Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 915

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,     

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гучин гурт гурван хайлант овогт Н-н Тт холбогдох эрүүгийн 1909037181073 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, АШУҮИС-ын 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эмээ, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Баатар 2 дугаар баг Цагаан эрэг 1 дүгээр хэсэг, 15 дугаар байр 4 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 17-26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МЮ 01221132 / Гучин гурт гурван хайлант овогт Н-н Т нь:  

 

- 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Сонгодо” эмнэлгийн орчимд найз охиноо булаацалдсаны улмаас Г.Билгүүдэйн нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.Билгүүдэй мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зүгээр юм яриад зогсож байгаад миний нүүр рүү гэнэт цохиод авсан юм. Тэр үед нь би газар унасан. Би газраас босож ирээд зодолдоогүй зууралдаж авсан юм гэжээ. / хх 4 /  

Яллагдагч Н.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний уур хүрээд баруун гараа зангидаж байгаад Г.Билгүүдэйгийн нүүр хэсэг рүү цохьсон. Г.Билгүүдэй газар унаад өгсөн. Босож ирээд бид хоёр ноцолдсон гэжээ. / хх 16-17 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11840 дүгээр дүгнэлтэнд:  

1. Г.Билгүүдэйн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 26 /

 

Шүүгдэгч Н.Тийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 16-17 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 20  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Сонгодо” эмнэлгийн орчимд найз охиноо булаацалдсаны улмаас Г.Билгүүдэйн нүүрэн тус газар нь цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Зүгээр юм яриад зогсож байгаад миний нүүр рүү гэнэт цохиод авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Г.Билгүүдэйгийн мэдүүлэг / хх 4 /, ...Миний уур хүрээд баруун гараа зангидаж байгаад Г.Билгүүдэйгийн нүүр хэсэг рүү цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Тийн мэдүүлэг / хх 16-17 /, ...Г.Билгүүдэйн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11840 дүгээр дүгнэлт / хх 26 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Билгүүдэй   нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 21 / гэсэн тул шүүгдэгч Н.Т нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Тийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

                                                               

1. Шүүгдэгч Гучин гурт гурван хайлант овогт Н-н Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ