Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 935

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга П.Тулга,             

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шинэжаргалант овогт Н-н Бд холбогдох эрүүгийн 1909023581118 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа барилгын материал зардаг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу 25 дугаар байрны 57 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ХД 68092708/ Шинэжаргалант овогт Н-н Б нь:  

 

- 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “К” барилгын материалын худалдааны төвд 10 дугаарын лангуундаа борлуулж байсан гэрэлтүүлгүүдийн цахилгааны холболтыг хийхдээ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан 30.1.8 дахь хэсэгт заасан “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” заалтыг зөрчиж цахилгаан дамжуулах утсыг ил татаж, утас нь шалбархай байсны улмаас төмөр хийцтэй ханаар тог дамжин тус худалдааны төвөөр үйлчлүүлж байсан Ж.Хэрлэн нь хаалганы бариулнаас тогонд цохиулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-11 /

Хохирогч Ж.Хэрлэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн төрсөн дүү Анхцэцэгийн хамт 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зуун айлд байдаг “К” нэртэй барилгын дэлгүүрт өглөө эрт ороод, гарахдаа хаалганы бариулнаас барихад миний бие тогонд цохиулж гэмтсэн. Улмаар Гэмтлийн эмнэлэгт 7 хоног хэвтэж, дараа нь Мөнгөн гүүр эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Дараа нь гэрээрээ эм ууж, эмчилгээ хийлгэсэн гэжээ. / хх 39 /

 

Гэрч Ж.Анхцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Эгч бид хоёр дэлгүүрээс гарах санаатай орж ирсэн хаалганыхаа урд талын хаалгаар гарах гээд эгч хаалганы бариулнаас нь бариад түлхсэн чинь гэнэт гар хөл нь сонин болж татганаад намайг тог цохиод байна гэсэн. Би тухайн үед нь сандраад хүмүүсээс тусламж гуйсан. Тэгээд би сандраад эгчийгээ тэврээд авсан намайг бас тог цохиод бие жирэлзээд байсан гэжээ. / хх 71- 73 /

 

            Гэрч Б.Оюунбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэхэд дэлгүүрт байж байтал 09 цагийн орчим байх манай дэлгүүрийн төв хаалганы орчимд эмэгтэй хүн Энхээ гээд орилоод байхаар нь очиход үүдний хаалга болон дотор хаалганы коридор хэсэгт дотор хаалганы гадна талын бариулнаас нь эмэгтэй хүн хаалганы бариулнаас барьчихаад таталт өгөөд байсан гэжээ. / хх 75-77 /

 

Гэрч Н.Мөнхцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 06 дугаар сарын 13-ны өглөөний 09 цаг 25 минутын орчим ирэхэд “К” худалдааны төвийн гадна үүдэнд эмэгтэй хүн тогонд цохиулчихлаа гээд хэвтэж байсан. Манайх бол дандаа цахилгааны төрлийн бараа материал худалдаалдаг гэжээ. / хх 83-84 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7411 дүгээр дүгнэлтэнд:

1. Ж.Хэрлэнгийн биед зүүн атгаалын их төвгөр дайрсан хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь цахилгааны үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. / хх 45 /

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1.  ...Хэргийн материалд байгаа зураг, гэрчийн өгсөн мэдүүлэг зэргээс харахад гэрэлтүүлэг зарж борлуулдаг 10 дугаар лангуу нь борлуулж байгаа гэрэлтүүлгүүдийн цахилгааны холболтыг хийхдээ цахилгаан дамжуулах утсыг ил татсан, утас шалбархай байгаагаас төмөр хийцтэй хананд хүрч их биелэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл Хэрэглэгчийн эрх үүргийн 30.1.8 дахь заалтад /өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах/ гэж заасны дагуу 10 дугаар лангууны түрээслэгч тухайн тоноглолын аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй гэжээ. / хх 60-61 /

Яллагдагч Н.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ж.Хэрлэнгийн эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ. / хх 104 /

 

Шүүгдэгч Н.Бг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 100-103 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 123  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уйчлалт гуйж, 3.800.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна гэв.  

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “К” барилгын материалын худалдааны төвд 10 дугаарын лангуундаа борлуулж байсан гэрэлтүүлгүүдийн цахилгааны холболтыг хийхдээ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан 30.1.8 дахь хэсэгт заасан “Өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” заалтыг зөрчиж цахилгаан дамжуулах утсыг ил татаж, утас нь шалбархай байсны улмаас төмөр хийцтэй ханаар тог дамжин тус худалдааны төвөөр үйлчлүүлж байсан Ж.Хэрлэн нь хаалганы бариулнаас тогонд цохиулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх 5-11 /, ...Би өөрийн төрсөн дүү Анхцэцэгийн хамт 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зуун айлд байдаг “К” нэртэй барилгын дэлгүүрт ороод, гарахдаа хаалганы бариулнаас барихад миний бие тогонд цохиулж гэмтсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ж.Хэрлэнгийн мэдүүлэг / хх 39 /, ...Эгч бид хоёр дэлгүүрээс гарах санаатай орж ирсэн хаалганыхаа урд талын хаалгаар гарах гээд эгч хаалганы бариулнаас нь бариад түлхсэн чинь гэнэт гар хөл нь сонин болж татганаад намайг тог цохиод байна гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ж.Анхцэцэгийн мэдүүлэг / хх 71- 73 /, ... манай дэлгүүрийн төв хаалганы орчимд эмэгтэй хүн Энхээ гээд орилоод байхаар нь очиход үүдний хаалга болон дотор хаалганы коридор хэсэгт дотор хаалганы гадна талын бариулнаас нь эмэгтэй хүн барьчихаад таталт өгөөд байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг / хх 75-77 /, ... “К” худалдааны төвийн гадна үүдэнд эмэгтэй хүн тогонд цохиулчихлаа гээд хэвтэж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Мөнхцэцэгийн мэдүүлэг / хх 83-84 /, ...Ж.Хэрлэнгийн биед зүүн атгаалын их төвгөр дайрсан хугарал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7411 дүгээр дүгнэлт / хх 45 /, ...Хэргийн материалд байгаа зураг, гэрчийн өгсөн мэдүүлэг зэргээс харахад гэрэлтүүлэг зарж борлуулдаг 10 дугаар лангуу нь борлуулж байгаа гэрэлтүүлгүүдийн цахилгааны холболтыг хийхдээ цахилгаан дамжуулах утсыг ил татсан, утас шалбархай байгаагаас төмөр хийцтэй хананд хүрч их биелэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан байна. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл Хэрэглэгчийн эрх үүргийн 30.1.8 дахь заалтад /өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн аюулгүй байдал засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах/ гэж заасны дагуу 10 дугаар лангууны түрээслэгч тухайн тоноглолын аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх 61-62 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ж.Хэрлэн   нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 127 / гэсэн тул шүүгдэгч Н.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Бг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:                                                                 

1. Шүүгдэгч Шинэжаргалант овогт Н-н Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ