Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2021/0382/З |
Дугаар | 221/МА2021/0444 |
Огноо | 2021-08-19 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2021/0444
“Т х б” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Улаанмуна, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Т х б” ХХК-ийн гомдолтой, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаар шийдвэрээр: “Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Т х б” ХХК-ийн гомдолтой, Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0050092 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Гомдол гаргагчаас 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүснэгтээр ирүүлсэн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны тайлангийн хүснэгтийн В-д “Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа 15.9 хувь” гэжээ. Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчил гаргасанд тооцож, 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ гэж дүгнэсэн.
“Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам” нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлснээс хойш 2020 оны 11 дүгээр сар дуустал хугацаанд зохицуулалтын өөрчлөлт ороогүй байсан бөгөөд Монголбанк санхүүгийн хэрэгсэлд тавих хязгаарлалтыг нэмэгдүүлж, нэмэлт тохируулгыг тайлагналд тусгах байдлаар нийт банкны салбарт томоохон үр нөлөөлөл бий болгох өөрчлөлтийг журамд тусгасан тохиолдолд холбогдох мэдээллээр хангах, журмыг тайлбарлах, бүртгэл, тайлагналын бодлогод холбогдох шинэчлэлтийг тусгах хугацааг олголгүйгээр, гэнэт тохируулга хийж хасах байдлаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг багаар тайлагнах чиглэл өгсөн. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын тайлангийн хариугаар “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.3-т заасныг үндэслэн тохируулга хийхэд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаж ажиллаагүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар бидэнд мэдэгдсэн.
Уг журмын 3.4.3-т “Гэрээний үндсэн дээр хугацаа, хүүгийн хэмжээг тохироогүй, захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй түргэн борлогдох хөрөнгийг хасах” гэж заасан боловч банк хоорондын овернайт зээл нь ерөнхий гэрээний үндсэн дээр хийгддэг бөгөөд хугацаа, хүүгийн хэмжээг харилцан тохиролцдог. Мөн банк хоорондын овернайт зээлийн мөнгөн хөрөнгийг дахин овернайт зээл, хадгаламжаар байршуулах боломжтой байдаг тул захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй гэх зохицуулалтад хамаарахгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд шинжлэн судлаагүй болохыг харуулж байгаа бөгөөд мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0050092 тоот шийтгэлийн хуудсаар “Т х б” ХХК-д зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 50,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан” байна.
Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар “Т х б” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ц.Н-т холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Банк дараахь шаардлагыг хангаж ажиллана”, 16.1.1-д “Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” гэж заасан.
Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавин журмын 3.2-т “... зохистой харьцааны доод хэмжээ 25 хувь байна”, Монголбанкны ерөнхийлөгчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А-90, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А-309, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А-456 дугаар тушаалуудаар “Т х б” ХХК-ийн үйл ажиллагааны зохистой харьцааны зохицуулалтад түр өөрчлөлт оруулан, зохистой харьцааны доод хэмжээг 20 хувь, хугацааг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал байхаар тогтоожээ.
Хэрэгт авагдсан баримтууд болох гомдол гаргагч “Т х б” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тайланд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа 15.9 хувь байх бөгөөд энэ талаар Монголбанкнаас гомдол гаргагчид мэдэгдсэн байна.
Эндээс үзвэл, “Т х б” ХХК нь холбогдох хууль, журам, тушаалд дурдсан төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааг хангаагүй нь баримтаар тогтоогдож байх тул уг зөрчилд холбогдуулан шийтгэлийн хуудас оногдуулсан хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна..
Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А-294/340 дүгээр тушаалаар батлагдсан, “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай”-ын 4.1.Б-д “Банк хоорондын клирингийн гүйлгээг хааж, дараагийн ажлын өдрийн клирингийн гүйлгээ нээх хүртэл хугацаагаар олгож байгаа зээлийг овернайт зээл гэнэ” гэж заасан.
Гомдол гаргагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “... банк хоорондын овернайт зээл нь ерөнхий гэрээний үндсэн дээр хийгддэг бөгөөд хугацаа, хүүгийн хэмжээг харилцан тохиролцдог. Банк хоорондын овернайт зээлийн мөнгөн хөрөнгийг дахин овейрнайт зээл, хадгаламжаар байршуулах боломжтой байдаг тул захиран зарцуулах эрх нь шилжин ирээгүй гэх зохицуулалтад хамаарахгүй” гэж маргаж боловч “Т х б” ХХК-ийн төлбөр гүйцэтгэх чадварын харьцааны 15.9 хувь байгаа нь Монголбанкны ерөнхийлөгчийн тогтоосон доод хэмжээнд хүрэхгүй, мөн гомдол гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан “... овернайт зээлийг оруулан тооцоод зохистой харьцааг тогтоосон түвшингээс давна гэх тооцоолол байхгүй” гэсэн тайлбараас үзвэл дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Т х б” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР