| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1049/Э |
| Дугаар | 1036 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.А |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Улсын яллагч Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Д-н Ад холбогдох эрүүгийн 1909011941304 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Мандала” зочид буудалд үйлчлэгч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Шалганы 2-14 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 7 дугаар хороо 69 дүгээр байр 78 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД:ЕО78020168/ Боржигон овогт Д-н А нь:
- 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр дэлгүүр дотор байрлах АТМ-наас А.Болдбаатарын Хаан банкны картыг уншуулан данснаас 2.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Болдбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Нэг эмэгтэйн хамтаар Дөлгөөн нуур зочид буудалд орсон. Буудалдаа ороод архиа уугаад унтацгаасан. Маргааш нь сэрэхэд тэр эмэгтэй байсан ба буудлын ресейпшн чиний картыг тэр эмэгтэй аваад гарч байсан гэсэн. 2019 оны 03 дугаар сарын 09-ний орой Дөлгөөн нуур зочид буудлаас гараад Хангай хотхоны ойролцоо байх Чка нэртэй буудалд цагаар орсон тухайн үед би согтуу байсан нэг мэдэхэд нөгөө эмэгтэй байхгүй болсон байсан. Тэгээд би гэртээ харьсан. 2 хоногийн дараа гар утсаа асаахад 2019 оны 03 дугаар сарын 09-ний 18 цагийн үед миний картнаас эхлээд 200.000 төгрөг, дараа нь 2.000.000 төгрөг уншуулан авсан нь миний утсанд мессежээр ирсэн гэжээ. / хх 16 /
Хохирогч А.Болдбаатар мөрдөн шалгалтын явцад дахин мэдүүлэхдээ: ... 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчимд Д.А нь миний Хаан банкны виза картыг авч гаран данснаас 200.000 төгрөгөөр нэг удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 2.200.000 төгрөгийг авсан үйлдлийг хийхдээ надаас ямар зөвшөөрөл авалгүйгээр намайг унтаж байхад буудлын өрөөний ширээн дээр ил тавьсан байсан виза картыг хулгайлан авч гараад өөрөө дур мэдэн данснаас мөнгө аваад буцаж ирэхдээ өмнө нь байсан байранд нь буцааж тавьсан байсан. Энэ үйлдлийг тухайн үедээ мэдээгүй байсан бөгөөд сүүлд А-гаас салж явсныхаа дараа олж мэдсэн гэжээ. / хх 17 /
А.Болдбаатарын Хаан банкны 5041026311 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 34 /
Яллагдагч Д.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Болдбаатартай хамт архи пиво хувааж уугаад нэлээн согтоцгоосон тул хэсэг зуур унтацгаасан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байх үед би сэрээд босож ирэхэд Болдбаатар унтаж байхаар нь ширээн дээр байсан Хаан банкны виза картыг нь аваад гадагш гараад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажуугийн АТМ-д картыг нь хийгээд 200.000 төгрөг авахаар уншуулахад гараад ирэхээр тэр мөнгийг нь авчихаад дахин 200.000 төгрөг авахаар хийх гэж байгаад нэг тэг илүү хийгээд 2.000.000 төгрөг гээд хийхэд тухайн мөнгө гараад ирэхээр нь би нийт 2.200.000 төгрөг аваад цүнхэндээ хийгээд буцаад буудалдаа ирээд өрөөндөө ороход Болдбаатар сэрээгүй унтаж байсан гэжээ. / хх 21-22 /
Шүүгдэгч Д.Аг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 21-22 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 28 / зэрэг болно.
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнгөний хэрэг болоод картыг авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлоо төлнө гэв.
Шүүгдэгч Д.А нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүнсний 4 дүгээр дэлгүүр дотор байрлах АТМ-наас А.Болдбаатарын Хаан банкны картыг уншуулан данснаас 2.200.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Д.А нь миний Хаан банкны виза картыг авч гаран данснаас нийт 2.200.000 төгрөгийг авсан үйлдлийг хийхдээ надаас ямар зөвшөөрөл авалгүйгээр намайг унтаж байхад буудлын өрөөний ширээн дээр ил тавьсан байсан виза картыг хулгайлан авч гараад өөрөө дур мэдэн данснаас мөнгө аваад буцаж ирэхдээ өмнө нь байсан байранд нь буцааж тавьсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Болдбаатарын мэдүүлэг / хх 17 /, ...А.Болдбаатарын Хаан банкны 5041026311 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 34 /, ... Болдбаатар унтаж байхаар нь ширээн дээр байсан Хаан банкны виза картыг нь аваад гадагш гараад АТМ-д картыг нь хийгээд нийт 2.200.000 төгрөг аваад цүнхэндээ хийгээд буцаад буудалдаа ирээд өрөөндөө ороход Болдбаатар сэрээгүй унтаж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Д.Агийн мэдүүлэг / хх 21-22 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлэн хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулж баталгаажуулсан, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүгдэгч Д.Агаас 2.200.000 төгрөг гаргуулан хохирогч А.Болдбаатарт олгож, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч Д.Аг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Д-ын А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Агаас 2.200.000 төгрөг гаргуулан хохирогч А.Болдбаатарт олгосугай.
6. Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ