эмчийн зааж өгсөн эмнэлэгт очсон. Хамрын зураг авахуулсан чинь хамрын таславч хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд шинжилгээ хийлгэж явсаар хагалгаанд орсон. Хагалгааны явц их хүнд байсан, маш их цус алдсан. Ер нь хамар маань бүхэлдээ няцарсан тул түүнийг тогтоон барихын тулд хиймэл арьс (имплант) тавьсан. Хагалгааны дараа 3 сар гам барь гэж эмч хэлсэн тул цаашдаа ажил төрлөө хийж чадахгүй болж байна. Хамарт тавьсан имплантыг 6 сарын дараагаас бие хүлээж авах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Хэрвээ бие хүлээн авахгүй бол дахин хагалгаанд орно гэсэн. Би ”Да хүрээ” зах дээр автомашин зарж, сард 1 500 000 төгрөгийн орлого олдог байсан. Тиймээс 2020 оны 02 дугаар сарын 14-өөс 2020 оны 6 дугаар сар хүртлэх ажилгүй байх хугацааны олох ёстой орлого болох 6 365 500 төгрөг нэхэмжилж байна. Миний эмчилгээний зардалд 3 700 000 гаруй мөнгө орсон гэж ойлгож болно. Үүнээс 3 400 000 орчим төгрөгийг шүүгдэгч өгсөн. Цаашид цэвэрлэгээ, боолт байнга хийлгэж байгаа. Өнөөдөр эмчилгээний зардалд 462 500 төгрөг гарсан баримтыг Ц танилцаад 462 500 төгрөгийг миний дансанд хийсэн. Одоо ч хамараар  амьсгалахад хэцүү байгаа. Ажилгүй байсан хугацааны цалин орлогод 3 000 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед миний бөөр өвдөөд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэгт өөрийн нөхөр Цгийн хамтаар үзүүлэхээр ирсэн. Тэгээд өөрийнхөө биеийг эмчид үзүүлээд гарч машин дээрээ ирээд суух гэтэл манай машины баруун талд зогсож байсан “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэл дуут дохиогоо дугаргасан. Тэр үед бид хоёр маш их цочиж, манай нөхөр нөгөө залуугийн машины цонхыг тогшиж, “чи эмнэлгийн үүдэнд дуут дохиогоо дуугаргаж болохгүй” гэж хэлсэн чинь “чи дуугүй бай, пизда минь, миний дуут дохиогоо дуугаргах чамд хамаагүй, би өөрийнхөө аавыг дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр машиндаа суугаад хөдлөх гэтэл манай машины ард нэг автомашин хаагаад тавьсан байсныг нөгөө залуу утсаар залгаж дуудах гэж машинаас буугаад залгаж байх хугацаандаа нөгөө дуут дохиогоо дуугаргаж байсан машины жолоочийг “чи дуут дохиогоор хүн дууддаг юм уу, эмнэлгийн газарт дуут дохио дуугаргаж болохгүй” гэж хэлсэн чинь “чи муу дуугүй бай, пизда минь” гэх зэргээр намайг хараасан. Тэр үед манай нөхөр машинаасаа бууж ирээд “чи хүний эхнэрийг юу гээд байгаа юм бэ” гэж маргалдсан. Тэр үед нөгөө залуугийн аав нь “боль” гэж салгаж байснаа гэнэт манай нөхрийг “чи хүнийг төгцөгөөр нь дууддаг хэн бэ” гээд манай нөхрийг бариад авсан. Тэгээд тэр хоёр барьцалдаад хэрэлдээд байж байх үед манай нөхөр толгойгоороо нөгөө залууг нэг удаа хамар хэсэгт нь мөргөж, тэр залуу хамраа бариад доошоо суугаад “цагдаа дуудчих” гэсэн. Бид хоёр “тэг тэг, цагдаагаа дууд” гэж хэлээд цагдаа ирэхийг хүлээж байсан гэжээ. (хэргийн 11-12 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад шинжээч-С.Одончимэг мэдүүлэхдээ:

Ө.Кын биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шалбаралт, хавантай гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хуучин гэхээр зүйл байхгүй. Уг гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх бүрэн боломжтой гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2675 тоот дүгнэлтэд:

1. Ө.Кын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шалбаралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 14-15 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 506 тоот хэргийн материалаар хийгдсэн дүгнэлтэд:

1. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2675 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 

2. Ө.Кын биед учирсан гэмтэлд хагалгаа хийж, имплант тавьсан, хагалгааны дараа 3 сар гам барих зэрэг байдал нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 162 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Р.Ц ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Р.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П.Н.Шастин”-ны нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэгийн гадна талын авто зогсоол дээр хохирогч Ө.Ктай маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар толгойгоороо мөргөж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шалбаралт, хаван  бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Кын мэдүүлэг, гэрч Б.А, шинжээч С.Одончимэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2675 дүгнэлт, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 506 тоот хэргийн материалаар хийгдсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Иймд Р.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.     

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэх, 3 сар гам барих шаардлагатай тул ажил хийж, орлого олох боломжгүй байсан гэж 3 000 000 төгрөг нэхэмжилж байна.

Ө.К нь сар бүр 1 500 000 төгрөгийн цалин орлоготой болох нь нотлох баримтаар нотлогдохгүй боловч тэр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл гэмтлийн улмаас хагалгаанд орсон, эмчилгээ хийлгэж байх тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т “гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасны дагуу 840 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ө.Кад олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.Цг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Р.Цд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Ц нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар Р.Цгээс 840 000 төгрөг гаргуулж, хохирогч Ө.Кад олгосугай.

 

6. Хохирогч Ө.К нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Р.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН