Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/321

 

 

                                                           

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Аззаяа,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овогт Б.Т /РД:ОА98022814/-д холбогдох 2003000000127 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16-389 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ОА98022814 регистрийн дугаартай, Зөөд овгийн Б.Т.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Б.Т нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны 22 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун замд “Тоуоtа рrius-20” маркийн, 31-27 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 13 настай Б.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:       

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны 22 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун замд “Тоуоtа рrius-20” маркийн, 31-27 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 13 настай Б.А-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2003000000127 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.          

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудаас гаргасан хүсэлтээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цаг 20 минутын орчим Тоёота Пирус-20 маркийн 31-27 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ...50 орчим км/ц хурдтай явж байхад ...хоёр хүүхдийн нэг нь гэрлэн тохиогүй явган хүний гарцаар гүйгээд гараад ирсэн. ...тухай хүүхдийг машиныхаа урд хэсгээр мөргөөд зогссон. ...биеийн байдлыг нь асуухад зүгээр ээ гэсэн. Хохирол төлбөрийг төлж барагдуулна.1.400.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн....өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-84 дүгээр хуудас/.

     - Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун замд 22 цагийн орчим найз Ш.А-ийн хамт явж байгаад явган хүний гарцаар гарч байтал урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр мөнгөлөг өнгийн “Тоуоtа рrius-20” маркийн автомашин ирж мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ослын талаар мэдэх зүйл байхгүй. ...найз А нь надтай утсаар холбогдож Б.А машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Б.А-ын толгой нь хагарсан, зүүн гар нь сойлттой, нүүр нь шалбарсан байдалтай байсан. ...жолооч нь эм тариа авч өгч байгаа. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч, нэхэмжлэгч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т-ийн жолоодон явсан “Тоуоtа рrius-20” маркийн, 31-27 УБН улсын дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийн машин юм. Би Б.Т-ийг жолоодон явахыг зөвшөөрсөн, түүнээс машины хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Ш.А-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг өнгөрч байхад ...Улсын бүртгэлийн ерөнхий газар талаас ертөнцийн зүгээр зүүнэс баруун чиглэлд зам хөндлөн гарах гээд гэрлэн тохиогүй явган хүний гарцан дээр ...Б.А зүүнээс баруун чиглэлд зам хөндлөн гараад явсан. ...саарал өнгийн “Тоуоtа рrius-20” маркийн тээврийн хэрэгсэл явган хүний гарцаар гараад явахад мөргөөд нилээн яваад зогссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой цагийг сайн санахгүй байна. Сүхбаатар дүүрэг Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун замд нэгдүгээр эгнээгээр явж байтал  ...хоёр эрэгтэй хүүхэд нэг нь гэнэт зүүнээс баруун чиглэлд гүйсэн. ...хүүхдийг машины урд хэсгээр мөргөх шиг л болоод машины урд хамар дээр унаж зогсох үед тэр хүүхэд зам дээр унасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3501 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...Б.А-ын биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын төвгөр, хамрын үзүүр, зүүн өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас/,

“Ашид Билгүүн ХХК” автомашин техникийн үнэлгээний 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тайлан /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад И.А-ын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаартай “...жолооч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөн гэх магадлагаа /хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 24 дүгээр хуудас, 52 дугаар тал/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн №9 дугаар дүгнэлт /хавтаст хэргийн 43-р хуудас/,

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 16728 тоот дүгнэлт /хавтаст хэргийн 66-71 дүгээр хуудас/,

Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 91-р хуудас/,

Шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлын талаар: Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрч Г.А-ын мэдүүлэг /хх-ийн 40-41, 86-89, 97 дугаар хуудас/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.З, шүүгдэгч Б.Т нарын хүсэлт /хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2021000010045 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 03 дугаар сарын 08-ны 22 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун замд “Тоуоtа рrius-20” маркийн, 31-27 УБН улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан ‘Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 13 настай Б.А-ыг мөргөж, хохирогчийн биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын төвгөр, хамрын үзүүр, зүүн өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 22 цаг 20 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газрын баруун замд 22 цагийн орчим найз Ш.А-ийн хамт явж байгаад явган хүний гарцаар гарч байтал урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр мөнгөлөг өнгийн “Тоуоtа рrius-20” маркийн автомашин ирж мөргөсөн” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3501 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд “1. Б.А-ын биед зүүн атгаал ясны далд хугарал, баруун зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын төвгөр, хамрын үзүүр, зүүн өвдөг, тавхайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, хохирогч Б.А-ын эрүүл мэндэд учирсан дээрх хохирол нь шүүгдэгч Б.Т-ийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийг тогтоосон Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16728 дугаар тоот дүгнэлт, Б.Т-ийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт, иргэний хариуцагч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Тийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд  нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 1400000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.З-д өгсөн болох нь хэрэгт авагдсан /109 хуудас/ баримтаар тогтоогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн,  

Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.С-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 325000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан /60 дугаар хуудас/ үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.С нь гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Насанд хүрээгүй хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй, хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.

Шүүгдэгч Б.Т нь прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хянавал зохих байдлуудыг бүрэн хянаж тогтоосон, прокурорын болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, уг ялыг 90 хоногийн дотор биелүүлэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Балсангийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэхийг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овгийн Б.Т /РД:ОА98022814/-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТСАЙХАН