Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

  2020           3           31                                      2020/ШЦТ/288

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

         улсын яллагч Х.Еркебулан,

хохирогч Р.Базармаа, түүний өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Д.Наран,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, С.Батболд,

шүүгдэгч Б.Г /өөрийгөө өмгөөлж оролцож байгаа/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809000000423 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, /гэмт хэрэгт холбогдох үедээ ХААН банкны Хууль эрх зүйн газрын ахлах хуулийн зөвлөх ажилтай байсан/ "Тэлмэн Хас" ХХК-д гэрээний ажилтан, ам бүл-3, эцэг, эхийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Л.Т /регистрийн дугаар /,

 

2.Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 16-нд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 204 дүгээр тойргийн нотариатч ажилтай, ам бүл-2, хүүхдийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Г /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Л.Т нь хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан буюу Хаан банкны хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 201525020779 дугаартай хэргийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын ТОГТООХ хэсэгт: “Өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хоригийг хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах” талаар тодорхой дурдсан байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу прокурорын шийдвэр гарахаас өмнөх хууль бус хэлцлийг гэрчилсэн нотариатчийн шийдвэрийг үндэслэн, ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг зэргийг битүүмжилсэн хоригийг зөрчин Б.Энхтуяад давуу байдал тогтоож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Г нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Батчулууны ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам доллар, төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг, орон сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийн №007 дугаартай гэрчилгээгээр Б.Энхтуяад олгож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд “...Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Г миний бие Батчулууны өвийг 2015 оны  7 дугаар сарын 21-ний өдөр нээсэн. Өвийг нээхэд Б.Батчулуун 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан гэрчилгээ болон Иргэний хуулийн 518  дугаар зүйлийг  үндэслэл болгон гэрчилгээг олгосон байна. Иргэний хуулийн 520.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгч Батчулууны эхнэр хүсэлт гаргасны дагуу түүний эзэмшлийн өмчлөлд байсан Хаан банкны доллар, төгрөгийн данс, орон сууц газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус өвлүүлж өвлөх эрхийн гэрчилгээ олгож, 007 тоот гэрчилгээгээр баталгаажуулж өгсөн. Иргэний хуулийн 520.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эхний өвлөгчид болох Батчулууны Ганхуяг,  Батчулууны Төмөрхуяг, Сэнгэсамбуугийн Бямбанамжил нар өвлөх эрхээсээ татгалзаж, Баянзүрх тойргийн нотариатч Д.Долгорсүрэнгийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрчилсэн өвлөвөл зохих этгээдээсээ татгалзаж Батчулууны эхнэр болох Б.Энхтуяад шилжүүлэхээр зааж, өвлөх эрхийн гэрчилгээ авахаасаа татгалзсан бичиг баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Өвлөгч Б.Энхтуяа нь өвлөх хөрөнгийн гэрчилгээ, өөрөөр хэлбэл орон сууцны гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, доллар төгрөгийн хадгаламжийн дэвтэр, хувийн бичиг баримт болох гэрлэлтийн гэрчилгээ, Б.Батчулууны нас барсны гэрчилгээ, Чингэлтэй дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлэн авчирсан байсан тул би Энхтуяад өвлөх эрхийн гэрчилгээг нээж өгсөн. Иргэний хуулийн 531.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш 1 жилийн дараа олгоно гэж байгаа боловч мөн хуулийн 531.3 дахь хэсэгт гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь баттай баримтаар нотлогдсон бол өвлөх эрхийн гэрчилгээг 531.2 дахь хэсэгт заасан хугацаанаас өмнө олгож болно гэсэн заалтыг үндэслэн хугацаанаас өмнө олгосон. Энхтуяа өөрийнхөө бичиг баримтыг авчрахаас гадна түүний ээж Бямбанамжилаас эхнэр Энхтуяа түүнтэй хамт амьдарч байсан талаар гарын үсгээр гэрчлүүлж баримтжуулж хавтаст хэргийн материалд тусгасан. Өвлөх эрхийн гэрчилгээ авах үед Монголын Нотариатчдын танхимаас би лавлаж асуусан. Тухайн үед би лавлагаа авахдаа бичиг баримтаар баримтжуулаагүй ч байсан ч танхимаас шүүж асуусан. Үүнийг нотлох баримт нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 776 тоот лавлагааны хариугаар “дээрх өвлүүлэгчийн эд хөрөнгө буюу Батчулуун өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөх эрхтэй холбоотой бусад мэдээлэл түүний хууль ёсны өв залгамжлагчид болон гуравдагч этгээдээс өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх, өвтэй холбоотой бусад хүсэлт, гомдол Монголын нотариатчдын танхимд ирээгүй байна гэсэн энэ баримтыг Монголын нотариатчдын танхимаас гаргаж өгсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Миний хувьд өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Талийгаач Батчулууны нэр дээр бүртгэлтэй хөрөнгөнүүдийг Б.Энхтуяад өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн  520 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр олгосон. Учир нь нэгдүгээр өвлөгч нар болох талийгаачийн ээж, 2 хүү зэрэг нь өвөөс татгалзаж Энхтуяад өвлүүлэхийг заасан учраас гэрчилгээг олгосон. ...Тухайн үед өвлөгч нар нь өвлөх хөрөнгөтэй холбоотой бичиг баримтуудыг эх хувиар нь авчирсан бөгөөд тухайн бичиг баримтан дээр Батчулууны хөрөнгө болох нь нотлогдож байсан учраас өвийг нээсэн. Энэ асуудалд хууль зөрчсөн зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-240-241, /,

 

Шүүгдэгч Л.Т шүүх хуралдаанд “...Энэ хэрэг 2015 оны 7 дугаар сараас хойш 5 жил болсон. Би хууль, дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргаагүй. Анх эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан хүн нас бараад тэр нас барсантай холбоотой хууль ёсны прокурорын тогтоол гараад манай банкин дээр битүүмжилсэн байсан дансыг чөлөөл гэсэн бичиг ирсэн. Энэ бичигт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээ аваад өвлөх эрхтэй хүмүүс банкин дээр ирсэн байсан. Би шалгаж үзээд хууль бус үйлдэл байхгүй байна ийм учраас чөлөөлөх боломжтой гэсэн зөвлөгөө өгсөн. Ахлах хуулийн зөвлөхийн хүрээнд ажил үүргийн хүрээнд үүрэг өгч чиглэл өгөөгүй. Би гарын үсэг зурах эсвэл бичгээр ямар нэгэн үйлдлээр энэ дансыг чөлөөлөөгүй. Би тухайн дансыг чөлөөлөхөд хууль зөрчсөн зүйл байхгүй, дансыг чөлөөлөхөд ямар нэгэн хуулийн асуудал байхгүй байна гэж хэлсэн. Өнөөдрийн шүүх хурал хохирогч Р.Базармаагийн нэхэмжлэлийн дагуу явж байна. Гэтэл хохирогч Р.Базармаа нь иргэний журмаар Энхтуяа гэх хүнээс мөнгөө нэхэмжлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэгт намайг холбогдуулан шалгаж байгааг би гайхаж байна. Би хохироод явж байна. Иймд шүүх хэргийг үнэн зөв талаас нь  шийдвэрлэж өгнө үү...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Тухайн үед манай Хууль эрх зүйн газрын захирал Хосбаяр ээлжийн амралтаа аваад явчихсан, түүний ажлыг би орлож байсан юм. ...2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ ирээд би Мөнхчимэгт нөгөө данснуудыг чөлөөл гэж амаар хэлсэн. Харин Мөнхчимэг цааш нь холбогдох салбар руу дансны гүйлгээг чөлөөлөх тухай мэйл явуулсан. ...Энхтуяа нь тухайн эд хөрөнгө, данснуудыг өв залгамжлагчаар тогтоогдсон Өвлөх эрхийн гэрчилгээг авч ирсэн байсан. Тэгэхлээр энэ асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-144-145, 242-243/,

 

Хохирогч Р.Базармаа шүүх хуралдаанд “...Би хуулийн дагуу хохирогчоор тогтоогдсон. Талийгаач Батчулуунд байсан мөнгө нь миний мөнгө байсан нь тогтоогдсон. Дансанд байгаа гэснээ хүлээн зөвшөөрсөн тул удахгүй мөнгөө өгнө гэж хэлсний дараа Батчулуун нас барсан. Тухайн мөнгө байсан дансыг битүүмжилсэн байсан тул миний зүгээс Хаан банкийг өгөөд явуулна гэж бодоогүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан. Битүүмжилсэн байсан мөнгийг хууль бусаар шилжүүлсэн байна. Хаан банкнаас өөрийн мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Би анх Батчулуунд 1.400.000 гаруй доллар бэлнээр тоолж өгч байсан. Тухайн үед өөрөө “Хаан банканд 310.000 гаруй” доллар, “1.400.000.000 гаруй” мөнгө байгаа гэдгээ хэлсэн. Тухайн үед бүх мөнгө хуулийн дагуу битүүмжлэлтэй байсан. Би 1.440.931.950 төгрөг, 312.600 ам доллар нэхэмжилж байна. Би Хаан банкин дээр тухайн үед битүүмжлэлтэй байсан мөнгөө нэхэмжилж байна. Цагдаад мэдүүлэг өгсний дараа би дүү Бат-Эрдэнэдээ итгэмжлэл олгоод энэ хэрэгтээ холбоотой бүх асуудлыг шийдвэрлүүлж байсан. Би 312.600 ам долларыг өнөөдрийн ханшаар төгрөг рүү шилжүүлж нийт 2.310.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Хаан банкны дансанд битүүмжлэлтэй
байсан мөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад олгож зарлагын гүйлгээ хийж олгосон
асуудалд маш их гомдолтой байна. Хохирлыг барагдуулж өгнө үү гомдолтой байна. ...би Батчулуунд бэлнээр 1.427.660 ам.доллар өгсөн бөгөөд 22.000 ам.доллар нь данснаас бэлэн мөнгө гаргасны шимтгэл гээд банк авсан, гол нь Батчулуун өөрөө мөнгөө бэлнээр авна гээд байсан бөгөөд гаргасны шимтгэлийн мөнгийг хүлээн авснаар тооцож бичиг хийж гарын үсэг зурсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-73, 2хх-55-56/,

 

Гэрч Н.Мөнхнарангийн “...Эрүүгийн 201525020779 дугаартай хэргийг холбогдогч Б.Батчулууныг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ирүүлснийг хянасан. Сэжигтэн Б.Батчулуун нь 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байсан учир ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгох тогтоолд Б.Батчулууны Хаан банкин дахь ам доллар болон төгрөгийн хувийн данснуудын гүйлгээг хязгаарласан мөрдөн байцаагчийн битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Хэргийн холбогдогч нас барсан учир түүний дансанд байгаа мөнгө, тогтоолд дурдагдсан бусад хөрөнгө, эрхийн бичгийг өмчлөгч нь хэн болох нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд шинэ өмчлөгчид хүлээх үүргийн хамт эрх нь шилждэг учир ингэж шийдвэрлэсэн. Дээрх мөнгө, эд хөрөнгийн битүүмжлэлийг хэвээр үлдээж ар гэрээс нь хэн нь өв залгамжилж, өмчлөхөөр болж шүүхээр тогтоогдож ирсэн хойно нь шийдвэрлэнэ гэж үзэж оруулсан юм...” гэсэн мэдүүлэг /1хх-150-152/,

 

Гэрч Б.Гүнсэлийн “...Би 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт "захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэх туслах ажилтан" гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан. Энэ нь прокуророос гаргаж байгаа шийдвэр, тогтоолууд дээр дугаар олгодог, мөн цагдаагийн байгууллагаас ирүүлж байгаа эрүүгийн хэргүүдийг хүлээн авдаг, прокуроруудыг шийдвэр гаргасан бүхий л тогтоолуудын нэг хувийг хүлээн авч архивын нэгж болгодог юм. Энэ ажил дээр 2015 оны 3 дугаар сараас 2015 оны 8 дугаар cap хүртэл ажиллаж байсан. ...Би тогтоолын хуулбарыг ямар хүнд өгсөн гэдгээ санахгүй байна. Гэхдээ би аливаа хэргийг шийдвэрлэсэн прокурорын зөвшөөрлөөр тогтоолыг хүмүүст хуулбарлан өгдөг байгаа. Түүнээс биш би өөрөө дур мэдэн хэн нэгэнд тогтоол хуулбарлаж өгдөггүй. Нэг бол тухайн прокуроруудын туслах ажилтан нь хэргээс тогтоол хуулбарлаж ирээд надаар баталгаажуулж тэмдэг даруулдаг. Тэгэхээр надад байсан тогтоолоос хуулбарлаагүй байх гэж бодож байна. Би өөр дээр байсан тогтоолоо хуулбарлаж өгөхдөө тэгж тэмдэглэгээ хийдэг. Тэгж тэмдэглэгээ хийгээгүй бол прокурорын өөрийнх нь туслах юм уу, эсхүл прокурор өөрөө тогтоолоо хуулбарлаж ирээд надаар тэмдэг даруулж, хуулбар үнэн гэж бичүүлээд явсан байх...” гэсэн мэдүүлэг /1хх-150-152/,

 

Гэрч Г.Алтанхүүгийн “...Би 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн Хаан банкинд ажиллаж байна. Тухайн үед Хан-Уул дүүргийн Үйлдвэр комбинат тооцооны төвд теллерээр ажилд орсон. 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс Баянзүрх дүүргийн "Их цайз тооцоо"-ны төвд ахлах теллерээр ажиллах болсон. 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн "Тэнгис тооцоо"-ны төвд ахлах теллерээр ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Гурвалжингийн гүүр бизнес төв"-д харилцааны менежерээр томилогдон ажиллаж байна. ...Тэр гүйлгээнүүдийг би харилцагч Б.Энхтуяагийн хүсэлтээр хийсэн байгаа юм. Мөн Энхтуяагийн төгрөгийн дансан дахь мөнгийг долларын данс руу нь шилжүүлсэн гүйлгээг ч би хийсэн байна. Тэгээд ам долларын 5014402267 тоот дансан дахь 935.221 ам долларын гадаад гуйвуулгыг мөн харилцагчийн хүсэлтээр хийсэн. Харилцагч өөрөө бичиг баримттайгаа байж байгаад гүйлгээгээ хийлгэсэн. Харин гүйлгээ хийхэд Батчулууны данснуудад барилт байгаагүй, битүүмжилсэн мэдээлэл байгаагүй. Тийм болоод гүйлгээ хийсэн байж таараа. Хэрэв битүүмжлэлтэй байсан бол би гүйлгээ хийхгүй, хийе гэсэн ч болохгүй. Учир нь анх данс битүүмжилсэн барилт хийсэн салбар л тэр барилтаа чөлөөлөх ёстой, программыг тэгж тохируулсан байдаг юм. ...Б.Батчулуун нь нас барсан байсан бөгөөд түүний Хаан банкин дахь данснуудад байгаа мөнгийг Б.Энхтуяа нь өвлөн авах, өвлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Данс эзэмшигч нь нас барсан тохиолдолд өвлөгчид нь өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэргийг үндэслэн гүйлгээг хийж болно гэсэн дотоод журам байдаг...” гэсэн мэдүүлэг /1хх-156-157/,

 

Гэрч Д.Отгонбаатарын “...2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай салбарын захирал ээлжийн амралтаа авчихсан эзгүй байсан. Захирлыг байхгүйд салбар дээр тухайн өдөр ажиллаж байгаа ахлах теллер нь захирлыг орлоод ажлаа хариуцаад явчихдаг юм. Тэр өдөр би ажиллаж байсан. Өдөр 12 цагийн үед манай банкны "Тэнгис" салбараас яриад "Батчулуун гэдэг хүний нэр дээр байгаа ам долларын 5007968354, төгрөгийн 5007623466 тоот данснуудын барилтыг тавих талаар хуулийн хэлтсээс мэдэгдсэн үү? манай салбар дээрээс гүйлгээ хийх гээд байгаа юм" гэсэн. Тэгэхэд нь байгууллагынхаа дотоод мейлийг шалгаж үзээд хуулийн хэлтсээс ямар нэгэн мэйл ирээгүй болохоор нь нөгөө хүнд: "мейл ирээгүй байна, хуулийн хэлтсээс заавал барилт тавих талаар мейл ирэх ёстой, хэрэв тийм мейл ирвэл дансны барилтыг хурдан тавих болно" гэсэн. Түүнээс хойш удаагүй 10 орчим минутын дараа манай байгууллагын дотоод мейлээр хуулийн хэлтсээс мейл ирсэн. Хуулийн хэлтсийн туслах ажилтан Мөнхчимэг: "сайн байна уу, хавсаргасан мэдэгдлийн дагуу дансны барилтыг чөлөөлж, хариу ирүүлнэ үү? асуух зүйл байвал тодруулна уу?" гэсэн мэйл явуулсан бөгөөд мөн давхар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолыг явуулсан байсан. Тэдгээрийн мэдээллийг хэвлэж гарган аваад тэр доор нь би ам долларын 5007968354, төгрөгийн 5007623466 данснуудын барилтыг чөлөөлсөн. Тухайн хоёр дансыг өмнө нь манай салбар дээр барьчихсан байсан болохоор заавал манайх руу мэдэгдэж чөлөөлүүлдэг юм. Данс барих, чөлөөлөх тохиолдолд хуулийн хэлтсээс ирүүлсэн холбогдох баримт, мейлийг үндэслэдэг юм. Түүнээс өөрөөр бусад зүйлсийг нь асуугаад байдаггүй юм. Хуулийн газрынхан бүх зүйлийг шалгачхаад эцсийн байдлаар шийдвэр гаргаад манайд мэдэгдсэн гэсэн үг юм...” гэсэн мэдүүлэг /1хх-161/,

 

Гэрч Д.Мөнхчимэгийн “...Миний эрхэлж байгаа ажил бол хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн доор ажилладаг. Манай хэлтэстэй холбоотой ирсэн бичгүүдийн хариуг мэргэжилтнүүдийн зааврын дагуу бичиж, хянуулан гарын үсэг зуруулж, холбогдох газруудад хүргүүлдэг. 2015 оны 7 дугаар сарын 31-ний баасан гарагт цайны цагаас өмнө ажил дээрээ байж байтал ресепшн утсаар яриад: "хуулийн хэлтсийнхэнтэй уулзана гээд хүн ирчихсэн байна" гэсэн. Түүний дагуу доошоо буугаад очиход тэр Энхтуяа гэдэг хүн, хүү нь гэх залуугийн хамт байсан ба надад: "танай хуулийн зөвлөх байна уу? прокурорын тогтоолын дагуу асуудал шийдвэрлүүлэх гэсэн юм, хэнтэй уулзах юм вэ? гэсэн. Тэр хүн прокурорын тогтоол, өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичиг баримтууд үзүүлж байсан. Тухайн үед манай газрын захирал Хосбаяр, хуулийн мэргэжилтэн Баасаннаран, Энхчимэг, ахлах хуулийн зөвлөх Өнөржаргал нар ээлжийн амралтаа авчихсан байсан ба ахлах хуулийн зөвлөх Тэмүүлэл, хуулийн зөвлөх Мөнхбаатар, Бадамхорол нар гадуур ажилтай явчихсан байсан. Ингээд би нөгөө 2 хүнийг дагуулж 2 давхарт уулзалтын өрөөнд оруулаад прокурорын тогтоолыг авч: "ахлах хуулийн зөвлөхөд танилцуулъя" гээд Тэмүүлэл ахад аваачиж өгөөд: "энэ талаар хүн ирчихсэн байна" гэж хэлсэн. Тэр прокурорын тогтоол дээр "хуулбар үнэн" гээд тамга дарчихсан байсан. Доторх агуулгыг би уншаагүй. Харин ахлах хуулийн зөвлөх Тэмүүлэл ах авч уншаад холбогдох хуулийг нь харж байсан. Дараа нь уулзалтын өрөөнд орж нөгөө хүмүүстэй уулзсан. Тэмүүл "хүлээх хоног байна" гэж хэлээд гараад явсан. Тэгтэл нөгөө Энхтуяа гэдэг эмэгтэй "би өмгөөлөгчтэй утсаар яриадхъя, чи саяны хүнд утас аваачиж өгөөд яриулчих" гэсэн. Тэгээд тэр хүний утсыг Тэмүүлэл ахад аваачиж өгсөн ба тэр утсаар ярьчхаад нөгөө хүмүүс дээр эргэж очиж уулзсан. Нилээд удаж байгаад нөгөө хүмүүс явсан байх. 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Тэмүүлэл ах: "нөгөө прокурорын тогтоолын дагуу данс нээх талаар тооцооны төв рүү мэйл бичээд явуулчих" гэсэн. Би ч тэр даруй барьчихсан байсан төгрөгийг нэг, ам.долларын нэг данснуудыг нээж чөлөөлөх талаар бичээд, прокурорын тогтоолыг скайнердаж "Ард" салбар руу мэйл явуулсан. Бас "Тэнгис" тооцооны төвийн захирал Зулбаяр руу тэр талаар мэйлээр мэдэгдэж, прокурорын тогтоолын хуулбарыг явуулсан. Учир нь 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нөгөө Энхтуяа гэдэг эмэгтэйг доор ирчихсэн манай газрынхантай уулзана гэж байхад ажлын утас руу Зулбаяр захирал яриад "настай эмэгтэй хүн бичиг аваад очно, тэр бичгийг нь сайн шалгаад арга хэмжээ авч болох нь уу, ямар арга хэмжээ авсан талаар хариуг нь хэлээрэй" гэсэн юм...” гэсэн мэдүүлэг /1хх-164-165/,

 

Гэрч Ц.Зулбаярын “...2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай салбар дээр Энхтуяа ирсэн бөгөөд түүнтэй хамт хүү, бэр нь гээд хүүхэн. залуу хоёр хамт явж байсан. Тэгээд манай банкны хуулийн газраас нөхрийнх нь дансны барилтыг чөлөөлөхийг хүлээж нэлээд удсан. Манай хуулийн газраас Ард салбар руу дансны барилтыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байх. Мөнгө байршуулсан дансыг анх нээлгэсэн Ард салбар руу л мэдэгдэж байж дансны барилтыг чөлөөлдөг ёстой юм. Тэгээд данс нь чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө өвлөх эрхийн гэрчилгээ холбогдох бичиг баримтуудаа үзүүлээд нөхрийнхөө дансанд байсан 300 мянга гаруй ам доллар, 1,4 тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр тэр өдөр манайд нээлгэсэн 2 данс руу шилжүүлэх гүйлгээ хийлгэсэн. Дараа нь 1,4 тэрбум төгрөгөө ам долларын данс руугаа 671,635 ам доллар болгон арилжаа хийж шилжүүлсэн. Түүнийхээ дараа нийт 935,221 ам доллараа гадаад гуйвуулгаар Цэрэнбаатар Баясгалан гэдэг хүний АНУ-ын Сан франциско хотын Ведс фарго банкны 3599868886 данс руу шилжүүлэг хийлгээд явсан. Гүйлгээний утгаа "уул уурхайн дрилингийн тоног төхөөрөмж" гэж бичсэн байсан. Дахин тэр хүмүүстэй уулзаагүй байж байтал 2015 оны 9 дүгээр сард манай банкны Комплейнсийн газар буюу асуудал шийдвэрлэх газраас над руу яриад: "танай төвөөс 8 дугаар сарын 03-ны өдөр АНУ-руу хийгдсэн гүйлгээний харилцагчийн мэдээлэл хэрэгтэй байна" гэсэн. Тухайн банкнаас нь мөнгөний гарал үүслийг нь тодорхойлох зорилгоор мэдээлэл нэхсэн байсан. Ингээд би Энхтуяагийн мэдээллийг хайсан өөртэй нь холбогдох гэсэн утас нь холбогдоогүй, гэр рүү нь очиход түүний хажуу айл: "эднийх нь байхгүй удаж байгаа" гэсэн байсан. Ингээд Комплейнсийн газар луугаа харилцагчаа олж чадахгүй байна, гэртээ байхгүй, утас нь холбогдохгүй байна гэж мэдэгдсэн. Ер нь бол хуулийн газраас дансны барилтыг чөлөөлөх талаар "Ард" салбарт мэдэгдсэний дагуу тухайн салбар нь дансны барилтыг тавьсан байсан. Нотариатаар баталсан өвлөх эрхийн гэрчилгээнийх нь дагуу манайх шилжүүлэг хийсэн юм. Нэмж хэлэхэд 2015 оны 07 дугаар сарын сүүлээр Энхтуяа ярихдаа: "танай хуулийн газарт бичиг баримтаа өгчихсөн байгаа, өмнө нь өөрийнхөө дансыг чөлөөлүүлэхэд миний регистрийг буруу биччихээд хоёр хоног чирэгдэл үүсгэсэн, чи хуулийн газрынхан руугаа яриад чирэгдүүлэхгүйгээр хийгээд өгөөрэй" гэж хэлээд өгөх боломжтой юу гэж гуйсан. Ингээд хуулийн газрын захирал Хосбаяр руу ярьж тэр талаар хэлэхэд Хосбаяр: "би ээлжийн амралттай байна. Хуульч Тэмүүлэл ажил хийж байгаа, түүнд өгье" гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-166/,

 

Гэрч Э.Хосбаярын “...Хаан банкны эрх зүйн газрын ахлах хуулийн зөвлөх Л.Т нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 107 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын 3 дахь хэсэгт заасныг үндэслэн, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Бямбанамжилын Батчулууны 5007968354 тоот ам долларын, 5007623466 тоот төгрөгүүдийн данснуудын барилтыг чөлөөлсөн, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ггийн 007 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх данснууд дахь мөнгийг Батчулууны эхнэр Бямбаагийн Энхтуяагийн хүсэлтээр 5014402262 тоот ам долларын, 5014402256 тоот төгрөгийн данснууд руу 312,600 ам доллар, 1,440,931,950 төгрөгийг шилжүүлсэн. Ийм тохиолдолд манай банкны албан тушаалтны тушаал шийдвэр гардаггүй. Харин манай банкны мэргэжилтэн хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч ахлах хуулийн зөвлөхтэй зөвшилцөн шийдвэрлэдэг. Тухайн үед би өөрөө ээлжийн амралттай бусад ахлахууд ч ээлжийн амралттай байсан. Миний ажлыг орлож үлдсэн хүн нь ахлах хуулийн зөвлөх Л.Т байсан. Л.Т, мэргэжилтний туслах ажилтан Мөнхчимэг нар энэ асуудлыг шийдвэрлэсэн байсан. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол дээр 3 дугаар хэсэгт битүүмжилсэн мөнгө хөрөнгийн өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн хойно хоригийг цуцлах талаар тодорхой заасан байгаа юм. Нас барсан хүний хөрөнгийг өмчлөлийн асуудлыг нотариат шийдвэрлэхээр Иргэний хуулийн 515 дугаар зүйлд заасан байдаг. Үүний дагуу нотариатын хийсэн өвлөх эрхийн гэрчилгээний дагуу манай ажилтнууд шийдвэрлэсэн байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд эд мөрийн баримт, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр прокурор Мөнхнарангийн 107 дугаар тогтоолд битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх талаар заасан гэж үзсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-167-168/,

 

Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ггийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхтуяад олгосон №007 дугаартай "өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /1хх-36-38/,

ХААН банкны гадаад гуйвуулгын даалгавар, гүйлгээний баримт /1хх-40-43/,

ХААН банкны хүний нөөц хариуцсан захирал Д.Цолмоны 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/1066 дугаартай "...Л.Тийг Хуулийн хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон" тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /1хх-123, 125-126, 127-137/,

ХААН банкны хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Баатарсүрэнгийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/381 дугаартай "...Л.Тийг Хуулийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд томилсон тухай" тушаал /1хх-138/,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /1хх-158-159/,

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Дэндэвдоржийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай "...ХААН банкийг иргэний хариуцагчаар татсугай...Иргэний хариуцагч ХААН банкийг төлөөлж ХААН банкны Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Л.Өнөржаргалд хуульд заасан эрх үүргийг тайлбарласугай" гэх тогтоол /2хх-2-3/,

Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Ггаас бичиг баримт түр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-52-57/,

“Хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 тоот тушаалын Хавсралт “ДЕПОЗИТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОДЛОГО, ЖУРАМ” /2хх-24-32/,

“Монголбанк”-ны Хяналт шалгалтын газрын Ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Тайвангийн гаргасан шинжээчийн дүгнэлт /3хх-49-51/,

“Монголбанк”-ны хянан шалгагч, улсын байцаагч О.Лхагвадорж, Б.ХАлиунаа, Э.Гонгор нарын гаргасан шинжээчийн дүгнэлт /3хх-67-72/,

шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /3хх-110, 3хх-114/, оршин суугаа газрын тодорхойлолт /1хх-142/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-141/, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /1хх-143/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /3хх-142-145/  зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Л.Т нь хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан буюу Хаан банкны хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 201525020779 дугаартай хэргийг 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолын ТОГТООХ хэсэгт: “Өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хоригийг хэвээр үлдээж, өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлах” талаар тодорхой дурдсан байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” буюу прокурорын шийдвэр гарахаас өмнөх хууль бус хэлцлийг гэрчилсэн нотариатчийн шийдвэрийг үндэслэн, ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, мөн төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг зэргийг битүүмжилсэн хоригийг зөрчин Б.Энхтуяад давуу байдал тогтоож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Р.Базармаа, гэрч Н.Мөнхнаран, Б.Гүнсэл, Г.Алтанхүү, Д.Отгонбаатар, Д.Мөнхчимэг, Ц.Зулбаяр, Э.Хосбаяр нарын мэдүүлгүүд, ХААН банкны хүний нөөц хариуцсан захирал Д.Цолмоны 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03/1066 дугаартай "...Л.Тийг Хуулийн хэлтсийн хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд туршилтын хугацаагаар томилсон" тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ХААН банкны гадаад гуйвуулгын даалгавар, гүйлгээний баримт, ХААН банкны хүний нөөцийн үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Баатарсүрэнгийн 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03/381 дугаартай "...Л.Тийг Хуулийн хэлтсийн ахлах хуулийн зөвлөхийн ажил, албан тушаалд томилсон тухай" тушаал, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Дэндэвдоржийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай "...ХААН банкийг иргэний хариуцагчаар татсугай...Иргэний хариуцагч ХААН банкийг төлөөлж ХААН банкны Хууль, эрх зүйн газрын ахлах зөвлөх Л.Өнөржаргалд хуульд заасан эрх үүргийг тайлбарласугай" гэх тогтоол, “Хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогчийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 13 тоот тушаалын Хавсралт “ДЕПОЗИТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОДЛОГО, ЖУРАМ”, “Монголбанк”-ны Хяналт шалгалтын газрын Ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Тайвангийн гаргасан шинжээчийн дүгнэлт, “Монголбанк”-ны хянан шалгагч, улсын байцаагч О.Лхагвадорж, Б.Халиунаа, Э.Гонгор нарын гаргасан шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Л.Тийн сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

шүүгдэгч Б.Г нь Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, битүүмжилсэн эд хөрөнгө буюу талийгаач Б.Батчулууны ХААН банкин дахь валютын 5007968354 тоот харилцах дансан дахь 312.600 ам.доллар, төгрөгийн 5007623466 тоот дансан дахь 1.440.931.950 төгрөг, орон сууц, газар эзэмших эрхийн гэрчилгээг өвлөх эрхийн №007 дугаартай гэрчилгээгээр Б.Энхтуяад олгож, хохирогч Р.Базармаад их хэмжээний хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Р.Базармаа, гэрч Н.Мөнхнаран, Б.Гүнсэл, Г.Алтанхүү, Д.Отгонбаатар, Д.Мөнхчимэг, Ц.Зулбаяр, Э.Хосбаяр нарын мэдүүлгүүд, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Ггийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Б.Энхтуяад олгосон №007 дугаартай "өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан туслах прокурор Н.Мөнхнарангийн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Чингэлтэй дүүргийн нотариатч Б.Ггаас бичиг баримт түр хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.Ггийн сэжигтэн яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Л.Тийн “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Б.Ггийн Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байна.

Прокуророос шүүгдэгч Л.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Тийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор, шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Прокуророос шүүгдэгч Л.Т, Б.Г нарыг дээрх үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ирүүлснийг шүүх шаардлагагүй гэж үзсэн болно. 

 

Шүүгдэгч Л.Т, Б.Ггийн нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Харин тэдгээр нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан шүүгдэгч Л.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж тэдгээрт шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Б.Ггийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан үндсэн ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хасах ялыг оногдуулах шаардлагагүй үзэв.

 

Хохирогч Р.Базармаагаас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өөрт учирсан хохиролд 312.600 ам.доллар, 1.440.931.950 төгрөг нийт 2.061.839.952 төгрөг нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу иргэний хариуцагч “ХААН” банкнаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Харин “ХААН” банк нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Т-г “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан бусдад давуу байдал тогтоох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Г-г Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан “Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэж заасныг зөрчиж, өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхэд ноцтой, их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-г 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Б.Г нарын цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Л.Т, Б.Г нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч “Хаан банк”-наас 2.061.839.952 /хоёр тэрбум жаран нэгэн сая найман зуун гучин есөн мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Базармаа /РД: ЦВ74032964/-д олгосугай.

 

6.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар “Хаан банк” нь гэм буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шүүгдэгч Л.Т, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Т, Б.Г нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР