| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1014/Э |
| Дугаар | 1010 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Г.Ганбагана,
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чонос овогт М-н Дд холбогдох эрүүгийн 1909025751307 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эмэг эх, өвөг эцэг, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 254 тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЙР 91051513 / Чонос овогт М-н Д нь:
- 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд Ц.Жавхланбаярыг Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, залилан 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.Жавхланбаяр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний бие 2018 оны 03 дугаар сарын үеэр Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр хүмүүс ажилд авна гэх зарыг фэйсбүүкээр харсан бөгөөд тус зар дээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороон дээр бүртгэж байна гэсэн. Тус хороо нь дээр очоод оочирлоод зогсож байтал бараг 500 орчим хүний дараа болж таарсан. Тэгтэл нэг залуу хөдөлмөрийн гэрээний бүртгэл барьчихсан зарна гээд явж байхаар нь би түүнээс хэдэн төгрөгөөр зарж байгаа талаар асууж тодруултал 140.000 төгрөг өгчих би тус хөдөлмөрийн гэрээний бүртгэл дээр чиний нэрийг хийгээд шалгалтад орох эрхтэй болгоод өгье гэсэн. Тэгэхээр нь би түүнд бэлнээр 140.000 төгрөгийг өгөөд хөдөлмөрийн гэрээний бүртгэлийн цаасыг авч үлдээд түүнээс нэрийг нь асуухад өөрийгөө Д гэж танилцуулаад бид хоёр дугаараа солилцоод Д руу шалгалтад тэнцүүлэх арга байгаа эсэх талаар асууж тодруултал “Болно 4.000.000 төгрөг өгчих. Надад таньдаг хүн байгаа. Би тэнцүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийнхөө 5085012591 дугаартай Хаан банкны данснаасаа Дын өөрийнх нь 5018375500 дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн. Ингээд нийт 8.210.000 төгрөг болж байгаа юм. Дд 9 сая орчим төгрөг өгсөн өгсөн бөгөөд үлдсэн 700.000 гаруй мянган төгрөгийг яаж өгснөө санахгүй байна гэжээ. / хх 10-12 /
Хохирогч Ц.Жавхланбаяр дахин мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д бид хоёр Сансарын тунел дээр уулзаад 8.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд хоёр хоногийн дараа над руу 1.000.000 төгрөгийг миний 5085012591 тоот данс руу шилжүүлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 13-14 /
Хаан банкны 5085012591 дугаартай Ц.Жавхланбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 46-49 /
Яллагдагч М.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Шалгалтын дараа Жавхланбаяр өөрөө надад ямар нэгэн аргаар намайг Солонгос явуулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Жавхланбаяртай холбогдоод Солонгос явахад урьдчилгаа 4 сая төгрөг болдог юм байна. Виз гарсны дараа бас мөнгө нэмж төлдөг юм гэж хэлсэн. Тэгэхэд Жавхланбаяр өөрөө шууд миний 5018375500 тоот данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг би хувьдаа ашиглаж үрээгүй ослоос болж хэсэг ажилгүй болоод машины өр төлбөр гэх мэт мөнгөний хэрэгцээ их гарч байсан. Энэ талаараа Жавхланбаярт хэлсэн. Харин Жавхланбаяр надад мөнгө зээлүүлж тусалж болно гэж хэлсэн. Тэгээд би Жавхланбаяраас бага багаар мөнгө зээлж байсан гэжээ. / хх 30-31 /
Шүүгдэгч М.Дыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 25-31 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 51 /
Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Ц.Жавхланбаярт 9.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж дуусгасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Шүүүгдэгч М.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын хүртэлх хугацаанд Ц.Жавхланбаярыг Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...нэг залуу хөдөлмөрийн гэрээний бүртгэл барьчихсан зарна гээд явж байхаар нь би түүнээс асуухад 140.000 төгрөг өгчих би тус хөдөлмөрийн гэрээний бүртгэл дээр чиний нэрийг хийгээд шалгалтанд орох эрхтэй болгоод өгье гэхээр нь би түүнд бэлнээр 140.000 төгрөгийг өгсөн. Шалгалтад тэнцүүлэх арга байгаа эсэх талаар асууж тодруултал “4.000.000 төгрөг өгчих. Надад таньдаг хүн байгаа. Би тэнцүүлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийнхөө 5085012591 дугаартай Хаан банкны данснаасаа Дын өөрийнх нь 5018375500 дугаартай Хаан банкны данс руу 4 сая төгрөгийг шилжүүлсэн. Нийт Дд 9 сая орчим төгрөг өгсөн өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Жавхланбаярын мэдүүлэг / хх 10-12 /, ...Хаан банкны 5085012591 дугаартай Ц.Жавхланбаярын депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 46-49 /, ... Ц.Жавхланбаяр надад ямар нэгэн аргаар намайг Солонгос явуулаад өгөөч гэж гуйсан. Ц.Жавхланбаяр өөрөө шууд миний 5018375500 тоот данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Би Жавхланбаяраас бага багаар мөнгө зээлж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч М.Дын мэдүүлэг / хх 30-31 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Дыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул түүний хувийн байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан прокурорын санал болгосон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Д нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй дурьдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч М.Дыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөөр өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонос овогт М-н Дыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.Д нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах годмол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Дд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ