| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 500/2017/0062/Э |
| Дугаар | 835 |
| Огноо | 2017-11-28 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 835
Б.Э д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Эрдэнэбат,
Яллагдагч Б.Э ,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 956 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр яллагдагч Б.Э д холбогдох эрүүгийн 2017 2503 1243 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Модчин овгийн Б.Э, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч, шинжээч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэлийн 13 дугаар байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:УХ92072711/,
Б.Э нь Мобикомын 9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч С.Алтантүлхүүрийн 315.000 төгрөг,
2017 оны 4 дүгээр сарын 19-нөөс 25-ны өдрийн хооронд хохирогч П.Батсайханы 8.830.000 төгрөг,
2017 оны 4 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд хохирогч Р.Өлзийбаатарын 5.330.000 төгрөг,
2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хохирогч П.Буджавын 1.750.000 төгрөг,
2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.Мөрөнгийн 8.330.000 төгрөг,
2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Цэрэнлхамын 13.000.000 төгрөг,
- 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 7 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд хохирогч Б.Мөнхжаргалын 4.260.000 төгрөгийг тус тус залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Э ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Э д холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд:
Б.Э д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй шинээр илэрсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
1. Прокуророос Б.Э ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлджээ.
Хавтаст хэргийн материалд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Э нь 7 удаагийн үйлдлээр буюу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл бусдад нийт 44.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь “тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон …” гэсэн хуулийн заалттай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй байна.
2. Б.Э ын өмгөөлөгчөөс шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлэгт “... Б.Э нь Улаанбаатар хотын 5 дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байгаа, мөн Сүхбаатар дүүргийн шүүхэд Б.Э тай холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдэх гэж байгаа учир Б.Э ын эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн хүсэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь Б.Э д холбогдуулан эрүүгийн 1703 00463 0018 дугаартай хэрэг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх баримт хавтаст хэргийн 196 дугаар хуудсанд авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар “прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Б.Э д холбогдох хэргүүдийг нэгтгэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Б.Э д холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 6 дахь хэсгийн 6.15, 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хэргийг прокурорт буцаасан нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Б.Э нь тус дүүргийн нутаг дэвсгэрт 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Шүүхээс эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон …” гэмт хэрэгт холбогдуулж мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэлээр буцаасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, 4 дэх хэсэгт “Хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй.”, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас гаргасан зөвлөмжид “өмнөх Эрүүгийн хуулиар давтан гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээдүүдийн ялыг “байнга” гэх ойлголт руу шилжүүлэхгүй, байнга үйлдэх, тогтвортой үйлдэж амьжиргааны эх үүсвэр болгох зэрэг ойлголтыг 3 буюу түүнээс дээш удаа гэсэн шалгуураас гадна гэмт этгээдийн амьдрал, зан төлөвийн хэвшил болсон зан төрхийн нийлбэрээр уг ойлголтыг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Прокурорын яллах дүгнэлтэд Б.Э ын холбогдсон хэргийг цаг хугацааны дарааллаар авч үзвэл 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд үйлдсэн байна.
Б.Э ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны дарааллаас үзвэл бүх үйлдлүүд нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байдаг.
Зөвхөн хохирогч Б.Мөнхжаргалаас хамгийн сүүлд буюу 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр мөнгө залилан авсан ба уг үйлдлээс өмнө 3 буюу түүнээс дээш үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан авсан болох нь тогтоогдоогүй байна.
Иймд яллагдагч Б.Э ын үйлдлийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “... байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ...” гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад шүүхээс бусад дүүргийн шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэгтээ нэгтгэх, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг хэрэглэхээр зааж буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд Б.Э д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.
Яллагдагч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх яллагдагч Б.Э д холбогдох хэргийг өмгөөлөгч М.Ариунболдын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлаж хэргийг хянан хэлэлцээд, Б.Э ыг 5 дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Э д холбогдох хэрэг хянагдаж байх тул яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үндэслэлээр хэргийг нэгтгэж шийдвэрүүлэхээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Э ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзвэл түүний хувьд хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсэх бөгөөд холбогдох хэргүүдийг тус тусад нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд аль нэг шүүхээр шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мэдэгдэхгүй өнгөрөх, эсхүл нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад өөр анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх зэрэг байдлаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан заалт биелэгдэхгүй орхигдож хууль зүйн үр дагавар үүсэх болзошгүй байх тул Б.Э д холбогдох хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 956 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 33 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ