Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2021/0443

 

Х.Д-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Б нарыг оролцуулан, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Д-ийн гомдолтой, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тус газрын Байгаль орчих, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тус тус заасныг баримтлан Х.Д-аас Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар, тус газрын Байгаль орчих, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-д холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн 2020 оны 05 дугаар 28-ны өдрийн 500 нэгжээр торгосон 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах, хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Энэ зөрчлийг Х.Д нь үйлдсэн гэдгийг нотолж чадаагүй. Учир нь дээрх шийтгэлийн хуудсанд дурдсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 154 тоот хашааны газрыг илүү сунгасан асуудал нь гомдол гаргагчид огт хамааралгүй ба түүний өмч биш ба өөр хүний нэр дээр байдаг газар юм.

Яагаад тухайн газрыг эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч байсаар байхад энэ асуудлыг хуулийн дагуу тогтоохгүйгээр тусдаа ажил амьдралтай иргэнийг торгож мөн хүний өмчийн хашааг бусдаар албадан буулгуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

Маргаан бүхий хашааны эзэмшигч нь Х.Болормаа нь Б.Эрдэнэсайхан гэдэг хүнээс 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээг хийж гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн зүгээс үзлэг хийсэн тэмдэглэл болон өрхийн мэдээллийн программаас үзэхэд Х.Д нь 2021 оны байдлаар дээрхи маргаан бүхий газарт биш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 139 тоотод амьдардаг болох нь тодорхой байхад шүүхийн шийдвэрт Х.Д 2011  оноос хойш маргаан бүхий газарт амьдарсан гэж үзсэн нь ямар ч боломжгүй юм.

Энэ хэргийн маргаан нь ямар нэгэн хүн энэ газарт амьдарч байгаа гэхээс илүү тухайн зөрчлийг хэн гаргасан гэдгийг л тогтоох ёстой, хэрвээ тогтоох юм бол тухайн хүнд хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл бусдын газар дээрх хашаа байшинг түр харж байгаа хүнд ямар ч нотолгоогүйгээр шийтгэл оногдуулах нь үндэслэлгүй юм.

Гэтэл шүүгч тухайн газар нь хэний өмчлөл байхаас үл шалтгаалж газрыг ашиглаж байгаа хүн нь хариуцлага хүлээх ёстой гэж үзсэн нь тухайн байшинг түрээсэлж байгаа, түр амьдарч байгаа, харж байгаа зэрэг бусад иргэний эрх зүйн харилцаанд орж байгаа иргэнд хохиролтой асуудал болж байна.

Хэрэгт авагдсан баримтаар авагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь Х.Д-г тухайн байшинд амьдарч байсан гэдгийг нь хэлснээс биш тухайн хашааг сунгаж байгаа үйлдлийг харсан, нотолсон мэдүүлэг биш юм.

Тухайн газар дээр баригдсан хашаа бол Х.Болормаагийн өмч. Тухайн хашааг буулгах ажиллагаа явагдах ёстой юм бол заавал өмчийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа өмчлөгч байх ёстой. Тухайн хашааг ямар журмаар сунгасан эсэхэд тайлбарлах ёстой. Мөн хуульд заасан эрх үүргээ эдлэх ёстой.

Х.Д хашааг сунгасан гэж тогтоосон юм бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг шүүх анхаарч үзээгүй.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж 500.000 төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн саналыг шүүгч шийдвэрлэхдээ хуулийн утга агуулгыг шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ойлгомжгүй, хамааралгүй хуулийн заалттай холбогдуулж тайлбарласан байна.

Тухайн хашааг сунгасан талаарх гомдлыг иргэн н.Даваа-Очир Сэлэнгэ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гомдол гаргаснаас хойш 1 жил 5 сар, гэрчийн н.Даваа-Очирын мэдүүлгээр ... намайг 2017 онд ирэхэд хашаа сунгагдсан байсан гэснээс үзэхэд 3 жил,  гэрч Д.Раднаабазарын ... 2013 онд байшингаа дээвэрлэх үед эднийх хашаагаа сунгаж барьсан ... гэх мэдүүлгээс үзэхэд жил болсон байхад дээрх хугацааг харгалзахгүйгээр 500.000 төгрөгөөр торгосон нь дээрхи хуулийн заалттай зөрчилдөж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ :

              Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06-р сарын 28-ны өдрийн 10 дугаартай шүүхийн шийдвэ           рийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

              Гомдол гаргагч Х.Д нь Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар”-ыг тус тус хүчингүй болгуулах, хохирол 500.000 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулах гомдлын шаардлага гаргасан бөгөөд шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

              Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож, улмаар 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2031000106 дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар”  гаргажээ.

              Энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан”  зөрчил гарсан эсэх нь ач холбогдолтой байна.  

              Гомдол гаргагч Х.Д болон түүний өмгөөлөгч нар нь шүүхэд болон давж заалдах гомдолдоо ... Миний төрсөн эгчийн газартай холбоотой асуудлаар дүүд нь арга хэмжээ авч, бусдын өмчид халдуулах үйлдэл хүчээр хийлгэх гэж байна...” гэжээ. Гэвч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэг нь хэн тухайн газрын өмчлөгч байх нь чухал бус гагцхүү “газрын зөвшөөрөлгүй ашигласан” эсэх нь гол байна. хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр Х.Д тухайн газар амьдарч байгаа болох нь тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд тухайн газрыг ашиглаж байгаа гэж үзнэ.

               Давж заалдах гомдолд мөн ...  зөрчилд холбогдогч нь зөрчлийн субьект мөн эсэхийг тогтоогоогүй, тухайн газарт амьдардаггүй гэсэн үндэслэлийг заажээ.  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэгт оршин суух П.Даваа-Очироос “...манай хөрш айл болох Х.Д нь гудамж руу хашаагаа сунган, машины орох, гарах гарцыг багасган хашаагаа сунгасан нь орж гарахад хүндрэлтэй байна, эрх бүхий байгууллагаас олгосон хэмжээг хэтрүүлэн гарцыг хааж хашаагаа сунгасанд гомдолтой байна ...” гэсэн гомдол ирүүлэн, гомдлын дагуу 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээх тухай 2031000106 дугаар тогтоолоор Х.Д-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хүрээнд, прокурорын хяналтан дор гүйцэтгэсэн байна. Улмаар  тус газарт Х.Д 2011 оноос одоог хүртэл амьдарч, газрыг бодитойгоор ашиглаж байгаа болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 819 тоот албан бичгээр өгсөн тодорхойлолт , мөн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 16- ны өдрийн 347 тоот албан бичиг , түүнд хавсаргасан баримт зэргээр тогтоогджээ.

              Түүнчлэн авж заалдах гомдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй гэж гомдол гаргагч үзэж буй ажээ.

              Анхан шатны шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5-д “Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ.”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 9-д “Шүүх энэ зүйлийн 8 дахь хэсэгт заасан хүсэлтийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэх бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл албадан гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичнэ.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий этгээдээс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудас, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2031000106 дугаар “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар”-ыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар холбогдогчийн эрхийг хангаж зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан эсэх, хуульд заасны дагуу зөрчлийн хэргийг шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл хөтлөгдсөн эсэх, шийтгэлийн хуудсыг прокурорт хянуулж бүртгүүлсэн эсэх, хуульд тусгайлан заасан тохиолдолд гомдол гаргасан эсэхийг тус тус шалгасан байна. Ингээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн адгуу явагджээ гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

              Тухайлбал: Зөрчлийн 2031000106 дугаар материалд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б-ийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 0066142 дугаар шийтгэлийн хуудаст “шийтгэлийн хуудас бичихдээ Х.Д-тай 9446- 1245 утсаар холбогдож мэдэгдсэн”, “шийтгэлийн хувийг холбогдогч Х.Д-д дөрөвдүгээр багийн Засаг даргаар хүргүүлсэн” гэх эрх бүхий этгээд гараар бичсэн тэмдэглэл, хэргийн материалыг холбогдогчид танилцуулсан тухай 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэлд зөрчлийн 2031000106 дугаар хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаныг холбогдогчид 14 цаг 25 минутад танилцуулж дууссан, мөн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт холбогдогч Х.Д-г дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, түүнийг 4 дүгээр багийн Засаг дарга өөрөө Х.Д-ийн гарт нь өгсөн гэсэн буцах тасалбарын баримт болон түүнтэй утсаар ярьсан 6 удаагийн тэмдэглэл зэргээс үзвэл эрх бүхий этгээд бүртгэлийн иргэний бүртгэлийн цахим систем болон бичиг баримтад хийсэн үзлэг, мөн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн 5 дугаар хэсгийн 154 тоотод хийсэн үзлэгийн тэмдэглэлээр  тус тус тогтоогдож гэж үндэслэлтэй дүгнэжээ.

              Иймд иргэн Х.Болормаагийн хууль ёсоор өмчилдөг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсгийн 154 тоотод байрлах 2472 м.кв газрын хашааг урагш сунган эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж заасныг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж 207 м.кв газрыг эрх бүхий этгээдийн ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд Х.Д-г холбогдогчоор татаж, шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

           ШҮҮГЧ                                                                   О.НОМУУЛИН

           ШҮҮГЧ                                                                   Э.ЗОРИГТБААТАР