Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 956

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,           

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр овогт Э-н Бд холбогдох эрүүгийн 1809031121267 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд терсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баацагаан 3 дугаар баг Буйлсанд оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Ч2-14 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ВЖ 96041509 / Өндөр овогт Э-н Б нь:

 

- Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Турк Пейшн” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр барааны мөнгөө хувьдаа завшиж, иргэн С.Мөнхтуяад 3.094.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч С.Мөнхтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би “Турк пэйшн” дэлгүүр дээрээ 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 14 цагийн үед манай худалдагч Э.Б өглөө хэдэн цагт ирж дэлгүүрээ онгойлгосон талаар нь харах гээд камер шүүсэн. Тэгтэл Э.Б нь 115.000 төгрөгийн цүнх бэлэн мөнгөөр зараад тэр авсан мөнгөө шууд өөрийнхөө цүнхэндээ хийж байгаа нь камерын бичлэг дээр харагдсан. Тэгэхээр нь би тэр талаар асуутал Э.Б “манай эгчийн хүүхэд эмнэлэгт үзүүлэх гээд гуйхаар нь би өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд над руу шууд тэр мөнгийг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь ирээд дахиад камерын бичлэгийг үзтэл Э.Б дахиад зарсан барааны мөнгийг хувьдаа авч байгаа болох картаар шилжүүлж байгаа үйлдэл харагдсан. Э.Б нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр намайг ажил дээр очиход Э.Б надад “Би ажлаасаа гармаар байна” гэхээр нь би цалинг нь бодож өгөөд явуулсан. Дараа нь камерын бичлэг шүүгээд Э.Бд утсаар хэлтэл Э.Б шууд гар утсаа таслаад над руу мессеж бичсэн. Тэгээд “Би Баянхонгорт байна. Хохирлыг чинь барагдуулна. Идсэн нь үнэн” гэж хэлсэн гэжээ. / хх 24 /

 

Хохирогч С.Мөнхтуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: …1.500.000 төгрөг Э.Б надад өгсөн. Учир нь тухайн үед Э.Б нь жирэмсэн, ээж нь хөхний хорт хавдартай болохоор нь өрөвдөөд “За яахав зүгээр 1.500.000 төгрөг өгөөд энэ асуудлыг шийдье” гэсэн юм. Соёлмаа харин манай дэлгүүрт ажиллаад өөрийн хувьдаа авсан гээд байгаа 200 гаруй мянган төгрөгөө төлж барагдуулсан. Намайг байхгүй хооронд Соёлмаадаа мөнгө задлуулчихаад ир энэ тэр гэж зараад тэр хооронд нь манай дэлгүүрийн барааг дур мэдэн бусдад зарж мөнгийг нь авдаг байсан юм байна лээ. Тэгээд Э.Б нь сүүлдээ Соёлмаадаа “эгчийн дүү чамд бас мөнгө хэрэгтэй биз дээ” гээд 20, 30 мянган төгрөг өгдөг болсон гэж байгаа. Ингээд Соёлмаа нь тухайн үед авсаар байгаад 200 гаруй мянган төгрөг Э.Баасаа авчихсан байгаа юм гэжээ. / хх 41-42 /

 

Гэрч Т.Соёлмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдөр Э.Б нь надад “эгч нь плажны мөнгө авчихсан. Чамд мөнгөний хэрэгцээ байгаа биз дээ. Талыг нь чи ав” гэсэн. Тэгээд би болохгүй гэж хэлтэл Э.Б “гайгүй 1, 2 зүйл ингэж авч байгаа учраас мэдэгдэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би Э.Баас 80.000 төгрөг авсан. Дараа нь надад хямдралын цамцны мөнгө гээд өгөөд би чамд дахиад 2000, 3000 төгрөг орой өгнө гэж хэлээд өгсөн. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тааран плажны мөнгө гэж 32.000 төгрөг өгсөн гэжээ. / хх 28 /

 

Худалдагчийн өдрийн тайлангийн хуулбар / хх 43-51 /

 

            Яллагдагч Э.Б мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би уг дэлгүүрт 2018 оны 05 дугаар сарын эхээр худалдагчаар ажилд орж 2018 оны 06 дугаар сарын сүүлээс эхлэн 07 дугаар сар хүртэл касс хийсэн. Касс хийж байхдаа зарсан барааныхаа мөнгийг авдаг байсан юм. Тухайн авсан зүйлсийг одоо нэг бүрээр нь санахгүй байна. Надтай хамт ажиллаж байсан Соёлмаад 290 гаруй мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Бусад мөнгийг нь би өөрөө авдаг байсан гэжээ. / хх 60 /

 

Шүүгдэгч Э.Быг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 60 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 64 / зэрэг болно.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.500.000 төгрөгийг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Турк Пейшн” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр барааны мөнгөө хувьдаа завшиж, иргэн С.Мөнхтуяад 3.094.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Э.Б нь 115.000 төгрөгийн цүнх бэлэн мөнгөөр зараад өөрийнхөө цүнхэндээ хийж байгаа нь камерын бичлэг дээр харагдсан. Би тэр талаар асуутал Э.Б “манай эгчийн хүүхэд эмнэлэгт үзүүлэх гээд гуйхаар нь би өгчихсөн” гэж хэлээд тэр мөнгийг шилжүүлсэн. Э.Б надад “Би ажлаасаа гармаар байна” гэхээр нь цалинг нь бодож өгөөд явуулсан. Дараа нь камерын бичлэг шүүгээд Э.Б утсаар хэлтэл Э.Б шууд утсаа таслаад “Би Баянхонгорт байна. Хохирлыг чинь барагдуулна. Идсэн нь үнэн” гэж бичсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Мөнхтуяагийн мэдүүлэг / хх 24 /, …Э.Б нь жирэмсэн, дээрээс нь ээж нь хөхний хорт хавдартай болохоор нь өрөвдөөд “За яахав зүгээр 1.500.000 төгрөг өгөөд энэ асуудлыг шийдье” гэсэн. Соёлмаа харин манай дэлгүүрт ажиллаад өөрийн хувьдаа авсан гээд байгаа 200 гаруй мянган төгрөгөө төлж барагдуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Мөнхтуяагийн мэдүүлэг / хх 41-42 /, ...Э.Б нь надад “эгч нь плажны мөнгө авчихсан чамд мөнгөний хэрэгцээ байгаа биз дээ талыг нь чи ав” гэсэн. Тэгээд би болохгүй гэж хэлтэл Э.Б “гайгүй 1, 2 зүйл ингэж авч байгаа учраас мэдэгдэхгүй” гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Соёлмаагийн мэдүүлэг / хх 28 /, ...Худалдагчийн өдрийн тайлангийн хуулбар / хх 43-51 /, ...Би уг дэлгүүрт касс хийж байхдаа зарсан барааныхаа мөнгийг авдаг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Бын мэдүүлэг / хх 60 / зэрэг болно.  

Шүүхээс шүүгдэгч Э.Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсанг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч С.Мөнхтуяа гомдол, саналгүй / хх 68 / гэсэн тул шүүгдэгч Э.Б нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.

Шүүхээс шүүгдэгч Э.Быг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Өндөр овогт Э-н Быг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

5. Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ