Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Хохирогч Д.С,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 1938008410176 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Д.Схариуцуулан өгсөн 275 тооны бог малыг маллаж байхдаа 46 тооны бог малыг завшиж 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Д.Схариуцуулан өгсөн 275 тооны бог малыг маллаж байхдаа 46 тооны бог малыг завшиж 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008410176 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д.Сын малнаас хурга, ишиг нийлсэн 46 тооны малыг дутаасан...Д.С ахын малнаас 2 тооны мал зарсан...Би 46 тооны малны үнийг төлж барагдуулна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Смөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 сарын 01-ний өдөр Төмөрбулаг сумын иргэн Баяраа ба түүний эхнэр хундгаа нарт том хонь 104, хурга 44, ямаа 105, ишиг 22 нийт 275 тооны мал хүлээлгэн өгсөн. Түүнээс би өөрөө 13 хонь, 4 ямаа нийт 17 мал хүнсэндээ хэрэглэсэн. 2019 оны 06 сарын 07-ны өдөр хүлээн авахдаа 74 хонь, хурга 5, ямаа 97, ишиг 4, нийт 180 мал хүлээн авсан. Манай ямаанаас 17 ямаа дутсан байсан. Баяраагаар төлүүлж орны ямааг нь авсан. Гэхдээ 17 ноолуурыг нь самнасан ямаа авсан. Ноолуурынхаа мөнгийг нэхэмжилмээр байна. Бусад ямаа, хонь яасан гэж Баяраагаас асуухад бүгд үхсэн гэж хариулсан боловч бид анх тохирохдоо мал үхсэн тохиолдолд эмтэй 2 чихийг нь тасдаж, эсвэл зургийг нь авч үзүүлж байхаар тохиролцсон. Том ямаа 2 үхсэн, ишиг 4 үхсэн гэж чих болон арьс сэгийг нь үзүүлсэн. Тэгээд бусад нь үхсэн гэсэн боловч үхсэн гэдгийг нь нотлох баримт байхгүй байгаа.  Төмөрбулаг сумын иргэн Дандар гэдэг хүнд 2 эр хонь, 1 эр ямаа зарсан байсан...Баяраа бид хоёр хэлцэл хийсэн тул надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баяраа хар толгойтой төлөг нэг хар эр ямаа надад авчирч өгсөнийг төлөг 70.000, эр ямаа 90.000 нийт 160.000 төгрөг Баяраа аваад явсан. Хонь, ямаа хоёр хоёулаа бахин тамгатай юм байсан. Одоо байхгүй нядлагдсан. Сүүлд нь Д.Сын хонь, ямаа гэдгийг мэдсэн. Баяраа Д.Сын малыг харж байхдаа Д.Сын малнаас авчирч өгсөн байсныг би мэдээгүй авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Гэрч М.Амөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Бгаар малаа харуулахаа өөрийнхөө өвөлжөөн дээр буулгаад сард 100.000 төгрөг өгөхөөр тохиролцоод малаа хүлээлгэн өгсөн...Баяраа Төмөрбулаг сумын ченж Дандарт 2 тооны мал өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч М.Ммөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д.С гэдэг айлын малыг Төмөрбулаг сумын 1-р баг Жаргалант гэх газар Баяраа гэдэг хүн эхнэрийн хамт харж байсан. Тухайн үед хавар нь Д.С гэдэг хүн мал хаяж архи уугаад байна гэсэн мэдээллийн дагуу С.Бг сумын хамтарсан багийн хурлаар оруулахаар санал тавьсан. Тэгээд сумын засаг дарга нийгмийн ажилтан, багийн дарга миний бие Жаргалант гэх газар С.Бгийн гэрт нь очсон боловч гэртээ байгаагүй. Эхнэртэй нь уулзахад манай нөхөр Баяраа ойрд архи их уугаад хоногоор явдаг болсон гэж ярьж байсан…2018 онд манай сумын мал их хорогдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баяраа бид хоёр Д.С гэх хүнээс ишиг, хурга нийлсэн 275 тооны нарийн малыг хүлээж авсан...Д.Сын малнаас хурга, ишиг нийлсэн 46 тооны мал дутсан, гэхдээ бид хоёр зарж, идэж уугаагүй алга болох нь үхэж үрэгдээд таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 28-29-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-35, 55-р хуудас/,

       Хохирогч Д.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хэлцэл /хх-ийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938008410176 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд иргэн Д.Схариуцуулан өгсөн 275 тооны бог малыг маллаж байхдаа 46 тооны бог малыг завшиж 3.520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Смөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

 Гэрч Д.Д /хх-ийн 13-14-р хуудас/, гэрч М.А/хх-ийн 21-22-р хуудас/, гэрч М.М/хх-ийн 23-р хуудас/, гэрч Б.Мөнхцэцэгийн /хх-ийн 25-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 28-29-р хуудас/,

Хохирогч Д.С нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хэлцэл /хх-ийн 33-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

      Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг шүүгдэгч С.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Б нь хохирогч Д.Схариуцуулан өгсөн малнаас 46 тооны бог малыг завшсан бөгөөд хохирогчид 4.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хэлцэл хийсэн байх тул шүүгдэгч С.Бгаас 4.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ст олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938008410176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч  С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.Бд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч С.Бгаас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж хохирогч Д.Ст  олгосугай.

      6. Эрүүгийн 1938008410176 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР