Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 61

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Э.*******т холбогдох ... дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүгдэгч Э.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Гашуун сухайт хилийн боомтын хойно В.*******тай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “...Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.*******ыг ялаас чөлөөлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч В.******* нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.*******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

          Прокурор эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “....Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, 1.1 дэх хэсэгт: "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх....” гэж заажээ.

          Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байхад шүүх хуулийн дээрх заалтаар ялаас чөлөөлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокророос гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байхад шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байхад шүүх хуулийн дээрх заалтаар ялаас чөлөөлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү                                                         

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн  1.3-т зааснаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэв. Учир нь:

          Анхан шатны шүүх Э.*******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Э.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба дээрх хуулийн зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байхад “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хорих ялыг хөнгөрүүлж, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр заасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг баримтлан Э.*******ыг ялаас чөлөөлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

           Энэ талаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.*******т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Э.*******т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА