Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 437

 

 

 

 

 

 

 

 

    2020           5           01                                     437    

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Хонгорзул, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч, Ө.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зт холбогдох эрүүгийн 2005 0127 50643 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, хувиараа ресторан ажиллуулдаг, сард 3 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт З.

 

Шүүгдэгч Ө.З нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 59 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Г.Тийг гэр бүлийн маргааны улмаас, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ө.З мэдүүлэхдээ:

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна. Прокурортой 600 000 төгрөгөөр торгох ялын саналыг сайн дураараа тохиролцсон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Т мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 01-нд орой 22 цагт манай нөхөр болох З гэртээ ирээд хоол идээд сууж байх үед түүний гар утсанд нь чат ирээд байхаар нь утсыг нь шалгах гээд цэнэглэж байхаар нь салгаад харах гэтэл над руу уурлаад гар утсаа булаагаад авсан юм. Тэгээд би нөхөр Зт хандаж “чи хүнтэй яваад байгаа юм биш үү” гээд хэлсэн. Гэтэл “надад тийм зүйл байхгүй” гээд гар утсаа аваад, цэнэглэгчээрээ миний хүзүүний орчим шавхуурдсан. Тэгээд миний зүүн шанаан дээр баруун гараараа нэг удаа алгадсан. Би үүд рүү тусламж дуудах гээд явтал араас ирээд намайг нэг гараараа урдуур оруулаад хаалганаас холдуулаад нэлээд чанга түлхсэн. Тэгээд хаалгаа түгжээд намайг “чи яах гээд байгаа юм” гэсэн. Тэгэхээр нь би “чи надад гар хүрээд байгаа биз дээ” гээд хэлэхэд “чи энэ хавийн айлаас ичээч” гэж хэлсэн. Манай нөхөр Зоригоо бөө сахиустай хүн байгаа юм. Тэгээд би “чи дандаа хүн хуурдаг, муу муухай зүйл их хийдэг. Энэ бүхэн чинь эргээд ирнэ. Чи мянга бөөллөө гээд зүгээр үлдээхгүй хариуг нь заавал өгдөг юм. Би болон охин маань энэ бүхнээс тусдаа байна, харж байгаарай” гэж хэлсэн чинь надад “намайг ямар мундаг бөө болох, хэнийг үхүүлж чадахыг хараарай” гэсэн. Би “чи харин намайг зодохоосоо ич” гээд хэлсэн. Гэтэл “үүнийг зодох гэдэггүй юм” гээд хоёр гараараа миний хоёр гарын булчингаас атгаад ар нуруу хэсгээр хана руу 4-5 удаа түлхээд байсан бөгөөд энэ үед би толгойн ар дагз хэсгээрээ хана мөргөсөн. Тэгээд би надаас уучлалт гуйхгүй юм байна гэж ойлгоод “надад туслаарай” гээд хашгарсан. Гэтэл намайг “хүн амьтанаас санаа зовохгуй байна уу, дуугүй болооч гээд “одоо хоёулаа болъё” гэж хэлсэн. Би “за” гэж хэлээд унталгын өрөөндөө ороод гар утсаа авсан чинь араас ирээд гар утас булаагаад авсан. Би “гар утас өг, би чамд зодуулаад баймааргүй байна” гээд хэлсэн. Гэтэл өөрөө гар утсаа гаргаж ирээд ээж рүүгээ залгаад “энэ нэг юм орилоод байна, бөөн юм болж байна, та хоёр орж ирээд дуугай болгоод өг” гээд ярьсан. Тэгээд намайг гараараа түлхээд, хоёр удаа алгадсан. Би “туслаарай” гээд хашгарсан. Бүүр болохгүй байхаар нь мухарын өрөөний цонхоор тусламж гуйя гэж бодоод цонх онгойлгосон чинь мөн араас ирээд биеийн урд хэсгээр гараа оруулаад намайг хойшоо түлхээд холдуулсан. Цонхоо хаагаад намайг “дуугай бай” гээд гараараа ам дараад, атгаж базаад байсан. Энэ явдал нь нэлээд олон удаа үргэлжилсэн бөгөөд намайг өөдөөсөө харуулаад миний хоолойг хоёр гараараа багалзуурдаад нэлээд удаан үргэлжилсэн бөгөөд миний охин намайг дагаад хөлнөөс зуураад, энэ бүх маргааны явцад уйлсан бөгөөд Зын хөлнөөс нь хазсан чинь намайг боохоо больсон. Би энэ үед шууд газар суугаад уйлсан бөгөөд ингээд үхэх юм байна гэж бодоод уйлж байхад хаалга нүдэж байгаа чимээ гарахаар нь “дуудсан ээж чинь ирчихлээ, хаалгаа онгойлго” гээд хэлсэн. З хаалга онгойлгох хооронд хүүхдээ тэврээд хажуугаар нь гараад үүдний хэсэгт хөл нүцгэн гараад зогссон. Тэгээд хажуу айлын хаалгыг нүдэхэд онгойлгохгүй байсан. Гэтэл ээж Мөнхсайхан намайг “юундаа орилоод байгаа юм, дотогшоо ор, хүүхэдээ наашаа өг” гээд загнаад байсан. Би хөл нүцгэн гарсан байсан учир дагаад орсон. Би “миний гар утсыг өгөөч, ээж аавдаа мэдэгдмээр байна” гээд хэлсэн чинь хадам ээж надад гар утсаа өгсөн. Тэгээд би ээждээ хэлээд гар утсаа салгасан чинь манай хаалгыг хүн тогшоод цагдаа нар орж ирээд намайг “хувцасаа авсан уу, хамт гаръя” гээд цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгөөд байж байхад манай аав ээж хоёр араас ирээд намайг, аваад бид нар гэртээ харьсан.

2019 оны 12 дугаар сарын сүүлээр намайг хардаад цээж рүү цохиод хана руу гараараа барьж байгаад түлхэж, мөргүүлж байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд миний зүүн 5 дугаар хавирга хугарсан байсан бөгөөд би гэрээр эмчилгээ хийлгэж байсан. Би одоогоор эмчилгээ хийлгээгүй байгаа бөгөөд бид хоёр гэр бүл салах гэж байгаа учир иргэний шүүхээр эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлнэ. Харин надад гар хүрч гэмтэл учруулсан үйлдэлд нь хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Надад нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ. (хэргийн 46-50, 51-53 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4269 тоот дүгнэлтэд:

1. Г.Тийн биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дотор салстад цус хуралт, язрал, доод уруулын дотор салстад цус хуралт, баруун хацар, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 42 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ө.З нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 68 дугаар хуудас)

 

                                                ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ө.З нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 59 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Г.Тийг маргааны улмаас, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуу, сарвуунд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Т, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4269 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Зт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Т нь өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Ө.З нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Зыг гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ө.Зыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ө.Зт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ө.З торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.З цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Т хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

 

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол Ө.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН