| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00797/И |
| Дугаар | 700 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, тус аймгийн Тариат сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын өрөөнд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: эмэгтэй, 1967 оны 01 сарын 25-нд төрсөн, 50 настай, Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багт оршин суух Аяа овогт Бямбаагийн Түмэнжаргалын /РД:АЗ67012507/ хүсэлттэй
Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Түмэнжаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 07 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар тасралтгүй ажиллаж байсан. Миний ажиллаж байсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэрт тамга, тэмдэг буруу дарагдсанаас болоод ажилласан жилээ тогтоолгож чадахгүй хохирход хүрээд байна. Иймд нотлох баримтуудыг үндэслэн миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Түмэнжаргал Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
- Бямбаагийн Түмэнжаргалын Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний 1986 оны 07 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр,
- Архангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 сарын 27-ны өдрийн Бямбаа овогтой Түмэнжаргалын тус аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн Цагаан нуур бригадад 1985-1991 онуудад саальчнаар ажиллаж байсан үеийн цалингийн 296 дугаар тодорхойлолт зэрэг болно.
Иймд хүсэлт гаргагч Б.Түмэнжаргалын Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Аяа овогт Бямбаагийн Түмэнжаргалын Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Түмэнжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН