Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 1021

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч Г.Цогтгэрэл,  

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цорос овогт Н-н Эод холбогдох эрүүгийн 1909040551303 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вагон үзэгч засварчин мэргэжилтэй, “Монголиан Транс Ложистик” ХХК-д вагон үзэгч засварчин ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн 2 дугаар баг Хушаатын 15-р гудамжны 1 тоотод оршин суух,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ТА 93090250 / Цорос овогт Н-н Э нь:  

 

- 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна хохирогч Ө.Бямбацогттой үл ялих зүйлээр маргалдаж, пивоны хагархай шилээр дагз, зулай хэсэг газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ө.Бямбацогт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Зүс таних Төгөлдөр болон Монголоо гэж хочилдог хоёр залуутай тааралдаад баар руу буцаж ороод Төгөлдөрийн сууж байсан ширээн дээр би ганцаараа очсон. Очоод хэсэг ярилцаж байгаад виски авч уугаад дуусгаагүй байж байтал баарны ажилчдын нэг нь бололтой залуу “Ууж дуусгаагүй байгаа юм чинь лоунж руу ороорой” гэж хэлсэн. Тэгж хэлснийх нь дараа лоунж руу орох гээд баарнаас гарч байтал Монголоо гэх хочтой залуу баарны хамгаалагч нартай маргалдаад байхаар нь би голоор нь ороод салгасан юм. Ингээд Монголоо гэх хочтой залуу бид хоёр лоунжаас гарч ирээд баарны зам дагуу задгай хаалга руу алхаад ярилцаад явж байсан. Тухайн үедээ би тэр залууд хандаж “Чамаас болж энэ зодоон боллоо” гэж хэлсэн чинь Монголоо “Чи юу гэнээ” гэж хэлээд надтай үл ойлголцоод харанхуй газраас шил шиг зүйл гартаа барьж над дээр хүрч ирэхээр нь тоглоод байгаа юм болов уу гэж бодож байсан чинь миний толгойн орой буюу дух руу маань шууд шилээрээ зоогоод авсан. Тэгэхээр нь би тэр залуутай хэрэлдэж байгаад замын хажуу талын түцний ойролцоо очих үед дахин шилээрээ толгойны орой хэсэг рүү маань хатгаад зоосон гэжээ. / хх 7-9 /

 

Яллагдагч Н.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрж байхад би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Lux” бааранд орж үйлчлүүлсэн. Ингээд бааранд үйлчлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад танил Ө.Бямбацогттой таараад “Сайн уу?” гэж мэндэлсэн. Ө.Бямбацогт нь тухайн үед миний сууж басан ширээн дээр архи авчирсан. Тэгээд бид хоёр хамт ууцгааж байгаад би ганцаараа баарнаас гараад баарны үүд буюу машин орж ирдэг хэсэг рүү очоод зогсож байтал Ө.Бямбацогт хүрч ирсэн. Дараа нь баарны хамгаалагч нартай үл ойлголцоод муудалцаад байж байтал Ө.Бямбацогт дундуур орж ирээд салгасан. Салгасных нь дараа Ө.Бямбацогт бид хоёр машин ордог хаалганы ойролцоо очоод би Ө.Бямбацогттой үл ойлголцоод газраас пивоны шил авч хагалаад, хагарсан шилээр нь Ө.Бямбацогтын толгой руу нь цохьсон. Үүний дараа шилээрээ түүний толгойн дагз хэсэгт шилээр зүссэн гэжээ. / хх 29 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13501 дугаар дүгнэлтэнд:

1. Ө.Бямбацогтын биед дагзны хуйхны шарх, зулайн хуйхны зулгаралт, дух, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой гэжээ. / хх 15 /

 

Шүүгдэгч Н.Эыг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 27-29 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 58  / зэрэг болно.

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 230.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөртөө дүгнэлт хийж их зүйл өөрчлөгдсөн гэв.

Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лакс” баарны гадна хохирогч Ө.Бямбацогттой үл ялих зүйлээр маргалдаж, пивоны хагархай шилээр дагз, зулай хэсэг газарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Надтай үл ойлголцоод харанхуй газраас шил шиг зүйл гартаа барьж миний толгойн орой буюу дух руу шууд шилээрээ зоогоод авсан. Түцний ойролцоо очих үед намайг дахин шилээрээ толгойны орой хэсэг рүү маань хатгаад зоосон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ө.Бямбацогтын мэдүүлэг / хх 7-9 /, ... Ө.Бямбацогттой үл ойлголцоод газраас пивоны шил авч хагалаад, хагарсан шилээр нь Ө.Бямбацогтын толгой руу нь цохьсон. Дахин шилээрээ түүний толгойн дагз хэсэгт зүссэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Н.Эын мэдүүлэг / хх  29 /, ...Ө.Бямбацогтын биед дагзны хуйхны шарх, зулайн хуйхны зулгаралт, дух, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13501 дугаар дүгнэлт / хх 15 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Э нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эмчилгээний зардлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Ө.Бямбацогт нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 84 / гэсэн тул шүүгдэгч Н.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Эыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                 

1. Шүүгдэгч Цорос овогт Н-н Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-н Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 / зургаан зуу / нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Э нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Н.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ