Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 1068

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,          

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар, 

Шүүгдэгч Н.Е, түүний өмгөөлөгч С.Батнасан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Мянган угалзат овогт Н-н Ед холбогдох эрүүгийн 1909038761338 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1,  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун 122-130 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШУ 89032633 / Мянган Угалзат овогт Н-н Е нь:

 

- 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Чоко” бааранд хохирогч Б.Бат-Энэрэлийн толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтууыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бат-Энэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Чоко” баарны тамхины өрөөнд найз Сүрэндоржийн хамт ортол тэнд танихгүй 3 эрэгтэй байсан. Сүрнээ тэр залуучуудын нэгээс нь тамхи асуутал чи надаас тамхи асуулаа гэх маягтай маргалдсан. Тэгтэл хажууд нь зогсож байсан хар цамц, өмдтэй, туранхай, шөвгөр, эрүүгээрээ сахалтай залуу шууд миний хамар руу мөргөсөн. Мөргөхөөр нь би дагзаараа хананд цохигдоод ухаан балартах хооронд миний зүүн чихний  орчимд шилээр цохьсон гэжээ.  / хх 5 /

Гэрч Б.Ербол мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Уурлаад байсан залуу Ег түлхэх шиг болсон. Ингээд зодоон болсон. Хэн хаана яаж цохьсныг нь мэдэхгүй байна. Е гартаа уух юм барьчихсан явж байсан гэжээ. / хх 9 /

 

Гэрч Б.Акжол мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед би Чоко баарны тамхины өрөөнд өөрийн 2 найзын хамт байсан. Тэгтэл тэнд бас танихгүй 3 залуу байсан бөгөөд нэг нь бид 3-аас тамхи асуухаар нь би болон Е байхгүй гэж хэлэхэд Ербол байгаа гээд тамхи гаргаж өгсөн. Тэгэхэд нөгөө залуу “ Байсан юм байна шүү дээ. Анхнаасаа зүгээр өгчихгүй “ гээд Ерболтой танилцъя гээд булан руу явсан. Ингээд нэг мэдэхэд Е нэг залууг очоод нүүр рүү нь мөргөчихсөн. Ингээд ноцолдоон болсон. Е гартаа бакалтай виски уугаад явж байсан ба цохьсон эсэхийг би сайн хараагүй гэжээ. / хх 13 /

 

Гэрч Б.Сүрэндорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Хэрэг учрал болсон өдөр Чоко баарны гадаа найзуудтайгаа юм ярьж байгаад Чоко баарны тамхины өрөөнд тамхилах гээд үл таних залуучуудаас тамхи асуусан юм. Тэгтэл үгийн зөрүүгүй хажууд нь зогсож байсан нэг залуу манай найз Бат-Энэрэлийг шилэн зүйлээр зүүн талын шанаа руу нь нэг удаа цохьсон гэжээ. / хх 15 /

 

Гэрч Л.Санжаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би Чоко бааранд ажлаа хийгээд баарны үүдний тактан дээр зогсож байтал тамхины өрөөнд шуугиан болохоор нь гүйж ороход нэг залуу нэг залууг бариад авчихсан байж байсан. Нэг залуугийнх нь зүүн шанаа хэсгээр цус болчихсон байсан. Цохьсон залуу нь жижиг биетэй намхан сахалтай залуу байсан гэжээ. / хх 17 /

 

Гэрч М.Баатарсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тамхины өрөөнд зодоон болж байна гэж үйлчлүүлэгч нар хэлсэн. Тэгэхээр нь Санжаа бид 2 очтол хэдэн хүмүүс барьцалдсан байсныг салгасан. Тэгтэл нэг залуугийнх нь зүүн шанаа хэсгээс цус гарчихсан, хэд хэдэн газар зүсэгдчихсэн байсан. Тэгэхээр нь яасан юм гэхэд “ Тэр залуу намайг бакалаар цохьчихлоо “ гэж хэлсэн. Газарт бакал хагарчихсан байсан гэжээ. / хх 18 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12450 дугаар дүгнэлтэнд:

1. Б.Бат-Энэрэлийн биед тархи доргилт, зүүн чихний ард гадаргуу, чихний дэлбээний язарсан шарх, баруун эгэмний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэжээ. / хх 20 /

Яллагдагч Н.Е мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр би найзуудтайгаа Чоко баарны тамхины өрөө рүү ороод байж байтал гаднаас танихгүй 3 залуучууд орж ирээд тамхи асуухаар нь өгсөн юм. Тэгтэл хажуунаас хамт явж байсан нэг нь үгээр идээд байхаар нь би Бат-Энэрэл гэх эрэгтэйгийн нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөчихсөн гэжээ. / хх 31 /

 

Шүүгдэгч Н.Ег 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-30 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 42  / зэрэг болно.

Шүүгдэгч Н.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Н.Е нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Чоко” бааранд шалтгаангүйгээр хохирогч Б.Бат-Энэрэлийн толгой тус газарт нь вискиний бакалаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Сүрнээ тэр залуучуудын нэгээс нь тамхи асуутал чи надаас тамхи асуулаа гэх маягтай маргалдсан. Тэгтэл хажууд нь зогсож байсан хар цамц, өмдтэй, туранхай, шөвгөр, эрүүгээрээ сахалтай залуу шууд миний хамар руу мөргөсөн. Миний зүүн чихний  орчимд шилээр цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Бат-Энэрэлийн мэдүүлэг / хх 5 /, ...Е гартаа уух юм барьчихсан явж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ерболын мэдүүлэг / хх 9 /, ...Нэг мэдэхэд Е нэг залуу руу очоод нүүр рүү нь мөргөчихсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Акжолын мэдүүлэг / хх 13 /, ... Чоко баарны тамхины өрөөнд тамхилах гээд үл таних залуучуудаас тамхи асуусан. Тэгтэл үгийн зөрүүгүй хажууд нь зогсож байсан нэг залуу манай найз Бат-Энэрэлийг шилэн зүйлээр зүүн талын шанаа руу нь нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Сүрэндоржийн мэдүүлэг / хх 15 /, ... Нэг залуугийнх нь зүүн шанаа хэсгээр цус болчихсон байсан. Цохьсон залуу нь жижиг биетэй намхан сахалтай залуу байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Санжаагийн мэдүүлэг / хх 17 /, ... Тэгтэл нэг залуугийнх нь зүүн шанаа хэсгээс цус гарчихсан, хэд хэдэн газар зүсэгдчихсэн байсан. Тэгэхээр нь яасан юм гэхэд тэр залуу намайг бакалаар цохьчихлоо гэж хэлсэн. Газарт бакал хагарчихсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Баатарсүрэнгийн мэдүүлэг / хх 18 /, ...Б.Бат-Энэрэлийн биед тархи доргилт, зүүн чихний ард гадаргуу, чихний дэлбээний язарсан шарх, баруун эгэмний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12450 дугаар дүгнэлт / хх 20 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Ег хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Е нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Бат-Энэрэл нь санал, хүсэлтгүй / хх 47 / гэсэн тул шүүгдэгч Н.Е нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                

1. Шүүгдэгч Мянган Угалзат овогт  Н-н Ег хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н-н Ег Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Н.Е нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Е нь шүүхээс тогтоосон торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Н.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ед авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ