Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 909

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,           

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Т-н Бад холбогдох эрүүгийн 1909029931033 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хос Цамхаг” ХХК-д туслах ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт,8 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 8 дугаар гудамжны 259 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / ЛЮ 95011617 / Боржигон овогт Т-н Б нь:

 

- 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байр 11 тоотод оршин суух М.Энхболдын гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг зөвшөөрөлгүй авч, данснаас 1.334.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Энхболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай хамаатны дүү болох Т-н Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр миний Хаан банкны картыг хулгайлан авсан. Миний хаан банкны 5028708732 тоот данснаас эхлээд 1 сая төгрөг, дараа нь 234.000 төгрөг, дараа нь 100.000 төгрөгний зарлага гарсан байсан. Дансны хуулган дээр дэлгэрэнгүй харагдана гэжээ. / хх 14 /

“Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 9 /            

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 25-31 /

 

Яллагдагч Т.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байр 1 дүгээр орцны 2 давхарын 11 тоотод амьдарч байхдаа хамаатны ах М.Энхболдын Хаан банкны картыг нь үүдний хэсэгт байрлах хувцасны шүүгээний тавиур дээрээс авсан. Картыг нь авч 100 айлын Хаан банкны экспрэсээс 1.100.000 төгрөг авсан. Хэд хоногийн дараа 3 дугаар сургуулийн замын эсрэг талд байрлах Хаан банкны салбараас 200.000 төгрөг авсан. Би картыг нь тухайн үед хаясан. Хаана хаяснаа санахгүй байна. Надад мөнгөний хэрэг гараад би хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэжээ. / хх 20-22 /

 

Шүүгдэгч Т.Быг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-44 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 34  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өмнө нь картыг нь ашиглаж байсан болохоор нууц дугаарыг нь мэдэж байсан. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 35 дугаар байр 11 тоотод оршин суух М.Энхболдын гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр түүний эзэмшлийн Хаан банкны виза картыг зөвшөөрөлгүй авч, данснаас 1.334.000 төгрөгийг хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хамаатны дүү болох Т-н Б нь миний Хаан банкны 5028708732 тоот данснаас эхлээд 1.334.000 төгрөгийг гэж мөрдөнг шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч М.Энхболдын мэдүүлэг / хх 14 /, ...Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 25-31 /, ...Хамаатны ах М.Энхболдын Хаан банкны картыг үүдний хэсэгт байрлах хувцасны шүүгээний тавиур дээрээс авч 100 айлын Хаан банкны экспрэссээс 1.100.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөгийг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Бын мэдүүлэг / хх 20-22 /, ...”Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 9 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч М.Энхболд   нь нэхэмжлэх зүйлгүй / хх 48 / гэсэн тул шүүгдэгч Т.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Т.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Боржигон овогт Т-н Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ