Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 0121

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Хохирогч Д.Д

Хохирогчийн өмгөөлөгч Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

Шүүгдэгч Д.Б

Шинжээч Д.О

Гэрч Д.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Б нь иргэн Д.Д-ийн эзэмшлийн Есөн-Эрдэнэ худалдааны төвийн лангуунд 2017 оны 08 сарын 25-наас 2018 оны 01 сарын 08-ны хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа бараа материал, мөнгө дутааж 7.670.840 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Есөн-Эрдэнэ зах дээр Д-ийн контейнер, складад 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл ажиллахдаа сард 450.000 төгрөгийн цалинтай ажилласан ба Д нь надад цалин өгч байгаагүй. Би 7.670.840 төгрөг дутагдуулаагүй. Д ах намайг гүтгээд байгаад нь гомдолтой байна. Би хүүхдийн мөнгөний хадгаламж 3 сая төгрөгийг 3 сарын 20-нд авч байшингаа томруулсан. Би ойр зуурынхаа гурил будаагаа авдаг байсан нь үнэн. Анх эд зүйл хүлээлцсэн баримт, миний бараагаа тэмдэглэж байсан цаасыг  Д ах тооцоо бодно гээд бүгдийг нь надаас авсан. Би одоо тооцоог яг нарийн хэлж мэдэхгүй байна. Би 4 сар ажиллахдаа нэг ч цалин аваагүй. Д ахад цалингаа авъя гэхэд болно биз дээ л гэдэг байсан. Би орлогоосоо Д ахын банкны зээлийг төлдөг байсан, ийм их өр төвиагүй гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ...Шүүгдэгч Б анх 2015 оны 06 сарын 10-ны үеэс надтай ажиллаж эхэлсэн. Сарын 450.000 төгрөгөөр цалинжуулахаар болоод Улаан-Үд явах гэх мэт үедээ Б-д бараагаа тоолж өгөөд тоолж авдаг л байсан. Урд өмнө нь дутагдал гаргаж байгаагүй. Би мал аваад хөдөө гарах болоод Б-д лангуу бараагаа түрээслүүлэх гэтэл Б та Б-д өгөөд хэрэггүй би ажилгүй болчихно, би зогъё гэхээр нь урд нь итгээд өгөөд тооцооны зөрүү гардаггүй байсан учир үлдээсэн. Б-д 33.100.000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн баримт байгаа. Б нь үйл ажиллагаа явуулж байхдаа надтай хамтран ажилладаг Их Мандал төв, Эрдэнэт Фүүдс, Дельта Фүүдс, Мон масло, Тесо ХХК, Улаанбаатар хотод байдаг түнш Г нараас ажиллаж байх хугацаандаа 69 сая төгрөгийн бараа худалдан авсан байсан. Б энэ хугацаанд өөрийн байшингаа томруулан засварласан, өвлийн идэш худалдан авсан, нам даралтын халаалт гэртээ тавьсан, түлээ, нүүрс хүртэл худалдан авсан байсан. Мөн өөрийн эхнэрийн данс руу болон бусад хүмүүст мөнгө шилжүүлсэн банкны хуулга ч гарч ирсэн. Би хөдөө малтай байсан болохоор Б-тэй ойр ойрхон тооцоо бодож чадаагүй, утсаар бараа материал юу болж байна гэхээр болж байна л гэдэг байсан. Батмөнхөөс орлого зарлагаа тэмдэглэж байсан баримт байна уу гэхэд нэг дэвтэр өгөхөөр нь түүнийг нь аваад өөрсдийн орлого зарлагын дэвтэртэйгээ бусад баримтуудын хамт шинжээчид өгч дүгнэлт гаргуулсан. Б-с  дутагдуулсан барааны үнэ 7.670.840 төгрөг болон шинжээчийн хөлс 1.500.000 төгрөг нийт 9.170.840 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Шинжээч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа хохирогчийн өөрийн өгсөн баримтаар гаргасан. Ажил хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт байгаагүй. Батмөнхөөс ямар нэгэн баримт, тэмдэглэл юу байна гэхэд юу ч байхгүй гэсэн, бараа материал хүлээн авч борлуулсан талаар тоо хэмжээ асуухаар мэдэхгүй гэдэг. Батмөнхийн 50.000 төгрөгөөс дээш төгрөгийг л шилжүүлсэн хүмүүс рүү нь залгаж асуусан. Эцсийн дүгнэлтийг би нилээн сайн тулгаж, шалгаж байж гаргасан. Б-ийн хохирогчид төлөх 7.670.840 төгрөг дотор цалингийн зүйл ороогүй. Энэ хоёр хүний хооронд байгуулсан ямар нэгэн гэрээ байгаагүй учир цалинг оруулаагүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 08 сарын 25-наас 2018 оны 01 сарын 08-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод түрээсийн байранд амьдарч ТИС-д сурч байсан. Энэ хугацаандаа би Эрдэнэтэд 2 удаа ирсэн. Би Б-с нийт 400.000 төгрөг авсан. Б бид 2 ажил хүлээлцэхдээ тоолоод тус тусдаа цаасан дээр бичиж авцгаасан гэв.

         Хохирогч  Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Есөн-Эрдэнэ зах дээр хувийн контейнер, складтай байдаг, тэнд Б гэх хүнийг 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл өөрийн эзэмшлийн склад болон контейнерт ажиллуулсан. Б-д 33.100.000 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн, хүлээлгэн өгсөн баримт байна, тэгээд Б-ийг иргэний хэргийн шүүхэд өгсөн байгаа тэнд бараа хүлээлгэн өгсөн баримт байна тэгээд Б нь үйл ажиллагаа явуулж байх үед надтай хамтран ажилладаг Их Мандал төв, Эрдэнэт фүүдс, Дельта фүүдс, Мон масло, Тесо ХХК, Улаанбаатар хотод байдаг түнш Г нараас ажиллаж байх хугацаандаа 69 сая төгрөгийн бараа худалдан авсан байсан. Би Батмөнх гэх хүнийг 450.000 төгрөгөөр цалин өгч ажиллуулах нөхцөлтэй авч ажилуулсан хөдөлмөрийн гэрээ бол байгуулаагүй. Надад ажиллаж байх хугацаанд Б нь байшингаа томруулан засварласан, өвлийн идшээ авсан, нам даралтын халаалт тавьсан, тэгээд 2 тонн нүүрс авсан, өвлийн түлээний мод худалдан авсан байсан, ингээд бодохоор Б гэх хүнд өгөх ёстой байсан цалингаасаа илүү давсан мөнгө зарцуулсан байна. Мөн ах О гэх хүнд мөнгө шилжүүлсэн байсан. Эндээс дүгнэн үзэхэд миний наймааны мөнгийг хувьдаа завшсан нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-р хуудас/

          Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....Б нь 2017 оны 08 сарын 25-ны өдөр  596.700 төгрөгийн үлдэгдэлтэй байх үедээ нэмээд 2017 оны 09 сарын 01-ний өдөр 1.039.900 төгрөгний бараа авсан байна, тэрнээс хойш авсан үлдэгдэл мөнгөнөөс өгсөн энэ мэтээр явсаар байгаад 2018 оны 01 сарын 08-ний өдөр гэхэд 1.624.200 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ үлдэгдлээс Б эхлээд 1 сая төгрөг өгсөн, дараа нь 500.000 төгрөг нэмж өгсөн, тэгээд 124.000 төгрөг үлдсэн. Энэ бол Б-ийн үлдэгдэл, үүн дээр хүү Т нь 2018 оны 02 сарын 01-ний өдөр 625.000 төгрөгийн бараа авсан, тэр мөнгө одоо бол төлөгдөөгүй, ингээд Д.Д-н лангуунаас би одоо 749.000 төгрөг авах ёстой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/

          Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2017 оны 08 сарын 14-ний өдрийн байдлаар Д.Д нь манай байгууллагад 4.183.000 төгрөгийн өртэй байсан. Үүний дараагаар Б, Д-гийн өрнөөс 2017 оны 08 сарын 31-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 09 сарын 08-ний өдөр 500.000 төгрөг, 2017 оны 09 сарын 26-ны өдөр 1.580.000 төгрөг нийт 2.580.000 төгрөг төлсөн. Д-ийн өрнөөс үлдэгдэл 1.603.000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

            Гэрч Ө.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2017 оны 08 сарын 25-ны өдрөөс хойш манайхаас сар бүр 1 сая төгрөг дотор худалдан авалт хийдэг байсан, барааны нэр төрөл гэвэл тос, гоймон, масло, зэрэг бүтээгдэхүүн авдаг байсан, харин сарын эцэс төлбөр авах үед Б зарлагын баримтаар хүлээн авдаг байсан, Б нь Д-с ав гэдэг байсан тэгээд би Д-д хэлэх үед төлбөрийг Д нь дансаар шилжүүлдэг байсан. Энэ үед бол ямар нэгэн өр авлага үлдээгүй, хамгийн сүүлийн байдлаар 2018 оны 01 сарын 06-ний өдөр Д хүү Т нь манайхаас нийт 974.900 төгрөгийн бараа зээлээр авсан байдаг бөгөөд энэ өрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Тэгээд би энэ мөнгийг  Д-аас нэхэх үед Д нь би өгөхгүй Б өгөхөөр болсон тийм учраас Б-өөс ав гэж хэлсэн, тэгээд би Б-өөс асуух үед Б нь би өрөнд уначихлаа би өгөхөөр боллоо гэж хэлсэн, тэгээд би удахгүй өгнө, байшингаа зараад мөнгө өгнө, дараа машинаа зараад мөнгө өгнө гэх мэтээр мессеж бичсэн. Тэгээд сүүлд нь Б, Д ах намайг шүүхэд өгнө гэж байна лээ гэсэн утгатай мессеж явуулсан байсан, харин яг эхлээд сүүлд авсан барааны мөнгийг  Б-өөс нэхэх үед Б над руу чи Т рүү залгаад мөнгө ав би ажлаасаа гарсан гэж мессеж явуулсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-хуудас/

         Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “....Д бид хоёр олон жилийн өглөг авлагын тооцоотой явж ирсэн. Бараа материал зээлээр авдаг тэгээд эргээд нөхөн төлдөг энэ чиглэлийн худалдан авах ажиллагаагаар явдаг байсан. 2017 оны 8 сарын 23-ны өдрийн байдлаар би өөрөө тооцоо гаргасан энэ үед 9.678.000 төгрөгийн тооцоотой байсан. 2017 оны 08 сарын 23-ны өдөр Д нь 12.703.000 төгрөгийн бараа худалдан авсан, тэгээд 2017 оны 08 сарын 28-ны өдөр Д нь нийт 22.381.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Д нь бараа материал зээлээр авах гээд ирэх үед нь би Д-д чи тооцоогоо дуусга гэж хэлдэг  байсан. Д  би хэдэн мал авсан байгаа тэрийгээ таргалуулах гэж байна тэгээд тооцоо хийнэ гэдэг байсан мөн би  худалдагчтай чинь харьцахгүй шүү чамтай харилцана би Б-д бараа өгөхгүй шүү гэж хэлдэг байсан. Тэгтэл Д нь удахгүй өгнө чи надад итгэ гэдэг байсан учраас би итгээд бараа өгдөг байсан. 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс хойш би Д-тай байнга утсаар ярьж бараа материалаа өгөх үү гэж асууж байгаад Б-д бараа материал өгдөг байсан энэ хугацаанд 45.065.500 төгрөгийн бараа өгсөн байна. Үүнээс 2018 оны 01 сарын 14-ний өдрийн байдлаар 44.740.000 төгрөгийн тооцоог эргүүлэн хийсэн байна. Энэ хийсэн 44.740.000 төгрөгийн тооцоонд Д-ийн өмнөх үлдэгдэл 9.678.000 төгрөг ороогүй болно. Энэ бол зөвхөн Б авсан үед хийсэн тооцоо юм. Одоо Б авсан дангаараа байх үед 325.500 төгрөгийн бараа материалын тооцоо дутуу байгаа. Би Д-ийн өр, Т-н өр нийлээд 11.803.000 төгрөг байсан, 3.500.000 төгрөгт Д-аас контенер, авсан одоо Д-аас 8.303.000 төгрөг, Б-с 325.000 төгрөг авах үлдсэн гэх мэдүүлэг /хх 19 хуудас/

        Гэрч Ж.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Д.Д бол надад өр байхгүй харин Б ажиллаж байх хугацаандаа тавьсан өрнөөс 380.000 төгрөг үлдсэн” гэх мэдүүлэг /хх 21 хуудас/

          “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээч нарын 2019 оны 11 сарын 30- өдрийн №194445 дугаартай “...7.670.840 төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 66-152 хуудас/

 

       -Д.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 2 хх 184-185, 189-191 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 162 хуудас/,

Д.Б-хийн яллагдагчаар өгсөн 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 сарын 08-ний өдрийн хооронд Есөн-Эрдэнэ худалдааны зах дээр иргэн Д-ийн контенерт худалдагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 7.670.840 төгрөгийг дутаасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа, хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн юм гэх мэдүүлэг /2хх 190-191 хуудас/ зэрэг  болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.        

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Б нь иргэн Д.Д-ийн эзэмшлийн Есөн-Эрдэнэ худалдааны төвийн лангуунд 2017 оны 08 сарын 25-наас 2018 оны 01 сарын 08-ны хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа бараа материал, мөнгө дутааж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан нь  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан оролцогчдын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Үлдэгдэл 7.670.840 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах, эд мөрийн баримтаар хураагдсан  4 ширхэг дэвтрийг хохирогч Д.Д-д буцаан олгуулах хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Б нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Үлдэгдэл хохирол төлбөрөө төлөх саналтай байна. Тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгчийн саналыг харгалзаж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтдээ: Шүүгдэгч хохирлоос 2.800.000 төгрөг бэлнээр өгсөн. Хохирлоос 2.800.000 төгрөг бодитойгоор барагдуулжээ. Хохирлыг барагдуулах нь чухал. Заавал энэ хүнийг шийтгүүлье гэсэн зүйл байхгүй. Ялыг тэнсэх магадлал байгаа энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглээд, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар хохирлоо төлж барагдуулах үүрэг хүлээлгэх боломжтой. Хохирол төлөх хугацааг заагаад үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэх боломжтой  гэж үзэж байна гэв.

            Шүүгдэгч Д.Б нь иргэн Д.Д-ийн эзэмшлийн Есөн-Эрдэнэ худалдааны төвийн лангуунд 2017 оны 08 сарын 25-наас 2018 оны 01 сарын 08-ны хооронд худалдагчаар ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан  бараа материал, мөнгийг завшиж 7.670.840 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Б яллагдагчаар өгсөн 2017 оны 08 сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 сарын 08-ний өдрийн хооронд Есөн-Эрдэнэ худалдааны зах дээр иргэн Д-гийн контенерт худалдагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа 7.670.840 төгрөгийг дутаасан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа, хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн юм гэх мэдүүлэг /2хх 190-191 хуудас/, хохирогч Д.Д, гэрч Б.Н, Б.А, Ө.Б, Т.Б нарын  мэдүүлэг, Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээч нарын 2019 оны 11 сарын 30- өдрийн №194445 дугаартай “...7.670.840 төгрөг гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 66-152 хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирол төлбөрийн тухайд баримтаар шүүгдэгч Б нь хохирогчид 2.800.000 төгрөг, Н-д 2.249.200 төгрөг төлсөн ба шинжээчийн дүгнэлтээр Н-ад төлөх Б-ийн тооцоо 124.000 төгрөг байх тул 2.249.200 төгрөгөөс хасаж тооцоод 2.125.200 төгрөгийг Даваад төлөх 7.670.840 төгрөгөс хасаж тооцсон. /2.125.200,2.800.000=4.925.200/. Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ дутагдуулсан барааны үнэ 7.670.840 төгрөг, шинжээчийн зардал 1.500.000 төгрөг, нийт 9.170.840 төгрөг гаргуулна гэж байх ба шүүгдэгч нь 4.925.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Харин үлдсэн 4.245.840 төгрөгийг төлнө гэж байх тул шүүгдэгч Д.Б-өөс 4.245.840 төгрөг гаргуулан хохирогч Д.Д-д олгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Б нь хохирол төлбөрөөсөө төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн хувийн байдал, өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрллээ.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, шүүгдэгч Д.Б-өөс 4.245.840 /дөрвөн сая хоёр зуун дөчин таван мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрллээ.