Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 01

 

 

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр                              Дугаар 204/МА2017/00001                                   Өвөрхангай аймаг

 

                               Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний

                             хэргийн тухай

           Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн

             2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 304 дүгээр шийдвэртэй

             Нэхэмжлэгч Б.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

              Хариуцагч Ц.Амаржаргалд холбогдох

          “Бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, хариуцагч Ц.Амаржаргал, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                            

Нэхэмжлэгч Б.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Энхцэцэг би  Цэгмэдийн Ганболдтой 2012 онд гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан. Гэр бүл болсноос хойш нөхөр минь 2014 онд 3 cap ба 6 сарын хугацаанд 2 удаа, 2016 оны 1 сараас 3 сарын 20-ны өдрийг хүртэл Африкийн Конг улсад худгийн өрөмдлөгийн ажил хийсэн. Нөхөр маань сүүлийн удаа гадаад улс руу ажлаар явахын өмнө гэр орноо тавилгын хамт өөрийн төрсөн эгч Ц.Амаржаргалын Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Зүүн тасган 1-ийн 0001 тоотод байрлах хашаанд хураасан. Харин би түүнийг иртэл өөрийн аавын гэрт амьдарч байсан бөгөөд нөхрөө ирэнгүүт гэрээ барихаар ярьж тохирсон. Тэрээр гадаад улсаас 2016 оны 3 сарын 20-ны өдөр ирээд 22-ны өдөр өөрийн ээж Дуйнхарын Батдуламтай золгохоор Өвөрхангай аймгийн Хархорин сум явах болсон. Харин тэрээр онгоцноос буухдаа их ядарч ирлээ гэж ярьж байснаас гадна шөнө халуурч хоносон тул бид хоёр маргааш өглөө нь /3 сарын 21-нд/ Халдварт ба 1 дүгээр эмнэлэгт очсон боловч Цэргийн госпитальд үзүүлэх хэрэгтэй гэсэн. Харин Цэргийн госпиталь нь 2016-03-22-ны өглөө 08 цагт ирж үзүүл гэсэн бөгөөд энэ шөнө нь тэрээр өөрийн төрсөн эгч Ц.Амаржаргалындаа хоносон. Харин маргааш нь эмнэлэгт үзүүлэхгүйгээр Өвөрхангай аймаг явсан ба огт утсаа авахгүй байсан. Гэтэл түүний төрсөн эгч Ц.Болормаа над руу залгаж "нөхөр чинь Дархан-Уул аймгийн Халдвартын эмнэлэгт хүнд байна" гэж хэлсэн ба би тэр өдөртөө Дархан-Уул аймагт очиж нөхрөө шөнө сахиж хоносон. Харин тэрээр 2016-03-29-ний өдөр халуун орны цусны өвчний улмаас нас барсан. Би нөхрийгөө нас барсны дараа талийгаачийн эгч Ц.Амаржаргалын хашаанаас гэр, гэрийн тавилгаа авах гэхэд тэрээр "энд чиний эд хөрөнгө гэж юу байдаг юм, чамд өгөх юм байхгүй, чи зүгээр л дуугай бай" гэж хэлээд миний эд хөрөнгүүдийг өгөөгүй. Ч.Амаржаргалтай утсаар ярих гэж зөндөө оролдсон боловч утсаа авдаггүй. Иймээс би талийгаач Ц.Ганболдын хууль ёсны эхнэр бөгөөд хууль ёсны өвлөгчийн хувьд өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон дараах эд хөрөнгүүдийг түүний хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Үүнд:

     1. Креста 105 маркийн 80-44 УБО улсын дугаартай суудлын машин

  1. 5 ханатай, давхар туургатай, битүү берзенттэй, уянгын цуулбартай, эрээн монгол иж бүрэн гэр
  2.  Гэрийн дотуур, гадуур цаваг, бүрээс
  3. Зурагт болон хөгжмийн тавиурт зориулсан 4 шургуулгатай шүүгээ ба түүний 2 хажууд байрлах шилэн хаалгатай 2 шургуулага ба тавиуртай тавилга /мөлхөө тавилга/
  4. Сунадаг диван ор
  5. BSB-ийн 2 хаалгатай хөргөгч
  6. 4 ширэмтэй, дороо шарагч шүүгээтэй плитка
  7. Дээрээ шилэн серванттай гал тогтооны тавилга
  8. Солонгос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф

10. Гар, нүүрний угаалтуур

11. Гэрийн "өлзий" зуух, яндан, дулаан баригч, мод хийх зориулалттай дөрвөлж

  1. Битүү чанагч, хайруулын таваг том ба жижиг 2 ширхэг
  2. Хутга, заазуурын ком хэрэгсэл
  3. Ус буцалгагч том ба жижиг 2 ширхэг
  4. Хоол халаагч
  5. Хоол ба цайны халуун сав 2 ширхэг
  6. Николь тогоо

18. Шилэн ширээ

19. 64 ширхэгтэй аяга, тавагны бүрдэл

    20. Чихрийн болор таваг болон шилэн болон бусад материалаар хийсэн 3 ширхэг          

         таваг

    21.6ширхэг болор рүнк

  1. 1 дүгээр хоолны 5 ширхэг таваг
  2. Цайны шилэн аяга 10 ширхэг, стакан 10 ширхэг
  3. Халбага шанаг
  4. Жижиг оврын нотебүүк, цүнх, утасгүй мауз, G мобайлийн модем, 2 ширхэг плаш,  USB оролт

26. Компьютерийн зориулалттай сандал

27. Тоос сорогч

28. MNBC-ийн кабелийн телевизийн олон сувагт иж бүрэн төхеөрөмж

29. Жижиг хуванцар сандал 2 ширхэг

30. Iphone 4 rap утас

31. 50 инчийн 30 смарт телевизор, 2 ширхэг нүдний шил

32. Чингис хивс 2 ширхэг, 2x3 харьцаатай Эрдэнэт хивс 2 ширхэг, 2x4 харьцаатай, Эрдэнэт хивс 1 ширхэг, орны ард татсан Эрдэнэт хивс 2 ширхэг, 1х2 харьцаатай газар дэвсдэг улаан өнгөтэй хивс 2 ширхэг, 4x3 харьцаатай газар дэвсдэг шар өнгөтэй дрож 1 ширхэг

33. Гурил ба махны модны иж бүрэн хэрэгсэл

34. Гурил ба махны түмпэн сав 3 ширхэг

35. 5 ширхэг бэлэг дурсгалын зүйлс

36. Ор хөнжлийн хос даавуу 7 ширхэг, хөнжил 4 ширхэг, гудас 4 ширхэг, дэрний уут 10 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг

37. Хувцасны хатаагч 1 ширхэг

Иймд Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо 1 дүгээр гудамж Зүүн тасган 1-ийн 0001 тоотод оршин суух иргэн Ц.Амаржаргалын хууль бус эзэмшлээс миний дээрх нэр төрөл бүхий эд хөрөнгийг чөлөөлж миний эзэмшил, өмчлөлд шилжүүлж өгнө үү. Жич: Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь Чингэлтэй дүүрэг 8 хороо, 1 дүгээр гудамж, зүүн тасган 1-ийн 0001 тоот хаягт байрлах хашаанд хадгалагдаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: " ...Ганболд нь Африкийн Конг улс руу явж худгийн өрөмдлөгийн ажил хийдэг байсан. Сүүлийн удаа гадаад улс руу ажлаар явахын өмнө гэр орноо тавилгын хамт өөрийн төрсөн эгч Ц.Амаржаргалын Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Зүүн тасганы 1-ийн 0001 тоотод байрлах хашаанд хураагаад явсан. Тэрээр 2016 оны 03 дугаар сарын 20-ний өдөр ирээд 29-ний өдөр халуун орны цусны өвчний улмаас нас барсан. Ганболдыг нас барсны дараа талийгаачийн эгч Ц.Амаржаргалын хашаанаас гэр, гэрийн тавилгаа авах гэхэд эгч нь өдийг хүртэл чамд өгөх юм байхгүй гээд өгөхгүй байна. Иймээс хүүхдийнхээ 37 төрлийн гэр ахуйн барааг гаргуулж авах хүсэлтэй шүүхэд хандсан. ...Хариуцагч Амаржаргалын эгч Болормаа нь машиныг шинэ номер дугаар хийгээд унаад байна. Анх лавлагаа гаргахдаа энэ машиныг хэн ч унаж хэрэглэж болохгүй гэсэн боловч унаад яваад байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд: "...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үндсэн дээр Энхцэцэг нь энэ 37 төрлийн эд хөрөнгийг өмчлөх бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Талийгаач Ганболдын төрсөн эгч нь тэр эд хөрөнгийг өмчлөх ямар ч үндэслэл байхгүй. Төрсөн хүүхэд байсан бол хүүхэд нь авах ёстой байсан. Байхгүй учраас эхнэр нь авах үндэслэлтэй байна гэжээ.

 

  1. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх зааснаар хариуцагч Ц.Амаржаргалаас 1. Креста 105 маркийн 80-44 УБО улсын дугаартай суудлын машин, 2. 5 ханатай, давхар туургатай, битүү берзенттэй, уянгын цуулбартай, эрээн монгол иж бүрэн гэр, 3. Гэрийн дотуур, гадуур цаваг, бүрээс, 4. Зурагт болон хөгжмийн тавиурт зориулсан 4 шургуулгатай шүүгээ ба түүний 2 хажууд байрлах шилэн хаалгатай 2 шургуулга ба тавиуртай тавилга /мөлхөө тавилга/, 5. Сунадаг диван ор, 6. BSB-ийн 2 хаалгатай хөргөгч, 7. ширэмтэй, дороо шарагч шүүгээтэй плитка. 8. Дээрээ шилэн серванттай гал тогтооны тавилга, 9. Солонгос улсад үйлдвэрлэсэн хувцасны шкаф, 10. Гар, нүүрний угаалтуур, 11. Гэрийн "өлзий" зуух яндан. дулаан баригч, мод хийх зориулалттай дөрвөлж, 12. Битүү чанагч, хайруулын таваг том ба жижиг 2 ширхэг, 13. Хутга, заазуурын ком хэрэгсэл, 14. Ус буцалгагч том ба жижиг 2 ширхэг, 15. Хоол халаагч, 16. Хоол ба цайны халуун сав 2 ширхэг, 17. Никель тогоо, 18. Шилэн ширээ, 19. 64 ширхэгтэй аяга, тавагны бүрдэл, 20. Чихрийн болор таваг болон шилэн болон бусад материалаар хийсэн 3 ширхэг таваг, 20. 6 ш болор рүнк, 21. 1 дүгээр хоолны 5 ширхэг таваг, 22. Цайны шилэн аяга 10 ширхэг, стакан 10 ширхэг, 23. Халбага шанаг, 24. Жижиг оврын нотебүүк цүнх, утасгүй мауз, G мобайлийн модем, 2 ширхэг плаш, USB оролт, 25. Комьпютерийн зориулалттай сандал. 26. Тоос сорогч, 27. MNBC-ийн кабелийн телевизийн олон сувагт иж бүрэн төхөөрөмж, 28. Жижиг хуванцар сандал 2 ширхэг, 29. Iphone 4 rap утас, 30. 50 инчийн 30 смарт телевизор, 2 ширхэг нүдний шил, 31. Чингис хивс 2 ширхэг, 2х3 харьцаатай Эрдэнэт хивс 2 ширхэг, 2x4 харьцаатай Эрдэнэт хивс 1 ширхэг, орны ард татсан Эрдэнэт хивс 2 ширхэг, 1x2 харьцаатай газар дэвсдэг улаан өнгөтэй хивс 2 ширхэг, 4x3 харьцаатай газар дэвсдэг шар өнгөтэй дрож 1 ширхэг, 32. Гурил ба махны модны иж бүрэн хэрэгсэл, 33. Гурил ба махны түмпэн, 34. сав 3 ширхэг 35. 5 ширхэг бэлэг дурсгалын зүйлс. 36. Ор хөнжлийн хос даавуу 7 ширхэг, хөнжил 4 ширхэг, гудас 4 ширхэг, дзриий уут 10 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, 37. Хувцасны хатаагч 1 ширхэг, нийт 37 нэр төрлийн эд хөрөнгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Энхцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр тамилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Амаржаргал давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 304 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. Учир нь шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

  1. Надад тэр хэлээд байгаа хөрөнгө нь байхгүй. /нас барахаас нь өмнө Энхцэцэг, талийгаач 2 салж, өрх тусгаарлаад хөрөнгөө хуваагаад зарж үрсэн гэж сонссон/
  2. Би итгэмжлэл өгсөн хүнээсээ татгалзаж байна. Итгэмжлэлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс миний эрх ашиг зөрчигдсөн.
  3. Надад тайлбар өгөөгүй тохиолдолд хэргийг яаж шийдвэрлэдэг талаар надад хууль тайлбарлаж өгөөгүй.
  4. 2 талын ашгийг ижил тэгш хангаагүй буюу мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч мөн эсэх, маргаан бүхий хөрөнгө бодитоор байгаа эсэхийг тодорхойлоогүй байж хийсвэр нөхцөл байдал дээр шийдвэр гаргасан.
  5. Маргаж байгаа хөрөнгийн эзэн нь нас барсан тул нэхэмжлэгч болоод явж байгаа этгээд нь нэхэмжлэх эрх байхгүй ба би хариуцагч биш.
  6. Шүүхийн шийдвэрт намайг нэхэмжлэгч мэтээр буруу бичсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч " манай хүү Ганболд " гэж худлаа бичсэн байна.

Иймд анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний охин Баянжаргал овогтой Энхцэцэг нь Цэгмэдийн Ганболдтой хууль ёсны гэр бүл ба тухайн үед хамт амьдарч байсан гадагшаа явж ажил хийх хугацаанд ч байнга холбоотой байсан албан ёсны эхнэр нөхөр байсныг гэрлэлтийн баталгаа гэрчилнэ. Мөн 2015 оны 12 дугаар сарын 17-нд “Мантаг” хадгаламж зээлийн хоршооноос 3000000 төгрөгийг зээлж гэр бүл болох ёслол тохижилтонд хэрэглэсэн. Энэ зээлийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Энхцэцэг миний охин төлж дуусгалаа. Би Энхцэцэгийн өмчлөлийн 37 нэр төрлийн эд хогшил “Мантаг” хадгаламж зээлийн хоршооноос зээлсэн 3000000 төгрөг Б.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээж Б.Цэгмэд Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирж өгсөн. Замын зардал 103800 төгрөг зэргийг хариуцагч Ц.Амаржаргалаас гаргуулах хүсэлтэй байна. Мөн Өвөрхангай аймгийн давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа тул ирж буцах зардал 50000 төгрөгийг тус тус гаргуулах хүсэлтэй байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

         Нэхэмжлэгч Б.Энхцэцэг 2016 оны 06 сарын 16-нд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Ц.Амаржаргалын эзэмшлээс өөрийн эд хөрөнгийг чөлөөлүүлж, өмчлөлдөө авахаар нэхэмжлэл гаргажээ. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20126 оны 06 сарын 23-ны өдрийн 182 дугаартай захирамжаар нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж, хаана байршилтай, ямар үнэлгээтэй эд хөрөнгө болохыг тодруулж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан хэмжээгээр төлж дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

Нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан журмаар тодорхойлох бөгөөд энэ хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр тооцож, түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой байхад нэхэмжлэгч Б.Энхтуяа нь хариуцагч Ц.Амаржаргалаас 37 нэр төрлийн эд хөрөнгө гаргуулахаар шаардсан боловч улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг /эд хөрөнгийн бус болон үнэлж болохгүй нэхэмжлэлд төлдөг хураамжийн хэмжээгээр/ төлжээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргасан байхыг шаарддаг бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа тухайн нэхэмжлэлийн шаардлагад тохирсон хураамж төлсөн эсэхийг нягтлан үзэж, хуулийн энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог.     

            Нэхэмжлэгч Б.Энхцэцэг 2019 оны 09 сарын 01-нд шүүхэд дахин нэхэмжлэл гаргахдаа  өмнөх  нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан  шүүгчийн захирамжинд заасан зөрчлийг засаагүй, тухайлбал нэхэмжлэлийн үнийн дүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэжээ.    

           Энэ зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөж залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

           Гомдолд дурдаснаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Энхцэцэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангасны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

           Хариуцагч Ц.Амаржаргал Ц.Болормаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэн оролцуулахаар итгэмжлэл олгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ.” гэснийг зөрчиж, хариуцагч Ц.Амаржаргал өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзаагүй байхад анхан шатны шүүх түүний давж заалдах гомдлыг  хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй байна.

                Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 304 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Ц.Амаржаргалаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                        ШҮҮГЧИД                   Л.НЯМДОРЖ

                                                                                             Г.УЛАМБАЯР