Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00004

 

Ч.Бямбасувдын нэхэмжлэлтэй,

“Шинэ хөгжил” сургуульд холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/01430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ч.Бямбасувдын давж заалдах гомдлоор Ч.Бямбасувдын нэхэмжлэлтэй, хариуцагч “Шинэ хөгжил” цогболбор сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 01 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ч.Бямбасувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн Шинэ хөгжил цогцолбор сургуульд 2010 оны 8 сарын 30-наас хойш тасралтгүй физикийн багшаар ажиллаж байна. Би УБИС-ийг физикч, физикийн багш мэргэжлээр төгссөн бөгөөд энэ мэргэжлээрээ тасралтгүй 14 жил ажиллаж байна. Өөрийн эзэмшсэн мэргэжлээр сайн ажиллахыг хичээж, сургуулийн захиргаа, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг бүрэн биелүүлж байсан гэж үздэг. Гэвч 2015 оноос эхлэн миний ажлыг тааруу байна гэж сургууль дээр болж байгаа хурал, цуглаан, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар ярьж байнга зэмлэл сонсож, 3 удаа цалин бууруулах арга хэмжээ авагдсан. Энэ бүхэнд би ухамсартайгаар хандан, өөртөө дүгнэлт хийж ажлаа сайжруулах, хариуцсан ангиа олигтойхон шиг сургуулийг нь төгсгөх, өөрт ирж байгаа элдэв зэмлэлийг тэвчээртэйгээр сонсож хэрэгжүүлэх, ийм зэмлэл бурууг дахин сонсохгүйн төлөө өөрийгөө дайчлан ажилласан. Энэ хугацаанд захирлын өөдөөс хэдэрлэх, элдэв хэл ам гаргах ийм байдлыг би нэг ч удаа гаргаж байгаагүй. 2016 оны 8 сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим захирлын дэргэдэх зөвлөл хуралдаж нийгмийн ухааны болон физикийн багш нарыг байлцуулан 2015-2016 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын алдаа, оноо, дутагдлын талаар ярилцсан бөгөөд эцэстээ миний хувийн амьдрал уруу орж илт над уруу дайрч давшилсан уур амьсгал бий болсон. Би хүнд байдалд орж тэгвэл би ажлаасаа гарья гэж хэлсэн. Нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн учир 9 сарын 1-ний өглөө захиралтай уулзаж ажиллах уу, эсвэл тушаал, шийдвэр гарсан бол авах уу гэж асуусан. Миний хэлсэн зүйлийг үндэслэн 2016 оны 9 сарын 01-ний өдөр сургуулийн захиргаа надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах Б/20 тоот тушаалыг багш Төмөрбямбаагаар надад өгүүлсэн. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1 дэх заалт буюу ажилтан өөрөө хөдөлмөрийн гэрээгээ цуцлах санаачлага гаргасан гэж үзжээ. Би аргагүй нөхцөл байдалд орж 6 жил ажилласан сургууль, хийж байсан ажлаасаа гаръя гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өргөдлөө өгөөгүй байгаа. Сургуулийн захирал Шүрэнчимэг нь Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг илт зөрчиж, багш миний ажиллах, мэргэжлийн ажлаа хийх эрхэнд бүдүүлгээр халдаж хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарган намайг хохироож байна. ...Би өөрийн санаачлагаар халагдах өргөдлөө бичгээр ажил олгогчид гаргаж өгөөгүй тул урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн захирал Б.Шүрэнчимэг нь багш Бямбасувдыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэл болгосон. Хуульд зааснаар ажилтан нь заавал бичгээр өргөдөл өгсөн байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч одоог хүртэл ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлөө өгөөгүй байдаг. Харин 2016 оны 8 сарын 31-ний өдрийн захирлын зөвлөлийн хурал дээр болсон эвгүй уур амьсгалаас болж ажлаасаа гарья гэж хэлсэн байдаг. Гэхдээ энэ нөхцөл байдал нь ажлаас халагдах шалтгаан болохгүй. ...Хариуцагчийн өмгөөлөгч нь хууль зөрчиж ажлаас халснаа хүлээн зөвшөөрч байх тул физикийн багшийн ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны бүх цалинг нэхэмжилнэ. Бямбасувд нь Хэрлэн сумын 5-р сургуульд жирэмсэн хүний оронд түр ажилд орсон. Хөдөлмөрийн хуулиараа ажил албан тушаал нь хадгалагдаж байгаа хүний оронд орсон учраас Бямбасувд нь сургуульд суралцахаар явсан байгаа. Ийм учраас ажилгүй байсан хугацааны цалин олговрыг бүтнээр нь нэхэмжилнэ. 1 өдрийн цалин 24225 төгрөгийг ажлын 78 хоногт үржүүлээд нийт 1912939 төгрөг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Б.Шүрэнчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Бямбасувд нь 2010 оны 9 сард тус сургуульд физикийн багшаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хайнга хандаж, шалтгаангүй хичээлээс хоцрох, таслах, сонгон судлах хичээлийг цаг хугацаанд нь орохгүй байх зэргээр сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, ажлын байрны шаардлагыг хангахгүй хэмжээнд ажиллаж байсан. Сургуулийн захиргааны зүгээс сурагчдын эрх ашгийг хохироохгүй талаар удаа дараалан уулзаж ажил сайжруулах шаардлага тавьж, өөрийнх нь санал хүсэлтийг сонсож, итгэл хүлээлгэн ажиллаж ирсэн. Шаардлагыг маш сайн ухамсарлаж хүлээж авч байгаа мэт ярьдаг ч ажилд огт ахиц гардаггүй. Тийм учраас холбогдох хууль журамд нийцүүлэн сахилгын шийтгэл ногдуулж байсан. 2016 оны 8 сарын 31-ний өдөр ажлын шаардлагаар шинэ хичээлийн жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа өмнөхөөс илүү сайн байлгах, өнгөрсөн жилийн алдаа дутагдлаа хэрхэн яаж засаж залруулах талаар ярилцсан. Учир нь аймгийн хэмжээний багш нарын хурал дээр манай сургууль сүүлийн жилүүдэд зөвхөн нийгмийн ухаан, физикийн хичээлээр сурагчдаа хангалтгүй сургаснаас ЭЕШ-ийн сурагчид шаардлагатай оноогоо авч чадахгүй хохирч байгааг дурдаад Боловсрол, соёлын газрын даргын зүгээс ажил сайжруулах үүрэг даалгавар өгсөн. ...Ажил сайжруулах шаардлагыг багш нарт тавих, тэд биелүүлэх эрх үүргийнхээ дагуу Захирлын дэргэдэх зөвлөлийн хуралд хариуцлагагүй ажилласан багш нарын асуудлыг оруулсан. Мөн Ч.Бямбасувдын чөлөөний асуудлыг уг хурал дээр ярихаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Ямар нэгэн шалтгаан тоочиж байнга чөлөө авдаг, тухай бүрд нь бид багшаа хүндэтгэн үзэж чөлөө олгож байсан. Ард нь хүүхдийн эрх ашиг хохирдог. Цаашид ийм байдалтай ажил хийхэд хүндрэлтэй байгааг өөрт нь анхааруулсан. ...Миний хувьд Ч.Бямбасувд болон бусад багш нарыг хэл амаар доромжилсон, дарамталсан зүйл байхгүй, тэднийг байнга сонсож ойлгож ажилладаг гэж үзэж байна. Ч.Бямбасувд нь халагдах саналаа өөрөө гаргасан, шийдвэрлээгүй байхад дахин ирж тушаалаа шаардсан учир хүсэлтийг ёсоор болгосон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Бямбасувд нь физикийн багшаар ажиллаж байх хугацаандаа байнга алдаа дутагдал гаргаж байсан бөгөөд тухайн цаг үед нь хэлж зөвлөөд явдаг байсан байна. Ажлаасаа хоцрох, таслах, ойр ойрхон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чөлөө авах, сонгон судлах хичээлийг цаг хугацаанд нь орохгүй байх зэргээр сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, сурагчдын эрх ашгийг хохироож байсан учир сургуулийн захиргаанаас 3 удаа сахилгын арга хэмжээ авсан байна. Энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, мөн тус сургууль сүүлийн жилүүдэд нийгмийн ухаан, физикийн хичээлээр сурагчдаа хангалтгүй сургаснаас ЭЕШ-ийн сурагчид шаардлагатай оноогоо авч чадахгүй хохирч байгаадаа дүгнэлт хийж ярилцахаар цугласан хурал дээр өөрийн алдаа дутгадлыг хүлээн авахгүйгээр ажлаасаа гарах санал тавьсан. 9 сарын 1-ний өдөр ирж тушаалаа нэхэхэд нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Нэгэнт бичгээр өргөдлөө өгөөгүй учир хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээ цуцалснаа хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Иймд Бямбасувдыг хуучин ажилд нь буцаан авахад татгалзах зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч нь 2016 оны 9 сарын 6-ны өдрөөс Хэрлэн сумын 5-р сургуульд хүний оронд түр багшаар ажилд орсон байх тул давхардуулан цалин олгох боломжгүй. Одоо нэхэмжлэгч нь Удирдлагын академийн “төрийн захиргааны менежмент”-ийн мэргэшүүлэх сургалтанд суралцаж байгаа. Ч.Бямбасувд нь удирдлагын академид суралцаж байгаа болохоос боловсролын чиглэлээр суралцаагүй тул цалингийн асуудал яригдахгүй. Иймд 2016 оны 9 сарын 1-нээс 6-ны хоорондох цалинг өгнө, бусад хугацааны цалинг олгох үндэслэлгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/01430 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ханшир овогт Чойжилсүрэнгийн Бямбасувдыг Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн физикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулиас ажилгүй байсан хугацааны олговор 85063 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бямбасувдад олгож, 2016 оны 9 сарын 6-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бямбасувд нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч байгууллага Хэрлэн сумын “Шинэ хөгжил” цогцолбор сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Бямбасувд давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/001430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн гол шаардлага болох ажлаас үндэслэлгүй халсан гэх нэхэмжлэлийг хууль ёсны буюу үндэслэлтэй шийдвэрлэж ажилд эгүүлэн тогтоосон заалтыг хүлээн зөвшөөрч байгаа тул энэ хэсэгт гомдол гаргах зүйлгүй. Шүүх хуулийн дагуу энэ хэсгийг бүх талаас нь зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг дутуу тооцож гаргасан учир үүнд гомдол гаргаж байна. Шүүх шийдвэртээ Ч.Бямбасувд нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн захирлын 2016 оны 9 сарын 06-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар 2016 оны 9 сарын 06-ны өдрөөс эхлэн физикийн багшаар ажиллаж байгаа бөгөөд Удирдлагын академийн “Төрийн захиргааны менежмент”-ийн мэргэшүүлэх сургалтанд 2016-2017 оны хичээлийн жилд суралцаж байгаа болох нь тогтоогдож байна. Ч.Бямбасувд нь 2016 оны 9 сарын 6-ны өдрөөс өөр байгууллагатай хөдөлмөрийн харилцаанд орж цалин хөлс авч байгаа нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийг дээрх хугацаанд ажилгүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд 9 сарын 6-ны өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж заасан нь миний ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй байх үндэслэл байхгүй юм. Учир нь шүүхийн шийдвэрт зааснаар би 5 дугаар сургуулийн захирлын 2016 оны 9 сарын 06-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар жирэмсний амралттай багшийн оронд ажиллаж байгаад мөн сургуулийн захирлын 2016 оны 11 сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь хуулийн дагуу явагдсан. Өөрөөр хэлбэл намайг Ч.Очмаа багшийн оронд түр ажилласан гэсэн үндэслэлээр чөлөөлсөн юм. Үүнд Ж.Болормаа захирлын буруу байхгүй. Иймд би хууль бус халагдсан хугацаандаа урьд нь сурч байсан Удирдлагын академийн “Төрийн захиргааны менежмент”-ийн ангид суралцаж байгаад 12 сарын 30-нд ирсэн. Энэ миний ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийн байдлаар 92 хоног 2228700 төгрөг үүнээс олгохоор шийдвэрлэсэн 85063 төгрөгийг хасвал 2143637 төгрөгийг нэхэмжилж байна. 5 дугаар сургуульд Ч.Очмаа багшийн оронд ажиллаж байгаа гэдгийг анхан шатны шүүх хурал дээр миний өмгөөлөгч З.Нямсүрэн хэлсээр байтал үүнийг эс тоосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Бямбасувд нь хариуцагч Дорнод аймгийн “Шинэ хөгжил“ цогцолбор сургуульд холбогдуулан тус сургуулийн физикийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулжээ.

Дорнод аймгийн “ Шинэ хөгжил “ цогцолбор сургуулийн захирал 2016 оны 09 сарын 01-ний өдөр Б/20 дугаар тушаал гаргаж, физикийн багш Ч.Бямбасувдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэл болгожээ. / хх-ийн 5 дугаар тал /

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт нь талуудын хооронд үүссэн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтанд нийцсэн эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт “ажилтан санаачилсан“, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно“ гэж зохицуулсан ба ажилтан Ч.Бямбасувд ажлаас чөлөөлөгдөх / хөдөлмөрийн гэрээгээ цуцлах / тухай өргөдлөө ажил олгогчид гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч Ч.Бямбасувдыг физикийн багшийн ажилд эгүүлэн тогтоож,  хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 85065 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалттай нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Бямбасувд нь ажилгүй байсан 92 хоногийн цалин 2228700 төгрөгөөс 85065 төгрөгийг хасч үлдэгдэл 2143637 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Бямбасувд нь 2016 оны 09 сарын 01-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас чөлөөлөгдсөн ба үүний дараа 2016 оны 09 сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн физикийн багшийн ажилд орж ажиллажээ. / хх-ийн 61 дэх тал /

Нэхэмжлэгч Ч.Бямбасувд давж заалдах шатны шүүхэд Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн физикийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн тухай 2016 оны 11 сарын 08-ны өдрийн Б/53 дугаар тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх түүнийг үнэлэхгүй боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ч.Бямбасувдын ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 2143637  төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Бямбасувдын “ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 2143637 төгрөгийг гаргуулж өгнө үү“ гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 138/ШШ2016/01430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Бямбасувд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.НАРАНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                                       З.ЭНХЦЭЦЭГ