Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 1007

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,        

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр овогт Э-н Ад холбогдох эрүүгийн 1911008211377 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын мужаан ажилтай, ам бүл 1, Баянхонгор аймаг, 5 дугаар баг, Цагаанчулуут 5 дугаар гудамж, 46 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:ВС 82081212 / Өндөр овогт Э-н А нь:  

 

- 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Э.Наранцэцэгийг “Архи уулаа” гэж хэлсний улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.Нандинцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн байр түрээслэн амьдарсан.  Ингэж байхдаа 02 дугаар сарын 21-ний өдөр Э.А нь намайг үсдэж толгой болон биеийн бусад хэсэгт цохиж зодсон. Мөн миний баруун нүд рүү 1 удаа цохьсон гэжээ. / хх 10-11 /

Яллагдагч Э.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 7-1 тоотод байрлах нийтийн байранд байхдаа хамтран амьдрагч А.Нандинцэцэгийн баруун нүдэн тус газар нь цохьсон. Шалтгаан нь намайг “Хоол байна уу” гэхэд өөдөөс “Чи архи уучихсан байна ш дээ” гэж түлхэж аваад цохьсноос болж, би уурлаад гар хүрчихсэн гэжээ. / хх 5-6 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2909 дүгээр дүгнэлтэнд:  

1. А.Нандинцэцэгийн биед баруун зовхи, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 36/

 

Шүүгдэгч Э.Аыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 4-6 /

 

Шүүгдэгчийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 53, 71  / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Архи дарс уухгүй. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.

 

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хамтран амьдрагч Э.Наранцэцэгийг “Архи уулаа” гэж хэлсний улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Э.А нь намайг үсдэж толгой болон биеийн бусад хэсэгт цохиж зодсон. Цохиж зодохдоо миний баруун нүд рүү 1 удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Нандинцэцэгийн мэдүүлэг / хх 10-11 /, ...Намайг “Хоол байна уу” гэхэд өөдөөс “Чи архи уучихсан байна ш дээ” гэж түлхэж, цохисноос болж би уурлаад А.Нандинцэцэгийн баруун нүдэн тус газар нь цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Э.Аын мэдүүлэг / хх 5-6 /, ...А.Нандинцэцэгийн биед баруун зовхи, дээд уруулын зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2909 дүгээр дүгнэлт / хх 36 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч Э.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч А.Нандинцэцэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 85 / гэсэн тул шүүгдэгч Э.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

           

Шүүхээс шүүгдэгч Э.Аыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Өндөр овогт Э-н Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э-н Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.А нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ