Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 04

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж,

Нэхэмжлэгч:Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1-р баг, Хоолт-Улаан толгойн 1-2 тоотод оршин суугч А.Н ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Р.Шүрхүү

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мал эмнэлгийн улсын байцаагч Ө.Б , түүний өмгөөлөгч Б.Батсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А.Н ийн  нэхэмжлэлтэй, Төгрөг сумын малын байцаагч Ө.Б д холбогдох “Мал эмнэлгийн улсын байцаагч Ө.Б гын захиргааны зөрчилд оногдуулсан шийтгэвэр илтэд хууль бус болохыг тогтоолгох тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг шүүгч уншин сонсголоо. Нэхэмжлэлд тодорхой дурьдаж өгсөн байгаа. Уг нэхэмжлэлд хэлэх тайлбар байна. Уг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Улсын байцаагчийн 1250000 төгрөгийн акт нь илтэд хууль зөрчсөн гэж үзэж байна. Хоёр хууль баримтлан шийтгэвэр оногдуулсан байгаа.      

Үүнд: Хүнсний тухай хуулийн шинэчлэгдсэн мөрдөгдөж байгаа хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсгийг баримтлан торгууль оногдуулсан.

          Энэ хуульд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүнд арга хэмжээ авах талар зааж өгсөн байгаа. Гэтэл сургуулийн захирал гэдэг бол аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ хийж хүүхдүүдийн сурлага, хүмүүжилд анхаарал таних ёстой ажилтан юм. Харин энэ хүний доод албан тушаалтан нягтлан, тогооч гэх мэт хүмүүс байдаг. Нягтлан нь данс тооцоог хянаж, тогооч нь тухайн хоол хүнсний материалд анхаарал хандуулах ёстой хүмүүс юм. Миний байгууллагын дотоод журмыг өгөөд байгаа нь тогоочийн үүргийн талаар дотоод журмын 9 дэх хэсэгт “хүнсний бүтээгдэхүүнд анхаарал тавьж, асуудал гарсан тохиолдолд шаардлагатай арга хэмжээг авч дээд албан тушаалтандаа мэдэгдэх ёстой” гэж оруулсан байна.

            Үүнээс үзэхэд хүнсний аюулгүй байдлыг хангах хүн нь тогооч, хадгалах хамгаалах үүргийг нягтлан нь хариуцах ёстой юм байна. А.Н  нь хоолны чанар байдлаа харж байгаагүйн улмаас хариуцлага алдсан нь үнэн. Мах муудсан талаар мэтгэлцээд байдаггүй. Хүлээн зөвшөөрдөг. Харин хариуцлага хэн хүлээн вэ? гэдэг дээр л маргаантай байдаг. Иймд байдлуудаас үзэхэд Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар субъект болохгүй юм.  

     Тухайн актанд Хүнсний тухай хуулийн 11.1 дэх хэсэг мөн Төрийн албаны тухай хуулийн 16.3 дахь хэсэг гэж зааж өгсөн байдаг. Энэ хүн нь хүнсний аюулгүй байдлыг хангах субъект болохгүй. Иймд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын мал эмнэлэгийн Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А.Н т гаргасан шийтгэвэр, актыг илтэд хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.

          Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай танилцлаа. Үүнээс арга хэмжээ авсан байдал болон хариуцлагын талаар байцаагч Ө.Б  нь тайлбар хийнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс А.Н  нь тухайн хариуцлагыг хүлээн субъект биш юм гэдгийг тайлбарлаж байна. Хариуцлага тооцох субъект биш гэдгийг сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг баримтлан хэлж байх шиг байна. Бага дунд боловсролын тухайн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13 дахь хэсэгт сургуулийн захирлын үүргийг зөрчсөн байгаа. Энэ хуульд сургуулийн захирал нь хүүхдийн хүнсний аюулгүй байдал болон хяналт шалгалтын үүрэг хүлээнэ гэснийг зөрчсөн. Тиймээс хуулиас давсан журам, эрх зүйн акт гэж байдаггүй. Мөн Төрийн албаны тухай хуульд зөвхөн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж заасан байгаа. Дээрх хуулийн сайтаас харахад 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэг гэж зааж оруулж өгөөгүй байна. Мэргэжлийн хяналтын байцаагч болон төрийн албан хаагчийн мөрдөгдөж байгаа хуульд 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэг гэж зааж өгсөн байна. Үүнийг шинжлэн судлуулахаар өгсөн байгаа. Энэ баримтуудаас үзэхэд Улсын байцаагчийн акт нь хууль ёсны үндэстэй, хүчин төгөлдөр эрхийн акт гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд актын он, сар, дугаарыг буруу бичсэн байгаа. Хууль зүйн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сараас эхлэн сарын хэмжээнд “Аюулгүй хүнс“ нэртэй сарын аян зохион байгуулагдсан. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн байгууллагуудад хяналт шалгалт тавьж ажилласан. Энэ шалгалтын үеэр Төгрөг сумын сургуулийн хөлдөөгчтэй махнаас нэгшмэл үнэр үнэртэж байсан. Тухайн үед сургуулийн захирал байгаагүй дараа өдөр нь ирж хяналт шалгалтын талаар танилцуулсан. Тэгээд дээж авч аймгийн Мэргэжлийн хяналтын газар явуулах гэхэд сургуулийн захирал А.Н  нь багш нартаа хоол хийгээд өгчихье юун сүртэй юм гэх мэтээр миний ажил саад учруулж ажлыг удаашруулсан. Сүүлдээ аймгийн Мэргэжлийн хяналтын газар дуудаж манай шалгагдаж байгаа маханд лабораторийн шинжилгээ хийж өгнө үү гэж хүртэл хүсэлт гарган ажилласан. Яагаад захирал дээр арга хэмжээ авсан юм бэ? гэхээр тухайн байгууллагын захиран зарцуулах төсөвийг захирал хариуцдаг. Мөн агуулах болон мах хадгалах орчноо цэвэр байлгах ёстой. Гэтэл хүүхдийн хоолны махыг огтоны хор цацсан, огтоны баастай тийм орчинд хадгалж байсан. Сургуулийн эмч хэлсэн байдаг. Хөгц, үс ургасан мах байна гэхэд нь хадгалсан мах ийм л байдаг шүү дээ гээд тоохгүй, дотоод журмаа мөрдүүлээгүй байдаг. Хэрвээ дотоод журмын хяналт,  шалгалтаа мөрдүүлж байсан бол ийм их мах авчихаад ингэж муудаж өмхийртөл нь хадгалахгүй л байсан. Огтоны баастай хоол идүүлнэ гэдэг нь шар өвчин үүсгэх аюултай, дотуур байрны хүүхдийн эрүүл ахуй, хоолны байдалд хяналт тавих нь захирал багшийн үүрэгт нэг ажил нь гэж үзэж байна. Сургуулийн дотуур байр гэдэг нь аль нэг газрын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг газар биш ч гэсэн төсөвт байгуулагын нэг хэсэг учраас захиралд дотоод хяналтын журам мөрдүүлээгүй гэдэг дээр арга хэмжээ тооцсон. Харин доод албан тушаалтандаа ямар арга хэмжээ авах нь тухайн байгуулагын даргын эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Тухайн махаа аваад хамт аймаг явъя гэхээр байж бай юундаа яараад байгаа юм гээд мах асуудалтай гарна гэдгийг мэдээд намайг явуулахгүй байсан. Би аргаа барахдаа Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хүмүүсийг  дуудаж ажилласан. Улсын төсвөөс л зардал мөнгө нь гарч байгаа шүү дээ. Мөн А.Н  нь өндөр настны тэтгэвэрт гарсан гэж байна. Тухайн хүний 2017 оны 05 дугаар сард ажлаа хийж байхад нь акт гаргасан. Хүүхдийн хүнсний аюулгүй байдлын төлөө ингэж шудрагаар ажиллаж байхад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулахгүй байхад надад ингэж ажиллах шаардлага байна уу? үгүй юу? гэх сэтгэгдэл төрж байна гэв.

   ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар А.Н ийн  нэхэмжлэлтэй, Төгрөг сумын малын байцаагч Ө.Б д холбогдох “Мал эмнэлгийн улсын байцаагч Ө.Б гын захиргааны зөрчилд оногдуулсан шийтгэвэр илтэд хууль бус болохыг тогтоолгох тухай”   нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Мал эмнэлгийн байцаагч Ө.Б гын 2017 оны 05 дүгээр сарын 16-ны өдрийн 0107346 дугаартай шийтгэвэрийн хуудас хуулийн үндэслэлтэй гарсан байна гэж шүүх үзэв.

Үүнд: 1. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын удирдамжын дагуу Төгрөг сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүнсний аюулгүй байдлын  үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар дотуур байрны хүүхдийн хоолонд өгч байсан мах нь нэгширч муудсан, зориулалтын агуулахад хадгалаагүй, оготнотой газар хадгалсан, шинжилгээгээр халдварт өвчний савханцарууд илэрсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрэл зургуудаар  баталгаажуулсан нотлогдсон байна.

2. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13 дугаарт:  сургуулийн захирлын эрх, үүрэгт  “сургуулийн орчин дахь хоол, хүнс, ундны цэвэр ус, бие засах газрын эрүүл ахуй, аюулгүй байдлын баталгааг хангах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй” гэж заасныг тус сургуулийн захирал А.Н  үүргээ хангалтгүй биелүүлжээ.

3. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дугаарт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэсэн хуулийн “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй” гэх хуулийн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ  Мал эмнэлгийн улсын байцаагч оногдуулсан нь хуулийн үндэслэлтэй болжээ.

4. Мал эмнэлгийн улсын байцаагч Ө.Б  нь Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дүгээрт “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагааныхаа үр дагаврыг өөрөө хариуцах” гэсэн заалтыг баримталсан нь хуулийн үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээрт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.13, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дүгээрт зааснуудыг баримтлан А.Н ийн  нэхэмжлэлтэй, Төгрөг сумын малын байцаагч Ө.Б д холбогдох “Мал эмнэлгийн улсын байцаагч Ө.Б гын захиргааны зөрчилд оногдуулсан шийтгэвэр илтэд хууль бус болохыг тогтоолгох тухай”    нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгч А.Н ийн улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, түүний өмгөөлөгчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.НЭРГҮЙ