Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1052

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,  

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жижиг овогт Б-н Сэд холбогдох эрүүгийн 1909042831460 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз охины хамт, Өмнөговь аймгийн Ханбогд сум 4 дүгээр баг, Баянд оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 10 дугаар байрны 14 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:КА93030111 / Жижиг овогт Б-н С нь:

 

- 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн замын урд талын автобусны буудлын хажууд байрлах Түргэн үйлчилгээний цэг дотор хохирогч Э.Энхсайханыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:   

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Энхсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 11 дугээр сарын 14-15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би талбайн урд талын ТҮЦ-нд найз охинтойгоо утсаар ярих гээд зогсож байтал гаднаас ТҮЦ-ний эгчийн нөхөр гэх үл таних залуу орж ирээд шууд миний нүүрэнд 2 удаа хөлөөрөө өшиглөсөн, гараараа зөндөө толгой руу цохиод байсан. Би гараараа хаагаад байсан. Миний хамар далийлттай, толгой дээр овойж хавдсан, элэг рүү өшиглөснөөс болж бөөлжсөн. Зүүн талын гараа даахгүй байна гэжээ. / хх 4-5 /

 

Гэрч Н.Отгонцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би талбайн урд талын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг. 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн орчимд нөхөр залгаад ирэх болж байна уу гэхээр нь зүүн  ТҮЦ-ний хүнийг хүлээж байна. Ирэхээр нь гарна гэж хэлээд 10 минут орчмын дараа нөхөр ороод ирсэн. Би гар утсаараа төлбөртэй яриулдаг юм. Нөхрийг орж ирэхээс өмнө нэг залуу миний утсаар гуйж яриад найз охиныгоо энд зогсож байна.  Даараад байна гээд цонхны хажууд зогсож байсан. Тэгсэн чинь нөхөр гаднаас орж ирээд тэр залууг цохиод авсан. Орж ирэхдээ нэлээн согтуу байсан. Нуруу руу нь гараараа цохьсон гэжээ. / хх 6 /

 

Яллагдагч Б.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:....Тэр өдөр гэртээ ганцаараа тал шил архи уучихаад найз охин Отгонцэцэг рүү залгаад хаана байна гэсэн чинь “Одоо очлоо” гэсэн. Би авах гээд ажил дээр нь талбайн урд талын автобусны буудал дээр байрлах ТҮЦ дээр очиход нэг залуутай хамт байхаар нь тэр залууг барьж аваад нүүрэн тус газар, нуруу мөр рүү нь гараараа 3 удаа цохьсон. ТҮЦ-нд гадны хүн оруулдаггүй юм. Тэгсэн чинь найз охин нэг залуутай хамт байж байхаар нь хардаад цохьсон. Асуудал гаргасандаа харамсаж байна гэжээ. / хх 28 /

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13883   дугаар дүгэндтэнд: 

1. Э.Энхсайханы биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх- 9 /

 

Шүүгдэгч Б.Сийг 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 27-28 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 18  / зэрэг болно.

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардалд 120.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн талбайн замын урд талын автобусны буудлын хажууд байрлах Түргэн үйлчилгээний цэг дотор хохирогч Э.Энхсайханыг үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...ТҮЦ-ний эгчийн нөхөр гэх үл таних залуу орж ирээд шууд намайг 2 удаа хөлөөрөө миний нүүрэнд өшиглөсөн, гараараа зөндөө толгой руу цохиод гуя нуруу руу хөлөөрөө маш олон удаа өшиглөсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Энхсайханы мэдүүлэг / хх 4-5 /, ...Нөхөр залгаад ирэх болж байна уу гэхээр нь зүүн ТҮЦ-ний хүнийг хүлээж байна. Ирэхээр нь гарна гэж хэлээд 10 минут орчмын дараа нөхөр орж ирээд тэр залууг цохиод авсан. Орж ирэхдээ нэлээн согтуу байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Отгонцэцэгийн мэдүүлэг / хх 6 /, ...ТҮЦ дээр очиход нэг залуутай хамт байхаар нь тэр залууг барьж аваад нүүрэн тус газар, нуруу мөр рүү нь гараараа 3 удаа цохьсон  гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Сийн мэдүүлэг / хх 28 /, …Э.Энхсайханы биед зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13883   дугаар дүгнэлт / хх- 9 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эмчилгээний зардлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Э.Энхсайхан нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 32 / гэсэн тул шүүгдэгч Б.С нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Сийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                

1. Шүүгдэгч Жижиг овогт Б-н Сийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-н Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Б.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Сэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ