Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 452

 

 

 

 

 

 

 

 

    2020           5            04                                    452       

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Ж.Буянжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

хохирогч: Ж.Н,

шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дд холбогдох эрүүгийн 2005010930629 дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3,

2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сум дундын 25 дугаар шүүхийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Д.

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадна хохирогч Ж.Нг цохиж, биед нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Д мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Ж.Н бид хоёр 5 жил хамт амьдарч байна. Дундаасаа 3 настай хүүхэдтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд хохирогч Нгийн эрүүл мэндэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Одоо бид хоёр хамт амьдарч байгаа. Өөрийнхөө уурыг барьж чадалгүй ийм алдаа гаргасандаа гэмшиж байна. Хохирогчийг 3 дугаар эмнэлэгт мэс засалд оруулж,  450 000 төгрөгийн хохирол төлсөн. Цаашид бид хамт амьдарна. Би дахин ийм асуудал гаргахгүй. Би алдаагаа ухаарч байна. Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Ж.Н мэдүүлэхдээ:

Хэрэг гарсан өдөр Д эмэгтэйчүүдийн баярт зориулаад юм бэлдчихсэн байсныг би мэдээгүй. Намайг ахынх руугаа явъя гэхэд нь би явахгүй гэж маргалдаж байхад 1 удаа намайг цохисон. Надад гомдол санал байхгүй. Эмнэлэгт үзүүлэхэд миний хамрыг савхаар янзалж өгсөн. Одоо бид хамт амьдарч, хоорондоо эвлэрсэн. Б.Д нь согтууруулах ундаа хэрэглэдэггүй юм гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.М мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, хорооллын “Номин” дэлгүүрт худалдагч ажилтай юм. 2020 оны 3 дугаар сарын 06-ны 22 цаг 05 орчим минутын үед хамт ажилладаг Жаргалсайханы Нгийн хамт дэлгүүрийн баруун хаалгаар гарсан чинь Ж.Нгийн нөхөр гэх залуу ирчихсэн байсан. Нэрийг нь мэдэхгүй боловч хараад Ж.Нгийн нөхөр гэдгийг мэддэг юм. Ингээд гарч ирээд такси бариад машинд хамт суух гэсэн чинь Нгийн нөхөр нь ирээд машинд суулгахгүй Нг чирээд “Номин” дэлгүүрийн төв хаалган дээр ирсэн. Энэ үед нөхөрт нь хандаж “миний дүү чи эхнэрийнхээ хамт эхнэрийнхээ эгчийн гэрт нь очоод хоночих” гэх мэтээр хэлээд байж байтал гэнэт хажуугаар орж ирээд баруун гараараа Ж.Нгийн нүүр лүү нь цохьсон. Тэгтэл Ж.Н намайг тэврээд доош тонгойход хамраас нь цус гараад байсан. Би “чи яаж байгаа юм” гэж хэлсэн чинь “цусыг нь арчаад өгье” гэж хэлж байсан. Тэгтэл замд явж байсан ах “чи яагаад хүн зодож байгаа юм” гэж хэлээд барьж авах гэсэн чинь зүүн зүгт зугтаад гүйчихсэн юм. Ж.Нгийн нүүрийг харсан чинь хамар нь муруйж хавагнаад нүд нь хөхөрч хавагнасан байдалтай байсан гэжээ. (хэргийн 06-07 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4804 тоот дүгнэлтэд:

1. Ж.Нгийн биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.Д нь 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сум дундын 25 дугаар шүүхийн 4 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар хорих ялаар тус тус шийтгэгдсэн гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн гадна хохирогч Ж.Нгийн нүүрэн тус газарт цохиж, биед нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Нгийн мэдүүлэг, гэрч Б.Мгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4804 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Ж.Н нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой баримтаар хохирол нэхэмжлээгүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Д нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Дд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Н хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН