Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 2020        04          06                                   2020/ШЦТ/265

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч М.Энхбаатар,

хохирогч Ө.Дашдорж,

  шүүгдэгч М.Н , түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн М.Н т холбогдох эрүүгийн 2011002720130 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржгон овгийн М.Н , 1995 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, Билэг дээд сургуулийн 1 дүгээр курст сурдаг оюутан, ам бүл 3, аав, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 10-139 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч М.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улз зочид буудлын байранд согтуугаар хамгаалагч Ө.Дашдоржийг тодорхой шалтгаангүйгээр нүүр, толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Болсон явдлыг санахгүй байгаа. Гэхдээ би өөрөө энэ хүний утсыг олоод яриад учир байдлаа хэлээд уучлалт гуйсан. Бүгдээс нь уучлалт гуйж байна. Маш их харамсаж байна. Хохирогч анх эмчилгээний зардалд 15 сая төгрөг нэхэмжилснээс би 1.800.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ө.Дашдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед М.Н  тийм их согтолттой байгаагүй. Цагдаа дуудчихсан байж бай гэхэд намайг элэгдэж унагаачхаад зугтсан. Дуудлага өгсөн цагдаа ирж барьж авсан. Хохирол барагдуулсан гэж хэлж байна. Миний шүдийг хийлгэж өгөөгүй. Би эрүүл мэндээрээ хохирсон. Энэ явдлаас хойш хоол шингэхгүй, уур уцаар хүрч, толгой өвддөг болсон. Мөн би ажил хийх боломжгүй болсон учраас ар гэрийнхэндээ дарамттай байгаа. Шүүгдэгч М.Н  нь надаас уучлалт гуйгаагүй. Харин ээж нь дүүгийн хамт ирж уулзсан. Би хамгийн түрүүнд шүдээ хийлгэхийг хүсэж байна. Миний нэг шүд хугарч, нэг булгарсан. Би гомдолтой байна. Одоо шүдээ хийлгэх шаардлагатай тул үүнтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-55/,

Хохирогч Ө.Дашдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улз зочид буудалд хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 01 цагийн үед нэг согтуу залуу орж ирээд буудлын өрөө асуухаар нь байхгүй гэж хэлчхээд сууж байтал тэр залуу буцаж гарах гэснээ гарах хаалга чинь хаана байна гэхээр нь чи аль хаалгаар орж ирсэн тэр хаалгаараа гарахгүй юу гэсэн чинь чи муу хөгшин төгцөг суугаад байдаг, ямар зэвүүн төгцөг вэ гэж хэлээд миний сууж байсан ширээн дээр хөлөө тавьж, ширээ рүү өшиглөөд, намайг зодох гээд дайрсан. Тэгээд би арай ч настай хүнийг зодчихгүй байлгүй гэж бодоод байж байтал намайг нүүр нүдгүй цохиод өшиглөөд зодсон. ...миний 2 шүд унасан бусад шүднүүд суларсан, нүдний ухархайн яс хугарч хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Ер нь бол одоо тархи толгой цээж гээд зодуулсан газарт өвдөхгүй юм гэж алга л байна. Тэгснээ нэг хүнтэй энд нэг муу хөгшин төгцгийг зодож байна гээд утсаар яриад байсан. Намайг эхлээд хөлөөрөө жийсэн дараа нь гараараа хэд хэдэн удаа толгой руу цохиж, өвдгөөрөө өвдөглөөд нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Ер нь бол маш хэрцгийгээр зодсон...” гэх мэдүүлэг /хх 12-14/,

Гэрч Б.Цэлмэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Нямбаатар нь зам гараад Улз гэх нэртэй 3 давхар ногоон өнгийн байшин руу ороод би гадаа нь үлдсэн, зочид буудал гэсэн байсан болохоор Нямбаатар өрөө асуугаадахъя гээд орсон. Тэгээд намайг гадаа утсаар яриад зогсож байтал 3 минут гаруйн дараа Нямбаатар гараад ирсэн ба араас нь нэг настай ах зодуулчихсан байдалтай нүүр нүд орчим нь цус болчихсон гарч ирээд хөөе гээд дуудаад байсан. Нямбаатар намайг явъя гээд бид 2 буцаад явах гэтэл цагдаагийн машин гарч ирээд Нямбаатарыг бариад авсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр авчраад хүн зодсон байна гээд биед нь үзлэг хийгээд эрүүлжүүлэх рүү аваад явсан. ...уг зодуулсан гэх настай ахыг харахад хөмсөг орчим нь цус болсон уруул нь цус болчихсон харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1652 дугаар дүгнэлтэд: “...Ө.Дашдоржийн биед тархи доргилт, зүүн ухархайн дотор ба доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхины шарх, зулгаралт, зүүн баруун хацар, хамрын нуруу, уруулын дээд хэсгийн зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 4 шүдний сулрал, оочны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна...” гэх дүгнэлт /хх 27-29/,

Шүүгдэгч М.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний шөнөө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Улз нэртэй зочид буудал руу өрөө асуух гээд орсон бөгөөд үүдэнд нь байсан хамгаалагчтай маргалдаж байгаад түүнийг зодсон байна лээ. Би тэр хүнийг яг зодсоноо буюу яг юу болсон  талаар санахгүй байгаа бөгөөд сүүлд зодож гэмтэл учруулсан талаараа мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 40-41/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 44/, хохирогч Ө.Дашдоржийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 32-36/, шүүгдэгч М.Н ын хувийн байдлыг тодорхойлох баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд гэмт хэрэг гарсан цаг хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед болох нь тогтоогдож байх тул үүнийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Н  нь согтуугаар 2020 оны 1 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Улз зочид буудлын байранд хамгаалагч Ө.Дашдоржийг тодорхой шалтгаангүйгээр нүүр, толгой, цээж хэсэгт цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн ухархайн дотор ба доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, дээд зовхины шарх, зулгаралт, зүүн баруун хацар, хамрын нуруу, уруулын дээд хэсгийн зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, 2 шүдний булгаралт, буйлны цус хуралт, 4 шүдний сулрал, оочны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 54-55/, хохирогч Ө.Дашдоржийн “...Намайг эхлээд хөлөөрөө жийсэн дараа нь гараараа хэд хэдэн удаа толгой руу цохиж, өвдгөөрөө өвдөглөөд нүүр рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Ер нь бол маш хэрцгийгээр зодсон...” гэх мэдүүлэг /хх 12-14/, гэрч Б.Цэлмэгийн “...намайг гадаа утсаар яриад зогсож байтал 3 минут гаруйн дараа Нямбаатар гараад ирсэн ба араас нь нэг настай ах зодуулчихсан байдалтай нүүр нүд орчим нь цус болчихсон гарч ирээд хөөе гээд дуудаад байсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1652 дугаар дүгнэлт /хх 27-29/, шүүгдэгч М.Н ын “...2020 оны 01 дүгээр сарын 19-ний шөнөө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Улз нэртэй зочид буудал руу өрөө асуух гээд орсон бөгөөд үүдэнд нь байсан хамгаалагчтай маргалдаж байгаад түүнийг зодсон байна лээ...” гэх мэдүүлэг /хх 40-41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүх шүүгдэгч М.Н ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.  

Хохирогч Ө.Дашдорж нь эмчилгээний зардалд баримтаар нийт 1.363.790 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч М.Н  нь 1.800.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг бүрэн барагдуулсан гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Дашдорж нь “...Би гомдолтой байна. Одоо шүдээ хийлгэх шаардлагатай тул үүнтэй холбоотой зардлыг нэхэмжилж байна...” гэх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “гэм буруу дээр маргахгүй боловч торгох ял шийтгэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудад шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олдог гэх баримгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж анхан шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржгон овгийн М.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Н  нь хохирогч Ө.Дашдоржид эмчилгээний зардалд нийт 1.800.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Ө.Дашдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

5. Шүүгдэгч М.Н  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН