Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 417

 

 

 

 

 

 

 

 

   2020             4              27                                 417              

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд /томилолтоор/,  

шүүгдэгч: Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хт холбогдох эрүүгийн 1905 0216 50426 дугаар, 1 хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Миний сүлжээ” дэлгүүрт нягтлан бодогч ажилтай, сард 750 000 төгрөгийн цалинтай, ам бүл 3, нөхөр, 3 настай хүүхдийн хамт Х.

 

Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Г.Жгийн фейсбүүк цахим хуудсанд хууль бусаар нэвтэрч, түүний фейсбүүк чатаар хохирогч С.С руу “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг явуулж, Л.Ты эзэмшлийн Хаан банкны 5023340706 тоот данс руу 500 000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Х мэдүүлэхдээ:

Улсын яллагчийн уншиж сонсгосон яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би С гэх хүнийг танихгүй. Хохирогч С нь манай аавын төрсөн дүү Г.Жгийн таньдаг хүн нь юм. Би өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг өнөөдөр өглөө аав маань хохирогчид төлсөн гэж хэлсэн. Гэхдээ энэ талаар баримт байхгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.С мэдүүлэхдээ:

Би Г.Жтэй уулзаад болсон асуудлыг хэлээд мөнгөө нэхсэн чинь “Би өөрөө Солонгос улсад байдаг хүн байж таниас юу гэж мөнгө авах вэ дээ гэж байсан. Нээрээ яаж ч бодсон Солонгост байдаг хүн надаас зээлэв вэ дээ. Би 500 000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Л.Т мэдүүлэхдээ:

5023340706 тоот дансыг эзэмшээд 2 жил орчим болж байна. Манай найз Х над руу утсаар яриад манай найз залуу мөнгө шилжүүлэх гэж байгаа юм, найз нь картаа орхисон байна, чиний данс руу мөнгө хийе гэхээр нь би өөрийн  5023340706 дугаарын дансыг Хт өгсөн. Удалгүй 500 000 төгрөг миний дансанд орж ирэхээр нь буцаагаад Хын 5036101581 тоот Хаан банкны данс руу мобайл банк ашигласан шилжлүүлсэн. Би банкны картаа өөр хүнд ашиглуулдаггүй. Х хааяа утасдаад “мөнгө шилжүүлнэ, чи буцаагаад хийгээд өгөөч” гээд яриад байдаг юм гэжээ. (хэргийн 21-22 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ж мэдүүлэхдээ:

Би С.Сыг таних болоод 20 жил болж байна. Бид ураг төрлийн холбоо байхгүй, найзууд юм. Би 2019 оны 02 дугаар сард Солонгос улс руу яваад 2019 оны 5 сарын 18-ны өдөр Монголд ирсэн. Намайг Солонгост байх хугацаанд С надтай холбогдоогүй. 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр намайг Солонгос улсад байхад С.С залгаад “ах нь нөгөө зээлүүлсэн мөнгөө авмаар байна. Чи маргааш өгнө гэсэн биз дээ” гэсэн. Тэгэхээр нь би гайхаад юу вэ, хэнтэй яриад байгаа юм бэ гэж асуусан. Тэгтэл С “чи фейсбүүк чатаараа надаас 500 000 төгрөг дансаар авсан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би үгүй гэдгээ хэлээд бид хоёр ярилцаж учраа олсон. Би өөрийн фейсбүүк хаягаар ямар нэгэн хүнээс мөнгө авсан зүйл байхгүй. Миний фейсбүүк хаяг нь Г.Жаваа гэх хаяг байдаг. Миний фейсбүүк найзуудаас нилээн их хүнээс мөнгө гуйсан чат бичсэн байсан гэжээ. (хэргийн 23-34 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ж.Х ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Г.Жгийн фейсбүүк цахим хуудсанд хууль бусаар нэвтэрч, түүний фейсбүүк чатаар С.С руу “мөнгө зээлээч” гэсэн зурвасыг илгээж, хохирогч С.Соос Л.Ты эзэмшлийн Хаан банкны 5023340706 тоот данс руу 500 000 төгрөгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.С, гэрч Л.Т, Г.Ж нарын мэдүүлэг, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Хын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Ж.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт “өнөөдөр өглөө манай аав хохирогчид хохирлыг төлж барагдуулсан” гэж мэдүүлж байх боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгч Ж.Хаас 500 000 төгрөг гаргуулж, хохирогч С.Сод олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Хыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ж.Хт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ж.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.  

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Ж.Хаас 500 000 төгрөг гаргуулж, хохирогч С.Сод олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Х цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Х хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН